NBA-гийн нэрт тоглогч Коби Брайнтын хувийн нисдэг тэрэг Калифорниа мужид осолдож, нас барлаа гэж “TMZ sports” мэдээлэв.
Коби болон нислэгийн багийн багадаа дөрвөн хүн тус онгоцоор зорчиж явсан бөгөөд нүдээр үзсэн гэрч нарын мэдүүлснээр онгоц Калибасагийн дээгүүр нисч явах үед осолдсон бөгөөд тухайн үед цаг агаар тааруу, үзэгдэх орчин муу, манантай байсан аж.
Осол орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт болсон гэж “Лос Анжелес Таймс” мэдэгдэв.
Уг онгоцонд талийгаачийн эхнэр Ванесса нь байгаагүй гэж албаны хүмүүс баталсан байна. Одоогоор нас барсан өөр дөрвөн хүнийг хэн болохыг зарласангүй. Сүүлд шинэчлэгдсэн мэдээллээр нас барсан таван хүний нэг нь Кобигийн охин Жианна Мария болох нь батлагджээ.
17-хон насандаа NBA-д элсэж, ахлах сургуулиас алдрын оргилд хүрсэн Коби Брайнтын амьдрал 41 жил үргэлжлээд төгсөв. NBA-д 20 жил зүтгэхдээ “Лос Анжелес Лэйкерс”-т үнэнч байж, аваргын цомыг таван удаа өргөсөн төдийгүй өөрөө финалын үнэ цэнтэй тоглогчоор хоёр удаа тодорч, улирлын MVP-гээр нэг удаа нэрлэгдсэн. Замналынхаа турш 33,643 оноо авч, бүх цаг үеийн дөрөвдүгээрт бичигдсэн нэгэн. Түүний энэ амжилтыг дөнгөж өчигдөр Леброн Жэймс гүйцэж, 33,655 оноотой болоод байв…