Индонезийн эрэгтэй шигшээ баг 56 жилийн дараа Азийн наадамд өрсөлдөв

Индонезийн эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг 56 жилийн дараа Азийн наадамд эргэн ирлээ. Энэ улсын шигшээ баг 1962 оноос хойш анх удаа шар тивийн олимпод өрсөлдөж буй юм. Тэр үед Индонезийн Жакарта хотод Азийн наадам болсон билээ.

Тэд хэсгийн шатны эхний тоглолтоо дөрвөн жилийн өмнө түрүүлсэн БНСУ-ын шигшээ багтай хийсэн юм. БНСУ-ын баг өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын иргэн Рикардо Престон Ратлиффийг эгнээндээ элсүүлж, төвдөө улам хүчирхэг болсон билээ. Р.Ратлифф ч үүргээ онц гүйцэтгэж, 30 оноо, 19 самбар авсан юм. Р.Ратлифф 2012 оны NBA-гийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй. Тэр жилээ БНСУ-ын лигийн драфтад нэр дэвшиж, сонгогдсон анхны америк тоглогч болсон түүхтэй.

Индонезийн шигшээ багт ч мөн америк тоглогч бий. Тэр нь Жамарр Жонсон. Тэрбээр 2011 онд NBA-гийн драфтад нэр дэвшсэн ч сонгогдоогүй. Улмаар 2015 оноос Индонезийн лигт тоглох болсон аж.

Ж.Жонсон энэ тоглолтод 16 оноо, 8 самбараас бөмбөг авчээ.

Манай эрэгтэй шигшээ багийн дараагийн тоглолт наймдугаар сарын 16-нд 17:00 цагаас БНСУ-ын эсрэг тоглоно. Харин Индонезийн баг наймдугаар сарын 20-нд 19:30 цагаас Тайландтай өрсөлдөх юм.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *