Category: Сагсан бөмбөг

Хятадын баг Д.Уэйдэд гурван жилийн 25 саяыг санал болголоо

“Майами Хит”-ийн хамгаалагч Дуэйн Уэйд энэ зун чөлөөт агент болсон ч одоог хүртэл дараагийн багаа олоогүй яваа. Энэ боломжийг ашиглахаар Хятадын багууд улайрч эхэллээ. “Sportando”-гийн мэдээлснээр “Жөжян Голден Буллс” баг гурван жилийн 25 сая “ногоон”-ы цалин амлав.

Д.Уэйд бол Хятадын сагсан бөмбөг сонирхогчдын хувьд танил бус хүн биш. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт тус улсын спорт хувцасны томоохон брэнд болох “Li Ning”-тай бүх насаараа хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм. Энэ хүрээнд Хятадад айлчилж байгаа Д.Уэйд шинэ пүүзээ олон нийтэд зарлах үеэр сагсан бөмбөгтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргах гэж яарахгүй байгаагаа илэрхийлсэн.

Одоо Д.Уэйдийн хувьд NBA-гийн багуудаас жилд 8.3 сая ам.долларын цалин авна гэдэг боломжгүй зүйл. “Майами”-даа буцаж орохыг хүсвэл дундаж цалин буюу 5.3 саяыг, эсвэл хамгийн бага цалин буюу 2.3 саяыг авах боломжтой юм.

 

Кармэло Энтони Пуужинд нэгдэв

Кармэло Энтони “Атланта Хоукс”-тай албан ёсоор гэрээгээ цуцалсны дараагаар “Хьюстон Рокитс”-той нэгдэх шийдвэр гаргалаа. Энд тэр нэг жилийн 2.4 сая ам.долларын цалин авахаар болсон аж.

Ийнхүү Жэймс Хардэн, Крис Пол, Кармэло Энтони нар нэг багт нэгдэж, аваргын цом, алтан бөгжний төлөө зүтгэхээр болов. К.Энтони өнгөрсөн улиралд 78 тоглолтод оролцохдоо 16.2 оноо авч, 40.4 хувьтай довтолсон нь түүний замналын хамгийн тааруу үзүүлэлт. Кармэло энэ багт гараанд гарах магадлалтай байгаа ч эцсийн шийдвэрийг Майк Д’Энтони гаргах юм. Хэрвээ Ж.Хардэн, К.Энтони нар гараанд гарах үед хамгаалалт хэт суларвал Пи.Жэй Такерыг гараанд гаргаж, Энтониг сэлгээнээс талбайд гаргахаар төлөвлөж магадгүй. Энтонигийн хувьд дасгалжуулагч ямар шийдвэр гаргасан түүнийг дагана гэдгээ эрт мэдэгдсэн юм.

К.Энтони энэ улиралд 27.9 сая “ногоон”-ы цалин авах ёстой байсан ч өөрөө солилцоонд орохыг зөвшөөрсөн юм. Хэдэн жилийн өмнө “Нью Йорк Никс”-тэй гэрээ байгуулахдаа солилцоонд орох эсэхээ өөрөө шийдэх давуу эрхтэй байлаа. “Никс”-ээс “Оклахома Сити”-д ирэхдээ ч энэ давуу эрхээ эдэлсэн. Өөрөөр хэлвэл, баг хүссэн үедээ түүнийг солилцоонд оруулах эрхтэй бус заавал тоглогчийн саналыг сонсох ёстой байдаг. Өнгөрсөн жил бүтэлгүйтсэн ч довтлогч Пол Жоржтой олон жилийн гэрээ байгуулснаар “Тандер” их хэмжээний мөнгийг татварт төлөх ёстой болсон юм. Тиймээс түүнийг солилцоонд оруулах, боломжгүй бол гэрээг нь худалдаж аваад тавьж явуулах тохиролцоонд хүрчээ. Энэ тохиолдолд тэр ирэх улиралд 2.4 сая ам.долларын албан ёсны цалинтай ч нэмээд 27.9 сая “ногоон”-оо авах эрхтэй гэсэн үг. Харин шинэчлэл хийхийг хүссэн “Атланта Хоукс” түүний өндөр цалинг солилцоогоор аваад багаас чөлөөлөхийг зөвшөөрсөн билээ.

 

Дуэйн Уэйд Хятадад очих уу

“Майами Хит”-ийн хамгаалагч Дуэйн Уэйд одоогоор чөлөөт агент болоод буй. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хойш тэр аль багт очих нь тодорхойгүй байгаа. Тэгвэл Д.Уэйд ирэх улиралд NBA-д бус Хятадын лигт тоглож магадгүй бололтой.

“Sportando”-гийн мэдээлснээр бол “Шинжан Флайнг Тайгерс” баг нэрт тоглогчид гэрээний санал тавихаар бэлдэж байгаа аж. Одоогоор үнийн санал нь нийтэд ил болоогүй байгаа юм.

Д.Уэйд Хятадад аялж яваа бөгөөд тус улсын “Li-Ning” компанитай насан туршдаа хамтрах том гэрээ байгуулаад удаагүй байгаа юм. Тиймээс хятадуудтай холбогдсон нь шинэ зүйл биш.

Тэрбээр өөрийн “Way of Wade 7” шинэ пүүзээ зарласан хэвлэлийн бага хурлын үеэр ирээдүйнхээ талаар “Хятадаас буцаж гэртээ очоод ямар шийдвэр гаргахаа шийднэ. Одоогоор бол би амарч байна. Спортод юу ч болж болно. Одоохондоо хэлж мэдэхгүй байна” гэж ярьсан юм.

NBA-гээс бусад лигт тоглогчид өндөр цалин авна гэдэг ховор үзэгдэл. 2015 онд цагтаа NBA-д данстай явсан орос тоглогч Алексей Швед нутгийнхаа “Химки” клубтэй гурван жилийн 10.2 сая “ногоон”-ы цалин авахаар тохиролцсон нь хамгийн өндөр цалин аж.  Мөн 2011 оны драфтын №10-аар сонгогдож байсан АНУ-ын Жиммер Фредетт өнгөрсөн улиралд “Шанхай Шаркс” багтайгаа гэрээгээ сунгахдаа жилийн 1.8 сая ам.долларын цалин авахаар болж байв. Ж.Фредитт өнгөрсөн улиралд Хятадын лигийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон билээ.

Талбай дээр зодолдсон 13 тоглогчийг торгов

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын үеэр хоорондоо гар зөрүүлж, үймээн дэгдээсэн Филиппин болон Австралийн 13 тоглогчийг торгох арга хэмжээ авлаа.

Зодооныг эхлүүлж, гол дүрд нь тоглосон талбайн эзэн баг болох Филиппиний 10 тоглогч нийт 35 тоглолт өнжих шийтгэл хүлээх аж. Харин Австралийн гурван тоглогч нийт есөн тоглолт өнжинө.

Түүнчлэн Филиппиний сагсан бөмбөгийн холбоонд 250 мянган швейцарь франкийн торгууль оноосон бол Австралийн сагсан бөмбөгийн холбоо 100 мянган швейцарь франкийг төлөх шаардлагатай болжээ. Үүгээр ч зогсохгүй шавь нараа хориглож чадаагүй Филиппиний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Винсент Рейэс нэг тоглолт өнжиж, 10 мянган швейцарь франк төлөх гэнэ.

Уг тоглолтын шүүгч нарыг мөн “Elite Programme”-гаас хасч, нэг жилийн хугацаанд FIBA-гаас зохион байгуулсан тэмцээнийг шүүх эрхгүй болжээ.

Энэ сарын 2-нд Филиппин аренад болсон урьдчилсан шатны тоглолтод зодоон болсон. Үүний улмаас 13 тоглогч хөөгдсөн бөгөөд талбай дээр Филиппиний гурван тоглогч тоглолтыг үргэлжлүүлсэн ч хоёр нь алдааны асуудалд орсон тул ганц тоглогчтой үлдсэн учир гуравдугаар үед өндөрлүүлж, 89:53-аар Австралийн баг хожсон билээ. Уг тоглолтын талаар мэргэжлийн боксчин Мэнни Пакьяогийн твиттер хуудсандаа бичсэн жиргээ олны анхаарлыг татсан удаатай.

Торгуульсан тоглогчид:

Филиппин:

Жапет Агуилар, Мэтьюв Врайт (тус бүр нэг тоглолт)

Терренс Ромео, Жэйсон Кастро Уильям, Андрей Блач, Жет Росарио (тус бүр гурван тоглолт)

Рожер Погоя, Карл Крус, Жио Жалалон (тус бүр таван тоглолт)

Калвин Абуева (зургаан тоглолт)

Туслах дасгалжуулагч Жосеф Уичико (гурван тоглолт)

Ахлах дасгалжуулагч Винсент Рейес (нэг тоглолт)

Австрали:

Крис Гоулдинг (нэг тоглолт)

Тон Макер (гурван тоглолт)

Даниел Кикерт (таван тоглолт)

Маверик Картер: Лэброн Жэймс ирээдүйд юу хийхээ төлөвлөсөн

“Лос Анжелес Лэйкерс” багийн довтлогч Лэброн Жэймс болон түүний бизнес хамтрагч Маверик Картер нар нэрт тоглогчийг зодог тайлсан хойно юу хийхээ хэдийнэ төлөвлөсөн байна. М.Картерын ярьснаар бол ирээдүйд Лэброн NBA-гийн аль нэг багийн эзэн болох хүсэлтэй байгаа аж. Энэ талаар тэрбээр “Одоогоос 10 жилийн дараа Лэброн сагсан бөмбөгийн аль нэг багийн эсвэл америк хөлбөмбөгийн багийн эзэн болох байх. Тэр америк хөлбөмбөгт хайртай. Тиймээс энэ хоёр спортын аль боломжтойг нь худалдаж авахаар бизнес төлөвлөгөө гаргасан” гэж ярьжээ.

Лэброн “Лэйкерс”-тэй энэ зун дөрвөн жилийн 154 сая “ногоон”-ы гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр тэр энэ улирлыг оролцуулаад зөвхөн цалингаас 237 сая ам.доллар олсон аж.

“Forbes” сэтгүүлээс зарласнаар бол Лэброн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтад зургадугаарт бичигдэж буй. Түүний жилийн орлого 85.5 сая “ногоон”-д хүрсэн. Гэхдээ энэ мөнгөний дийлэнх буюу 52 сая нь ивээн тэтгэгч болон бусад байгууллагаас олсон мөнгө. Талбайн теннисний шилдэг тамирчин Рожер Федерер л түүнээс ивээн тэтгэгчээс олсон мөнгөөр илүү гардаг гэнэ.

Сонирхуулахад, Лэброн Жэймс “Ливерпуль” багийн хувьцааны хоёр хувийг эзэмшдэг. Долоон жилийн өмнө 6.5 сая ам.доллароор авч байсан бол өдгөө энэ хувьцааны үнэ 32.5 саяд хүрээд буй.

NBA-гийн тоглогчдоос Майкл Жордан “Чарлотт Хорнетс” багийн эзэн бол “Шидэт” Жонсон “Лос Анжелес Доджерс” багийн хувьцаа эзэмшигч юм.

Кавай Леонардын кино төгсөв

“Сан Антонио Спэрс” болон Кавай Леонардын бүтэн жил үргэлжилсэн драм төгсөв. Гэхдээ Холливудын өлгий Лос Анжелес руу бус “Торонто Рэпторс” руу сольчихов. Энэ солилцоогоор К.Леонард, Дэнни Грин нар “Торонто”-д очиж, ДеМарр Дерозан, Жакоб Потелтл болон 2019 оны нэгдүгээр тойргийн эрхийн хамт “Спэрс” авлаа.

Кавайг “Лос Анжелес Лэйкерс”-т очно гэх яриа өнгөрсөн жилээс тархсан. Сүүлд нь “Филадельфи” нэмэгдэж, “Клипперс” ч энэ ярианаас хоцроогүй. Аваргын төлөө өрсөлдөх боломжтой баг бүр л түүнийг хүсч байгаа мэтээр цуурхал тарсан. “Лэйкерс” рүү л явуулахгүй бол өөр багт тоглохгүй гэж хошуугаа унжуулж байгаа мэтээр хэвлэлд бичсэн.

Харин “Торонто”-д очно гэж таамагласан хүн байгаагүй. Ийм яриа ч бүр гараагүй юм. Учир нь үйл явдал тун богино хугацаанд өрнөж, хэдхэн цагийн дотор л наймаа хийснээ зарлав.

“Рэпторс”-ын сагсан бөмбөг хариуцсан ерөнхийлөгч Масай Үжири олон зүйлээр мөрий тавив. Д.Дерозангаа сольсон, солихдоо түүнд худлаа хэлсэн нь тодорхой болжээ. Тэд гол довтлогчоо солилцоонд оруулахгүй гэж ярьсан гэдгийг Дерозан баталж буй.

Түүнчлэн ирэх улиралд “Торонто” Кавайд таван жилийн 190 сая “ногоон” санал болгох боломжтой. Харин бусад багууд дөрвөн жилийн 141 саяыг өгнө. М.Үжири ирэх улирлын өдийд Кавайтай гэрээгээ сунгана гэдэгт итгэлтэй байгаагаа ярьсан. Хэрвээ түүний хүслээр болохгүй бол К.Леонардгүй, Д.Дерозангүй баг том асуудалд унах болно.

Д.Дерозанд энэ солилцоо таалагдаагүй гэдгээ цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн бөгөөд гол нь багийн удирдлагууд түүнийг солихгүй гэсэн амлалт өгсөн гэж мэдэгдсэн ч гэнэтийн зүйл болов.

Ямартай ч түүнийг Өрнөдийн баг руу явуулахгүй гэсэн зорилгодоо Грэгг Попович хүрлээ. Д.Дерозан энэ багт гурван жил зүтгэнэ. Г.Поповичийн удирдлага дор тэр хэрхэн тоглох нь олны анхаарлыг татаж байна.

Тайлер Улис, Девин Бүкер нар холбогдсон зодооны бичлэг ил болжээ

“TMZ Sports” цахим хуудсанд “Финикс Санс”-ын холбогч асан Тайлер Улисийн 2017 оны тавдугаар сард холбогдсон зодооны бичлэгийг нийтэд ил болгожээ. Бичлэгт Т.Улис цахилгаан шатанд найзуудыгаа хүлээж байхад нь хэсэг бүлэг залуучуудтай тааралдаж, улмаар маргалдсан бөгөөд төгсгөл зодооноор дуусчээ.



Харин “Финикс”-ийн гол тоглогч Девин Бүкерийн хувьд уг бичлэгт төгсгөлд нь харагддаг. Бичлэгт ил болсноор Д.Бүкер бусдыг цохиогүй ч зодоонд хөндлөнгөөс оролцсон гэж хууль сахиулагчид үзсэн юм.

“Финикс Санс” баг чөлөөт тоглогчийн зах нээгдэх үед Т.Улисийг багаасаа хассан. Багийн удирдлагуудын энэ шийдвэрт Д.Бүкер тун их дургүйцсэн мэдээлэл бий. Гэхдээ Д.Бүкер багтайгаа гэрээгээ сунгаж, таван жилийн 158 сая “ногоон”-ы гэрээнд гарын үсэг зурсан билээ. Т.Улисийг хассан шалтгаан дээрх хэргээс болоогүй. “Финикс”-ийн удирдлагууд гол тоглогчоо авч үлдэхийн тулд цалингийн зай гаргасан гэж багийн албаныхан мэдээлжээ.

 

Тони Паркер явлаа

“Сан Антонио Спэрс”-ийн ахмад холбогч Тони Паркер багаа орхилоо. 17 жил нэг багтаа үнэнчээр зүтгэсэн франц залуу “Чарлотт Хорнетс”-тэй хоёр жилийн 10 сая “ногоон”-ы гэрээ байгуулаад хуучин багаа орхив. 2001 оны драфтын №28-аар сонгогдсон тэрбээр Бүх оддын тоглолтод 6 удаа сонгогдож, дөрвөн удаа аваргын бөгж зүүсэн туршлагатай. Түүнчлэн 2007 оны шигшээ тоглолтын үнэ цэнэтэй тоглогч болсон билээ.

Ийнхүү Грэгг Поповичийн босгосон их гурвалаас Ману Жинобили л багтаа үлдлээ.

Өдгөө 36 настай Т.Паркер багаасаа явахаас өмнө Грэгг Поповичтой нухацтай ярилцсан талаар сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. “Спэрс” түүнийг үлдээх хүсэлтэй байсан, бас “Денвер Наггетс” ч түүнийг сонирхож байгаагаа илэрхийлсэн ч Т.Паркер “Хорнетс”-ыг сонгожээ.

Т.Паркер бас залуу од Кавай Леонардтай маргалдаагүй гэдгээ албан ёсоор зарлав. Энэ талаар ахмад холбогч “Надад Кавай Леонардтай ямар нэг асуудал байхгүй. Бид хэзээ ч муудалцаж байгаагүй. Сэтгүүлч надаас миний гэмтэл Кавайгийн бэртлээс хүнд эсэх талаар асуухад нь би “тийм” гэж хариулсан. Учир нь энэ бол үнэн бодит явдал шүү дээ. Хэвлэлийнхэн зарим асуудлыг хэт дэврээдэг явдалд би тун их харамсаж байна” гэж ярьсан байна.

“Хорнетс”-т Францын шигшээ багийн хамтрагч Николас Батум бий. Н.Батум өөрийн цахим сүлжээгээр дамжуулан Т.Паркерыг багт нь ирсэнд баяртай байгаагаа мэдэгджээ.

“Хорнетс”-т мөн хуучин “Спэрс”-ийн туслах байсан Жэймс Боррего ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн билээ.

 

Кармело Энтони гэрээгээ цуцаллаа

“Оклахома Сити Тандер” болон тус багийн тоглогч Кармело Энтони нар тохиролцоонд хүрч, гэрээгээ цуцаллаа. Ингэснээр “Тандер” их хэмжээний мөнгө татварт өгөхөөс зайлсхийж, ойролцоогоор 100 сая “ногоон” хэмнэж байгаа юм. Пол Жоржтой гэрээгээ сунгасан цагаас хойш хэрвээ “Тандер” шинэ улирлыг энэ бүрэлдэхүүнээр эхлүүлсэн бол даруй 310 сая ам.долларыг татварт өгөх байв.

Харин К.Энтонигийн хувьд баг нь түүний цалин болох 27.9 сая ам.долларыг өгөөд зогсохгүй, шинэ багт бага цалингаар нэгдэх боломжтой болов.

К.Энтонигийн агент нь CAA SPORTS-ын Леон Рөүс. Тэрбээр “Тандер”-ын ерөнхий менежер Сам Преститэй дотны найзууд. Тэд хамтдаа К.Энтонигийн гэрээг цуцлахад ажилласан гэдгийг эх сурвалж нотолсон. Гэхдээ Мело ажилгүй удаан суухгүй бололтой. ESPN-ий мэдээлснээр “Хьюстон Рокитс”, “Майами Хит”, “Лос Анжелес Лэйкерс” багууд түүнийг сонирхож байгаа гэж зарласан юм.


Оклахома Сити Тандерт яагаад ашигтай вэ?

Чөлөөт агент болсон Рэймонд Фелтонтой нэг жилийн 2.4 сая ам.долларын гэрээг үзэглэсэн цагаас хойш “Оклахома”-гийн удирдлагууд санхүүгийн хүнд байдалд өртсөн. Энэ бол татварын асуудал юм. Р.Фелтонтой гэрээг сунгаснаар тэдний ирэх улиралд төлөх цалин болон татварын нийт дүн 300 сая “ногоон”-д хүрсэн. Тус баг өнгөрсөн улиралд татварт 150 сая орчим ам.доллар төлсөн бөгөөд өнөө жил чөлөөт агент болсон П.Жоржтой макс гэрээ байгуулж, улмаар К.Энтони тоглогчийн хувиар үлдэх шийдвэр гаргасан зэргээс шалтгаалж, тэдний цалингийн цэс хэтэрсэн хэрэг. Кармелогийн цалинг хассанаар “Оклахома” ирэх улиралд 107 саяыг цалинд зарцуулна. Харин түүнтэй тохиролцоонд хүрсэн нь сайн хэрэг. Учир нь тэр гэрээгээ цуцлах эсэхийг шийдэх давуу эрхтэй юм.


К.Энтонид ашигтай юу?

К.Энтони өнгөрсөн улиралд 169 удаа гурваас оруулж, карьерийнхаа дээд үзүүлэлтэд хүрсэн. Гэвч Рассел Уэйстбрук, Пол Жорж нарын араас гуравдугаар оноо түүгч болсон тул ердөө 16.2 оноо дунджилсан юм. Хасагдах шатанд “Юта Жазз”-тай хийсэн цувралд ч тэр хэргээ гаргаж чадаагүй. Цувралын 5 тоглолтод 11.8 оноо авч, 37.5 хувьтай шидсэн. Ийм тааруу байгаа ч К.Энтони нөөц тоглогч болох бодолгүй байгаагаа зарлаад, цалингаа хасч танах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн нь “Оклахома”-гийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн уурыг барсан билээ. Харин одоо тэр цалингаа ч авна, багтай ч болно. Ингэхдээ түүнийг цэвэр оноо түүгч маягаар ашиглах багт очиж, өөрийгөө хэрэгцээтэй тоглогч хэвээр гэдгийг батлахыг хүсэх байх. Цаг хугацаа л үнэнийг харуулна даа. Кармелогоос зөвхөн нэр л үлдсэн үү, үгүй юу гэдгийг нь….

 

Пол Жорж: “Лэйкерс” намайг солилцоо хийж авахыг хүсээгүй

“Лос Анжелес Лэйкерс” баг энэ зун довтлогч Пол Жоржийг эгнээндээ элсүүлнэ гэж олон хүн таамаглаж байлаа. Лос Анжелес хотын унаган хүү П.Жорж ч өнгөрсөн жилээс хойш “Лэйкерс”-т очихыг хүсч байгаагаа зарлаж, энд тоглохыг багаасаа мөрөөддөг байснаа ярьж байв.

Гэхдээ “Индиана” түүнийг хүссэн баг руу нь бус “Оклахома Сити Тандер” луу солилцоогоор явуулсан билээ. Өнгөрсөн улиралд “Оклахома Сити Тандер” тоймтой амжилт үзүүлээгүй тул чөлөөт тоглогч болсон П.Жоржийг “Лэйкерс” рүү явна гэж олон хүн бодсон нь гарцаагүй.

Хачирхалтай нь, олны таамаг зөрөв. Хэргийн эзэн нь багтайгаа 4 жилийн 137 сая ам.долларын гэрээ байгуулж, “Тандер”-таа үнэнч үлдсэн юм. Харин П.Жорж энэ шийдвэрийнхээ талаар ESPN теле сувагт өгсөн ярилцлагадаа “Би өнгөрсөн жил “Лэйкерс”-т очихыг хүсч байлаа. Гэхдээ тэд намайг солилцоогоор аваагүй. Намайг багтаа авчрахыг хүсээгүй учир миний сэтгэл гонсойсон. Тиймээс одоогийн багтаа үлдэх шийдвэр гаргасан юм” гэж тайлбарлажээ.



 

“Дайчид”-ын гэнэтийн бэлэг

“Голден Стэйт Уорриорс” баг зун бүр нэг дуулиан тарьдаг болов. Ердөө сар гаруйн өмнө “Кливлэнд”-ийг “шүүрдэж”, сүүлийн дөрвөн улирлын гуравт нь аваргын цом хүртсэн тус баг чөлөөт агент болоод буй ДеМаркус Коузинсыг багтаа авч, том дуулиан дэгдээлээ.

Өнгөрсөн улиралд хүнд бэртэл авсан Д.Коузинс чөлөөт тоглогчийн зах нээгдсэн цагаас хойш сураггүй байлаа. Тэр нэг ч хэвлэлд энэ талаар юм яриагүй. Хуучин багийнхантайгаа нэг уулзсан, “Лэйкерс”-ийн төлөөлөгчидтэй Лос-Анжелест нэг бараагаа харуулсан. Гэхдээ удтал чимээгүй байсангүй. “Дайчид” түүнийг авч болох ганц гэрээ нь “mid-level” буюу дундаж цалингийн гэрээ буюу нэг жилийн хугацаанд 5.3 саяын гэрээгээр өөрийн болгов.

Дөрвөн удаа бүх одод, хоёр ч удаа NBA-гийн Бүх Америкийн багт сонгогдож байсан Д.Коузинс бол лигийн шилдэг төвийн тоглогчдын нэг. Үүнийг нотлох баримт бол өнгөрсөн улиралд “Нью-Орленс Пеликанс”-т дунджилсан үзүүлэлтээс нь харж болно. Тэрбээр хүнд бэртэхээсээ өмнө 25.2 оноо, 12.9 самбар, 5.4 оновчтой дамжуулалт, 1.6 бөмбөг таслалт, 1.6 хаалт гүйцэтгэсэн.

Гэхдээ ирэх аравдугаар сард улирал эхлэх үеэр Д.Коузинс талбайд гарахгүй. Энэ бол чөлөөт агент болж байсан түүний хувьд муу мэдээ байлаа. Одоогоор сэтгүүлчид урьд нь түүн шиг шөрмөс нь тасраад орж ирсэн тоглогчид дээр жишээ авч, арванхоёрдугаар сарын сүүлээр юм уу, нэгдүгээр сарын эхээр л талбайд гарна гэж таамаглаж буй.

Түүний хувьд бүх зүйл сайнаар төгсөнө. Гэмтлээ илааршихийг харж суунгаа NBA-гийн аваргын төлөө тоглох боломжтой болно. Хэрвээ аварга авахад гол нөлөө үзүүлсэн тоглолтыг хасагдах шатанд харуулвал ирэх зуны чөлөөт тоглогчийн зах зээл дээр үнэ хүрэх боломжтой. Магадгүй “Голден Стэйт” багтайгаа гэрээгээ сунгах магадлалтай. “Дайчид”-ын хувьд ч ашигтай. Д.Коузинсын бэртэл нь бүр эдгэрэхгүй удлаа ч ЖаВайл МкГеег сайжруулаад, төвдөө айх зүйлгүй боллоо. Мөн Д.Грин, К.Томпсон нараа алдлаа гэж үзэхэд Д.Коузинстай урт хугацаагаар гэрээ хийх боломжтой. Цаадахь нь он солигдохоос нааш талбайд гарахгүй учир Бүх Америкийн багт орох юм уу, Бүх оддын тоглолтод сонгогдох магадлал бага. Энэ тохиолдолд макс гэрээгээр сунгах үнийн дүн ч дагаад бага байх юм.

Д.Коузинсын хувьд бэртлээс шалтгаалан түүнийг сонирхсон багууд урт хугацааны, өндөр цалин өгөхөөс татгалзсан нь ойлгомжтой. Тиймээс ч богино хугацаанд бага цалингаар тоглохыг зөвшөөрч, ирэх улиралд өөрийгөө тод харуулах хүсэлтэй байгаа. Ингэхийн тулд найдвартай хасагдах шат, аваргын зиндаанд өрсөлдөх баг хэрэгтэй. Түүнд ийм хүслээр хангаж чадах баг “Голден Стэйт” гэдэг нь ч ойлгомжтой юм. Магадгүй ирэх улирлын тоглолтоос хамаарч түүнтэй урт хугацааны гэрээ хийнэ гэдэг ам тохироо явагдсан учраас бусад багуудаас илүү “Дайчид”-ыг сонгосон байх магадлалтай юм.

 

Тон Макер, Андрей Блач нар хөөгдөв

NBA-гийн “Милоуки Бакс” багийн төвийн тоглогч Тон Макер тэргүүтэй 13 тоглогч Филиппин-Австралийн тоглолтын үеэр хөөгджээ. Сагсан бөмбөгийн ДАШТ-ий эрх авах Ази тивийн урьдчилсан шатны тоглолт Филиппинд болсон бөгөөд энэ үеэр дээрх 13 тоглогч оролцсон нүсэр зодоон болсон юм.

Австраличууд талбайн эздийг гуравдугаар үед 79:48-аар илт давуу хожиж байх үед Австралийн тоглогч дээр алдаа гаргаж, улмаар бужигнаан үүссэн. Энэ нь сүүлдээ олныг хамарсан зодоонд хүргэж, тамирчин, албаныхан нийлсэн олон хүн зодоонд оролцжээ. Тэд бие бие рүүгээ сандал чулуудаж байсан юм.

Австралийн шигшээ багт тоглодог Тон Макер болон цагтаа “Вашингтон Визардс”, “Бруклин Нетс” багт зүтгэж байсан, өдгөө Филиппиний шигшээд данстай Андрей Блач нар зодоонд оролцсон учир хөөгдсөн байна.

Албаныхан зодооны бичлэгийг шүүж үзээд нийт 13 тоглогчийг хөөх шийдвэр гаргасан. Австралийн шигшээгээс Тон Макер, Даньел Кикерт, Кристофер Гоулдинг, Натан Собей нарыг хөөсөн бол эсрэг багаас А.Блач, Терренс Ромео, Жэйсон Кастро, Карл Брайан Крус, Калвин Абуева, Рожер Погой, Трой Росарио, Жапет Агулар болон Матью Урайт нарыг хөөсөн гэнэ.

Улмаар талбай дээр Филиппиний баг гуравхан тоглогчтой үлдэж, харин австраличууд наймуулаа хоцорсон. Талбайд үлдсэн гурван тоглогчийн хоёр нь богино хугацаанд алдаа гаргаснаар Филиппиний багаас ганцхан тоглогч үлдсэн бөгөөд албаныхан уг тоглолтыг 89:53-аар Австрали хожсон үзээд тоглолтыг цагаас нь өмнө дуусгасан гэнэ.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо зодооны хэргийг нарийн шалгана гэдгээ мэдэгдсэн. Тун удахгүй ямар шийтгэл оноохоо олонд мэдээлэх юм. Харин үймээн болсонтой холбогдуулж, Австралийн сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Антони Мур хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйжээ.