WNBA буюу эмэгтэй сагсан бөмбөгийн холбоо, тоглогчдын холбоотой зөвшилцөлд хүрч, 2027 он хүртэл шинэ гэрээ байгууллаа. Уг гэрээгээр эмэгтэйчүүдийн цалин хөлс, ээж болсны тэтгэмж зэргийг нэмэх олон чухал шийдвэр гаргасан юм.
Тоглогчдын холбооны тэргүүн, “Лос Анжелес Спаркс” багийн довтлогч Ннека Огвумике шинэ гэрээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Тамирчдын цалинг нэмэх нь энэ гэрээний хамгийн чухал сэдэв байлаа. WNBA-гийн тамирчдын жилийн дундаж цалин 130 мянган ам.доллар. Энэ нь NBA-гийн шинэ тоглогчдын цалингаас ч бага тоо. Эрчүүдийн лигт дөнгөж элссэн шинэ тоглогч хамгийн багадаа 900 мянган “ногоон”-ы цалин авдаг баримт бий.
Зөвхөн цалинг ч бус нийгмийн бусад асуудлыг ч шийдвэрлэхэд анхаарсан гэдгээ холбогдох хүмүүс нь мэдэгдэв. Тамирчид бие давхар болсон ч цалингаа бүрэн авах төдийгүй хүүхдийн асрамжид зориулж, санхүүгээр дэмжихээр болжээ. Түүнчлэн хүүхэдтэй тамирчдад зориулж, орон байраар хангах, үйчлэгч хөлслөх, ахмад тоглогчдод тэтгэмж тогтоох зэрэгт жилд 60 мянган ам.доллар төсөвлөхөөр болсон аж.