Category: Сагсан бөмбөг

Хэн хожив?

Ердөө 18 настай хэний ч сайн мэдэхгүй Грек хүүг Милоуки бакс баг 2013 оны драфтын 15-р сонголтоор авч байлаа. Тиймээ тэр хүүгийн тууштай хөдөлмөр, багтаа бас хотдоо үнэнч байдал түүнд таван жилийн 228 сая ам.долларын аварга гэрээг авчирч байсан нь саяхан. (Үлэмж Яаннисын аварга гэрээ)

Милоуки хот, бакс баг түүнд боломж олгосон, түүнд итгэсэн, түүнд хөрөнгө оруулсан. Хариулт нь…

• 2x NBA Үнэ цэнтэй тоглогч
• 5x NBA Бүх одод
• 3x All-NBA 1-р баг
• 2x All-NBA 2-р баг
• 2020 NBA Шилдэг хамгаалан тоглогч
• 3x All-NBA Хамгаалалтын 1-р баг
• 230 сая ам.долларын гэрээгээр зогсохгүй 50 оноо, 14 самбар, 5 хаалт гүйцэтгэж NBA Аваргын цом & Шигшээ тоглолтын шилдэг нь боллоо.
Домог айсуй.

Бакс багийн хөгжөөн дэмжигчид болон Милоуки хотынхонд баяр хүргэе. Ингээд эдийн засгийн хувьд өрнөлийг тайлбарлах гээд үзье. 2013 оноос өмнөх буюу Яаннисгүй үе, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх буюу Яаннистай үеийн харьцуулалтууд.

Милоуки бакс багийн үнэлгээ:

  • 2013: 312 сая ам.доллар
  • 2021: 1.86 тэрбум ам.доллар

NBA багуудын үнэлгээний өсөлт, 2013-2021:

  • NBA нэг багийн өсөлт дунджаар: +330%
  • Милоуки бакс багийн өсөлт: +500%

Мэдээж багийн эздийн оновчтой бизнес шийдэл 550 сая ам.долларын хөрөнгө оруулалттай шинэ ордон түүнийг дагасан зочлох үйлчилгээний бизнесүүд бүхийн төсөл, багийн амжилттай уялдсан телевизийн гэрээ зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн. Милоуки бакс багийн плэйоффын түүхийг сөхөөд үзвэл энэ бүхний үндэс Яаннис гээд хэлэхэд хэлсдэхгүй дүр зураг харагдана.

Милоуки бакс плэйоффт авсан хожил:

  • 2001-2013: 7 хожил
  • 2014-2021: 38 хожил + NBA аварга

Үүгээр зогсохгүй баксын орлого өндөр өсөлттэй байж, NBA-ийн хамгийн эрэлттэй таван багийн нэг болжээ. Илүү гайхалтай нь Яаннисын өмсгөлийн борлуулалт өнөөдөр NBA-д ноёлох болсон явдал юм.

Милоуки бакс талбайн үзэгчдийн тоо дунджаар:

  • 2013: 13,487
  • 2019: 17,602

Үзэгчдийн бааз суурь өснө гэдэг ивээн тэтгэлэг, тасалбарын орлого, нэрийн барааны борлуулалт гэхчлэн том хөшүүрэг болж өгдөг.

Эцэст нь хэлэхэд:

Зөвхөн багийн эзэд, тоглогчид тэр дундаа Яаннис мөнгө олоод, хожоод байгаа асуудал биш юм. Багийн Fiserv Forum ордон мужийн захиргааны мэдэлд байдаг буюу хотын оршин суугчид, татвар төлөгчдийн оролцоотой байдаг гэсэн үг. Харин багийн амжилт, зах зээлийн үнэлгээний өсөлт, түүнийг дагасан эдийн засгийн үр өгөөжийг тэд ч мөн хүртэж байгаа хэрэг юм.

Жишээ авахад: Баксийн плэйоффын нэг тоглолтын үр дүнд хотод 3 сая ам.долларын эргэлт бий болдог гэсэн тооцоо байна. Дэлгэрүүлбэл, 2500 орчим зочид буудлын өрөө, түүнтэй холбоотой 700 гаруй ажлын байр хөдөлдөг. Аваргын цувралд энэ дүр зураг илүү том байх нь гарцаагүй адаглаад аваргын тоглолтын футболк хэдэн арван мянгаар зарагдана.

Хэдийгээр цар тахалтай, цаг үе хэцүү байгаа ч өчигдөр аварга тодорсон тоглолтын үеэр ордон дотор болон ордны гадаа 80-100 мянган хүн цугласан тооцоо байна. Энэ нь Милоуки хотын нийт хүн амын 15% юм. Үнэхээр гайхалтай.

Дахин баяр хүргэе Яаннис, баяр хүргэе Милоукин хотынхонд. Харин та Милоуки хотынхонд атаархаж байна уу 😁?

Видео: “Клиппэрс”-“Жазз” таамаг

“Бэткойн” төслийн залуус анхны видео контентоо танилцуулж байна. NBA-гийн Өрнөд бүсийн хагас шигшээ шатанд учраа таарсан “Лос Анжелес Клиппэрс“, “Юта Жазз” багийн цуврал дөрөв дэх тоглолтын таамгийг сонирхоорой.

“Бэткойн” төсөл

3х3: Бельги, Итали сүүлийн эрхийг атгалаа

Энэ сарын 4-6-нд Унгарын Дебрецен хотод 3х3 сагсан бөмбөгийн Токиогийн олимпод оролцох сүүлийн эрхийн төлөө чансаагаар шигшигдсэн тус бүр зургаан баг өрсөлдсөн юм.

3х3 сагсан бөмбөгийн Токиогийн олимпод оролцох багууд тодорлоо. Сүүлчийн ганц эрхийн төлөө эрэгтэй, эмэгтэй чансаагаар шигшигдсэн тус бүр зургаан баг хүч сорьсон юм.

ЭРЭГТЭЙ

МОНГОЛ – БЕЛЬГИ
  1. Бельги
  2. Унгар
  3. Словен
  4. Монгол
  5. Украин
  6. Румын

Тибо Вервурт шигшээ тоглолтод есөн оноо авч багаа тэргүүлснээр Бельгийн баг талбайн эзэн Унгарыг 21:14-өөр буулган авлаа. Ийнхүү бельгичүүд Серб, Оросын олимпын баг, БНХАУ, Япон болон өнгөрсөн долоо хоногт олимпын эрхээ авсан Латви, Польш, Нидерландын багийн хамт Токиог зорих боллоо.


ЭМЭГТЭЙ

ИТАЛИ – УНГАР
  1. Итали
  2. Унгар
  3. Тайван
  4. Нидерланд
  5. Эстони
  6. Иран

2018 оны ДАШТ-ээр тодорч, үнэ цэнэтэй тоглогч болж явсан Рае Лин Д’Али дахин нэг удаа багаа аварлаа. Энэ удаад вакцинжуулалтад хамрагдсан олон мянган үзэгч, хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө цаг дуусах мөчид оноо авснаар италичууд Токиог зорих багийн тоонд багтлаа. Эмэгтэй багаар чансаагаар БНХАУ, Оросын олимпын баг, Румын, Монгол эрхээ авсан бол өнгөрсөн долоо хоногт Итали, Франц, Японы баг олимпод өрсөлдөхөөр болсон билээ.


ШИЛДГҮҮД

Тэмцээний шилдгүүд

Тус тэмцээний шилдэг тоглогчоор Италийн Рае Лин Д’Али, Бельгийн Рафаэль Богаертс нар тодорчээ. Эмэгтэйчүүдийн шилдгээр тодорсон Р.Д’Али дөрвөн тоглолтод 22 оноо авснаар багаа тэргүүлсэн юм. 163 см өндөртэй итали бүсгүй Унгарын эсрэг шигшээ тоглолтод хожлын оноог авч Токиог зорих сүүлийн эрхийг багтаа авчирсан билээ.

Рае Лин Д’Алигийн хожлын оноо

Эрэгтэй шилдгээр Бельгийн Рафаэль Богаертс хагас шигшээд Монголын багийн эсрэг чухал оноог авч багаа хожилд хүргэсэн. Самбараас бөмбөг авсан тоогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн түүний ачаар Бельгийн шигшээ баг олимпыг зорих эрхээ авсан юм.

Леброн Жэймс эхний шатнаас анх удаа мултарлаа

“Финикс Санс” баг цувралын зургаа дахь тоглолтод ялалт байгуулснаар Леброн Жэймсийн эхний шатанд 14 ялж нэг ч хожигдоогүй цувралд цэг тавилаа.

Өнгөрсөн жилийн аваргууд болох “Лос Анжелес Лэйкерс” бүсийнхээ хоёроор гарч ирсэн “Финикс Санс”-т цувралын зургаа дахь тоглолтод 113:110-аар дийлдэж, энэ жилийн плей-оффоос хасагдлаа. Нарнуудын залуу лидер Девин Бүүкер 47 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа манлайлсан юм. Ингэснээр Бүүкер багийнхаа түүхэнд хасагдах шатанд 45+ оноо, 10+ самбараас авсан хоёр дахь тоглогч болов. Түүнээс өмнө ийм үзүүлэлтийг Чарлес Баркли хоёр удаа үзүүлсэн байдаг.

Уг тоглолтоос өмнө “Лэйкерс”-ийн лидер Энтони Дэвисийн бэртэл гол асуултын тэмдэг байлаа. Эмч нарын үзлэгээр шийдвэрлэх тоглолтод эргэн ирсэн ч ердөө таван минутыг л талбайд өнгөрүүлээд жагсаалаас гарсан юм. Түүний эзгүйд Леброн Жэймс 29, Деннис Шрёдер 20 оноо аваад ч баг нь өрсөлдөгчөө дийлсэнгүй.

“Хаан” Жэймсийн хувьд энэ цувралаас өмнө хасагдах шатны эхний даваанаас мултарч үзээгүй. Тэр ч бүү хэл замналынхаа турш ердөө ганц л удаа аюулын ирмэгт тулж байв. Одоогоос гурван жилийн өмнө “Кливлэнд”-ийн лидер байхдаа “Индиана”-тай цуврал долоон тоглолт хийсэн юм. Баг нь 105:101-ээр ялахад Леброн 45 оноо авч байлаа. 2003 оноос хойш 18 улирлын 15-д нь плэй-оффт шалгараад эхний шатанд хожигдож үзээгүй гэсэн бардам үзүүлэлтэд нь Нарнууд цэг тавьсан хэрэг. Ингэснээр Роберт Орри, Дерек Фишер нарын эхний шатанд хожигдож үзээгүй (16:0) амжилтад хүрсэнгүй. Бусад домгуудтай харьцуулахад Майкл Жордан 10:3, Коби Брайант 13:2 байдаг билээ.

Тэмцээний эхний өдөр Монголын баг даалгавараа амжилттай биелүүллээ

Хүчирхэг Польшийн шигшээ багийг 22-18 харьцаагаар дутуу гаргасан тоглолтын агшин. Мэдээний дэлгэрэнгүй: УНШИХ

Хэсгийн хоёр дахь тоглолт Туркын шигшээ багийг 21:13 харьцаагаар дутуу гаргасан тоглолтын агшин. Мэдээний дэлгэрэнгүй: УНШИХ

Жа Морантын “галзуурал”

“Мемфис Гриззлис” баг хасагдах шатны цувралын хоёр дахь тоглолтоо “Юта Жазз” багийн “Vivint Arena”-д хийлээ. Энэхүү тоглолтын эцсийн ялагчаар талбайн эзэд тодорсон ч нөгөө талд Жа Морант тун чиг онцгой тоглож 47 оноо авчээ. Тэрбээр хэд хэдэн амжилтын эзэн болсон юм.

  • “Мемфис Гриззлис” багийн түүхэнд хасагдах шатны нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан тоглогч.
  • Лигийн түүхэнд хасагдах шатны нэг тоглолтод 40+ оноо авсан хамгийн залуу дөрөв дэх тоглогч. Өмнөх гурван тоглогч нь Мэжик Жонсон, Леброн Жэймс, Лука Дончич нар аж.
  • Замналынхаа хасагдах шатны эхний хоёр тоглолтод хамгийн өндөр оноо авсан хоёр дахь тоглогч. Нийтдээ 73 оноо авчээ.
  • Лигийн түүхэнд хасагдах шатны нэг тоглолтод 45+ оноо авсан хамгийн залуу хоёр дахь тоглогч. Түүний өмнө ЛеБрон Жэймс бичигддэг байна.
  • Жа Морант нь 1999 оны 8 сарын 10-нд мэндэлсэн өдгөө 21 настай “Мемфис Гриззлис” багийн төдийгүй лигийн шилдэг залуусын нэг билээ. Тэрбээр 2019 оны драфтын нэгдүгээр тойргийн хоёр дахь сонголтоор лигт орсон билээ. Лигт элссэн цагаасаа хойш 130 тоглолтод оролцож 18.4 оноо, 7.3 оновчтой дамжуулалт, 3.9 самбар дунджилж байгаа ажээ.

Бэлтгэсэн: Б.Хишигт

3×3 сагсанбөмбөгчид олимпод нэг алхам ойртлоо

3×3 сагсанбөмбөгийн олимпын эрх олгох тэмцээн Австрийн Грац хотод хөшгөө нээлээ. Тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг тамирчид өрсөлдөж буй бөгөөд A хэсэгт Бразил, Польш, Чех, Турк гэх сагсанбөмбөг өндөр хөгжсөн улсуудтай багтсан юм. Тэгвэл өнгөрөгч шөнө манай залуус хэсгийн эхний тоглолтоо Польш болон Туркийн багуудтай хийж ялалт байгуулжээ. 

Дэлхийн аваргын хүрэл медальт Польшийн шигшээ багийн эсрэг тоглолтод манай залуус 22:18-ийн харьцаатайгаар илүүрхсэн бөгөөд энэ нь шигшээ багийн түүхэн дэх анхны 22 оноо болон бүртгэгдлээ. Тоглолт 7:11-ийн харьцаатай үргэлжилж байх үед Г.Цэнгүүнбаярын гайхалтай хамгаалалт, итгэмээргүй холын зайн шидэлт багаа сэргээсэн бөгөөд тэрбээр нийт 7 оноог авсан бол Э.Дөлгөөн 8, Д.Дэлгэрням 5, Э.Цэрэнбаатар 2 оноог тус тус авсан байна. 

Энэ өдрийн сүүлийн тоглолтыг манай баг Туркын залуустай хийсэн юм. Тус тоглолтод Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нарын холын шидэлтүүд ээлж дарааллан амжилттай болж 21:13-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж авчээ. Ийнхүү манай баг A хэсгийг тэргүүлж эхэлсэн бөгөөд бидний ард хүчирхэг Бразилын шигшээ мөн адил хоёр хожилтойгоор бичигдэж байна.

Манай залуусын дараагийн тоглолт:

  • V/28 Монгол vs Чех /01:30/
  • V/28 Монгол vs Чех /03:35/

Тэмцээний эхний гурван байрт шалгарсан улсууд Токиог зорих эрхээ халааслах юм. Эхний өдрийн фото мэдээ

Коби Брайантын эхний улирлын өмсгөл 3.7 сая ам.долларын үнэ хүрчээ

“Лос Анжелес Лейкерс” клубын домогт тоглогч Коби Брайант НБА-д элссэн эхний жилдээ 1 сая ам.долларын ашиг олсон байдаг. Тэгвэл өнгөрөгч ням гарагт тухайн үед өмсөж байсан түүний өмсгөл 3.7 саяын үнэд хүрсэн байна. 

Дуудлага худалдаанд оруулсан “Голдин” компани Кобиг уг өмсгөлтэй долоон тоглолтод оролцсон ба улирлын өмнөх зураг авалтад өмссөн хэмээн таамаглаж байна. Тэрбээр энэ улиралдаа 71 тоглолтод 7.6 оноо, 1.3 оновчтой дамжуулалтыг дунджилсан ба тохолтын тэмцээнд түрүүлээд амжсан юм.

Энэхүү өмсгөл нь бүх цаг үеийн хамгийн үнэд хүрсэн сагсанбөмбөгийн өмсгөл болж түүхэнд үлдлээ. Мөн Кобитой холбоотой худалдаалагдсан хамгийн үнэтэй зүйл болсон байна. Өмнөх хамгийн үнэтэй өмсгөл бол  Майкл Жорданы 1982-83 оны Хойд Каролинагийн их сургуулийн өмсгөл бөгөөд энэ сарын эхэнд  1.3 сая ам.доллараар худалдаалагдсан юм.

FIBA U15 SKILLS CHALLENGE-ИЙН ДЭЛХИЙН АВАРГАД ӨРСӨЛДӨХ ЭРХЭЭ АВЛАА

15 хүртэлх насны баг дэлхийн аваргад өрсөлдөнө

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо (FIBA)-гаас зохион байгуулж буй FIBA U15 Skills challenge-ийн Азийн бүсийн урьдчилсан тоглолтууд дуусч Дэлхийд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо.

Таван тивийн 55 улсаас 106 баг өрсөлдөж буй Skills Challenge-ийн Азийн бүст эмэгтэй, эрэгтэй тус бүр 13 улсын баг дөрвөн хэсэгт орж өрсөлдсөнөөс хэсэг тус бүрийн шилдэг 2 баг буюу тивийн шилдэг 8 баг Дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа.

Манай эмэгтэй баг Таити, Самоа, Ливаны багуудтай нэг хэсэгт орж Таити, Самоаг хожиж, Ливанд хожигдон хэсгээсээ дэд байраар гарч дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа. Харин эрэгтэй багийн хувьд Шинэ Зеланд, Иракийн багуудтай тус бүр хоёр тоглож итгэл төгс ялалт байгуулан хэсгээ тэргүүлсэнээр дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа.

FIBA U15 Skills Challenge Дэлхийн аварга аравдугаар сард зохион байгуулагдана. Дашрамд дуулгахад 2020 онд U17 насны ангилалаар зохион байгуулагдсан анхдугаар FIBA U17 Skills Challenge тэмцээний Дэлхийн аваргаар Монголын эрэгтэй шигшээ баг, БНХАУ-ын эмэгтэй багууд тодорч байсан билээ.

Өнгөрсөн жил манай эмэгтэй баг Азийн бүсээс шалгарч чадаагүй бол энэ жил эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа Дэлхийд өрсөлдөх эрхтэй боллоо.

Монгол улсынхаа нэрийг тив, дэлхийд дуурсгаж буй монголын U15 насны шигшээ багийн охид, хөвгүүд, багш нартаа халуун баяр хүргэж, дэлхийн аваргад нь амжилт хүсье!

Монголын багаа дэмжсэн М.Өсөхбаяр захиралтай Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. Ивээн тэтгэгч: Энержи Ресурс – Хөгжлийн Төлөө

Эх сурвалж: Mongolian 3×3 Basketball Association/MGL3x3 

    Түүхэнд үлдсэн 60 оноо

    “Бостон Селтикс” баг 1972 оны гуравдугаар сарын 12-нд домогт тоглогч Билл Расселийн “6” дугаарыг мөнхөлж байв. Энэ өдрөөс яг 13 жилийн дараа тус багийн өөр нэгэн домог болох Ларри Бөрд “Атланта Хоукс”-ын эсрэг 60 оноо авч багийн дээд амжилт тогтоосон билээ.

    Л.Бөрдийн тогтоосон энэ рекордыг өдийг хүртэл давах аавын хүү гарч ирсэнгүй. “Селтикс”-ийн лидер Жэйсон Татум “Сан Антонио Спөрс”-ийн эсрэг 60 оноог авч баг нь нэмэлт цагт өрсөлдөгчөө 143:140-ээр ялав. Ж.Татум өмнө нь “Миннесота Тимбэрволвес”-ын эсрэг 53 оноо авч байв. Энэ багийн түүхэнд 60 оноо авсан хоёр тоглогч бий бол 50 онооны босго давсан зургаан тоглогч бий. Харин нэг улиралд хоёр удаа 50-аас дээш оноо авсан анхны тоглогч нь Ж.Татум.

    Түүний 60 оноо зүгээр нэг тохиолдол байсангүй. Баг нь эхний хагаст 29 оноогоор хожигдож байлаа. Эхний хагас өндөрлөсний дараа багийнхаа тоглолтод сэтгэл дундуур байсан үзэгчид эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн юм. Энэ бол “Селтикс” шиг арвин түүхтэй, үнэнч үзэгчидтэй багийн хувьд гутамшиг гэсэн үг. Гэхдээ үүнийг дасгалжуулагч Брэд Стивенс чадварлагаар ашигласан. Завсарлагааны дараа багийнхандаа хатуу үг хэлсэн Б.Стивенсийн төлөвлөгөө хэрэгжиж дараагийн хоёр үед өрсөлдөгч багаасаа 29 оноо илүү авч (80:51) үндсэн цагт тэнцсэн юм.

    Жэйсон Татумын 60 оноо авсан тоглолтын тойм

    NBA-гийн түүхэнд нэг тоглолтод 60-аас дээш оноо авсан 62 тохиолдол бүртгэгджээ. Тэднээс хамгийн залуу нь Девин Бүүкер. Түүний дараа 23 настай Ж.Татум бичигдэх юм.

    Түүнчлэн 32 онооноос эргэн ирсэн нь лигийн түүхэнд гуравдугаарт орох үзүүлэлт болжээ. 1996 онд “Юта Жазз” баг 36 онооноос эргэн ирж “Денвер Наггетс”-ыг ялсан бол 2009 онд “Сакрамэнто Кингс” 35 онооноос “Чикаго Буллз”-ыг “гомдоож” байв.

    Харин эхний хагаст 29 оноогоор хожигдоод эргэн ирсэн нь лигийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх аж.

    Лигийн хувьд 32 ба түүнээс дээш онооны зөрүү үүссэн тохиолдолд 1014 тоглолт дараалан давамгайлж явсан баг хожсон гэх үзүүлэлтэд цэг тавилаа.

      Сан Антонио Спэрс торгуулав

      NBA-гээс “Сан Антонио Спэрс” багийг лигийн тоглогчдын “Амрах бодлого”-ийг зөрчсөн хэмээн үзэж 25,000 ам.доллароор торгожээ.
      “Спэрс”-ийнхэн ДеМар ДеРозан, Патти Миллс, Якоб Поетл нарыг бямба гарагт болсон “Финикс”-ийн эсрэг тоглолтод амраасан юм.
      Лигийн амраах бодлогын дагуу багууд бэртэл аваагүй эрүүл тоглогчдоо талбайд гаргахгүй бол торгууль төлөх болсон билээ.
      Грегг Поповичийн удирдлага дор “Спэрс” эрүүл тоглогчоо удаан хугацаагаар амраадаг байснаас үүдэн 2017 онд лигт уг шинэ бодлого хэрэгжүүлэх гол шалтгаан болжээ.
      Баасан гарагт “Торонто Рэпторс” мөн адил бодлого зөрчсөн тул 25,000 ам.доллароор торгуулсан байна. Хэдийгээр Кайл Лоури, Паскал Сиакам нарыг амраасан “Мэйжик”-ийг 113:102 харьцаатайгаар буулган авсан билээ.

        ЛаМаркус Олдриж сагсан бөмбөгөө орхилоо

        “Сүүлийн 15 жил сагсан бөмбөгийг нэн тэргүүнд тавилаа. Одоо гэр бүл, эрүүл мэндээ бодох цаг болжээ.”

        “Брүүклин Нэтс” багийн довтлогч ЛаМаркус Олдриж өмсгөлөө хананд өлгөлөө. Ирэх долдугаар сард 36 нас хүрэх Л.Олдриж энэ сарын 11-нд “Лос Анжелес Лэйкерс” багийн эсрэг талбайд 23 минут тоглож 12 оноо авсан юм. Харамсалтай нь, энэ нь түүний мэргэжлийн замнал дахь хамгийн сүүлчийн тоглолт байсан аж. Уг тоглолтын дараагаар зүрхний хэм алдагдсан тул ЛаМаркус маргааш өглөө нь эмнэлэгт очжээ.

        Үүнээс дөрөв хоногийн дараа их спортоо үүрд орхих шийдвэр гаргаснаа хувийн цахим хуудсандаа мэдэгдэв.

        ЛаМаркус Олдрижийн албан ёсны жиргээ

        Техасын Даллас хотын унаган хүү, Техасын их сургуульд номын дуу сонссон америк эр 2006 оны NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэн эхний бүсийн #2-оор “Чикаго Буллз” багт сонгогдсоноор 15 жилийн замнал нь эхэлсэн билээ. Гэхдээ Салхит хотоос түүний карьер эхлээгүй, драфтын үдэш солилцоонд орж “Портлэнд ТрэйлБлазерс” багт очсон юм.

        “Портлэнд” багтаа есөн жил хүчин зүтгээд 2015 онд “Сан Антонио Спэрс”-тэй дөрвөн жилийн 80 сая ам.долларын гэрээ байгуулсан. Хожим гэрээгээ сунгасан ч энэ улирлын солилцоо, наймааны цонхоор гэрээгээ худалдан авч “Брүүклин Нэтс”-тэй нэгдээд байв.

        “Брүүклин”-д очсон түүний шалтгаан тодорхой. Энэ бол аваргын бөгж зүүх байлаа. “Нэтс”-т гурван супер од нэгдсэн тул түрүүлэх өндөр магадлалтай багийн тоонд орж байв. Харамсалтай нь, хувь заяаны шоглоом гэлтэй түүнд тамирчны замналдаа аваргын цом авах боломж гарсангүй.

        Л.Олдриж замналынхаа турш 19000 оноо, 8000 самбар авсан NBA-гийн түүхэн дэх 25 тоглогчийн нэг билээ. Мөн тэрбээр долоон удаа Бүх Одод болж таван удаа Бүх Америкийн багт нэрлэгдэж байсан юм.