АНУ-ын боловсролын шинэ сайд Лэброн Жэймс

NBA-гийн “Лос Анжелес Лэйкерс” багийн супер од Лэброн Жэймсийг АНУ-ын боловсролын сайд болгох хүсэлтэй хүний тоо 26 мянгад хүрчээ. Анхны зорилго нь 25 мянган хүний гарын үсэг цуглуулах байсан нь ч 24 цагийн дотор нэгдсэн улсын 11 дэх боловсролын сайд Бетси Девосыг сольж, Л.Жэймс болгох хүсэлтэй хүний тоо өссөн аж.

Гэхдээ ийм хүсэлт гаргасан хүмүүсийн мөрөөдлөөр улс төрийн том албан тушаалтанг суудлаас нь буулгаж дөнгөхгүй. Нөгөө талаас Л.Жэймс нийгэмд хэрэгтэй зүйл хийсэнд иргэд нь талархаж байгаагийн нэг хэлбэр гэж хэлж болно.

Сүүлийн нэг 1.6 жилийн хугацаанд АНУ-ын боловсролын сайдаар ажилласан Бетси Девосыг сайд болгохыг дэмжих сенатын санал асуулгад 50-50-аар тэнцэж, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн саналаар ажлаа хүлээж авсан түүхтэй. Энэ нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болж байв.

АНУ-ын боловсролын сайдыг солихыг хүсвэл Ерөнхийлөгч тушаал гаргаж, сенатад хүсэлт тавих ёстой. Гэхдээ өнөөгийн төрийн тэргүүн Доналд Трамп Л.Жэймстай таарамжгүй харилцаатай байдаг. Д.Трампын бодлогыг шүүмжилж, өмнөх ерөнхийлөгч Барак Обамаг магтсаных нь төлөө Д.Трамп түүнийг твиттерээр “Тэнэг хүн” хэмээн нэрлэсэн удаатай. Л.Жэймс энэ жиргээнд нь албан ёсоор хариулт өгөөгүй ч түүнийг өмөөрсөн хүн тэргүүн хадагтайгаас өгсүүлээд олон бий.

Лэброн Жэймсийн өнгөрсөн сарын 30-нд төрөлх Акрон хотод бага сургуулиа нээсэн. Энэ сургуульд амьдрал нь тун хүнд амьдралтай 240 хүүхдэд боловсрол олгох юм.

Түүний сургуулиас хүүхдүүд:

  • Үнэ төлбөргүй сургалт
  • Үнэ төлбөргүй дүрэмт хувцас
  • Үнэгүй өглөөний болон өдрийн хоол
  • Сургуулиас хоёр милийн зайтай бол үнэгүй хүргэнэ
  • Сурагчдад үнэ төлбөргүй дугуй болон хамгаалалтын малгай өгнө
  • Сурагчдын гэр бүлийг хоол хүнсээр хангах
  • Сурагчдын эцэг эхэд ажил олж хийхэд туслах
  • Акроны их сургуультай нягт холбоотой ажиллаж, цаашид төлбөрийн хөнгөлттэй үнээр дээд сургуульд суралцах боломжийг хангана.

Одоогоор зөвхөн гурав болон дөрөвдүгээр ангид суралцах хүүхдүүдийг бүртгэж авсан бөгөөд 2022 он гэхэд наймдугаар анги хүртэл боловсрол олгохоор төлөвлөгөө гаргажээ.

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *