Манай шигшээ баг хоёр дахиа хожигдов

Азийн наадмын 5х5 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд Монголын шигшээ баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо аваргаа хамгаалж буй БНСУ-ын багийн эсрэг хийж, 108:73-аар ялагдлаа. Эхний тоглолтод Тайландын багт 87:86-гаар хожигдсон манай залуусын хувь заяа наймдугаар сарын 20-нд болох Тайланд – Индонезийн тоглолтоор шийдэгдэж магадгүй юм. Учир нь тайландчууд энэ тоглолтод талбайн эзэн багийг хожвол Солонгосчуудын хамт хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болно.

БНСУ-ын багаас америк гаралтай, өнгөрсөн нэгдүгээр сард Гуулин улсын иргэншилтэй болсон Рикардо Ратлифф эхний хагаст талбайд гарч, 19 оноо, 14 самбараас бөмбөг авчээ. Түүнчлэн энэ тоглолтын турш 20 оноо авсан довтлогч Хео Ил Юн эхний үед 17 оноо авсан юм. Тэрбээр холын зайнаас зургаан удаа оновчтой довтолсон аж.

Тоглолтын эхний үе эн тэнцүү эхэлсэн. Тооны харьцаа 12:12 байхад аваргууд тоглолтын санаачилгыг гартаа авч, 14 оноо дараалан авснаар хожих үндсээ тавьсан юм. Энэ 14 онооны 12-ыг Хео Ил Юн холын зайнаас гурван удаа дараалан оруулснаар “түүсэн” билээ. Харин түүнийг сэлгээнд суух үеэр америк легионер Р.Ратлифф хоёрдугаар үед 17 оноо авч, баг нь 30:17-гоор илүүрхсэн.

Гуравдугаар үед Монголын шигшээ баг 24:23-аар давамгайлсан ч дөрөвдүгээр үед Солонгосын багийн Жён Жюн Бом холын зайнаас дөрвөн удаа оруулсан юм. БНСУ-ын шигшээ баг бүх 12 тоглогчоо ашигласан аж.

Манай тоглогчдоос ганцаараа 20-оос дээш оноо авсан хүн байсангүй. Н.Батбаяр 15 оноо авсан бол Т.Санчир 13 оноо авч, Б.Билгүүн, П.Болортулга, Б.Болдбаатар нар ижил 11 оноо авлаа.

 

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *