Tag: 3х3 сагсан бөмбөг

Сербийн шигшээ баг оны шилдэг багаар тодорчээ

Сербийн олимпийн хорооноос өнгөрсөн оны шилдэг багаар 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг нэрлэжээ.

Дусан Домович Булут, Деян Мажсторович, Марко Савич, Стефан Стояашич, Марко Здеро нарын бүрэлдэхүүнтэй Сербийн 3х3 шигээ баг Европ (Здеротой), ДАШТ-д (Стояашичтай) түрүүлсэн юм. Тус багийн хувьд Европын аварга болсон анхны, дэлхийн аварга болсон дөрөв дэх түрүү нь болжээ. Өнгөрсөн улиралд Сербийн баг ганц ч ялагдаагүй аж.

Үүгээр ч зогсохгүй дэлхийн цувралд мөн ялагдаагүй. Тэд нийт 32 тоглолтод оролцоод бүгдэд нь өрсөлдөгчөө ялсан билээ. Тэдэнтэй хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдсөн баг болон эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ-д түрүүлсэн, Европын АШТ-д алтан медаль хүртсэн эрэгтэйчүүдийн усны пологийн баг өрсөлдсөн юм.

3Х3: U18 хүртэлх насны ДАШТ-д оролцох багууд тодорлоо

2019 оны зургадугаар сарын 3-7-нд манай улсын нийслэл Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны өсвөрийн ДАШТ болно.

Энэ тэмцээнд оролцох чансаагаар тэргүүлсэн 20 багийн нэрс тодорлоо. Аргентинийн Буэнос Айрес хотод болсон өсвөрийн олимпод хөвгүүдийн ангилалд түрүүлсэн Аргентинийн шигшээ баг болон охидын ангилалд тэргүүлсэн АНУ-ын багууд ДАШТ-д оролцох эрхээ авсан юм. Манай улс зохион байгуулагч орон тул эрэгтэй, эмэгтэй ангилалд багаа бэлдэж байгаа бол АНУ-ын хөвгүүд чансаагаар эрх авснаар 2015 оноос хойш анх удаа тус тэмцээний хоёр ангилалд хоёуланд нь эрх авлаа. 

Зохион байгуулагч Монгол, давхар эрх авсан АНУ-аас гадна БНХАУ, Румын, ОХУ болон Украин зэрэг нийт зургаан орон хоёуланд нь багаа илгээх аж.

Филиппиний охидын баг түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцох эрх авчээ. 

Эрх авсан багууд:

Эрэгтэй: Аргентин (олимпийн аварга), Беларусь, Бразил, БНХАУ, Доминикан, Эстони, Гүрж, Итали, Йордан, Казахстан, Кыргызстан, Латви, Монгол (зохион байгуулагч), Румын, ОХУ, Словен, Турк, Туркменистан, Украин, АНУ.

Эмэгтэй: Бельги, БНХАУ, Чех, Египет, Франц, Унгар, Индонез, Япон, Мексик, Монгол (зохион байгуулагч), Нидерланд, Шинэ Зеланд, Филиппин, Польш, Румын, ОХУ, Шри Ланк, Швейцарь, Украин, АНУ (олимпийн аварга)

Дэлхийн хотуудын спортын наадам Лос-анжелест болно

АНУ-ын Лос-Анжелес хотод 2019 ба 2021 онд Дэлхийн хотуудын спортын наадмыг зохион байгуулахаар болжээ. 

Унгарын Будапешт хотод болсон Олон улсын спортын холбоодын хурлаар ийм шийдвэр гаргалаа. Энэ эрхийн төлөө дөрвөн хот нэр дэвшсэн ч 2028 оны зуны олимпийг эх орондоо хүлээн авахаар болсон Лос Анжелес хот ялалт байгуулсан юм.

Анх удаа зохион байгуулагдаж буй тус наадамд хотын спортын долоон төрлөөр 700 гаруй тамирчин хурд, хүчээ сорих аж.

Хотын спортын наадмын хөтөлбөрт 3х3 сагсан бөмбөг, BMX спорт дугуйн тэмцээн, спорт авиралт, брейк бүжиг, скейтборд, дугуйт тэшүүр зэрэг спортын төрлүүд багтсан юм.

Parkour буюу хөдөлгөөний спорт

Одоогийн байдлаар яг хэзээ энэ наадам болох нь тодорхойгүй байгаа ч 2019 оны есдүгээр сард болно гэж таамаглаж байгаа. Түүнчлэн тус наадам 5-7 хоногийн турш үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

 

18 хүртэлх насны ДАШТ-ийг Монголд зохион байгуулна

18 хүртэлх насны өсвөрийн ДАШТ 2019 оны зургадугаар сард манай улсад зохион байгуулахаар боллоо. 2011 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдох болсон тус тэмцээн энэ онд “Буэнос Айрес 2018” залуучуудын олимпийн жил таарсан тул өнжсөн юм. Өмнө нь Италийн Римини (2011), Испанийн Алькобендас (2012), Индонезийн Жакарта (2013), Унгарын Дебрецен (2015), Казахстаны Астана (2016), БНХАУ-ын Ченду (2017) хотод болж байв.

Манай улсын өсвөрийн шигшээ баг ДАШТ-д оролцож байгаагүй. Харин 2019 онд анх удаа нутагтаа зохион байгуулж, анхны гараагаа эхлүүлэх нь тодорхой болов.

Өсвөрийн ДАШТ-д эрэгтэй 20, эмэгтэй 20 баг өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүдийн цагариг руу довтлох тэмцээн, эмэгтэйчүүдийн ур чадварын тэмцээн, холимог багийн шидэлтийн тэмцээн зэрэг болох юм.

Тус тэмцээнд энэ сарын 1-нд гэхэд чансаагаар эхний 20-д багтсан багууд өрсөлдөх эрх авна. Одоогоор Монголын эрэгтэй шигшээ баг чансаагаар есдүгээрт, эмэгтэй шигшээ баг чансаагаар 12 дугаарт бичигдэж байна.

Эх сурвалж: FIBA хуудас

 

Эрэгтэй баг хэсгээсээ шалгарсангүй

3х3 сагсан бөмбөгийн U23 хүртэлх насны залуучуудын ДАШТ урд хөршийн Шиань хотод болж буй. Анх удаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монголын эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг өрсөлдсөн юм.

Эрэгтэй шигшээ баг хэсэгтээ Латви, Унгар, Эстони, Индонезтай цуг “A” хэсэгт багтсан. Харамсалтай нь, хэсэгтээ нэг хожиж, гурав дийлдсэн үзүүлэлтээр дөрөвдүгээр байр эзэлснээр тэмцээнээ өндөрлөв.

Залуучуудын шигшээ багт А.Сүхбат, О.Эрдэнэцогт, О.Энхбаатар, П.Мөнх-Оргил нар багтсан. Тэд эхлээд Латвийн багт 14:21, Унгарын шигшээд 12:15-аар ялагдаж, Эстонийг 22:14-өөр буулган авсан ч Индонезийн багт 17:21-ээр ялагдсан юм.

Одоогийн байдлаар хасагдах шатанд Латви, Словентой, БНХАУ-ын баг Унгарын шигшээтэй өрсөлдөхөөр оноолт таарчээ. Харин Д болон Б хэсгийн сүүлийн тоглолтууд хараахан дуусаагүй байна.

Монголын баг Залуучуудын ДАШТ-д оролцоно

Сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй сагсан бөмбөгийн 3х3 төрөлд энэ жилээс анх удаа U23 буюу залуучуудын ДАШТ зохиогдох болсон билээ. Анхны тэмцээнийг БНХАУ-ын Шиань хотод зохион байгуулахаар болж, эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөхөд бэлэн болов.

Хэсгийн шатны тэмцээн өнөөдөр нээлтээ хийж, энэ сарын 6-нд хүртэл үргэлжлэх бөгөөд хэсэг тус бүрээ тэргүүлсэн хоёр баг хасагдах шатанд шалгарч, шөвгийн наймаас шигшээ тулаан хүртэл өрсөлдөнө. Хасагдах шатны тоглолт энэ сарын 7-нд болох аж.

Эрэгтэй баг


  • Хэсэг А: Латви, Монгол, Эстони, Унгар, Индонез
  • Хэсэг Б: ОХУ, Нидерланд, Франц, Кыргыз, Египет
  • Хэсэг С: Серб, Словен, БНХАУ, Туркменистан, Филиппин
  • Хэсэг Д: Япон, Румын, Украин, Чех, Тайвань

Эмэгтэй баг


  • Хэсэг А: БНХАУ, Унгар, Румын, Герман, Уганда
  • Хэсэг Б: Украин, Нидерланд, Индонез, Казахстан, Беларусь
  • Хэсэг С: Франц, Монгол, Япон, Чех, Аргентин
  • Хэсэг Д: ОХУ, Андора, Иран, Шри Ланк, Малайз

Манай эрэгтэй шигшээд Ариунбаатарын Сүхбат, Очирбатын Эрдэнэцогт, Онолбаатарын Энхбаатар, Пүрэвсүрэнгийн Мөнх-Оргил нар багтсан бол эмэгтэй шигшээд Батсүрэнгийн Нандинцэцэг, Ганбатын Минжин, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан нар оролцох юм.

Эрэгтэй шигшээ баг чансаагаар зургаад, эмэгтэй баг чансаагаар дөрөвдүгээрт жагссан.

Эрэгтэй багийн хуваарь:

X/3 – 14:20 цагт Монгол – Унгар

X/3 – 16:00 цагт Монгол – Латви

X/5 – 13:40 цагт Монгол – Эстони

X/5 – 15:40 цагт Монгол – Индонез

Эмэгтэй багийн хуваарь:

X/4 – 14:20 цагт Монгол – Аргентин

X/4 – 16:00 цагт Монгол – Франц

X/6 – 14:20 цагт Монгол – Япон

X/6 – 16:00 цагт Монгол – Чех

Хөвгүүд Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

3х3 сагсан бөмбөгийн U18 насны ангилалд манай өсвөрийн шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монголын хөвгүүд болон охидын баг анх удаа хүч сорьсон юм.

Хөвгүүдийн баг урьдчилсан  шатанд Иран, Хонконг, Узбекистан, Гуамын шигшээг хожиж, үндсэн тэмцээндээ оролцох эрх авсан. Улмаар хэсгийн шатанд Йордан, Индонезийг тус бүр хожоод шөвгийн наймд тунаж үлдсэн аж.

Хасагдах шатанд Кыргызийн багийг 21:14-өөр буулган авсан ч энэ тэмцээнд түрүүлсэн Шинэ Зеландын багт 21:14-өөр ялагдсан.

Ингээд хүрэл медалийн төлөө энэ тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж байсан Катарын багтай өрсөлдөж, 21:12-оор илт давамгайлснаар анх удаа өсвөрийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Харин Шинэ Зеландын хөвгүүд шигшээд өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга БНХАУ-ын багийг 22:15-аар буулган авч, анх удаа түрүүллээ.

Тус тэмцээний шилдэг гурван тоглогчийн нэгээр Г.Ган-Эрдэнэ нэрлэгдсэн юм. Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Алтангэрэл, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нар багтсан билээ.

Манай тамирчдын тэмцээн дуусах болоогүй. Ирэх аравдугаар сард Аргентинийн Буэнес Айрес хотод Залуучуудын олимп болох бөгөөд энэ тэмцээнд 3х3-ын хөвгүүд оролцох юм.

3х3-ын охид, залуус хэсгээсээ гарсангүй

23 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдсөн манай залуус хэсгээсээ гарсангүй. Залуучуудын шигшээ хэсэгтээ БНСУ, Тайвань, Киргиз, Бангладештай нэг хэсэгт багтсан. Эхний тоглолтоо Тайваньд 15:19-өөр дийлдсэн манай залуус Киргиз болон Бангладешийг дараалан хожсон ч хэсгийн сүүлийн тоглолтод БНСУ-ын залууст 21:9-өөр хожигдож, дөрөв тоглохдоо 15.8 оноо дунджилсан үзүүлэлттэй хоцорлоо. Энэ хэсгээс БНСУ-ын баг нэг ч хожигдоогүй бол Тайванийн шигшээ баг нэг ялагдсан үзүүлэлтээр хасагдах шатанд орсон.

Хасагдах шатанд БНХАУ – Катар, БНСУ – Казахстан, Иран – Тайвань, Япон – Тайландтай таарлаа.

Эмэгтэй 3х3-ын баг хэсэгтээ Япон, Тайваньд хожигдоод Балбыг ялсан үзүүлэлтээр мөн л хасагдах шатанд шалгарсангүй.

Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг хасагдлаа

Азийн наадмын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг талбайн эзэн Индонезтой шийдвэрлэх тоглолт хийсэн ч харамсалтай нь, дараагийн шатанд шалгарахад хоёр оноо дутлаа. Энэ тоглолтод долоон оноогоор илүү хожсон тохиолдолд Монголын шигшээ баг дараагийн шатанд шалгарах байв. Гэвч эцсийн үр дүн 74:69-өөр өндөрлөсөн тул бид гэртээ харих болж, Индонезийн шишээ баг БНХАУ-ын багтай дараагийн шатанд өрсөлдөх боллоо.

Тоглолтын дундуур манай сагсчид санаачилгыг гартаа авч, 18 оноогоор хол тасарсан ч төгсгөлд тааруу тоглолт үзүүлээд таван оноогоор хожсон нь хангалтгүй үзүүлэлт болов.

Эхний хагаст индонезчууд дөрвөн оноогоор илүүрхсэн ч хоёрдугаар үед манай тамирчид 15 оноогоор хожсон юм. Ялангуяа Т.Санчир хоёр удаа дараалан гурваас амжилттай гүйцэтгэж, баг нь 10 оноо дараалан авч, оноогоор холдож эхэлсэн. Индонезчууд оноог ойртуулахыг хичээсэн ч энэ үеийн төгсгөл манайхны давамгайллаар өндөрлөсөн юм.

Гуравдугаар үед Монголын баг онооны тэргүүллээ улам холдуулж, 55:37 буюу 18 оноогоор тасарч эхэлсэн. Гэхдээ үеийн төгсгөлөө хийж чадсангүй. Б.Билгүүн гуравдугаар үе дуусах дөхөхөд дараалан хоёр алдаа хийж, нийт алдаа тав болсноор сэлгээнд суулаа. Түүний эзгүйд багийн хамгаалалт нурж, довтолгоо ч эзгүйрч эхэлсэн. Үр дүнд нь олон онооны зөрүүгээ хадгалж чадаагүй.

Б.Билгүүний хамгаалалт байхгүй болсноор Индонезийн америк легионер Андре Жонсонг зогсоох тоглогч манайд өөр байсангүй. Тэрбээр багтаа тун чухал дөрвөн оноог авч, багаа дараагийн шатанд шалгарахад онцгой үүрэг гүйцэтгэв. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд Т.Санчираар гурваас шидүүлсэн. Хэрвээ энэ шидэлт орсон бол Т.Санчир баатар болж, Монголын баг дараагийн шатанд шалгарах байв. Гэвч гурван хамгаалагчийн эсрэг зүтгэж шидсэн нь түүний шидэлт дутаж, довтолгооны самбараас авсан ч Б.Болдбаатар гурваас шидэхийн оронд хоёр оноо авсан. Цаг дуусахад 2.2 секунд үлдсэн үед Б.Болдбаатар ийм шийдвэр гаргасан нь багаа хөөдсөн явдал болов. Уг нь манайд хоёр бус гурван оноо л хэрэгтэй байсан юм.

Шийдвэрлэх тоглолтод Т.Санчир 28 оноо+10 самбар, 17 оноо+6 самбараар багтаа тусалж, эсрэг багаас гурван тоглогч 10-аас дээш оноо авсан үзүүлэлттэй дууслаа.

 

“Улаанбаатар Гаруда” Словенд ялалт байгуулж чадсангүй

Азийн наадмын 3х3 төрөлд 23 хүртэлх насны залуучуудын шигшээ баг оролцох болсноор үндсэн шигшээ болох “Улаанбаатар Гаруда” баг нь энэ сарын 18-19-нд Словенийн нийслэл Люблян хотод 20 мянган ам.долларын шагналын сантай Дэлхийн цомын цуврал тэмцээнд хүч сорьсон.

Э.Дөлгөөн,  Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар тэргүүтэй Монголын баг тамирчид “С” хэсэгт Словенийн “Люблян”, Сербийн “Врбас Авай” багуудтай нэг хэсэгт багтсан. “Люблян”-ы хувьд дэлхийд чансаагаар зургадугаарт бичигддэг. Энэ жагсаалтад “Улаанбаатар Гаруда” баг Ази тивээс хамгийн өндөрт буюу 15-д жагсдаг юм. Харин “Врбас Авай” клубийн хувьд сүүлийн үед чансаа нь ахиж буй баг. Тэд хамгийн сүүлд чансаа шинэчлэгдэхэд 29 байр ахиж, 22-т орж ирсэн билээ.

Энэ удаагийн тэмцээний чансаагаар доогуур бичигдсэн тул “Врбас Авай” урьдчилсан шатанд өрсөлдөж, үндсэн хэсэгт багтсан юм. Тэд эхний тоглолтод талбайн эзэн багийг 20:14-өөр, дараа нь манай тамирчдыг 21:20-оор илүүрхэв.

Ингэснээр манай багийн хувьд гол найдвар нь “Люблян”-ыг нутаг дээр нь хожих. Харамсалтай нь, талбайн эздийн холын шидэлт байндаа тусч байсан бол “Улаанбаатар Гаруда”-гийн шидэлтүүд оновчтой болохгүй байв. Эцэст нь 19:15-аар ялагдаж, хоосон хоцорлоо. Манай баг нийт 35 оноо авч, дунджаар 17.5 оноо бичүүлжээ.

 

 

 

Сагсчид дэлхийн шилдгүүдийг барсангүй

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцож буй манай эрэгтэй шигшээ багийнхан хэсгээсээ шалгарч, хасагдах шатанд тунаж үлдсэн ч дэлхийд чансаагаараа тэргүүлж буй Сербийн шигшээ багтай учраа таарсан ч цаг дуусахаас ойролцоогоор хоёр минутын өмнө 21:8-аар хожигдлоо.

Ийнхүү Бразил, ОХУ болон талбайн эзэн Филиппинийг хожиж, Канад, Сербийн шигшээ багт ялагдсан амжилтаар анхны ДАШТ-ээ өндөрлүүлж байна.

Манай тамирчдаас Г.Цэнгүүнбаяр тэмцээний турш 28 оноо авсан амжилтаараа тэргүүлсэн бол Д.Дэлгэрням 26, Э.Цэрэнбаатар 19, Э.Дөлгөөн 11 оноо тус бүр авчээ.

Сонирхуулахад, дэлхийд чансаагаар Сербийн шигшээ баг тэргүүлдэг тухай дээр өгүүлсэн. Тэгвэл энэ баг 27 мянган оноогоор дэлхийд манлайлдаг гэнэ. Харин тэдний ард жагсдаг Словен 19 мянган оноогоор удаалдаг. Харин манай шигшээ багийн хувьд 9000 гаруй оноогоор 11 дүгээрт бичигдэж буй.

Түүнчлэн тоглогчдын хувийн чансаагаар Сербийн дөрвөн тоглогч эхний байруудад жагсдаг юм.

Түүнчлэн Сербийн шигшээ баг бол сүүлийн хоёр жил дараалан ДАШТ-д түрүүлсэн, хур их туршлагатай баг билээ.

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий сугалаа болов

Ирэх зургадугаар сарын 8-12-нд Филиппин 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ болно. Тус тэмцээнд оролцох эрэгтэй, эмэгтэй нийт 40 багийн сугалаа гарчээ. Өнгөрсөн жилийн аваргууд хэсгийн шатнаасаа тун завгүй байх бололтой. Аваргаа хамгаалах зорилготой Сербийн эрчүүд өнгөрсөн жил аваргын төлөө тоглосон Нидерландын багтай нэг хэсэгт багтсан бол ОХУ-ын бүсгүйчүүд дэлхийн хошой аварга АНУ-ын багтай нэг хэсэгт оров.

Эрэгтэйчүүдийн “А” хэсэгт Серб, Нидерландын хамт 2014 оны Европын аварга Румын, Шинэ Зеланд, Киргизстаны баг оржээ.

Харин эмэгтэйчүүдийн “С” хэсэгт ОХУ, АНУ-ын багийн хамт Андорра, Иран, Уганда багтав.

ДАШТ-д анх удаа оролцох Монголын эрэгтэй шигшээ баг “С” хэсэгт ОХУ, Бразил, Канад, эзэн орны Филиппинтэй таарах юм. Оросууд 2014 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн туршлагатай бол Бразил, Канадын шигшээ баг ямар нэг том амжилт үзүүлээгүй ч жигд амжилттай явдаг багууд билээ. Харин Филиппиний шигшээ багийн хувьд зохион байгуулагч орон тул эрхээ шууд авсан юм.

Хэсэг тус бүрээс эхний хоёр баг дараагийн шатанд шалгарч, хасагдах шатанд өрсөлдөнө.