Category: Сагсан бөмбөг

Дуулиан: Коби Брайнт нисдэг тэрэгний ослоор өөд болов

NBA-гийн нэрт тоглогч Коби Брайнтын хувийн нисдэг тэрэг Калифорниа мужид осолдож, нас барлаа гэж “TMZ sports” мэдээлэв.

Коби болон нислэгийн багийн багадаа дөрвөн хүн тус онгоцоор зорчиж явсан бөгөөд нүдээр үзсэн гэрч нарын мэдүүлснээр онгоц Калибасагийн дээгүүр нисч явах үед осолдсон бөгөөд тухайн үед цаг агаар тааруу, үзэгдэх орчин муу, манантай байсан аж.

Осол орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт болсон гэж “Лос Анжелес Таймс” мэдэгдэв.

Уг онгоцонд талийгаачийн эхнэр Ванесса нь байгаагүй гэж албаны хүмүүс баталсан байна. Одоогоор нас барсан өөр дөрвөн хүнийг хэн болохыг зарласангүй. Сүүлд шинэчлэгдсэн мэдээллээр нас барсан таван хүний нэг нь Кобигийн охин Жианна Мария болох нь батлагджээ.

17-хон насандаа NBA-д элсэж, ахлах сургуулиас алдрын оргилд хүрсэн Коби Брайнтын амьдрал 41 жил үргэлжлээд төгсөв. NBA-д 20 жил зүтгэхдээ “Лос Анжелес Лэйкерс”-т үнэнч байж, аваргын цомыг таван удаа өргөсөн төдийгүй өөрөө финалын үнэ цэнтэй тоглогчоор хоёр удаа тодорч, улирлын MVP-гээр нэг удаа нэрлэгдсэн. Замналынхаа турш 33,643 оноо авч, бүх цаг үеийн дөрөвдүгээрт бичигдсэн нэгэн. Түүний энэ амжилтыг дөнгөж өчигдөр Леброн Жэймс гүйцэж, 33,655 оноотой болоод байв…

NBA: Леброн Жэймс сэтгэцийн эмгэгтэй найздаа тусална

Хоёр туйлт сэтгэцийн эмгэгээсээ болоод нэгэн үе NBA-д зүтгэж явсан Делонт Уэст одоо орон гэргүй, гудамжинд амьдрах болсон юм. Саяхан түүний гудамжинд хүнд зодуулж байгаа бичлэг цахим ертөнцөд тарж, NBA-гийн ертөнцийг цочроосон. Уг бичлэг АНУ-ын Мэрилэнд мужийн нутаг дэвсгэрт болсон тул тус мужийн цагдаагийн газраас олон нийтэд цацахыг хориглосон байна. Одоогоор уг зодоонд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөж шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул хууль сахиулагчид ийм шийдвэр гаргажээ.

Бичлэг дээр зодуулж буй этгээд Делонт Уэст мөн болохыг албаныхан баталсан. Түүнийг бие дээрх шивээсээр нь таньсан гэдгээ нэгэн гэрч мэдүүлжээ.

Өдгөө 36 настай Д.Уэст Сэйнт Жосефийн их сургуулиас NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлж, 2004 оны драфтын нэгдүгээр тойргийн №24-өөр сонгогдсон юм. Түүнээс хойш найман жил NBA-д зүтгээд Хятадын лигт тоглосон. Улмаар 2015 онд “Техас Лежендс” багт тоглоод сагсан бөмбөгөө орхисон билээ.

Хоёр туйлт сэтгэцийн эмгэг нь түүнийг ид тоглогч байх үед ч илэрдэг байжээ. Тэрбээр шалтгаангүйгээр бэлтгэлээ таслах нь ихэсч, зарим үед учир нь ойлгогдохгүй ааш авир их гаргадаг байсныг тухайн үед ажиллаж байсан спортын сэтгүүлчид онцлох болов. 2009 онд замын цагдаа түүнийг саатуулах үеэр биеэс нь цэнэглэсэн гурван галт зэвсэг илрүүлж байв.

Түүнтэй холбоотой бас нэгэн том дуулиан бол багийнхаа хамтрагч Лэброн Жэймсийн ээжтэй явалдсан гэх цуурхал. Хамгийн сүүлд Д.Уэсттэй холбоотой дуулиан бол банкинд 108 мянган ам.долларын зээлээ төлөөгүй явдал юм.

Ийм нэг тоглогчдод туслах хүсэлтэй хүн NBA-гийн ертөнцөд цөөнгүй гарч иржээ. Түүнийг анх драфтаар авч байсан “Бостон Селтикс” багийн менежер Дэнни Эйнж түүнд скаутын ажил санал болгохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн Лэброн Жэймс нэгэн үе хамтрагч байсан Д.Уэстэд мөнгөн тусламж үзүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн. “Хаан” Жэймс бизнес хамтрагч болох Маверик Картерт энэ тухай ярьсан бөгөөд Д.Уэстийг Лос Анжелес хотод авчирч, хуучин хамтрагчаа хөл дээр нь босох хүртэл шаардлагатай бүх мөнгийг зарцуулна гэж ярьсан гэнэ.

WNBA: Эмэгтэй тамирчдын үнэлгээ өсөв

WNBA буюу эмэгтэй сагсан бөмбөгийн холбоо, тоглогчдын холбоотой зөвшилцөлд хүрч, 2027 он хүртэл шинэ гэрээ байгууллаа. Уг гэрээгээр эмэгтэйчүүдийн цалин хөлс, ээж болсны тэтгэмж зэргийг нэмэх олон чухал шийдвэр гаргасан юм.

Тоглогчдын холбооны тэргүүн, “Лос Анжелес Спаркс” багийн довтлогч Ннека Огвумике шинэ гэрээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тамирчдын цалинг нэмэх нь энэ гэрээний хамгийн чухал сэдэв байлаа. WNBA-гийн тамирчдын жилийн дундаж цалин 130 мянган ам.доллар. Энэ нь NBA-гийн шинэ тоглогчдын цалингаас ч бага тоо. Эрчүүдийн лигт дөнгөж элссэн шинэ тоглогч хамгийн багадаа 900 мянган “ногоон”-ы цалин авдаг баримт бий.

Зөвхөн цалинг ч бус нийгмийн бусад асуудлыг ч шийдвэрлэхэд анхаарсан гэдгээ холбогдох хүмүүс нь мэдэгдэв. Тамирчид бие давхар болсон ч цалингаа бүрэн авах төдийгүй хүүхдийн асрамжид зориулж, санхүүгээр дэмжихээр болжээ. Түүнчлэн хүүхэдтэй тамирчдад зориулж, орон байраар хангах, үйчлэгч хөлслөх, ахмад тоглогчдод тэтгэмж тогтоох зэрэгт жилд 60 мянган ам.доллар төсөвлөхөөр болсон аж.

2020 онд биднийг хүлээж буй 10 чухал тэмцээн

Сүүлийн үед манай улсад эрчимтэй хөгжиж буй багийн спорт бол 3х3 сагсан бөмбөгийн төрөл. Энэ төрлөөр олимпод оролцох эрх авч, багийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

Тэгвэл энэ онд болох 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний томоохон 10 тэмцээний хуваарийг танилцуулья.

Олимпын эрх олгох тэмцээн

III сарын 18-22 (Энэтхэг)

Эрэгтэй шигшээ баг энэ тэмцээнд оролцоно

Ирэх гуравдугаар сард Энэтхэгт болох тус тэмцээнийг ДАШТ-тэй зүйрлэж болно. Эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний гурван байрт шалгарсан гурван баг “Токио 2020”-ын эрх авах юм. Тус бүр 20 баг өрсөлдөх тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын шигшээ баг “А” хэсэгт багтсан билээ.

Доха Мастерс

IV сарын 2-3-нд

Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдах Доха Мастерс дөрөвдүгээр сарын 2-3-нд зохион байгуулагдах болжээ. Энэ нь өмнөх жилүүдээс харьцангүй эрт болж буй онцлогтой.

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн

IV сарын 24-26-нд (Унгар)

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Унгарт болно. Уг тэмцээнд түрүүлсэн баг л “Токио 2020”-ын тийзээ авах учир багуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөнө. Манай улсаас эрэгтэй шигшээ багийн тамирчид эхний тэмцээнд эрхээ авч чадаагүй тохиолдолд оролцох юм. Энэ тэмцээнд сүүлийн хоёр олимпод сагсан бөмбөгийн төрлөөр оролцоогүй улсын тамирчид оролцож байгаагаар онцлогтой.

Азийн АШТ

V сарын 13-17-нд (БНХАУ)

БНХАУ-д дөрвөн өдрийн турш үргэлжлэх Азийн АШТ-д Австралийн шигшээ баг аваргаа хамгаалах эсэх нь олны анхаарлыг татаж буй. Дөрвөн удаа зохиогдсон тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд ногоон тивийн сагсан бөмбөгчид тус бүр хоёр удаа түрүүлсэн билээ.

Европын АШТ

VI сарын 25-27-нд (Бельги)

Өнгөрсөн жил эрэгтэйд Серб, эмэгтэйд Франц Европын аварга болсон билээ. Бельгид олимпын өмнө зохиогдох томоохон тэмцээн гэдгээрээ тивийн аварга олны анхаарлын төвд байх нь гарцаагүй.

Олимп

VII сарын 25-29-нд (Япон)

Японы Токиод болох олимпын наадамд 3х3 сагсан бөмбөгийн төрөл анх удаа багтсан. Энэ удаагийн олимпод эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр найман баг өрсөлдөнө. Монголын эмэгтэй шигшээ баг чансаагаар эрхээ авсан бол эрэгтэй шигшээ баг эрх олгох тэмцээнд өрсөлдөж байгаа билээ.

18 хүртэлх насны ДАШТ

VIII сарын 25-30-нд (Унгар)

Унгарын Дебрецен хот таван жилийн дараа дахин 18 хүртэлх насны ДАШТ-ийг зохион байгуулна. 2015 онд хөвгүүдийн ангилалд Шинэ Зеланд, охидын төрөлд Франц түрүүлж байсан юм. Өнгөрсөн жил манай улсад зохиогдсон тэмцээнд АНУ-ын баг анх удаа хоёр төрөлд түрүүлж, түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

Эмэгтэй финал

IX сарын 5-6-нд (Канад)

Өнгөрсөн жилээс хойш эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнийг зохион байгуулах болсон юм. Анхны тэмцээнд канадчууд түрүүлсэн. Энэ тэмцээнд оролцохын тулд нийт 28 баг 14 тэмцээнд цувралаар оролцоод хамгийн өндөр оноотой 12 баг тунаж үлддэг. Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд 235 оноогоор 14-т жагссан билээ.

Эрэгтэй финал

XI сарын 14-15-нд

Ес дэх удаагаа зохиогдож буй тус тэмцээнд Сербийн Нови-Сад багийн давамгайллыг хэн зогсоох вэ гэх асуулт сагсан бөмбөг сонирхогчдын дунд үүссэн болов уу. Дусан Булут тэргүүтэй энэ баг дөрвөн удаа түрүүлээд буй.

Африкийн цом

XI сарын 19-22-нд (Уганда)

Угандагийн Кампала хотод болох тус тэмцээнд өнгөрсөн жил Египетийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй төрөлд түрүүлсэн.

Эмэгтэй тамирчид “Токио 2020”-д оролцох эрх авлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпод оролцох эрх авсан эхний дөрвөн багийг танилцууллаа.

Эмэгтэйчүүдийн ангилалд ОХУ, БНХАУ, Монгол болон Румыний шигшээ баг ирэх оны долдугаар сарын 25-29-нд Японы Токио хотод болох олимпын наадамд оролцох нь тодорхой болов.

Харин эрэгтэйд чансаагаар тэргүүлсэн Серб, ОХУ, БНХАУ-ын баг шууд эрхээ авсан бол зохион байгуулагч орон болох Японы эрэгтэй шигшээ баг цагаан хуудсаар оролцох боллоо. Манай эрэгтэй шигшээ баг чансаагаар дөрөвдүгээрт бичигдсэн боловч Японы эрэгтэй шигшээ баг цагаан хуудсаар оролцох болсон тул чансаагаар эрх авах боломжгүй болжээ.

Энэтхэг улсад олимпын эрх олгох хоёрдугаар шатны тэмцээн болно

Гэхдээ манай эрэгтэй багт найдвар бий. Ирэх оны гуравдугаар сарын 18-22-нд Энэтхэг улсад олимпын эрх олгох тэмцээн болно. Энэ тэмцээнд эхний гурван байрт орсон баг Токиог зорих болно. Манай эрэгтэй шигшээ баг “A” хэсэгт Польш, Бразил, Турк, Испанитай нэг хэсэгт оржээ.

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн

Хоёрдугаар шатны тэмцээнээс эрх авч чадахгүй бол Унгарын Будапешт хотод болох сүүлийн тэмцээнд хүч сорино. Сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй аль ч ангилалд сүүлийн хоёр олимпод оролцож байгаагүй зургаан улс энэ тэмцээнд оролцож, түрүүлсэн нь Японыг зорих юм.

3х3: Элсний спортын анхдугаар наадамд ХҮРЭЛ медаль хүртлээ

Энэ сарын 11-16-нд Катарын Доха хотод элсний спортын анхдугаар наадам боллоо. Тус тэмцээнд манай улсаас зөвхөн 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдсөн юм.

Таван өдрийн турш үргэлжилсэн тус наадамд 97 орны 1240 тамирчин хүч сорилоо. Манай улсаас 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг буюу нийт найман тамирчин хүч сорив.

Эрчүүдийн ангилалд ОХУ алт, Бразил мөнгө, Монгол хүрэл медаль хүртэв
Медаль хүртсэн багуудын бүрэлдэхүүн

Монголын эрэгтэй баг хагас шигшээд ОХУ-д хожигдсон ч хүрэл медалийн төлөө Украиныг 20:16-гаар буулган авснаар анхдугаар элсний наадмаас медаль хүртсэн 40 орны нэг боллоо.

Сонирхуулахад, энэ удаагийн наадамд Испани улс долоон алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн. Тэд нийт 10 медаль хүртсэн юм. Харин медалийн тоогоор Бразил (12 медаль, 5 алт) манлайлжээ. 14 улс алтан медаль хүртжээ.

Триатлоны олон улсын шүүгч Б.Цагаанбаатар анхдугаар элсний наадамд шүүгчээр ажилласан юм

Түүнчлэн анхдугаар элсний наадмын триатлоны төрөлд олон улсын 11 шүүгч ажилласны нэг нь монгол хүн байлаа. Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар энэ 11 дотор багтаж, тэмцээнийг дэнсэлсэн юм.

NBA: Мянгуужингийн үлгэр буюу тоглогчдын талаарх ҮНЭН

Кэвин Дюрант бол 2007 оноос хойш өдийг хүртэл лигийн шилдгүүдийн тоонд орж яваа тоглогч. Харин тэр өдийг хүртэл өөрийнхөө өндөрийн талаар худал мэдээлэл өгч байсан “нууц” ил болов.

NBA-гийн зүгээс энэ жилийн бэлтгэлийн бааз нээгдэх үеэр багуудад нэгэн даалгавар өгсөн нь тоглогчдын биеийн өндөр, жин болон төрсөн он сарыг тодорхой мэдээлэх талаар байв. Өмнө нь багийн зүгээс гаргасан хувийн мэдээллийг нягталж, шалгалгүйгээр NBA албан ёсны тоо баримтад бүртгээд явдаг байсан бол одоо өөрчлөгджээ. Тэр ч бүү хэл пүүз өмсөхгүйгээр биеийн өндрийг хэмждэг болов.

Үр дүнд нь өмнө нь олны дунд цуурхал төдий тархсан зарим яриа үнэн болох нь тодорхой болжээ. Тодруулбал, Кэвин Дюрантын биеийн өндрийн талаарх таамаглал. Өдгөө “Бруклин Нэтс”-т данстай К.Дюрант олон жил 6.9 фүүт буюу 205 см өндөртэй гэж зарлаж байлаа. Үнэн хэрэг дээрээ 6.11 фүүт буюу 210 см өндөртэй. Тэр ч бүү хэл пүүз өмсөөд зогсвол 7 фүүт буюу 213 см руу дөхдөг аж.

КД энэ талаар нэг удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эмэгтэйчүүдэд бол 213 см, сагсан бөмбөгт бол 205 см өндөртэй” хэмээн хошигносон удаатай.

Кэвин Дюрантын 2016 онд олимпийн бэлтгэлд гарсан дээрх зураг ихэд алдартай. ДеМаркус Казинс, ДеАндре Жордан зэрэг төвийн тоглогчдоос дутахгүй өндөр болох нь зураг дээр тод харагддаг. Кэвин Дюрант хожим энэ талаар тайлбарлахдаа хүчний довтлогчоор тоглох сонирхолгүй байсан тул биеийн өндрөө нууцалсан гэж мэдэгдэж байлаа.

КД шиг яг ийм жишээ өмнө нь ч болж байв. Тодруулбал, нэрт сагсан бөмбөгч Кэвин Гарнэтт 7 фүүт буюу 213 см-аас дээш өндөртэй боловч 210 см гэж албан ёсоор бүртгүүлжээ.

Кэвин Гарнетт үнэн хэрэг дээрээ 213-аас дээш өндөртэй

Кэвин Гарнетт залуудаа төвийн тоглогчоор тоглох хүсэлгүй байсан тул биеийн өндрөө нууцалсан аж. Домогт тоглогчдоос өндрийнхөө талаар худал мэдүүлсэн гэдгээ нийтэд зарласан хүн бол Чарлез Баркли. Хүчний довтлогчийн байрлалд гарамгай байсан Ч.Баркли 198 см өндөр буюу уг байрлалд тоглоход хэт намхан нуруутай тоглогч. Үнэн гэвэл Ч.Баркли 198 бус 193 см өндөртэй нэгэн байв.

Кэвин Дюрантын өндрөөс гадна бас нэгэн дуулиан тарьсан асуудал бол “Сакрамэнто Кингс”-ийн хамгаалагч Бадди Хилдийн нас. Лигийн зүгээс албан ёсны бичиг баримт шалгах шаардлага тавьснаар Б.Хилд өмнө нь мэдэгдэж байснаас нас зөрсөн нь түүнийг сэтгүүлчдийн анхаарлын төвд оруулав. Тэрбээр ирэх арванхоёрдугаар сард 25 нас хүрэх бус 26 нас хүрнэ. Өмнө нь түүнийг 1993 оны арванхоёрдугаар сарын 17-нд төрсөн хэмээн тэмдэглэсэн боловч үнэндээ 1992 онд төрсөн болохыг баталжээ.

Харин энэ талаар Б.Хилд “Яагаад 1993 онд төрсөн хэмээн буруу тэмдэглэснийг мэдэхгүй. Энэ бол миний алдаа биш. Багийн зүгээс буруу мэдээлэл өгсөн үү, санаатай гуйвуулсан уу, ямар нэг зүйл болсон байх” гэж тайлбарласан байна.

Олимпийн эрх олгох тэмцээн Энэтхэгт болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өчигдөр “Токио 2020” олимпийн эрх олгох тэмцээнийг Энэтхэг улсад зохион байгуулах болсныг албан ёсоор зарлав.

Олимпийн эрх олгох эхний тэмцээн ирэх оны гуравдугаар сард болно. Тус тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван баг Токиог зорих эрх юм.

Токиог зорих эрхийн төлөө эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг энэ тэмцээнд хүч сорино. Өнгөрсөн зургадугаар сард Нидерландын Амстердам хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д эхний гурван байр эзэлсэн АНУ, Латви, Польшийн эрэгтэй сагсан бөмбөгчид энэ тэмцээнд оролцох эрх авсан билээ. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар дэлхийд чансаагаар эхний гурав юм уу, дөрөвдүгээр байр эзэлсэн баг олимпод оролцох эрхээ шууд авах юм.

Зохион байгуулагч улс болох япончууд эрэгтэй, эсвэл эмэгтэй нэг баг оролцох эрхтэй аж. Одоогоор Японы эрэгтэй шигшээ баг эмэгтэйчүүдээс чансаагаар ахиу байгаа тул олимпод улсаа төлөөлөх магадлал илүү өндөр байгаа юм.

Ингэснээр дэлхийд чансаагаар тэргүүлж буй эрэгтэй гурван баг болох Серб, ОХУ, БНХАУ-ын баг оролцох эрхээ авч, харин манай эрчүүд эрх олгох тэмцээнд найдахаас өөр аргагүй болох юм. Харин Японы эрэгтэй баг эрх олгох тэмцээнд амжилттай оролцвол дөрөвдүгээрт бичигдэж буй Монголын эрэгтэй шигшээ багт боломж бий болно.

“Улаанбаатар” баг IV байр эзэллээ

АНУ-ын Лос-Анжелес хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн “Их Дуулга” тэмцээнд Монголын “Улаанбаатар” баг амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэллээ.

Өнгөрсөн сарын 31-нд БНСУ-ын “Иньжэ-гүнь“-д болсон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилтаар Монголын “Улаанбаатар” баг “Лос Анжелес”-т болох “Их Дуулга”-д оролцох эрх авсан билээ. Тус тэмцээнд Словенийн “Пиран” баг түрүүлж, манай багийн хамт эрх авсан юм.

А.Ананд

“Лос Анжелес”-т эрх авсан 10 багийн хамт Бразилаас “Сао Паоло ДС”, “Рио Норте” баг урилгаар оролцсон. Ингээд 12 баг хэсэгт хуваагдахад “Улаанбаатар” баг “А” хэсэгт дэлхийд чансаагаар тэргүүлдэг Арабын Нэгдсэн Эмиратын “Нови Сад Аль Вахда”, Швейцарийн “Лоззана”-тай таарсан. Манай залуус “Лоззана”-г 15:13-аар буулган авч, “Нови Сад Аль Вахда”-д 11:21-ээр ялагдсанаар хэсгээсээ хоёроор шалгарсан юм.

Пиран VS Улаанбаатар

Ингээд шөвгийн 8-д “С” хэсгийг хоёр хожилоор тэргүүлсэн Словенийн №1 баг болох “Пиран”-тай учраа таарлаа. Хур их туршлагатай “Пиран” баг гурван долоо хоногийн өмнө ” Иньжэ-гүнь“-д болсон чалленж тэмцээний хагас шигшээд “Улаанбаатар”-ыг 17:15-аар буулган авч, түрүүлэх замаа зассан. Харин энэ удаа монгол залуус хариугаа авч, 16:13-гаар өрсөлдөгчөө тэмцээнээс хасав.

Э.Дөлгөөн

Харамсалтай нь, хагас шигшээд Сербийн “Лиман” багт 12:18-аар хожигдож, дөрөвдүгээр байр эзэллээ. Лос Анжелесийн тэмцээнд нутгийн баг “Принстон” түрүүлж, “Лиман” дэд байрт шалгарсан бол “Нови Сад Аль Вахда” баг гуравдугаар байрт орсон юм. Сонирхуулахад, энэ тэмцээнд түрүүлсэн баг 30 мянган ам.долларын урамшуулал хүртэх бол хоёрдугаар байр эзэлсэн нь 20 мянга, гуравдугаар байрыг 12 мянган “ногоон”-оор байлсан. Харин дөрөвдүгээр байр эзэлсэн баг 8000 ам.долларын шагнал хүртсэн аж.

Шагналын мөнгөнөөс гадна “Их Дуулга”-д амжилттай оролцсон баг жилийн эцсээр Японы Үцүномияд болох шигшээ тэмцээнд оролцох оноо цуглуулна. Энэхүү тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарч, 60 оноо авснаар “Улаанбаатар” баг нийт 74 оноогоор 17 байрт явна. Дахин 5 байр ахиж чадвал манай залуус Японыг зорих боломжтой. Ингэхийн тулд үлдсэн хоёр тэмцээнд дээгүүр байр эзлэх даалгавар тэднийг хүлээж байна.

NBA: Сагсчин нөхрөө буудаж хороох захиалга өгсөн эмэгтэйд 30 жилийн ял оноов

NBA-гийн тоглогч асан Лорензен Урайтыг буудаж хөнөөсөн хэрэгт хуучин эхнэрийг нь буруутгаж, 30 жилийн ял оноолоо.

АНУ-ын Мэмфис хотод гарсан хамгийн цуутай аллагын хэргийн шүүх хурал дууслаа. NBA-гийн тоглогч байсан Лорензен Урайтыг буудаж хороосон хэрэг 9 жилийн дараа шийдэгдсэн юм.

2010 оны долдугаар сард Лорензен Урайтыг алга болсон хүний жагсаалтад оруулж, цагдаа нар эрлийн баг гаргасан. Үүнээс хойш 10 хоногийн дараа түүний цогцосыг машиндаа буудуулж, нас барсан байхад нь хууль сахиулагчид олсон билээ. Талийгаач нас барахаасаа өмнө 911 буюу цагдаагийн шуурхай дуудлагын утсанд холбогдсон ч буун дуу гарч, үүнээс хойш холбоо тогтоож чадаагүй юм.

Хэрэг явдлаас хойш хоёр жилийн дараа аллага болсон газрын ойролцоох нуурын эрэг дээрээс гар буу олдсон юм. Цагдаагийнхан уг гар бууг сэжигтэн Билли Рэй Тюрнерийнх болохыг тогтоосон. Түүнчлэн түүний гэрт хийсэн нэгжлэгийн үеэр гар буу эзэмших зөвшөөрөл, бусад галт зэвсэгийн хамт илрүүлсэн юм.

Өмнө нь нэг бус удаа гэмт хэрэгт холбогдож байсан Билли талийгаачийн зүлгийг тэгшилдэг ажил хийдэг байсан аж. Түүнийг буруутай эсэхийг тогтоох эцсийн шүүх хурал ирэх есдүгээр сард болно.

Билли Рэй Тюрнер

Харин түүний хамсаатан, энэ хэргийн гол захиалагч болох Шерраг хүний амь насанд санаатай халдсан гэж үзэж, 30 жил хорих ял оноолоо. Тэрбээр энэ ялынхаа 30% буюу 9 жилийг биеэр эдлээд хугацаанаасаа өмнө суллагдах эсэх шүүх хуралд дахин орох боломжтой болно. Шерра эцсийн шатны шүүх хурал болох хүртэл 20 сар шоронд хоригдсон юм.

Лорензен Урайт хуучин эхнэртээ нэг бус удаа гар хүрдэг байсан тул түүнийг хөнөөх төлөвлөгөөг боловсруулсан гэдгээ Шерра хүлээсэн юм. Сонирхуулахад, Шеррагийн үеэл Жимми Мартин гол гэрчээр оролцсон юм. Ж.Мартин 2012 онд найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 20 жилийн ял сонсоод одоо шоронд ялаа эдэлж байгаа аж. Түүний хэлснээр бол тэр гурав хамтдаа нэг бус удаа уулзаж, хохирогчийг Атланта дахь гэрт нь хөнөөхөөр төлөвлөж байсан гэнэ. Шерра дотор талаас нь цонх онгойлгож, Жимми, Билли хоёр гэрт нь орж, Лорензенийг хөнөөх төлөвлөгөөтэй байсан боловч гаднаас өөр хүн орж ирсэн тул зорилгоо биелүүлж чадаагүй гэнэ. Ж.Мартины мэдүүлгийн ачаар цагдаа нар хохирогчийг хөнөөсөн гар бууг нуурын эрэг дээрээс олсон билээ.

FIBA: АНУ-ын шигшээд тоглох хүсэлтэй хүн алга

Өнгөрсөн сард АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг 20 тоглогчид улсынхаа төлөө зүтгэх боломж олгосон. Үүнийг зарласан цагаас хойш одоогоор зургаан тоглогч шигшээ багтаа тоглохоос татгалзав.

“Лос Анжелес Лэйкерс” багийн тоглогч болсон Энтони Дэвисийн агент Рич Пол өөрийн мэдлийн тоглогчдоо ДАШТ-д оролцохоос татгалзсан юм. Үүнд Леброн Жэймс, Энтони Дэвис, Бэн Симмонс, Тристан Томпсон зэрэг олон одод багтана. Удалгүй “Хьюстон Рокитс”-ын хамгаалагчид болох Жэймс Хардэн, Эрик Гордон, “Портлэнд Трэйлблазерс”-ийн хамгаалагч Си Жи МакКоллум нар энэ жагсаалтаас сайн дураараа хасагдлаа. Тэдний араас “Вашингтон Визардс”-ын Брэдли Бийл, “Филадельфи 76”-гийн довтлогч Тобиас Харрис нар нэмэгдэв.

Тэдний ихэнх нь шинэ улиралд илүү анхаарал хандуулж буйгаа уламжилсан. Харин Брэдли Бийлийн хувьд наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхэнд аав болох тул шинэ хүнээ угтаж авахаар шигшээ багаасаа завсарлага авахаар шийджээ.

Ном ёсоор бол ирэх наймдугаар сард Лас Вегас хотод болох бэлтгэлийн цуглаанд нэр дурдагдсан 20 тоглогч оролцож, тэднээс 12 нь ДАШТ-д оролцох ёстой. Тэр ч бүү хэл энэ жилийн драфтыг тэргүүлсэн Зайон Уильямсон шигшээ багийнхаа урилгаас татгалзсан юм.

Дээрх зургаан тоглогчийн оронд “Бостон Селтикс”-ийн хамгаалагчид болох Маркус Смарт, Жайлен Браун, “Голден Стэйт Уорриорс”-ын Де’Энжило Рассэлл, “Орландо Майжик” багийн довтлогч Аарон Гордон нарыг дуудаж магадгүй аж.

Одоогоор Дамиан Лиллард, Кэмба Уолкер, Крис Мидлтон, Пи Жэй Такер нар шигшээ багийнхаа бэлтгэлд хамрагдахаа мэдэгдсэн байна. Харин Кэвин Лоув тэргүүтэй бусад тоглогчид шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа аж.

NBA: Тим Данкан эргэн ирлээ

NBA-гийн шилдэг тоглогчдын нэг асан, “Сан Антонио Спэрс”-ийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч Тим Данкан ирэх улиралд эргэж ирнэ. Гэхдээ тамирчнаар бус туслах дасгалжуулагчаар…

Тим Данкан шинэ улиралд “Спэрс” багийнхаа туслах дасгалжуулагчаар ажиллах боллоо. Өдгөө 43 настай Тимми 2015-16 оны улирлын дараа өмсгөлөө хананд өлгөсөн. Үүнээс хойш багагүй хугацаанд амралттай, хүссэн үедээ “Спэрс”-ийн залуу тоглогчидтой бэлтгэл хийж явсан бол одоо албан ёсоор Грэгг Поповичийн туслах боллоо.

Грэгг Попопичийн туслахаар ажиллаж байгаад одоо ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж буй хэд хэдэн эрхэм бий. Тодруулбал, “Милоуки Бакс”-ын ахлах дасгалжуулагч Майк Бадинхоузэр, “Филадельфи 76”-гийн Брэтт Брауныг нэрлэж болно. Түүнчлэн түүний удирдлага дор тоглож явсан “Голден Стэйт Уорриорз”-ын Стив Керр, “Лос Анжелес Клипперс”-ийн Док Риверс нарыг ч онцолж болох юм.

Тиммигээс гадна “Спэрс” дасгалжуулагчийн албандаа залуу мэргэжилтэн Уилл Хардиг нэмсэн байна. У.Харди 2010 онд Уильямс коллежийг төгсөөд “Спэрс”-ийн арын албанд зүтгэж байгаа билээ.