Category: Спорт ба бизнес

Хэн хожив?

Ердөө 18 настай хэний ч сайн мэдэхгүй Грек хүүг Милоуки бакс баг 2013 оны драфтын 15-р сонголтоор авч байлаа. Тиймээ тэр хүүгийн тууштай хөдөлмөр, багтаа бас хотдоо үнэнч байдал түүнд таван жилийн 228 сая ам.долларын аварга гэрээг авчирч байсан нь саяхан. (Үлэмж Яаннисын аварга гэрээ)

Милоуки хот, бакс баг түүнд боломж олгосон, түүнд итгэсэн, түүнд хөрөнгө оруулсан. Хариулт нь…

• 2x NBA Үнэ цэнтэй тоглогч
• 5x NBA Бүх одод
• 3x All-NBA 1-р баг
• 2x All-NBA 2-р баг
• 2020 NBA Шилдэг хамгаалан тоглогч
• 3x All-NBA Хамгаалалтын 1-р баг
• 230 сая ам.долларын гэрээгээр зогсохгүй 50 оноо, 14 самбар, 5 хаалт гүйцэтгэж NBA Аваргын цом & Шигшээ тоглолтын шилдэг нь боллоо.
Домог айсуй.

Бакс багийн хөгжөөн дэмжигчид болон Милоуки хотынхонд баяр хүргэе. Ингээд эдийн засгийн хувьд өрнөлийг тайлбарлах гээд үзье. 2013 оноос өмнөх буюу Яаннисгүй үе, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх буюу Яаннистай үеийн харьцуулалтууд.

Милоуки бакс багийн үнэлгээ:

  • 2013: 312 сая ам.доллар
  • 2021: 1.86 тэрбум ам.доллар

NBA багуудын үнэлгээний өсөлт, 2013-2021:

  • NBA нэг багийн өсөлт дунджаар: +330%
  • Милоуки бакс багийн өсөлт: +500%

Мэдээж багийн эздийн оновчтой бизнес шийдэл 550 сая ам.долларын хөрөнгө оруулалттай шинэ ордон түүнийг дагасан зочлох үйлчилгээний бизнесүүд бүхийн төсөл, багийн амжилттай уялдсан телевизийн гэрээ зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн. Милоуки бакс багийн плэйоффын түүхийг сөхөөд үзвэл энэ бүхний үндэс Яаннис гээд хэлэхэд хэлсдэхгүй дүр зураг харагдана.

Милоуки бакс плэйоффт авсан хожил:

  • 2001-2013: 7 хожил
  • 2014-2021: 38 хожил + NBA аварга

Үүгээр зогсохгүй баксын орлого өндөр өсөлттэй байж, NBA-ийн хамгийн эрэлттэй таван багийн нэг болжээ. Илүү гайхалтай нь Яаннисын өмсгөлийн борлуулалт өнөөдөр NBA-д ноёлох болсон явдал юм.

Милоуки бакс талбайн үзэгчдийн тоо дунджаар:

  • 2013: 13,487
  • 2019: 17,602

Үзэгчдийн бааз суурь өснө гэдэг ивээн тэтгэлэг, тасалбарын орлого, нэрийн барааны борлуулалт гэхчлэн том хөшүүрэг болж өгдөг.

Эцэст нь хэлэхэд:

Зөвхөн багийн эзэд, тоглогчид тэр дундаа Яаннис мөнгө олоод, хожоод байгаа асуудал биш юм. Багийн Fiserv Forum ордон мужийн захиргааны мэдэлд байдаг буюу хотын оршин суугчид, татвар төлөгчдийн оролцоотой байдаг гэсэн үг. Харин багийн амжилт, зах зээлийн үнэлгээний өсөлт, түүнийг дагасан эдийн засгийн үр өгөөжийг тэд ч мөн хүртэж байгаа хэрэг юм.

Жишээ авахад: Баксийн плэйоффын нэг тоглолтын үр дүнд хотод 3 сая ам.долларын эргэлт бий болдог гэсэн тооцоо байна. Дэлгэрүүлбэл, 2500 орчим зочид буудлын өрөө, түүнтэй холбоотой 700 гаруй ажлын байр хөдөлдөг. Аваргын цувралд энэ дүр зураг илүү том байх нь гарцаагүй адаглаад аваргын тоглолтын футболк хэдэн арван мянгаар зарагдана.

Хэдийгээр цар тахалтай, цаг үе хэцүү байгаа ч өчигдөр аварга тодорсон тоглолтын үеэр ордон дотор болон ордны гадаа 80-100 мянган хүн цугласан тооцоо байна. Энэ нь Милоуки хотын нийт хүн амын 15% юм. Үнэхээр гайхалтай.

Дахин баяр хүргэе Яаннис, баяр хүргэе Милоукин хотынхонд. Харин та Милоуки хотынхонд атаархаж байна уу 😁?

Сагсан бөмбөгийн хувьсал

Сагсан бөмбөгт хамгийн өндөр оноо авах боломжтой довтолгоо гурван онооны буюу манайхаар холын зайн шидэлт 1979 оны улирлаас нэвтэрсэн байдаг.

1980-аад оны үед НБА багууд дунджаар 2.8 удаа холын зайн шидэлт гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр энэ тоо 1000% өссөнөөр нэг баг дунджаар 35 (одоогийн гүйцэтгэлээр) удаа холын зайн шидэлт хийдэг сагсан бөмбөгийг бид үзэж байна.

1980-2021 оны хүртэлх холын зайн шидэлтийн тоо ба гүйцэтгэл хувь

Тухайлбал: Жэймс Хардэн, Стэфэн Карри зэрэг бүх одод тоглогчид зөвхөн нэг тоглолтонд 10-аас олон удаа холын зайн шидэлт гүйцэтгэх нь хэвийн үзэгдэл болжээ.

Довтолгооны бүтэц ямар болсон байгааг DD Analytics-ын зураглалаас хараарай.

Эх сурвалж: https://www.ddanalytics.mn/

Яагаад гэж үү?

Учир нь сүүлийн 20 жилийн дунджаас харахад НБА нэг тоглогч гурвын шугамын гаднаас 1.05 оноо, булангийн гурвын шугамын араас 1.16 оноо авч байхад будагтай талбайгаас 0.79 оноо авч байна. Үүнийг илүү ойлгомжтой болгоод 100 тоглогч дундын довтолгооноос 79 оноо авах бол холын зайнаас 105 магадгүй 116 оноо авах боломжтой байгаа юм.

Эх сурвалж: Shottracker

Статистик, дүн шинжилгээ

21-р зууны эхээр Билли Бийн, Пол ДэПодэста гэх хоёр нөхөр Бейсболын спортод дүн шинжилгээг нэвтрүүлж байсан (Moneyball киноноос дэлгэрэнгүй үзэх боломжтой) нь өнөөдөр хөлбөмбөг, гольф, сагсан бөмбөг гэхчлэн бүхий л спортод өргөн нэвтрээд байна.

Түүнчлэн өнөөдөр дүн шинжилгээний баг эсвэл ямар нэгэн шинжээч ажилтангүй мэргэжлийн холбоо, баг ховор болсон.

Тиймээс статистик бүртгэл, дата шинжилгээний хэсэг нь мэргэжлийн спортын нэгэн жишиг болж, тухайн спортыг өөр түвшинд хүргээд байгаа.

Яагаад дүн шинжилгээ, датаны тухай яриад байна гэж үү?

Учир нь өнөөдөр өргөн дэлгэрч, спортын хорхойтон төдийгүй огт спортод сонирхолгүй нэгнийг хүртэл уруу татах болсон ФАНТАЗИ болон ТААВАРТ + БООЦООТ (bet) тоглоомын зах зээлийн суурь нь статистик бүртгэл (data) бөгөөд түүнд хийсэн дүн шинжилгээ (analyze) юм.

Тэгвэл мэргэжлийнхэн статистик мэдээллийг хэрхэн бүртгээд байна вэ?

Өнөөдөр жишээ болгож бизнесээ тэлэхээр 11 сая.ам долларын хөрөнгө оруулалт татаад буй ShotTracker компанийг сонирхоё.

Сонирхож буй шалтгаан уг бизнес загварыг Монголдоо хэрэгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн яваа бөгөөд 2021 ондоо багтаад сагсан бөмбөг + хөлбөмбөгийн хувилбарыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаад оршино.

Б.Мөнхбаатар (Core Scores Agency)

Эдний онцлог нь мэдрэгч (sensor) төхөөрмжийн тусламжтайгаар өндөр нарийвчлалтай статистикаа баяжуулан дүн шинжилгээ хийж, түүнийгээ хамтрагч баг, хөгжөөн дэмжигч болон шууд дамжуулалтын сувгуудад нийлүүлдэг.

ShotTracker-ын талаар товчхон:

  • Байгуулагдсан он – 2013
  • Төв байр Кансас
  • Бизнесийн өсөлт 20 сая ам.доллар давсан
  • Дэвид Стэрн, Мэжик Жонсон нар хөрөнгө оруулж байсан

ShotTracker 3 төхөөрөмжтэй: Эдгээр нь заалны таазанд байрлуулах талбайн мэдрэгч, бөмбөгт байршуулсан мэдрэгч болон тоглогчдод байршуулах байршил дамжуулагч. Эдгээр багажуудаар талбайн зураглал гаргаж, түүн дээр ShotTracker бүртгэлийн системээр статистик хөтөлнө. Цуглуулсан датанаас 70 гаруй төрлийн үзүүлэлт тооцож, шууд хэрэглэчид рүү дамжуулдаг.

Сонирхолтой технологи. Тэд 11 сая ам.доллараар яг юу хийхээр төлөвлөсөн бэ?

Мэдээж тэд бизнесээ хурдацтай өсгөнө. Өнгөрсөн улиралд амжилттай ажилласны үр дүнд коллежийн Дивишн 1-ийн 60 гаруй баг эдний системийг ашиглаад эхэлсэн.

Сонирхолтой нь юу гээч?

Багуудтай хамтарч, бизнесээ өсгөх нь тэдний төлөвлөгөөний нэг хэсэг. Тэгвэл түүнээс өөр цоо шинэ боломж?

ShotTracker ашигласан багууд тоглолтын явц, үр дүнг шуурхай дамжуулах боломжтой болсоноор үзэгч, хөгжөөн дэмигчиддээ тоглолтыг шал өөр өнцгөөс үзэх боломж олгохыг хүсэх болжээ.

Яаж хийх вэ?

ShotTracker-ын шинэхэн хөрөнгө оруулагчдын нэг Evertz Microsystems компани нь телевизийн дэд бүтэц нийлүүлдэг гэдгийг мэдвэл энэ тийм ч хүндрэлтэй асуулт биш санагдана.

“Бид манай мэдрэгч төхөөрөмжүүдийг дагах чадвартай камер удирдах систем бүтээж чадна. Тэгэхээр бид ямар нэг зураглаач шаардахгүйгээр сагсан бөмбөгийн тоглолтыг дамжуулж чадна гэсэн үг.”

ShotTracker гүйцэтгэх захирал: Билл Мозэс

Үнэхээр энэ хэрэгжээд шууд дамжуулалтууд мэдрэгч төхөөрөмжтэй хоршоод эхэлбэл юу гэсэн үг вэ?

Ахиад л шинэ түвшинд хүрэх нь.

Ингэж чадвал зөвхөн үйл ажиллагааны зардал (зураглаач, техник ажилтан г.м) хэмнээд зогсохгүй үүний цаана өнөөх ФАНТАЗИ, ТААВАРТ тоглоомын зах зээл энэ шийдлийг зүгээр өнгөрөөхгүй нь лавтай.

Зургийг: ShotTracker-аас

Хьюстон Астрос, Тампа Бэй Рэйс, Сиэтл Сихокс, Голден Стэйт Варриорс гэхчлэн мэргэжлийн багууд сүүлийн 10 гаран жилд өөрсдийн дүн шинжилгээний бааз суурьтай болох технологийн давуу тал олж авах зорилгоор хөрөнгө зардал гаргасаар байна. Өшөө ч багуудад энэ хэрэгцээ адилхан тулгарч байгаа.

Мартаж болохгүй нь:

Цахим хэрэглээнд шилжсэн шинэ үе дата, тоон мэдээлэл ашиглаж сурсан төдийгүй тааварт/бооцоот төрлийн идэвхитэй тоглогчдын эрин үе ирчихсэн байна.

Эх сурвалж: HuddleUp, ShotTracker

NBA: Аль баг хамгийн баян бэ?

Мэргэжлийн багууд яаж ашиг, орлого олж, үнэ цэнээ өсгөөд байдаг юм бол?, энэ асуултын хариултыг олохоор олон ч судалгаа болон үнэлгээний байгууллагууд тус тусын аргачлал боловсруулж, тооцоолол гаргадаг.

Форбэс сэтгүүлийн нэгэн адил спортын бизнесийг мэдээллэдэг Спортико-оос гаргасан НБА багуудын үнэлгээтэй танилцая.

Ердөө хоёр өдрийн өмнө гарсан шинэхэн жагсаалтыг аль баг тэргүүлсэн гэж бодож байна?

Онцлох:

  • Сүүлийн 20 орчим тасралтгүй өсөлттэй байсан НБА нэг багийн дундаж үнэлгээ, өнгөрсөн жил анх удаа 2 хувиар буурч 2.4 тэрбум ам.доллар болжээ.
  • НБА-гээс гурван багийн үнэлгээ 5 тэрбум ам.долларыг давсан нь Нью Йорк Никс, Голдэн Стэйт Варриорс, Лон Анжелес Лэйкерс багууд бөгөөд НФЛ (Америк хөлбөмбөгийн лиг)-ийн хамгийн өндөр үнэлгээтэй баг Даллас Ковбойз (5.5 тэрбум ам.доллар) -ийн үнэлгээтэй дөхжээ.
  • Нью Йорк Никс баг 2000 оноос хойш амжилт тааруу байгаа хэдий ч 5.42 тэрбум ам.долларын үнэлгээгээр бүх багийг тэргүүлжээ.

НБА 30 багийн нийт үнэлгээ эзэмшигчдийн хувьцаа, орон нутгийн спортын сүлжээ болон багтай холбоотой нэмэлт эзэмшлүүдийг багтаагаад 70 гаруй тэмбум ам.доллар болдог байна.

Энэ нь Монгол улсын ДНБ-ээс 7 дахин их мөнгөн дүн гэж болох юм.

Жагсаалтын эхний 10 баг. Бүтэн жагсаалт үзэх

Хамгийн өндөр үнэлгээтэй 10 баг

Жагсаалтын сүүлд Нью Орлеанс Хорнэтс баг 1.35 тэрбум ам.долларын үнэлгээгээр жагсжээ. Тэдний өмнөх жилийн орлого 2020 онд 213 сая ам.доллар болсон нь өмнөх улирлаас 7 хувь буурсан юм байна.

Хамгийн сонирхолтой баг нь?

Тэгвэл хамгийн үнэтэй багууд дундаас Голден Стэйт Варриорс баг сонирхол татав.

2010 онд тэрбумтан Ларри Эллисоноос илүү үнэ саналж болгосон Жое Лакоб, Петер Губер нарын нэгдэл Голден Варриорс багийн төлөө 450 сая ам.доллар гаргаж тухайн үеийн НБА-д дээд амжилтыг тогтоожээ. Спортын ертөнцийнхөн энэхүү наймааны эцэст толгойгоо маажсаар хоцорцгоож байж.

Харин өнөөдөр Варриорс багийн үнэлгээ 5.2 тэрбум ам.долларт хүрч 10 жилийн дотор 10 дахин өссөн байна.

2009 онд Стэф (Стэфэн Карри)-ийг нэгдүгээр тойргын долоо дахь сонголтоор драфталж авсанаас хойш есөн улирал дарааллан плейоффт шалгарч, таван удаа дарааллан аваргын шатанд шалгарч үүнээс гурван удаад нь аварга цолыг хүртээд байна.

Энэ өнцгөөс харвал багийн ялалт амжилт чухал хүчин зүйл байсан.

Варриорс талбайдаа хийж буй тоглолтын үзэгчдийн тоогоор лигт дээгүүрт бичигдэх болж тэр хэрээр багийн үйл ажиллагааны орлого хурдацтай өссөр өнгөрсөн 430 сая ам.долларын орлогоор бүх багийг тэргүүлжээ.

  • 2010 орлого: 139 сая ам.доллар
  • 2019 орлого: 430 сая ам.доллар
Эх сурвалж: Statista

Ийнхүү санхүүгийн хувьд бий болсон өсөлт нь тэдэнд бизнесээ тэлэх боломж олгосон байна.

2019 онд тэд Сан Франциско хотын төвд 18,064 хүний суудалтай, 500 сая ам.долларын өртөг бүхий Чэйс Центрийг байгуулж, Оакландын Оракл Аренагаасаа нүүж ирсэн.

Варриорс баг мужийнхаа гол өрсөлдөгч Лос Анжелес Лэйкерсээс ялгаатай нь тэд үл хөдлөх хөрөнгөө Uber г.м бизнесийн түншүүддээ эзэмшүүлж, хамтран удирдах зэргээр ажилладаг.

Спортикогийн тооцооллоор Варроирс багийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 1.5 тэрбум ам.доллар ба НБА-н бусад багуудаас 50 хувь шахам өндөр юм.

Голден Стэйт Варриорс багийн ордон Chase Center

Варриорс багийн санхүүгийн амжилт гайхалтай байгаа ч НБА-ийн хувьд бүх багуудаа гайхалтай бэхжүүлж чадсаныг дурдах ёстой.

Тухайлбал: 2010 онд нэг багийн дундаж үнэлгээ 365 сая ам.доллар байсан бол 2010 онд 2.4 тэрбум ам.доллар болж даруй зургаа дахин буюу 557% өссөн байна.

Харин Варриорсын хувьд энэ өсөлт 1000% давсан нь гайхалтай гэхээс аргагүй юм.

Тэгэхээр Варриорс лигийн амжилттай бодлогын өсөлтийг өөрсдийн ухаалаг хөрөнгө оруулалт, багийн амжилттай хослуулсанаар ингэж гайхалтай өсөлт үзүүлжээ. Түүгээр зогсохгүй дараагийн арванд 430 сая ам.доллар байгаа багийн үйл ажиллагааны орлогыг 800 сая ам.долларт хүргэхээр төлөвлөснийг харвал тэдний санхүүгийн бэхжилт, багийн сэргэлт дөнгөж эхлэх нь мэт.

Сонирхолтой

Энэхүү жагсаалт гарсны дараахан Шамат Палихапитя (Сошл Капитал хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагч, Варриорс багийн жижиг хувьцаа эзэмшигч, ТУЗ гишүүн) 2012 онд Варриорс багийн 10 хувийн хувьцааг 25 сая ам.доллараар авч байсан тухайгаа хуваалцжээ. Одоо түүний 10 хувийн үнэлгээ 520 сая ам.доллар.

2011 онд Фэйсбүүк компаниас гараад өөрийн хувийн хөрөнгө оруулалтын сан эрхлэх Сошл Капитал компаниа байгуулаад байж. Хаана, юунд, хэдийн хөрөнгө оруулалт хийх вэ? гэсэн асуултын хариуг хайж явахдаа нэг танилтайгаа хамт зориг шулуудан Дэвид Стэрн дээр очиж байжээ.

Гэхдээ тэд Сакраменто Кингс багийг авч Сиэтл эсвэл Лас Вегас руу нүүлгэх том мөрөөдөлтэй байж. Тэдний яриад сонсож суусан Дэвид Стэрн тэднээс хэр их мөнгө гаргах боломжтой асуухад тэд 300 сая ам.доллар гэсэн байна. Харин Стэрн хариуд нь битгий давар гэжээ 😁

Анхны догь санаа, том хүсэл нь бүтэлгүйтсэн буцаад иртэл Фил Хэллмут гэх найз нь гунигт түүхийг нь хуваалцаад, санаа зоволтгүй ээ найзаа хамтдаа миний танил Жоетой НБА тоглолт үзэнгээ пицца идье гэж.

Удалгүй тэд Жое-ийнд хамт тоглолт үзэж байтал Жоё би Голден Стэйт Варриорс багийг худалдаж авна гэхэд Шамат итгээгүй аж.

Жоё чамд 10 хувийг 25 сая ам.доллараар санал болгоё чи бидэнтэй хамт шалгаруултанд оролц гэснээр түүх эхэлжээ. Жоё бол дээр дурдсан Варриорс багийг худалдаж авсан хоёрын нэг юм.

Эх сурвалж: Huddle Up

NCAA: Галзуу гуравдугаар сар

Тун удахгүй болох Гуравдугаар сарын галзуурал, Америкийн нэгдсэн улсын коллежийн сагсан бөмбөгийн оргил тэмцээн БАБЛ-тай төстэй арга барилаар зохиогдож магадгүй.

Тэртээ 1939 онд Сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбооноос анх санаачлан эхлүүлж байсан энэ агуу түүхтэй тэмцээн (Монголын Оюутны сагсан бөмбөгийн лиг гэж болох) ихэнхдээ Гуравдугаар сард зохиогддог байсныг спортын зах зээлийн бизнес тоглогчид овжин ашиглаж АНУ-даа хамгийн их үзэгчтэй лигүүдийн эгнээнд аваачиж, жил бүр хүсэн хүлээдэг гайхалтай нэрийн хуудас тэмцээн болгож чаджээ. Жил бүр олон сая Америкчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байдаг оюутны сагсан бөмбөгийн сонирхогчид, АНУ-д сургууль төгсөгчид шимтэн үзэхийн зэрэгцээ, аваргын хүснэгтийг бөглөх таавар, фантази, бэт зэргээр сонирхолтой болгож оролцдог.

Нэдүгээр дивизионы 68 багийн тулаан гуравдугаар сард эхэлж дөрөвдүгээр сард аваргаа тодруулдаг.

March Madness (Гуравдугаар сарын галзуурал)

Гол сэдэвтээ ороё:

Өнгөрсөн 2020.03.11-ний өдөр Юта Жазз багийн төвийн тоглогч Рүди Гобэр коронавирусын халдвартай нь тогтоогдсоны дараа НБА улирлын үлдсэн тоглолтуудыг тусгаарлсан орчинд үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр Флорида муж, Орландо хотын Уолт Диснейн Ертөнцийг бабл болгон зохион байгуулж, үлдсэн 3 сарыг үргэлжлүүлж, амжилттай дуусгасан.

Харин НСАА бүтэн улирлаа цуцалсан.

Үр дүнд нь?

НБА бабл дахь 3 сарын зохион байгуулалтанд 180 сая ам.долларын зардал гаргасан. Мөн АНУ-БНХАУ маргаанаас улбаатай Хятадын CCTV шууд дамжуулалтаа зогсоож байв. Гэхдээ амжилттай, тэд үлэмж хэмжээний орлого алдахаас сэргийлж, телевизийн шууд дамжуулалт, ивээн тэтгэгч, зар суталчилгаа зэргээс нийтдээ 1.5 тэрбум ам.долларын орлого олсон. (Эх сурвалж).

НСАА жилийн орлогынхоо 80% орчмыг энэхүү тэмцээнтэй холбоотойгоор олдог. Шууд дамжуулалт эрх, тасалбарын орлого, нэрийн бүтээгдэхүүн, концесс гэх мэт.

Жишээ нь: CBS телевизэд өгсөн шууд дамжуулалтын эрх 2000 онд 200 сая ам.доллар байсан бол өдгөө 800 сая ам.доллар болж 4 дахин өссөн байх жишээтэй.

Эх сурвалж: НСАА тайлан (жилийн дүнг дунджилсан)


Тэгвэл энэ удаад Гуравдугаар сар?

НСАА-гаас өнгөрсөн долоо хоногт мэдээллэхдээ: Энэ жилийн тэмцээн бүхэлдээ бабл-тай төстэй зохион байгуулалтаар Индианаполис мужид хэд хэдэн талбайд зохиогдох боломжтой гэжээ.

Эхний байдлаар зургаан талбайг сонгоод байгаа нь:

Индианаполис

  • Bankers Life Fieldhouse (Индиана Пэйсерс)
  • Lucas Oil Stadium (Индианаполис Колтс)
  • Hinkle Fieldhouse (Батлэр Их Сургууль)
  • Indiana Farmers Coliseum (Индиана болон Пүрдү Их Сургууль)

Блүүмингтон

  • Simon Skjodt Assembly Hall (Индиана Их Сургууль)

Вэст Лафаеттэ

  • Mackey Arena (Пүрдү Их Сургууль)

АНУ цагаар 2021.03.14-ний Ням гаригт эхлэх, “Шилдэг 4”-ийн тоглолтууд 2021.04.03,05 өдрүүдэд гэсэн урьдчилсан хуваарь гарчээ.

Зургийг: https://twitter.com/marchmadness

Сонирхолтой тоон мэдээллүүд үзэх үү?

  • НСАА Гуравдугаар сарын галзуурлын үеэр Үндэсний телевизээр цацагдаж буй зар сурталчилгааны дүн 1.3 тэрбум ам.доллар хүрч байгаа НБА, МЛБ (Мэргэжлийн бэйсболын лиг)-ээс өндөр байна.
Эх сурвалж: Kantar Media, Statista
  • Насанд хүрсэн америкчуудын таван хүн тутмын нэг нь бооцоот тааварт оролцдог гэвэл 10 тэрбум ам.долларын зах зээл
  • Ивээн тэтгэгч байгууллагуудаас 185 сая ам.доллар олдог
  • Зөвхөн тэмцээний өдрүүдэд тасалбар, шар айраг, тааварт тоглоом гэх мэтээр эдийн засагт 12 тэрбум ам.долларын хөдөлгөөн үүсдэг

Өөр үү?

Жил бүрийн тэмцээнийг хүлээн авч зохион байгуулсан хотууд үлэмж ашигтай байж чаддаг.

Хэдийгээр цар тахалтай, хөгжөөн дэмжигчид байх эсэхийг мэдэхгүй ч Индианаполис хот чамлахааргүй үр шимийг хүртэх нь ойлгомжтой байна.

НСАА-гийн энэхүү мэдэгдэлийн талаар:

“Хот, мужийн хэмжээнд бид гартаа буу атгачихлаа л гэсэн үг. Бидний сонссон гайхалтай мэдээнүүдийн нэг.”

Патрик Тамм (Индианагийн Ресторан, Үйлчилгээний эрхлэгчдийн холбооны тэргүүн)

Тус хотод 3000 гаруй зочид буудлын өрөө байдаг бөгөөд хөгжөөн дэмжигчид ихээр ирэх эсэхийг хэлж мэдэхгүй ч хөдөлгөөн нэмэгдсэнээр 100 сая ам.долларын эргэлт бий болно гэж төсөөлжээ.

Эцэст нь:

Дээрх бүхэн зөвхөн төсөөлөл, төлөвлөгөө байгаа гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж Индианаполис хот хожих нь гарцаагүй.

Гагцхүү хөл хөдөлгөөн ямар байх нь ковид19-ын тархаж, түүний эсрэг авч буй арга хэмжээ ямар байхаас шууд хамааралтай.

Галзуу гуравдугаар сараар уулзацгаая.

Эх сурвалж: Huddle Up

NBA: Үлэмж Яаннисын аварга гэрээ

Хоёр удаагийн улирлын ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧ, хойд америкийн үндэсний сагсанбөмбөгийн лигийг өдгөө ноёлж буй, Милоуки Бакс багийн од Яаннис Антэтокумбо багтайгаа таван жилийн 228 сая ам.долларын гэрээ үзэглэлээ.

  • 2020/21: 27.5 сая ам.доллар
  • 2021/22: 39.3 сая ам.доллар
  • 2022/23: 42.5 сая ам.доллар
  • 2023/24: 45.6 сая ам.доллар
  • 2024/25: 48.8 сая ам.доллар
  • 2025/26: 51.9 сая ам.доллар

Яаннис уг гэрээнийхээ талаар:

“Энэ бол миний гэр, миний хот.

Дараагийн таван жилд Милоуки Бакс багийн нэг хэсэг байх болсондоо талархаж байна. Эдгээр он жилүүдийг хамтдаа үргэлжлүүлцгээе.”

Яаннис Антэтокумбо

Энэхүү таван жилийн өндөр гэрээ Милоуки Бакс багт санхүүгийн дарамт учруулах болов уу?

ЯАННИС ба МИЛОУКИ БАКС

Яаннис 2013 оны драфтын 15 дугаар сонголтоор Милоуки Бакс багт сонгогдож байв. Тэгвэл түүний өмнө сонгогдсон тоглогчид хэн хэн байв, одоо ямар байгаа вэ?

  • 1-р сонголт – Антони Бэннэт
  • 5-р сонголт – Коди Зэллэр
  • 6-р сонголт – Нэрлэнс Ноел
  • 9-р сонголт – Трэй Бурк
  • 11-р сонголт – Майкл Картер Виллиамс
  • 14-р сонголт – Шабаз Мухамэд
2013 оны НБА драфтын 1-р тойргийн 15 дахь сонголт

Тухайн үед НБА мэргэжилтнүүд түүнийг авъяаслаг боловч сайн хөгжөөгүй, бэлтгэгдээгүй хэмээн дутуу үнэлж байв. Харин Милоуки баг эрсдэл гэх үү, зориг гэх үү гаргаж түүнийг сонгож авсан.

Түүгээр ч зогсохгүй түүнийг өдий хүртэлж өсөн дэвшиж, сайжрах боломж олгож, тэвчээртэй хүлээсэн.

ЯАННИС НӨЛӨӨ

Багийн амжилт: 2013 оноос өмнөх 7 улирлын 2-т плейоффт шалгарч байсан Милоуки түүнийг ирснээс хойш 7 улирлын 5-д нь плэйоффт шалгарч, бүсийн шигшээд хүртэл амжилт гаргасан байна.

Үзэгчдийн тоо: Багийн амжилт, багийн нэр хүндийн нөлөөгөөр талбайдаа хийх тоглолтыг үзэх үзэгчдийн тоо дунджаар (30% өссөн):

  • 2013 – 13,487
  • 2019 – 17,602

Орлого: 2019 онд Милоуки багийн 36 тоглолт телевизийн шууд дамжуулалттай байсан нь багийн түүхэнд анхны тохиолдол бөгөөд телевизээс олох орлогын өсөлт 32% болсон.

Плейоффын нэг тоглолтын үр нөлөөгөөр хотын эдийн засагт 3 сая ам.долларын эргэлт бий болж, 2500 орчим зочид буудлын өрөөний захиалга түүнийг дагасан 700 орчим ажлын түр байр үүсдэг гэсэн баримжаа тооцоог гаргажээ.

2019 онд нэрийн бүтээгдэхүүний борлуулалт хамгийн өндөр байсан 10 баг:

  1. Лос Анжелес Лэйкерс
  2. Бостон Сэлтикс
  3. Филаделфи 76
  4. Торонто Рэпторс
  5. Молиуки Бакс
  6. Голден Стэйт Варриорс
  7. Хьюстон Рокетс
  8. Чикаго Булз
  9. Майами Хит
  10. Брүклин Нэтс

Хагас сая гаран хүн амтай энэ жижиг хотын багийн хувьд энэ нь тун сайн үзүүлэлт юм.

Багийн үнэлгээ: Милоуки Баксын жилийн нийт орлогын өсөлтийг доорх зургаас харна уу.

Милоуки Бакс багийн нийт орлого

Ийнхүү эдийн засгийн үлэмж үр нөлөөний үр дүнд 2013 онд 312 сая ам.доллар байсан багийн үнэлгээ 2019 он гэхэд 1.6 тэрбум ам.доллар болсон байна.

Хэдийгээр НБА комиссар Адам Силвэр болон түүний багийн зөв стратегийн үр нөлөөгөөр багуудын үнэлгээ дунджаар 3 дахин өссөн гэж болохуйц байгаа ч Милоуки Баксын хувьд 4-5 дахин өссөн байгааг Яаннистай холбохгүй байх боломжтой гэж үү?