Tag: Talk talk English

МСБХолбоо олон улсын шүүгч, дасгалжуулагч, тоглогчид бэлтгэхэд Talk Talk English сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

МСБХ-ноос ФИБА-гийн стандартуудыг Монголд нэвтрүүлэн ажиллах зорилтыг тавин ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Монголын сагсан бөмбөгийн оролцогч бүх талуудад шаардагдаж буй гол чадваруудын нэг бол гадаад хэл буюу англи хэлний мэдлэг юм.

Өнгөрөгч хугацаанд Олон улсын дасгалжуулагчийн Level 1 олгох сургалтыг ФИБА-тай хамтран зохион байгуулсан ба ирэх оноос Олон улсын шүүгчийн сургалт бэлтгэх GOL 2023-2025 оны хөтөлбөрт мөн хамрагдах юм. Тус хөтөлбөрт тавигдаж буй гол шаардлагуудын нэг бол мөн л хэлний мэдлэг юм.

Энэ жил 15 жилийн ойн баяраа хийж буй Англи хэлний сургалтын салбарт тэргүүлэх Talk Talk English төвтэй хамтын ажиллагааны гэрээг тус төвийн захирал, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С. Төгсжаргал нар байгууллаа. Ингэснээр бодлогын түвшинд шүүгч, дасгалжуулагч, тоглогчид англи хэлний мэдлэгээ Talk Talk English төвд хөнгөлөлттэй төлбөрөөр суралцан бэлтгэгдэх боломжтой боллоо.

Сагсан бөмбөгчдийг олон улсын түвшинд хүрэхэд томоохон түлхэц болох дэмжлэгийг үзүүлж буй Ч. Амарсанаа захиралтай Talk Talk English төвийн хамт олонд талархал илэрхийлье.

Дашрамд дуулгахад FIBA-гийн GOL 2023-2025 хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй шүүгчдийн хэлний мэдлэгийг тус төв тодорхойлон өгсөн ба тус хөтөлбөрт хамрагдах шүүгчид 100%-ийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцахаар болсон юм.

Эх сурвалж: МСБХ