Таамаг: NBA-ийн энэ улирлын шагналтнууд

NBA-ийн 2017-18 оны улирал дуусав. Энэ удаагийн улирлын шилдгүүдэд олгодог уламжлалт шагналыг олгох ёслолын ажиллагаа зургадугаар сарын 25-нд болно. Уламжлал ёсоор улирлын шилдэг тоглогч, оны шилдэг шинэ тоглогч, шилдэг хамгаалагч, онцлох нөөц тоглогч, хамгийн их сайжирсан тоглогч болон дасгалжуулагчийн шагналыг гардуулна. Мөн арын албаны шилдэг удирдагч, шилдэг багийн тоглогч зэрэг бусад шагналын эзнийг ч тодруулах болно.

Ингээд манай сайтын зүгээс оны шилдгүүдийн талаарх таамаг дэвшүүлэв.

Улирлын үнэ цэнэтэй тоглогч: Жэймс Харден

“Хьюстон Рокетс” энэ улиралд 65 ялалт байгуулж, энэ улирлын Пуужингууд ийм амжилт үзүүлсэн 21 дэх баг болсон юм. Баг нь бүсээ тэргүүлээд зогсохгүй энэ улиралд 60 ба түүнээс дээш хожил авсан цор ганц баг болов. Пуужингууд түүхэндээ анх удаа улиралд 60 хожил авч, анх удаа бүсээ тэргүүлэв. Ж.Харден энэ улиралд 30.4 оноо дунджилж, анх удаа онооны аваргаар тодорчээ. Үүгээр ч зогсохгүй нэг улиралд 8.8 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн нь Рассел Уэйстбрук, Леброн Жэймс нарын дараа орох үзүүлэлт. Мөн лигийн түүхэнд анх удаа 60 оноотой трипл дабл гүйцэтгэж, багийнхаа түүхэнд нэг тоглолтод 60 оноо авсан анхны тоглогч болсон билээ.

Тэр сүүлийн хоёр улиралд дараалан үнэ цэнэтэй тоглогчийн санал асуулгад хоёрдугаар байр эзэлсэн.

Өрсөлдөгч: Леброн Жэймс

Шилдэг хамгаалан тоглогч: Руди Гоберт

Р.Гоберт энэ улирлын 26 тоглолтыг гэмтлийн улмаас өнжсөн. Гэхдээ түүний бэртэл багт Гобертын орон зай хэр чухал болохыг харуулсан үйл явдал болов. Зүүн өвдөгний гэмтлийн улмаас хэсэг тоглоогүй үед “Юта Жазз” хасагдах шатанд оролцох эсэх нь эргэлзээтэй байлаа. Харин нэгдүгээр сарын 19-нд эргэн ирснээр багийнх нь хамгаалалт эрс сайжирч, тус үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдэх болсон юм. Түүний хана мэт хамгаалалтын ачаар багийнх нь амжилт ч сайжирч, хасагдах шатанд өрсөлдөх боломжтой болсон билээ. Р.Гобертийг бэртлээс эргэн ирсэнээс хойш “Юта Жазз” 100 довтолгоо тутамд 97.5 оноо алдаж, 30 хожиж, 8 ялагдсан.

Өрсөлдөгч: Жоэль Эмбийд

Шилдэг шинэ тоглогч: Бэн Симмонс

Шинэ тоглогч анхны улиралдаа 20 оноо дунджилсан тохиолдол энэ жилийн “Юта Жазз”-ын хамгаалагч Донован Митчеллийг оролцуулаад 47 удаа бүртгэгджээ. Д.Митчелл 20.5 оноо дунджилсан үзүүлэлтээр энэ жагсаалтын 39-д бичигдсэн. Түүний ард Кевин Дюрант, Жоэль Эмбийд, Тайрек Еванс нарын өдгөө тоглож буй тамирчид багтсан бол урд нь Леброн Жэймс, Кармело Энтони, Блэйк Гриффин нар бичигдэж буй. Харин Бэн Симмонс шиг 15 оноо, 8 самбар, 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн хүн Оскар Робертсоноос өөр үгүй. Б.Симмонс нэг тоглолтод 54.1 хувьтай шиддэг бол Д.Митчелл 43.7 хувь, “Филадельфи 76” баг өнгөрсөн улиралд 28 хожсон бол энэ жил 52 ялалт байгуулсан, Б.Симмонс талбай дээрх хамгаалалтын үзүүлэлтээр лигт 47-д жагсдаг бол Митчеллийн энэ үзүүлэлт 229-д бичигддэг гээд шилдэг шинэ тоглогчид өрсөлдөгч хоёрыг харьцуулбал багагүй ялгаа гарна.

Өрсөлдөгч: Донован Митчелл

Амжилт нь ахисан тоглогч: Виктор Оладипо

Энэ улиралд хамгийн хол тэсрэлт хийсэн тоглогч яах аргагүй Виктор Оладипо. “Индиана” гол лидер Пол Жоржийг В.Оладипо болон Домантас Сабонисоор солилцоо хийсэн нь аргагүй л нүдээ олсон нүүдэл байв. Гэхдээ энэ солилцоог хийх үеэр ингэж итгэлтэй хэлэх хүн тун ховор байлаа. Лидер тоглогчоо шинэ төвийн тоглогч, үнэ нь хэт хөөрөгдсөн багийн тоглогчоор солилцоо хийсэн учир хүн бүр “Индиана”-г уналтад орох баг гэж үнэлсэн хэрэг.

84 сая ам.долларын цалин авах хэрнээ Оладипо “Оклахома Сити Тандер”-т ердөө 15.9 оноо, 4.3 самбар, 2.6 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн нэгэн байлаа. Харин бүтэн жилийн дараа 23.1 оноо, 5.2 самбар, 4.3 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, 2.4 бөмбөг “булаасан” үзүүлэлтээр лигийг тэргүүлсэн юм.

Өрсөлдөгч: Андре Драммонд

Шилдэг зургаа дахь тоглогч: Луис Уильямс

Шилдэг зургаа дахь тоглогчийн шагнал гардсан 35 тохиолдлын 34 нь Луи Уильямсаас бага оноо авсан юм. 1989-90 онд Рики Пирс сэлгээнээс 23 оноо авсан улиралдаа шилдэг зургаа дахь тоглогчийн шагнал хүртэж байв. “Лос Анжелес Клипперс”-ийн зургаа дахь тоглогч Луи Уильямс 79 тоглолтын 19-д нь гараанд гарч, 22.6 оноо дунджилсан. Түүний хувьд энэ шагналыг авбал хоёр дахиа авсан цөөхөн тоглогчийн нэг болно.

Өрсөлдөгч: Эрик Гордон

Шилдэг дасгалжуулагч: Дуэйн Кэйси

Өнгөрсөн зун гол тоглогч Гордон Хэйвардыг алдсан ч Куин Снайдер “Юта Жазз”-ыг хасагдах шатанд шалгаруулж, лидер довтлогч Кави Леонард нь улирлын ердөө 9 тоглолтод оролцсон ч “Сан Антонио Спэрс”-ийн өвгөн мастер Грегг Попович 21 жил тасралтгүй аваргын цомын төлөө дайрч, Терри Стоттс “Портлэнд”-ийг Зэрлэг өрнөдийн эхний гурваар тодруулж, Брэд Стивенс лидер тоглогчид нь эзгүй ч багаа уналтад оруулалгүй авч явсан гээд энэ жил шилдэг дасгалжуулагчийн өрсөлдөөнд нэгдэх хүн маш олон бий. Үүн дээр “Филадельфи”-г хасагдах шатанд шалгаруулсан Брэтт Браун, “Хьюстон”-ыг түүхэн амжилт руу хөтөлсөн Майк Д’Энтони гээд цуварч өгнө.

Гэхдээ багаа бүтэн улирлын турш тэгш тоглуулсан хүн бол Дуэйн Кэйси. Түүний багт өөлөх зүйл тун ховор. “Рэпторс”-ын нийт довтолгооны 70 орчим хувь нь гурав болон холын зайн шидэлтээр явагдаж, лигт хамгийн олон гарааны тавт ашигласан багийн жагсаалтад хоёрдугаарт бичигдэж буй.

Өрсөлдөгч: Майк Д’Энтони

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *