Tag: NBA

Хэн хожив?

Ердөө 18 настай хэний ч сайн мэдэхгүй Грек хүүг Милоуки бакс баг 2013 оны драфтын 15-р сонголтоор авч байлаа. Тиймээ тэр хүүгийн тууштай хөдөлмөр, багтаа бас хотдоо үнэнч байдал түүнд таван жилийн 228 сая ам.долларын аварга гэрээг авчирч байсан нь саяхан. (Үлэмж Яаннисын аварга гэрээ)

Милоуки хот, бакс баг түүнд боломж олгосон, түүнд итгэсэн, түүнд хөрөнгө оруулсан. Хариулт нь…

• 2x NBA Үнэ цэнтэй тоглогч
• 5x NBA Бүх одод
• 3x All-NBA 1-р баг
• 2x All-NBA 2-р баг
• 2020 NBA Шилдэг хамгаалан тоглогч
• 3x All-NBA Хамгаалалтын 1-р баг
• 230 сая ам.долларын гэрээгээр зогсохгүй 50 оноо, 14 самбар, 5 хаалт гүйцэтгэж NBA Аваргын цом & Шигшээ тоглолтын шилдэг нь боллоо.
Домог айсуй.

Бакс багийн хөгжөөн дэмжигчид болон Милоуки хотынхонд баяр хүргэе. Ингээд эдийн засгийн хувьд өрнөлийг тайлбарлах гээд үзье. 2013 оноос өмнөх буюу Яаннисгүй үе, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх буюу Яаннистай үеийн харьцуулалтууд.

Милоуки бакс багийн үнэлгээ:

  • 2013: 312 сая ам.доллар
  • 2021: 1.86 тэрбум ам.доллар

NBA багуудын үнэлгээний өсөлт, 2013-2021:

  • NBA нэг багийн өсөлт дунджаар: +330%
  • Милоуки бакс багийн өсөлт: +500%

Мэдээж багийн эздийн оновчтой бизнес шийдэл 550 сая ам.долларын хөрөнгө оруулалттай шинэ ордон түүнийг дагасан зочлох үйлчилгээний бизнесүүд бүхийн төсөл, багийн амжилттай уялдсан телевизийн гэрээ зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн. Милоуки бакс багийн плэйоффын түүхийг сөхөөд үзвэл энэ бүхний үндэс Яаннис гээд хэлэхэд хэлсдэхгүй дүр зураг харагдана.

Милоуки бакс плэйоффт авсан хожил:

  • 2001-2013: 7 хожил
  • 2014-2021: 38 хожил + NBA аварга

Үүгээр зогсохгүй баксын орлого өндөр өсөлттэй байж, NBA-ийн хамгийн эрэлттэй таван багийн нэг болжээ. Илүү гайхалтай нь Яаннисын өмсгөлийн борлуулалт өнөөдөр NBA-д ноёлох болсон явдал юм.

Милоуки бакс талбайн үзэгчдийн тоо дунджаар:

  • 2013: 13,487
  • 2019: 17,602

Үзэгчдийн бааз суурь өснө гэдэг ивээн тэтгэлэг, тасалбарын орлого, нэрийн барааны борлуулалт гэхчлэн том хөшүүрэг болж өгдөг.

Эцэст нь хэлэхэд:

Зөвхөн багийн эзэд, тоглогчид тэр дундаа Яаннис мөнгө олоод, хожоод байгаа асуудал биш юм. Багийн Fiserv Forum ордон мужийн захиргааны мэдэлд байдаг буюу хотын оршин суугчид, татвар төлөгчдийн оролцоотой байдаг гэсэн үг. Харин багийн амжилт, зах зээлийн үнэлгээний өсөлт, түүнийг дагасан эдийн засгийн үр өгөөжийг тэд ч мөн хүртэж байгаа хэрэг юм.

Жишээ авахад: Баксийн плэйоффын нэг тоглолтын үр дүнд хотод 3 сая ам.долларын эргэлт бий болдог гэсэн тооцоо байна. Дэлгэрүүлбэл, 2500 орчим зочид буудлын өрөө, түүнтэй холбоотой 700 гаруй ажлын байр хөдөлдөг. Аваргын цувралд энэ дүр зураг илүү том байх нь гарцаагүй адаглаад аваргын тоглолтын футболк хэдэн арван мянгаар зарагдана.

Хэдийгээр цар тахалтай, цаг үе хэцүү байгаа ч өчигдөр аварга тодорсон тоглолтын үеэр ордон дотор болон ордны гадаа 80-100 мянган хүн цугласан тооцоо байна. Энэ нь Милоуки хотын нийт хүн амын 15% юм. Үнэхээр гайхалтай.

Дахин баяр хүргэе Яаннис, баяр хүргэе Милоукин хотынхонд. Харин та Милоуки хотынхонд атаархаж байна уу 😁?

Видео: “Клиппэрс”-“Жазз” таамаг

“Бэткойн” төслийн залуус анхны видео контентоо танилцуулж байна. NBA-гийн Өрнөд бүсийн хагас шигшээ шатанд учраа таарсан “Лос Анжелес Клиппэрс“, “Юта Жазз” багийн цуврал дөрөв дэх тоглолтын таамгийг сонирхоорой.

“Бэткойн” төсөл

Леброн Жэймс эхний шатнаас анх удаа мултарлаа

“Финикс Санс” баг цувралын зургаа дахь тоглолтод ялалт байгуулснаар Леброн Жэймсийн эхний шатанд 14 ялж нэг ч хожигдоогүй цувралд цэг тавилаа.

Өнгөрсөн жилийн аваргууд болох “Лос Анжелес Лэйкерс” бүсийнхээ хоёроор гарч ирсэн “Финикс Санс”-т цувралын зургаа дахь тоглолтод 113:110-аар дийлдэж, энэ жилийн плей-оффоос хасагдлаа. Нарнуудын залуу лидер Девин Бүүкер 47 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа манлайлсан юм. Ингэснээр Бүүкер багийнхаа түүхэнд хасагдах шатанд 45+ оноо, 10+ самбараас авсан хоёр дахь тоглогч болов. Түүнээс өмнө ийм үзүүлэлтийг Чарлес Баркли хоёр удаа үзүүлсэн байдаг.

Уг тоглолтоос өмнө “Лэйкерс”-ийн лидер Энтони Дэвисийн бэртэл гол асуултын тэмдэг байлаа. Эмч нарын үзлэгээр шийдвэрлэх тоглолтод эргэн ирсэн ч ердөө таван минутыг л талбайд өнгөрүүлээд жагсаалаас гарсан юм. Түүний эзгүйд Леброн Жэймс 29, Деннис Шрёдер 20 оноо аваад ч баг нь өрсөлдөгчөө дийлсэнгүй.

“Хаан” Жэймсийн хувьд энэ цувралаас өмнө хасагдах шатны эхний даваанаас мултарч үзээгүй. Тэр ч бүү хэл замналынхаа турш ердөө ганц л удаа аюулын ирмэгт тулж байв. Одоогоос гурван жилийн өмнө “Кливлэнд”-ийн лидер байхдаа “Индиана”-тай цуврал долоон тоглолт хийсэн юм. Баг нь 105:101-ээр ялахад Леброн 45 оноо авч байлаа. 2003 оноос хойш 18 улирлын 15-д нь плэй-оффт шалгараад эхний шатанд хожигдож үзээгүй гэсэн бардам үзүүлэлтэд нь Нарнууд цэг тавьсан хэрэг. Ингэснээр Роберт Орри, Дерек Фишер нарын эхний шатанд хожигдож үзээгүй (16:0) амжилтад хүрсэнгүй. Бусад домгуудтай харьцуулахад Майкл Жордан 10:3, Коби Брайант 13:2 байдаг билээ.

Жа Морантын “галзуурал”

“Мемфис Гриззлис” баг хасагдах шатны цувралын хоёр дахь тоглолтоо “Юта Жазз” багийн “Vivint Arena”-д хийлээ. Энэхүү тоглолтын эцсийн ялагчаар талбайн эзэд тодорсон ч нөгөө талд Жа Морант тун чиг онцгой тоглож 47 оноо авчээ. Тэрбээр хэд хэдэн амжилтын эзэн болсон юм.

  • “Мемфис Гриззлис” багийн түүхэнд хасагдах шатны нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан тоглогч.
  • Лигийн түүхэнд хасагдах шатны нэг тоглолтод 40+ оноо авсан хамгийн залуу дөрөв дэх тоглогч. Өмнөх гурван тоглогч нь Мэжик Жонсон, Леброн Жэймс, Лука Дончич нар аж.
  • Замналынхаа хасагдах шатны эхний хоёр тоглолтод хамгийн өндөр оноо авсан хоёр дахь тоглогч. Нийтдээ 73 оноо авчээ.
  • Лигийн түүхэнд хасагдах шатны нэг тоглолтод 45+ оноо авсан хамгийн залуу хоёр дахь тоглогч. Түүний өмнө ЛеБрон Жэймс бичигддэг байна.
  • Жа Морант нь 1999 оны 8 сарын 10-нд мэндэлсэн өдгөө 21 настай “Мемфис Гриззлис” багийн төдийгүй лигийн шилдэг залуусын нэг билээ. Тэрбээр 2019 оны драфтын нэгдүгээр тойргийн хоёр дахь сонголтоор лигт орсон билээ. Лигт элссэн цагаасаа хойш 130 тоглолтод оролцож 18.4 оноо, 7.3 оновчтой дамжуулалт, 3.9 самбар дунджилж байгаа ажээ.

Бэлтгэсэн: Б.Хишигт

Түүхэнд үлдсэн 60 оноо

“Бостон Селтикс” баг 1972 оны гуравдугаар сарын 12-нд домогт тоглогч Билл Расселийн “6” дугаарыг мөнхөлж байв. Энэ өдрөөс яг 13 жилийн дараа тус багийн өөр нэгэн домог болох Ларри Бөрд “Атланта Хоукс”-ын эсрэг 60 оноо авч багийн дээд амжилт тогтоосон билээ.

Л.Бөрдийн тогтоосон энэ рекордыг өдийг хүртэл давах аавын хүү гарч ирсэнгүй. “Селтикс”-ийн лидер Жэйсон Татум “Сан Антонио Спөрс”-ийн эсрэг 60 оноог авч баг нь нэмэлт цагт өрсөлдөгчөө 143:140-ээр ялав. Ж.Татум өмнө нь “Миннесота Тимбэрволвес”-ын эсрэг 53 оноо авч байв. Энэ багийн түүхэнд 60 оноо авсан хоёр тоглогч бий бол 50 онооны босго давсан зургаан тоглогч бий. Харин нэг улиралд хоёр удаа 50-аас дээш оноо авсан анхны тоглогч нь Ж.Татум.

Түүний 60 оноо зүгээр нэг тохиолдол байсангүй. Баг нь эхний хагаст 29 оноогоор хожигдож байлаа. Эхний хагас өндөрлөсний дараа багийнхаа тоглолтод сэтгэл дундуур байсан үзэгчид эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн юм. Энэ бол “Селтикс” шиг арвин түүхтэй, үнэнч үзэгчидтэй багийн хувьд гутамшиг гэсэн үг. Гэхдээ үүнийг дасгалжуулагч Брэд Стивенс чадварлагаар ашигласан. Завсарлагааны дараа багийнхандаа хатуу үг хэлсэн Б.Стивенсийн төлөвлөгөө хэрэгжиж дараагийн хоёр үед өрсөлдөгч багаасаа 29 оноо илүү авч (80:51) үндсэн цагт тэнцсэн юм.

Жэйсон Татумын 60 оноо авсан тоглолтын тойм

NBA-гийн түүхэнд нэг тоглолтод 60-аас дээш оноо авсан 62 тохиолдол бүртгэгджээ. Тэднээс хамгийн залуу нь Девин Бүүкер. Түүний дараа 23 настай Ж.Татум бичигдэх юм.

Түүнчлэн 32 онооноос эргэн ирсэн нь лигийн түүхэнд гуравдугаарт орох үзүүлэлт болжээ. 1996 онд “Юта Жазз” баг 36 онооноос эргэн ирж “Денвер Наггетс”-ыг ялсан бол 2009 онд “Сакрамэнто Кингс” 35 онооноос “Чикаго Буллз”-ыг “гомдоож” байв.

Харин эхний хагаст 29 оноогоор хожигдоод эргэн ирсэн нь лигийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх аж.

Лигийн хувьд 32 ба түүнээс дээш онооны зөрүү үүссэн тохиолдолд 1014 тоглолт дараалан давамгайлж явсан баг хожсон гэх үзүүлэлтэд цэг тавилаа.