Tag: Дээд лиг

МСБХолбоо олон улсын шүүгч, дасгалжуулагч, тоглогчид бэлтгэхэд Talk Talk English сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

МСБХ-ноос ФИБА-гийн стандартуудыг Монголд нэвтрүүлэн ажиллах зорилтыг тавин ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Монголын сагсан бөмбөгийн оролцогч бүх талуудад шаардагдаж буй гол чадваруудын нэг бол гадаад хэл буюу англи хэлний мэдлэг юм.

Өнгөрөгч хугацаанд Олон улсын дасгалжуулагчийн Level 1 олгох сургалтыг ФИБА-тай хамтран зохион байгуулсан ба ирэх оноос Олон улсын шүүгчийн сургалт бэлтгэх GOL 2023-2025 оны хөтөлбөрт мөн хамрагдах юм. Тус хөтөлбөрт тавигдаж буй гол шаардлагуудын нэг бол мөн л хэлний мэдлэг юм.

Энэ жил 15 жилийн ойн баяраа хийж буй Англи хэлний сургалтын салбарт тэргүүлэх Talk Talk English төвтэй хамтын ажиллагааны гэрээг тус төвийн захирал, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С. Төгсжаргал нар байгууллаа. Ингэснээр бодлогын түвшинд шүүгч, дасгалжуулагч, тоглогчид англи хэлний мэдлэгээ Talk Talk English төвд хөнгөлөлттэй төлбөрөөр суралцан бэлтгэгдэх боломжтой боллоо.

Сагсан бөмбөгчдийг олон улсын түвшинд хүрэхэд томоохон түлхэц болох дэмжлэгийг үзүүлж буй Ч. Амарсанаа захиралтай Talk Talk English төвийн хамт олонд талархал илэрхийлье.

Дашрамд дуулгахад FIBA-гийн GOL 2023-2025 хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй шүүгчдийн хэлний мэдлэгийг тус төв тодорхойлон өгсөн ба тус хөтөлбөрт хамрагдах шүүгчид 100%-ийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцахаар болсон юм.

Эх сурвалж: МСБХ

Эрдэнэтийн Уурхайчдын хожигдоогүй цуврал үргэлжилсээр

Лхагва гарагийн оройны сүүлийн тоглолт Эрдэнэтийн Уурхайчид, Налайх Бизон багуудын хооронд боллоо. Дээд лигийн улирал эхэлснээс хойш нэг ч хожигдоогүй болон нэг ч хожил аваагүй хоёр багийн тоглолтод Уурхайчид илт давуу хожлоо. Налайх Бизон баг тоглолтыг маш сайн эхлүүлж 8 онооны давуу байдлыг аваад байсан ч Эрдэнэтийн Уурхайчид баг богино хугацаанд онооны харьцааг ойртуулсан. Тоглолтын үлдсэн гурван үе тус бүрд Уурхайчид онооны илүү явсаар 81-65 харьцаатай Налайх Бизон багийг буулгаж авч улирлын гурав дахь хожлоо авсан юм. Эрдэнэтийн Уурхайчид багаас Энхбаатар, Williams, Санчир, Бямбадорж нар 10-аас дээш оноо авсан байна. Импорт тоглогч Pendarvis Williams ээлжит сайн тоглолтоо үзүүлж 23 оноо, самбар авч дабл дабл хийхэд ойрхон байлаа. Тэд энэ улиралд гурван хожил байгуулсан эхний баг болсон. Золжаргал 5 оноо, 9 самбар, талбайд +22 үзүүлэлттэй онцлох тоглолтыг үзүүлсэн юм. Улирал эхэлснээс хойш сэлгээнээс тоглож байсан Санчир гараанаас тоглолтыг эхлүүлж 24 минутыг талбай дээр өнгөрүүлж 14 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт өгсөн байна.Налайх Бизон багаас Бишрэлт 12 оноо, импорт тоглогч Malik Maitland 15 оноо, 4 самбар, 5 оновчтой дамжуулалт, 20 хувьтай довтолсон юм.
Эрдэнэтийн Уурхайчид баг энэ улирал гурван хожилд хүрсэн анхны баг болж, мөн лигийг амжилтаараа тэргүүлээд эхэллээ. Налайх Бизон баг хожил аваагүй хоёр багийн нэг хэвээр үлдсэн юм.

Тоглолтын статистикийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Минжингийн сайн тоглолт багаа хожилд хөтөллөө

Лхагва гарагийн оройны эхний тоглолт Эрдэнэтийн Уурхайчид болон ОТИС Шилүүснүүд багуудын хооронд боллоо. Уурхайчид улирлын эхний тоглолтоо хүчирхэг Улаанбаатар Амазонс багийн эсрэг хийж хожигдсон бол Шилүүснүүд Ховд Чандмань багийг хожиж улирлын эхний хожлоо байгуулаад байсан юм. Хоёр багийн тоглолт эхнээсээ Уурхайчдын давамгайлал дор өрнөж байлаа. Хоёрдугаар үед 16 онооны давуу байдал үүсээд байсан ч гуравдугаар төгсгөл, дөрөвдүгээр үеийн эхлэлийг Шилүүснүүд сайн хийж тоглолтын онооны харьцааг ойртуулсан ч эцсийн мөчид 55-50 харьцаатай ялагдсан юм. Энэрмаа 12 оноотой багаа тэргүүлсэн бол түүнээс өөр 10-аас дээш оноо авсан тоглогч ОТИС Шилүүснүүд багт байсангүй. Харин улирлын эхний хожлоо байгуулсан Эрдэнэтийн Уурхайчид багаас Хишиг-Эрдэнэ 5 оноо, 4 самбар, 5 бөмбөг таслалт хийж талбайд үр ашигтай байдлаараа бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Минжин 12 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслаж өв тэгш тогложээ. Уурхайчдын дараагийн учраа Хил Хамгаалах Аравт баг юм.

Тоглолтын статистикийг энд дарж үзнэ үү

Эмэгтэй лигт одоогоор нэг ч хожигдоогүй ганцхан баг бий нь Улаанбаатар Амазонс баг. Тэд 2-0 амжилттай лигийг тэргүүлж байна.

Үндэсний Дээд Лигийн 2022-23

#ClubWLPCTSTRKDIFF
1810.889W218
2720.778W322
3620.750W319
4350.375L2-2
5270.222L2-23
6090.000L9-32

Олон улсын А зэрэглийн шүүгчид Үндэсний Дээд лигийг дэнсэлж байна

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лиг өнгөрсөн 12/01нд хөшгөө нээсэн билээ. Тус лигийн тэмцээний журманд тоглолт бүрийг олон улсын сагсан бөмбөгийн холбооны А зэрэглэлийн лицензтэй нэг шүүгч дэнсэлж явна гэж тусгагдсаны дагуу Монгол улсад Сингапур болон Индонез улсын 2 шүүгч хүрэлцэн ирээд байгаа юм. Дээрх шүүгчдийг Монголын сагсан бөмбөгийн холбоо Азийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах албан ёсны гэрээний дагуу ажиллуулж буй бөгөөд Сингапур улсын иргэн шүүгч Вэнг Леонгийн хувьд 38 настай 20 насанд А зэрэглийг авч байсан. 2018 онд U17 Ази тивийн аварга, 2017-2018 ABL лигийн тэмцээн, 2021 оны Ази тивийн аваргыг шүүж байсан бол Индонез улсын иргэн Харяанта Сатуряо хувьд 41 настай 2017-18 онд ABL лигийн тэмцээн, 2021 оны Ази тивийн аваргыг тус тус дэнсэлж байсан туршлага юм.Дашрамд дурьдахад дээрх 2 шүүгчийн хувьд 11 сард монголд бол ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнийг ФИБА-гаас томилогдон шүүн явуулж байжээ. Үндэсний дээд лигийн тэмцээнд энэ жил нийтдээ эрэгтэй 90 тоглолт эмэгтэй 30 тоглолт явагдах юм.

Эх сурвалж: МСБХ

Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг хасагдлаа

Азийн наадмын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг талбайн эзэн Индонезтой шийдвэрлэх тоглолт хийсэн ч харамсалтай нь, дараагийн шатанд шалгарахад хоёр оноо дутлаа. Энэ тоглолтод долоон оноогоор илүү хожсон тохиолдолд Монголын шигшээ баг дараагийн шатанд шалгарах байв. Гэвч эцсийн үр дүн 74:69-өөр өндөрлөсөн тул бид гэртээ харих болж, Индонезийн шишээ баг БНХАУ-ын багтай дараагийн шатанд өрсөлдөх боллоо.

Тоглолтын дундуур манай сагсчид санаачилгыг гартаа авч, 18 оноогоор хол тасарсан ч төгсгөлд тааруу тоглолт үзүүлээд таван оноогоор хожсон нь хангалтгүй үзүүлэлт болов.

Эхний хагаст индонезчууд дөрвөн оноогоор илүүрхсэн ч хоёрдугаар үед манай тамирчид 15 оноогоор хожсон юм. Ялангуяа Т.Санчир хоёр удаа дараалан гурваас амжилттай гүйцэтгэж, баг нь 10 оноо дараалан авч, оноогоор холдож эхэлсэн. Индонезчууд оноог ойртуулахыг хичээсэн ч энэ үеийн төгсгөл манайхны давамгайллаар өндөрлөсөн юм.

Гуравдугаар үед Монголын баг онооны тэргүүллээ улам холдуулж, 55:37 буюу 18 оноогоор тасарч эхэлсэн. Гэхдээ үеийн төгсгөлөө хийж чадсангүй. Б.Билгүүн гуравдугаар үе дуусах дөхөхөд дараалан хоёр алдаа хийж, нийт алдаа тав болсноор сэлгээнд суулаа. Түүний эзгүйд багийн хамгаалалт нурж, довтолгоо ч эзгүйрч эхэлсэн. Үр дүнд нь олон онооны зөрүүгээ хадгалж чадаагүй.

Б.Билгүүний хамгаалалт байхгүй болсноор Индонезийн америк легионер Андре Жонсонг зогсоох тоглогч манайд өөр байсангүй. Тэрбээр багтаа тун чухал дөрвөн оноог авч, багаа дараагийн шатанд шалгарахад онцгой үүрэг гүйцэтгэв. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд Т.Санчираар гурваас шидүүлсэн. Хэрвээ энэ шидэлт орсон бол Т.Санчир баатар болж, Монголын баг дараагийн шатанд шалгарах байв. Гэвч гурван хамгаалагчийн эсрэг зүтгэж шидсэн нь түүний шидэлт дутаж, довтолгооны самбараас авсан ч Б.Болдбаатар гурваас шидэхийн оронд хоёр оноо авсан. Цаг дуусахад 2.2 секунд үлдсэн үед Б.Болдбаатар ийм шийдвэр гаргасан нь багаа хөөдсөн явдал болов. Уг нь манайд хоёр бус гурван оноо л хэрэгтэй байсан юм.

Шийдвэрлэх тоглолтод Т.Санчир 28 оноо+10 самбар, 17 оноо+6 самбараар багтаа тусалж, эсрэг багаас гурван тоглогч 10-аас дээш оноо авсан үзүүлэлттэй дууслаа.

 

Муратын Булбул 37 оноо авч, багаа хожилд хөтөллөө

Азийн наадмын эмэгтэйчүүдийн 5х5 төрөлд Монголын шигшээ баг эхний тоглолтоо Хонконгийн эсрэг хийж, 83:79-өөр бахдам ялалт байгуулав. Манай сагсчид тоглолтын эхнээс санаачилгыг авч, нэгдүгээр үед 22:12-оор илүүрхсэн бол хоёрдугаар үед Хонконгийн баг гаргасан алдаандаа дүгнэлт хийсэн нь илт байв. Энэ үед хоёр баг эн тэнцүү үзэж, монголчууд есөн оноогоор давамгайлсан юм.

Харин гуравдугаар үед Хонконгийн багийн хамгаалалт эрс чангарч, эсрэгээр манай тамирчид дараалан бөмбөгөө алдаж байлаа. Эхний хагаст 12 бөмбөг алдсан манай эмэгтэйчүүд богино хугацаанд гурав дараалан бөмбөгөө алдаж, нийт зургаан удаа бөмбөгөө эсрэг багт бэлэглэчихсэн. Үүний үр дүнд хонконгчууд тооны харьцааг ойртуулж, бүр тэнцүүлээд амжсан. Тооны харьцаа 58:58 болж, тун эгзэгтэй энэ үед Муратын Булбул хэрэгтэй гурван оноог авснаар багаа сэргээсэн.

Гуравдугаар үеийн төгсгөлд Баясгалангийн Солонго хурдан довтолгооны үеэр өвдгөндөө бэртэл авч, О.Баярцогт дасгалжуулагчийг багагүй сандаргасан. Хэдийгээр олон бөмбөг алдаж байсан ч эмэгтэйчүүд эсрэг багаа самбар дор илүүрхэж, хоёр дахь боломжийг цөөнгүй үүсгэсэн. Үүнд Б.Солонгын үүрэг багагүй байлаа. Тиймээс түүнийг алдвал Монголын баг тун хэцүү байдалд орох байв. Азаар түүний гэмтэл гайгүй өнгөрч, дөрөвдүгээр үед талбайд эргэн ирсэн юм.

Шийдвэрлэх дөрөвдүгээр үед дөрвөн онооны илүү эхлүүлсэн ч өнөөх л бөмбөгөө алдаж байсан нь бидэнд сөргөөр нөлөөлөв. Хонконгийн баг ч энэ боломжийг ашиглаж, дараалан дөрвөн оноо авснаар тооны харьцааг тэнцүүлсэн. Байдал хаашаа ч эргэж мэдэхээр энэ үед Б.Өнөрзаяа холын зайнаас оруулж, улмаар М.Булбул дараалан долоон оноо авснаар 10 оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Эсрэг багаас тооны харьцааг найм руу ойртуулсан ч Б.Өнөрзаяа дахин гурваас оруулж, онооны зөрүүг холдуулав. Тоглолтын төгсгөлд хонконгчууд онооны зөрүүг гурав болгон ойртуулсан ч М.Булбул хоёр дараалан холын зайн шидэлтээ оновчтой болгосноор багийнхаа ялалтыг бататгав.

Ийнхүү 38 минут талбайд өнгөрүүлсэн М.Булбул 37 оноо авч, холын зайнаас найман шидэлтээ амжилттай болгосон юм. Түүнчлэн Б.Өнөрзаяа 23 оноо, долоон оновчтой дамжуулалт, таван самбараас бөмбөг авсан бол Б.Солонго 14 оноо, 13 самбар, зургаан оновчтой дамжуулалт, таван хаалт гүйцэтгэжээ.

Эсрэг багийн лидер Ли Кван 22 оноо, По Ше Вон 16 оноогоор багаа тэргүүллээ.