Tag: Азийн Наадам

Японы дөрвөн тоглогч эрхээ нэг жилээр хасууллаа

Ёс зүйн алдаа гаргаж, Азийн наадмаас хөөгдсөн Японы эрэгтэй сагсан бөмбөгийн багийн гишүүд болох Такүя Хасимото, Кэйта Имамүра, Юяа Нагаяоши, Такүма Сато нарыг гэртээ ирсэн даруйд Японы сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Юко Мицүяа угтан авч, бүтэн жилээр тэмцээнд оролцохыг нь хориглосон тушаал буулгав. Эдгээр тамирчид бэлтгэлд хамрагдаж болох хэдий ч албан ёсны тэмцээнд оролцох эрхгүй аж.

Түүнчлэн тамирчдын гурван сарын цалингийн 10 хувийг суутгахаа Ю.Мицүяа мэдэгджээ.

Японы сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурал зохион байгуулж, хэрэг хийсэн гэх дөрвөн тоглогчоос тайлбар авсан байна. Тэд тоглолтын дараа гадуур зугаалж, наргиж цэнгэсэн, нутгийн биеэ үнэлэгч эмэгтэйчүүдтэй зугаацсан гэдгээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлалт хүссэн юм.

Тоглогчид өнгөрсөн наймдугаар сарын 16-нд Катарыг 82:71-ээр хожсоны дараа ийм хэрэг үйлджээ. Шигшээ багийн зүгээс тэдний гэртээ харих зардлыг өөрсдөөр нь гаргаж, улсын зардлыг хэмнэж байгаагаа мэдэгдсэн юм.

Япончууд үлдсэн найман тоглогчтой тэмцээнээ цааш үргэлжлүүлсэн бөгөөд шөвгийн наймд Ираны багт 93:67-гоор хожигдсон.

Эмэгтэй сагсчид Тайландын багт хоёр дахиа хожигдлоо

Азийн наадмын сагсан бөмбөгийн хасагдах шатанд шалгарсан Монголын эмэгтэй баг өнөөдөр Тайландын эсрэг тоглов. Хожсон нь тавдугаар байрын төлөө үзэлцэх тус тоглолтод 80:51-ээр Тайландын баг илүүрхлээ.

Монголын шигшээ багаас М.Булбул 11, Б.Өнөрзаяа 10, А.Хулан 10 оноо авч тэргүүлсэн бол Тайландаас Пенпан Ютанан 14, Супира Кланбут 14, Канокван Пражуапсук 14 оноо авчээ.

Хэдийгээр хожигдсон ч манай тамирчдын хувьд тэмцээн дуусах болоогүй. Одоо долдугаар байрны төлөө Казахстан – Индонезийн хожсонтой нь ирэх наймдугаар сарын 31-нд 11:00 цагаас өрсөлдөх юм.

Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг хасагдлаа

Азийн наадмын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг талбайн эзэн Индонезтой шийдвэрлэх тоглолт хийсэн ч харамсалтай нь, дараагийн шатанд шалгарахад хоёр оноо дутлаа. Энэ тоглолтод долоон оноогоор илүү хожсон тохиолдолд Монголын шигшээ баг дараагийн шатанд шалгарах байв. Гэвч эцсийн үр дүн 74:69-өөр өндөрлөсөн тул бид гэртээ харих болж, Индонезийн шишээ баг БНХАУ-ын багтай дараагийн шатанд өрсөлдөх боллоо.

Тоглолтын дундуур манай сагсчид санаачилгыг гартаа авч, 18 оноогоор хол тасарсан ч төгсгөлд тааруу тоглолт үзүүлээд таван оноогоор хожсон нь хангалтгүй үзүүлэлт болов.

Эхний хагаст индонезчууд дөрвөн оноогоор илүүрхсэн ч хоёрдугаар үед манай тамирчид 15 оноогоор хожсон юм. Ялангуяа Т.Санчир хоёр удаа дараалан гурваас амжилттай гүйцэтгэж, баг нь 10 оноо дараалан авч, оноогоор холдож эхэлсэн. Индонезчууд оноог ойртуулахыг хичээсэн ч энэ үеийн төгсгөл манайхны давамгайллаар өндөрлөсөн юм.

Гуравдугаар үед Монголын баг онооны тэргүүллээ улам холдуулж, 55:37 буюу 18 оноогоор тасарч эхэлсэн. Гэхдээ үеийн төгсгөлөө хийж чадсангүй. Б.Билгүүн гуравдугаар үе дуусах дөхөхөд дараалан хоёр алдаа хийж, нийт алдаа тав болсноор сэлгээнд суулаа. Түүний эзгүйд багийн хамгаалалт нурж, довтолгоо ч эзгүйрч эхэлсэн. Үр дүнд нь олон онооны зөрүүгээ хадгалж чадаагүй.

Б.Билгүүний хамгаалалт байхгүй болсноор Индонезийн америк легионер Андре Жонсонг зогсоох тоглогч манайд өөр байсангүй. Тэрбээр багтаа тун чухал дөрвөн оноог авч, багаа дараагийн шатанд шалгарахад онцгой үүрэг гүйцэтгэв. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд Т.Санчираар гурваас шидүүлсэн. Хэрвээ энэ шидэлт орсон бол Т.Санчир баатар болж, Монголын баг дараагийн шатанд шалгарах байв. Гэвч гурван хамгаалагчийн эсрэг зүтгэж шидсэн нь түүний шидэлт дутаж, довтолгооны самбараас авсан ч Б.Болдбаатар гурваас шидэхийн оронд хоёр оноо авсан. Цаг дуусахад 2.2 секунд үлдсэн үед Б.Болдбаатар ийм шийдвэр гаргасан нь багаа хөөдсөн явдал болов. Уг нь манайд хоёр бус гурван оноо л хэрэгтэй байсан юм.

Шийдвэрлэх тоглолтод Т.Санчир 28 оноо+10 самбар, 17 оноо+6 самбараар багтаа тусалж, эсрэг багаас гурван тоглогч 10-аас дээш оноо авсан үзүүлэлттэй дууслаа.

 

Эмэгтэй сагсан бөмбөгчид хасагдах шатанд Тайванийн багтай өрсөлдөнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын эсрэг хийж, 62:39-өөр ялагдлаа. Ингэснээр Монголын эмэгтэй шигшээ баг хэсэгтээ дөрөв тоглоод нэг хожиж, гурав ялагдсан үзүүлэлттэй болов.

Энэ тоглолтод манайхаас М.Булбул 11 оноо+8 самбар, Б.Өнөрзаяа 10 оноо+5 бөмбөг тасалсан ч бусад нь хангалтгүй тоглоллоо. Багаараа холын зайнаас 38 шидэж, тавыг л оруулжээ.

Тайландаас Супира Кланбут 11 оноо+9 самбар, Тидапорн Майхом 11 оноо+8 самбар авчээ.

Гэхдээ манай тамирчдын тэмцээн дуусаагүй. Тэд хасагдах шатанд Тайванийн багтай өрсөлдөх юм.

Тайванийн шигшээ баг энэ удаагийн тэмцээнд дөрөв дараалан хожиж, хэсгээ тэргүүлсэн хүчтэй баг.

Тайанчууд хэсэгтээ Казахстаныг 72:42, Солонгосын шигшээ багийг 87:85, Энэтхэгийг 84:61, Индонезийг 115:51-ээр илүүрхсэн аж. “А” хэсгийн сүүлийн тоглолт Энэтхэг – Индонезийн тоглолтын дараа хасагдах шатанд өрсөлдөх багууд эцсийн байдлаар тодорно.

 

Японы сагсан бөмбөгийн холбоо дөрвөн тоглогчоо хөөжээ

Азийн наадамд өрсөлдөж буй Японы сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг дөрвөн тоглогчоо хөөж, гэрт нь буцаасан байна. Энэ талаар өнөөдөр хэвлэлд мэдэгдсэн бөгөөд Такүяа Хасимото, Кэйта Имамүра, Юяа Нагаёоши болон Такүма Сато нарыг орон нутгийн биеэ үнэлэгчтэй нэг оройг хамт өнгөрүүлсэн хэмээн буруутгасан байна.

Японы шигшээ баг хэсгийн шатанд Катарыг 82:71-ээр буулган авсны дараа дээрх явдал болсон бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа тоглогчид хүлээжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тоглогчид шар айраг уухаар орон нутгийн бааранд очсон бөгөөд тэр үедээ эмэгтэйчүүдтэй танилцаж, “тохиролцсон” аж.

“Бидэнд заавал дагах ёстой ёс зүй гэж байдаг. Эдгээр дөрвөн тамирчин уг журмыг зөрчсөн. Тамирчид зөвхөн спортын талбарт төдийгүй олон нийтийн газарт ч биеэ зөв зохистой авч явах шаардлагатай” гэж Японы шигшээ багийг даргалж буй Ясүхиро Ямашита шийдвэрээ тайлбарласан байна.

Японы олимпийн хороо тэмцээнээс өмнө буцаж ирэх дөрвөн тоглогчийг зардлаа өөрсдөө гаргах ёстой хэмээн мэдэгдсэн аж.

Одоо Японы шигшээ баг ердөө найман тоглогчтой үлдсэн. Хэсгийн дараагийн тоглолтоо Хонконгийн багтай хийх юм. Япончууд Азийн наадамд тамирчдаа тэмцээнээс нь өмнө буцаасан түүх ганц энэ биш юм. Дөрвөн жилийн өмнө тус улсын усанд сэлэгч Нао Томита БНСУ-ын сэтгүүлчийн гар утсыг хулгайлсан хэрэгт буруутгагдаад гэртээ харьсан билээ. Үр дүнд нь Нао Томита ажлаасаа халагдаж, Японы усанд сэлэлтийн холбоо түүнийг 980 ам.доллароор торгоод, 18 сар тэмцээнд оролцохыг нь хориглосон юм.

Эмэгтэй сагсан бөмбөгчид Японы багт хожигдов

Хэсгийн эхний тоглолтод Хонконгийг 83:79-өөр хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид өнөөдөр Японы багтай хоёр дахь тоглолтоо хийлээ.

Харамсалтай нь, манай тамирчид япончуудын эсрэг юу ч хийж чадсангүй. Тоглолтын эхнээс олон удаа бөмбөгөө алдаж байсан нь нөлөөлж, улмаар Японы баг онооны давуу байдал олж авсан. Хэдийгээр тоглолтын үр дүн ойлгомжтой болсон ч хэсгээс хэдээр гарах эсэх нь онооны зөрүүнээс их зүйл шалтгаалах учир эцсээ хүртэл тэмцсэн. Гэхдээ хоёр багийн хооронд ур чадвар, ойлголцол гээд их зөрүү байлаа.

Эхний тоглолтод багаа хожилд хөтөлсөн М.Булбул энэ удаа 16 оноо авлаа. Харин бусад тоглогчдоос 10 оноо авсан хүн тодорсонгүй.

Харин Японоос дөрвөн тоглогч 10-аас дээш оноо авч, талбайд гарсан бүх тоглогчид оноо авсан аж. Япончууд тоглолтын турш 37 оновчтой дамжуулалт өгсөн бол манай баг 30 удаа бөмбөгөө алджээ.

Муратын Булбул 37 оноо авч, багаа хожилд хөтөллөө

Азийн наадмын эмэгтэйчүүдийн 5х5 төрөлд Монголын шигшээ баг эхний тоглолтоо Хонконгийн эсрэг хийж, 83:79-өөр бахдам ялалт байгуулав. Манай сагсчид тоглолтын эхнээс санаачилгыг авч, нэгдүгээр үед 22:12-оор илүүрхсэн бол хоёрдугаар үед Хонконгийн баг гаргасан алдаандаа дүгнэлт хийсэн нь илт байв. Энэ үед хоёр баг эн тэнцүү үзэж, монголчууд есөн оноогоор давамгайлсан юм.

Харин гуравдугаар үед Хонконгийн багийн хамгаалалт эрс чангарч, эсрэгээр манай тамирчид дараалан бөмбөгөө алдаж байлаа. Эхний хагаст 12 бөмбөг алдсан манай эмэгтэйчүүд богино хугацаанд гурав дараалан бөмбөгөө алдаж, нийт зургаан удаа бөмбөгөө эсрэг багт бэлэглэчихсэн. Үүний үр дүнд хонконгчууд тооны харьцааг ойртуулж, бүр тэнцүүлээд амжсан. Тооны харьцаа 58:58 болж, тун эгзэгтэй энэ үед Муратын Булбул хэрэгтэй гурван оноог авснаар багаа сэргээсэн.

Гуравдугаар үеийн төгсгөлд Баясгалангийн Солонго хурдан довтолгооны үеэр өвдгөндөө бэртэл авч, О.Баярцогт дасгалжуулагчийг багагүй сандаргасан. Хэдийгээр олон бөмбөг алдаж байсан ч эмэгтэйчүүд эсрэг багаа самбар дор илүүрхэж, хоёр дахь боломжийг цөөнгүй үүсгэсэн. Үүнд Б.Солонгын үүрэг багагүй байлаа. Тиймээс түүнийг алдвал Монголын баг тун хэцүү байдалд орох байв. Азаар түүний гэмтэл гайгүй өнгөрч, дөрөвдүгээр үед талбайд эргэн ирсэн юм.

Шийдвэрлэх дөрөвдүгээр үед дөрвөн онооны илүү эхлүүлсэн ч өнөөх л бөмбөгөө алдаж байсан нь бидэнд сөргөөр нөлөөлөв. Хонконгийн баг ч энэ боломжийг ашиглаж, дараалан дөрвөн оноо авснаар тооны харьцааг тэнцүүлсэн. Байдал хаашаа ч эргэж мэдэхээр энэ үед Б.Өнөрзаяа холын зайнаас оруулж, улмаар М.Булбул дараалан долоон оноо авснаар 10 оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Эсрэг багаас тооны харьцааг найм руу ойртуулсан ч Б.Өнөрзаяа дахин гурваас оруулж, онооны зөрүүг холдуулав. Тоглолтын төгсгөлд хонконгчууд онооны зөрүүг гурав болгон ойртуулсан ч М.Булбул хоёр дараалан холын зайн шидэлтээ оновчтой болгосноор багийнхаа ялалтыг бататгав.

Ийнхүү 38 минут талбайд өнгөрүүлсэн М.Булбул 37 оноо авч, холын зайнаас найман шидэлтээ амжилттай болгосон юм. Түүнчлэн Б.Өнөрзаяа 23 оноо, долоон оновчтой дамжуулалт, таван самбараас бөмбөг авсан бол Б.Солонго 14 оноо, 13 самбар, зургаан оновчтой дамжуулалт, таван хаалт гүйцэтгэжээ.

Эсрэг багийн лидер Ли Кван 22 оноо, По Ше Вон 16 оноогоор багаа тэргүүллээ.

 

 

 

Манай шигшээ баг хоёр дахиа хожигдов

Азийн наадмын 5х5 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд Монголын шигшээ баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо аваргаа хамгаалж буй БНСУ-ын багийн эсрэг хийж, 108:73-аар ялагдлаа. Эхний тоглолтод Тайландын багт 87:86-гаар хожигдсон манай залуусын хувь заяа наймдугаар сарын 20-нд болох Тайланд – Индонезийн тоглолтоор шийдэгдэж магадгүй юм. Учир нь тайландчууд энэ тоглолтод талбайн эзэн багийг хожвол Солонгосчуудын хамт хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болно.

БНСУ-ын багаас америк гаралтай, өнгөрсөн нэгдүгээр сард Гуулин улсын иргэншилтэй болсон Рикардо Ратлифф эхний хагаст талбайд гарч, 19 оноо, 14 самбараас бөмбөг авчээ. Түүнчлэн энэ тоглолтын турш 20 оноо авсан довтлогч Хео Ил Юн эхний үед 17 оноо авсан юм. Тэрбээр холын зайнаас зургаан удаа оновчтой довтолсон аж.

Тоглолтын эхний үе эн тэнцүү эхэлсэн. Тооны харьцаа 12:12 байхад аваргууд тоглолтын санаачилгыг гартаа авч, 14 оноо дараалан авснаар хожих үндсээ тавьсан юм. Энэ 14 онооны 12-ыг Хео Ил Юн холын зайнаас гурван удаа дараалан оруулснаар “түүсэн” билээ. Харин түүнийг сэлгээнд суух үеэр америк легионер Р.Ратлифф хоёрдугаар үед 17 оноо авч, баг нь 30:17-гоор илүүрхсэн.

Гуравдугаар үед Монголын шигшээ баг 24:23-аар давамгайлсан ч дөрөвдүгээр үед Солонгосын багийн Жён Жюн Бом холын зайнаас дөрвөн удаа оруулсан юм. БНСУ-ын шигшээ баг бүх 12 тоглогчоо ашигласан аж.

Манай тоглогчдоос ганцаараа 20-оос дээш оноо авсан хүн байсангүй. Н.Батбаяр 15 оноо авсан бол Т.Санчир 13 оноо авч, Б.Билгүүн, П.Болортулга, Б.Болдбаатар нар ижил 11 оноо авлаа.

 

 

Индонезийн эрэгтэй шигшээ баг 56 жилийн дараа Азийн наадамд өрсөлдөв

Индонезийн эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг 56 жилийн дараа Азийн наадамд эргэн ирлээ. Энэ улсын шигшээ баг 1962 оноос хойш анх удаа шар тивийн олимпод өрсөлдөж буй юм. Тэр үед Индонезийн Жакарта хотод Азийн наадам болсон билээ.

Тэд хэсгийн шатны эхний тоглолтоо дөрвөн жилийн өмнө түрүүлсэн БНСУ-ын шигшээ багтай хийсэн юм. БНСУ-ын баг өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын иргэн Рикардо Престон Ратлиффийг эгнээндээ элсүүлж, төвдөө улам хүчирхэг болсон билээ. Р.Ратлифф ч үүргээ онц гүйцэтгэж, 30 оноо, 19 самбар авсан юм. Р.Ратлифф 2012 оны NBA-гийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй. Тэр жилээ БНСУ-ын лигийн драфтад нэр дэвшиж, сонгогдсон анхны америк тоглогч болсон түүхтэй.

Индонезийн шигшээ багт ч мөн америк тоглогч бий. Тэр нь Жамарр Жонсон. Тэрбээр 2011 онд NBA-гийн драфтад нэр дэвшсэн ч сонгогдоогүй. Улмаар 2015 оноос Индонезийн лигт тоглох болсон аж.

Ж.Жонсон энэ тоглолтод 16 оноо, 8 самбараас бөмбөг авчээ.

Манай эрэгтэй шигшээ багийн дараагийн тоглолт наймдугаар сарын 16-нд 17:00 цагаас БНСУ-ын эсрэг тоглоно. Харин Индонезийн баг наймдугаар сарын 20-нд 19:30 цагаас Тайландтай өрсөлдөх юм.

Сагсан бөмбөгчид эхний тоглолтод хожигдов

Азийн наадам 2018-ын Монголын шигшээ багийн салхийг хагалж, сагсан бөмбөгийн 5х5 төрөлд Монгол – Тайландын баг “А” хэсгийн эхний тоглолт хийлээ.

Энэ хэсэгт шар тивийн чансааг тэргүүлж буй БНСУ болон Индонезийн шигшээ багтай хамт орсон тул манайд ялалт тун чухал байсан юм.

Үзүүлэлт: 

Монгол: Т.Санчир 25 он+13 сам+5 б-тас, Б.Билгүүн 24 он+10 сам, Д.Мөнхтүвшин 13 он+5 сам

Тайланд: Клахан Патипан 18 он+10 сам, Ананти Читчай 13 он+7 он дам, Суктуб Таватчи 11 он+

Харамсалтай нь, манай сагсчид энэ зорилгодоо хүрч чадсангүй. Эхний үед манай тамирчид тун муу хамгаалж, эсрэгээр Тайландын баг шидэлт сайтай байсан бол хоёрдугаар үед манай довтолгоо байндаа тусч, тооны зөрүүг хоёр болгож ойртуулсан юм. Харамсалтай нь гуравдугаар үеэс давуу байдлаа алдаж, улмаар тоглолт шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн дунд хэсэгт 10-аад оноогоор хожигдож байлаа.

Гэхдээ сүүлийн хэдэн минутад бид боломжоо ашиглан, оноог нөхөж байлаа. Харамсалтай нь, Н.Батбаярын сүүлийн гурваас шидсэн шидэлт орсонгүй. Хэрвээ энэ шидэлт орсон бол Монголын баг ялах байлаа.