Category: Сагсан бөмбөг

NBA: Энес Кантер Лондонд тоглохоос айж байна

“Нью Йорк Никс” багийн төвийн тоглогч Энес Кантер Английн Лондонд болох багийнхаа тоглолтод оролцохгүй.

Энэ сарын 17-нд “Нью Йорк Никс”, “Вашингтон Визардс” багууд Английн Лондонд улирлын тоглолтоо хийнэ. Тэгвэл “Никс”-ийн төвийн тоглогч Энес Кантер уг тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Шалтгаан нь улс төр. Тэрбээр Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы бодлогод сэтгэл дундуур явдаг билээ. Энэ талаар цахимаар шүүмжилсэн бөгөөд үр дүнд нь түүний бичиг баримтыг нь хүчингүй болгож, Засгийн газрын эсрэг гэмт хэрэгтэн хэмээн цоллосон юм.

Энэ талаар Э.Кантер “АНУ эсвэл Канадаас өөр газар тогловол Т.Эрдоганы тагнуулчид намайг хялбархан алах байх. Тиймээс Лондонд очихыг хүсэхгүй байна” гэж ярьсан юм. Харин багийн зүгээс визний асуудалтай байх тул Э.Кантер хил давах боломжгүй гэж мэдэгджээ.

Э.Кантер Засгийн газрын бодлогыг ил тод шүүмжлээд асуудалд орсон. Өнгөрсөн жил түүний эцэг Мэхмэтийг террорист бүлэглэлтэй холбоотой хэмээн баривчилсан юм. Харин иргэн байх эрхээ эдэлж чадаагүй Э.Кантер АНУ-ын иргэншилтэй болох хүсэлт өгсөн билээ.

NBA: Рэжон Рондо 1 сар тоглохгүй

“Лос Анжелес Лэйкерс” багийн холбогч Рэжон Рондо гарандаа хагалгаа хийлгэх болсноор бүтэн сар тоглохгүй болжээ.

Р.Рондо баруун гарынхаа ядам хуруундаа хагалгаа хийлгэснээр 4-5 долоо хоног талбайд гарахгүй болжээ.

Ингэснээр тэр энэ улиралд баруун гарандаа хоёр дахь удаагаа хагалгаа хийлгэж байна. Р.Рондо өмнөх бэртлээсээ эргэн ирээд удалгүй Зул сарын баярын тоглолтод хуруугаа гэмтээсэн юм.

“Лэйкерс” багийн гэмтлийн бараан мэдээ үүгээр дуусахгүй. Лидер Леброн Жэймс мөн цавиндаа бэртэл авснаар тодорхойгүй хугацаагаар талбайд тоглохгүй болсон юм.

NBA: Майкл Жорданы баримтат кино 10 цаг үргэлжилнэ

Домогт Майкл Жорданы ид үеийн тухай өгүүлсэн цоо шинэ баримтат киног 2020 онд олон нийтэд хүргэх юм.

“The Last Dance” буюу “Сүүлийн бүжиг” нэртэй баримтат кино 10 ангитай буюу 10 цаг үргэлжлэх аж. Netflix болон ESPN-ий хамтын бүтээл, уг киноны анхны трэйлерийг цахим сүлжээнд байрлуулжээ.

Кинонд өмнө нь олны хүртээл болоогүй бичлэг ашигласан, 1990-ээд оны “Чикаго Буллз” багийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. Уг киноны продюсер нь “Радио”, “Дасгалжуулагч Картер” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ олны танил болсон Майкл Толлин, харин найруулагчаар ESPN-ий “30 for 30” цувралын гурван ангийг найруулсан Жэйсон Хейр ажилласан аж.

3Х3: U18 хүртэлх насны ДАШТ-д оролцох багууд тодорлоо

2019 оны зургадугаар сарын 3-7-нд манай улсын нийслэл Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны өсвөрийн ДАШТ болно.

Энэ тэмцээнд оролцох чансаагаар тэргүүлсэн 20 багийн нэрс тодорлоо. Аргентинийн Буэнос Айрес хотод болсон өсвөрийн олимпод хөвгүүдийн ангилалд түрүүлсэн Аргентинийн шигшээ баг болон охидын ангилалд тэргүүлсэн АНУ-ын багууд ДАШТ-д оролцох эрхээ авсан юм. Манай улс зохион байгуулагч орон тул эрэгтэй, эмэгтэй ангилалд багаа бэлдэж байгаа бол АНУ-ын хөвгүүд чансаагаар эрх авснаар 2015 оноос хойш анх удаа тус тэмцээний хоёр ангилалд хоёуланд нь эрх авлаа. 

Зохион байгуулагч Монгол, давхар эрх авсан АНУ-аас гадна БНХАУ, Румын, ОХУ болон Украин зэрэг нийт зургаан орон хоёуланд нь багаа илгээх аж.

Филиппиний охидын баг түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцох эрх авчээ. 

Эрх авсан багууд:

Эрэгтэй: Аргентин (олимпийн аварга), Беларусь, Бразил, БНХАУ, Доминикан, Эстони, Гүрж, Итали, Йордан, Казахстан, Кыргызстан, Латви, Монгол (зохион байгуулагч), Румын, ОХУ, Словен, Турк, Туркменистан, Украин, АНУ.

Эмэгтэй: Бельги, БНХАУ, Чех, Египет, Франц, Унгар, Индонез, Япон, Мексик, Монгол (зохион байгуулагч), Нидерланд, Шинэ Зеланд, Филиппин, Польш, Румын, ОХУ, Шри Ланк, Швейцарь, Украин, АНУ (олимпийн аварга)

FIBA: Хуульч Андреас Загклис ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны хуул зүйн албаны захирал Андреас Загклис өнгөрсөн Залуучуудын олимпийн үеэр нас барсан Патрик Бауманны оронд ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо.

Өдгөө 38 настай Андреас Загклис 2016 оноос хууль зүйн албаны дарга, холбооны хууль хариуцсан ерөнхий зөвлөхөөр ажиллаж байна. Гэхдээ сүүлийн есөн жилийн хугацаанд холбоонд янз бүрийн албан тушаал хашиж байсан аж.

Өнгөрсөн аравдугаар сарын 13-нд Аргентиний Буэнос Айрес хотод болсон Залуучуудын олимпийн үеэр ерөнхий нарийн бичгийн даргаар 16 жил ажилласан Патрик Бауманны зүрх нь ажиллагаагүй болж, өөд болсон юм. Андреас цаашид П.Бауманны хийж байсан бүх үйл ажиллагааг үргэлжлүүлэх бодлого барихаа амлажээ.

Андреас Загклис

Залуудаа сагсан бөмбөгчин байсан Андреас Загклис Грект дасгалжуулагчийн сургалтад суусан. Тэрбээр таван хэлээр ярьдаг аж. Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд орохоосоо өмнө 2004-2008 онд гурван олимпод Спортын арбитрын шүүхэд туслах хуульчаар ажиллаж байв.

NBA: Жимми батлерын талаар тоон хэлээр

NBA-гийн хамгийн халуун сэдэв нь Жимми Батлер болоод байна. “Миннесота” багаас явах хүсэлтээ өгөөд хоёр сар гаруйн дараа “Филадельфи”-д ирсэн түүнийг шинэ багтаа хэрхэн тоглох нь олон асуултын нэг нь болоод буй. Тэр “Филадельфи”-г Дорнод бүсийн шилдгүүдийн эгнээнд оруулж чадах уу, Ирэх зун гэрээгээ дуусгаад сунгах уу, явах уу гэх мэтээр олон асуулт түүнийг дагаж байна.

Ингээд Жимми Батлерын талаар тоон баримт болон зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.

ТООН БАРИМТ:


  • Жимми Батлер сүүлийн таван улирал дараалан хамгийн багадаа 20.0 оноо, 5.0 самбар, 3.0 дамжуулалт, 1.5 “хулгай” хийсэн юм. 2014-15 оны улирлаас хойш энэ үзүүлэлтийг жил бүр дунджилсан 2 тоглогч бий. Нөгөө нь Рассел Уэйстбрук.
  • 2014-15 оны улирлаас хойш талбайд өнгөрүүлж буй дундаж минутаар түүний урд зогсох хүн байхгүй. Тэрбээр дунджаар 37.3 минут талбайд тоглож буй. Жэймс Харден (36.7), Леброн Жэймс (36.6) нар түүний ард бичигддэг.
  • Сүүлийн таван улирлын үзүүлэлтээр Ж.Батлер хамгийн бага бөмбөгөө алддаг тоглогч нарын нэг. 48 минутад дунджаар 1.7 бөмбөгөө алдсан үзүүлэлтээр 12-т бичигдэж байгаа аж. Харин замналынхаа турш багадаа 35 минут дунджлаад 48 минутад 1.6 бөмбөгөө алдсан үзүүлэлтээр бүх үеийн зургаад жагсдаг юм. Түүний урд Хорас Грант, Керри Киттлес, Уэйсли Мэтьюс, Майкл Финлей, Пежа Стоякович нар бий.
  • Ж.Батлер замналынхаа турш 468 тоглолтод оролцоод 7,728 оноо, 723 булаалт, 2,287 самбар, 1,585 дамжуулалт. Нийт 468 тоглолтод 7,500 оноо, 700 булаалт, 2,200 самбар, 1,500 дамжуулалт хийсэн NBA-гийн 16 тоглогчийн нэг. Түүнээс өмнө “Шидэт” Жонсон, Клайд Дрекслер, Пол Пирс, Дуэйн Уэйд, Скотти Пиппен, Майкл Жордан, Чарлес Баркли, Леброн Жэймс болон Рассел Уэйстбрук гэсэн шилдгүүд ийм үзүүлэлтэд хүрч байв.
  • Түүнчлэн Ж.Батлер 2014-15 оны улирлаас хойш 171 удаа 20+ оноо авчээ. Энэ үзүүлэлтээр NBA-д 14-т, харин ижил байрлалын тоглогчдоос есдүгээрт жагсаж буй. 2014 оноос хойш 20 оноо, 5 самбарыг 119 тоглолтод гүйцэтгэсэн. Уг үзүүлэлтээр мөн 9-д бичигдэнэ.

БУСАД БАРИМТ:

  1. Ж.Батлер энэ улирлын дараа чөлөөт агент болно. Тэрбээр өнгөрсөн зун “Миннесота”-гийн санал болгосон 4 жилийн 110 сая “ногоон”-ы гэрээнээс татгалзсан. Хэрвээ “Филадельфи” түүнд макс гэрээ санал болговол таван жилийн 190 сая байх болно.
  2. Тэйлор Жуниор коллежид нэг жил сурсан Ж.Батлер “Marquette University”-д гурван жил тоглосон.
  3. Түүний бага нас тун хэцүү өнгөрсөн. 13 настай хүүгээ ээж нь гэрээсээ хөөж байв.
  4. Ахлах сургуульд орох үед орон гэргүй байсан түүнийг нэг багийн хамтрагч Жордан Леслигийн ээж Мишель Ламберт өргөж авсан аж. Ж.Лесли хожим америк хөлбөмбөгөөр хичээллэсэн ч NFL-д орж чадаагүй.
  5. Ж.Батлерын солилцоо АНУ-ын цагаар даваа гаригт албан ёсоор баталгаажих юм. Ингэснээр “Орландо”-гийн эсрэг эхний тоглолтоо хийх боломжтой. Харин гэртээ хийх эхний тоглолт “Юта Жазз”-ын эсрэг АНУ-ын цагаар баасан гаригт байх болно. Тус тоглолтын тасалбар хэдийнэ бүгд борлогдсон байна.
  6. Өнгөрсөн аравдугаар сард Ж.Батлер багаасаа явах хүсэлт өгсний дараа “Хьюстон Рокитс” драфтын дөрвөн эрх, гэмтэлтэй хоёр тоглогч (Маркуис Крисс, Брэндон Найт) солилцох санал тавьсан. “Майами Хит” бас түүнийг сонирхож байв.
  7. Жимми Батлерын карьерийн хамгийн өндөр оноо 53. Тэрбээр 2016 оны нэгдүгээр сарын 14-нд “Чикаго Буллз”-ын тоглогч байхдаа “Филадельфи 76”-гийн эсрэг ийн “галзуурч” байв. Тухайн үед “76” багийн гараанд Ник Стаускас, Иш Смит, Жалил Окафор, ЖаКарр Сэмпсон, Карл Лэндри нар багтаж байлаа.

Дуулиан: Жимми Батлер “Филадельфи 76”-г зорилоо

NBA-гийн ертөнцөд томоохон солилцоо боллоо. Аль зунаас л багийнхантайгаа таарамжгүй харилцаатай болсон гэгдэх Жимми Батлер “Филадельфи”-г зорьж, түүний оронд Роберт Ковингтон, Дарио Шарич нар Өмнөд бүсийн тоглогчид болов.


Филадельфи 76:

  • Роберт Ковингтон, Дарио Шарич, Жэррид Бэйлисс, 2022 оны драфтын хоёрдугаар тойргийн эрх

Миннесота Тимбэрволвес:

  • Жимми Батлер, Жастин Паттон

Эх сурвалжийн мэдээлснээр Жимми Батлер “Филадельфи 76”-гийн удирдлагуудад энэ зун чөлөөт агент болсон ч олон жилийн гэрээ байгуулах амлалт өгснөөр солилцоог хийхээр болсон бололтой.

Ж.Батлер энэ зун багаасаа явах хүсэлтээ өгсөн. Гэвч “Миннесота”-гийн дасгалжуулагч Том Тибадеу гол тоглогчоо явуулах хүсэлгүй байсан юм. Эцэст нь багийн эзэн Глэн Тэйлор багт сэтгэлгүй тоглогчийг явуулах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн тул Том ганцаардсан бололтой. Үүнээс гадна Ж.Батлер багийн ирээдүй Карл-Энтони Тоунстай харилцаа муудсан юм.

 

Дэлхийн хотуудын спортын наадам Лос-анжелест болно

АНУ-ын Лос-Анжелес хотод 2019 ба 2021 онд Дэлхийн хотуудын спортын наадмыг зохион байгуулахаар болжээ. 

Унгарын Будапешт хотод болсон Олон улсын спортын холбоодын хурлаар ийм шийдвэр гаргалаа. Энэ эрхийн төлөө дөрвөн хот нэр дэвшсэн ч 2028 оны зуны олимпийг эх орондоо хүлээн авахаар болсон Лос Анжелес хот ялалт байгуулсан юм.

Анх удаа зохион байгуулагдаж буй тус наадамд хотын спортын долоон төрлөөр 700 гаруй тамирчин хурд, хүчээ сорих аж.

Хотын спортын наадмын хөтөлбөрт 3х3 сагсан бөмбөг, BMX спорт дугуйн тэмцээн, спорт авиралт, брейк бүжиг, скейтборд, дугуйт тэшүүр зэрэг спортын төрлүүд багтсан юм.

Parkour буюу хөдөлгөөний спорт

Одоогийн байдлаар яг хэзээ энэ наадам болох нь тодорхойгүй байгаа ч 2019 оны есдүгээр сард болно гэж таамаглаж байгаа. Түүнчлэн тус наадам 5-7 хоногийн турш үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

 

18 хүртэлх насны ДАШТ-ийг Монголд зохион байгуулна

18 хүртэлх насны өсвөрийн ДАШТ 2019 оны зургадугаар сард манай улсад зохион байгуулахаар боллоо. 2011 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдох болсон тус тэмцээн энэ онд “Буэнос Айрес 2018” залуучуудын олимпийн жил таарсан тул өнжсөн юм. Өмнө нь Италийн Римини (2011), Испанийн Алькобендас (2012), Индонезийн Жакарта (2013), Унгарын Дебрецен (2015), Казахстаны Астана (2016), БНХАУ-ын Ченду (2017) хотод болж байв.

Манай улсын өсвөрийн шигшээ баг ДАШТ-д оролцож байгаагүй. Харин 2019 онд анх удаа нутагтаа зохион байгуулж, анхны гараагаа эхлүүлэх нь тодорхой болов.

Өсвөрийн ДАШТ-д эрэгтэй 20, эмэгтэй 20 баг өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүдийн цагариг руу довтлох тэмцээн, эмэгтэйчүүдийн ур чадварын тэмцээн, холимог багийн шидэлтийн тэмцээн зэрэг болох юм.

Тус тэмцээнд энэ сарын 1-нд гэхэд чансаагаар эхний 20-д багтсан багууд өрсөлдөх эрх авна. Одоогоор Монголын эрэгтэй шигшээ баг чансаагаар есдүгээрт, эмэгтэй шигшээ баг чансаагаар 12 дугаарт бичигдэж байна.

Эх сурвалж: FIBA хуудас

 

NBA: Деррик Рөүзийн 50 онооны тухай 5 баримт

NBA-гийн түүхэнд хамгийн залуудаа улирлын үнэ цэнэ тоглогчоор тодорч байсан Деррик Рөүз буцаж ирлээ. “Миннесота Тимбэрволвес”-ийн сэлгээнээс талбайд гарч буй Д.Рөүз 2010-11 оны улиралд MVP болсон түүхтэй. Харин олон жилийн дараа тэр “Юта Жазз”-ын эсрэг 50 оноо авч, баг нь өрсөлдөгчөө 128:125-аар буулган авсан юм.

Д.Рөүз 2011 оны тавдугаар сарын 6-нд 44 оноо авч, хувийн дээд амжилтаа тогтоосон бол энэ амжилтаа зургаагаар ахиулж, анх удаа 50 оноо авсан аж.

Ингээд түүний 50 онооны тухай таван товч баримтыг хүргэе.

  1. Деррик Рөүз хамгийн багадаа 30 оноо авсан нь 2017 оны нэгдүгээр сарын 18-наас хойш анхны тохиолдол юм.
  2. Түүнчлэн 30-аас их оноо авсан нь 2015 оны арванхоёрдугаар сарын 18-наас хойш анхных болжээ.
  3. “Миннесота Тимбэрволвес”-ийн хувьд нэг тоглолтод 50 оноо авсан тав дахь тоглогч. Өнгөрсөн онд Карл-Энтони Тоунс 56 оноо авч, багийнхаа дээд амжилтыг тогтоосон. Тэрчлэн “Halloween” буюу “Сүнсний баяр”-аар 50 оноо авсан дөрөв дэх тоглогч. Хамгийн сүүлд 2015 оны Сүнсний баярын өдөр Стеф Карри 53 оноо авч байв.
  • Карл-Энтони Тоунс – 56 оноо
  • Мо Уильямс – 52 оноо
  • Корей Бреуер – 51 оноо
  • Кевин Лоув – 51 оноо

Жич: К.Тоунс, К.Гарнетт, А.Уиггинс нар тус бүр нэг удаа 47 оноог авч байв.

  1. Д.Рөүз энэ улиралд 50 оноо авсан дөрөв дэх тоглогч боллоо. Хамгийн анх Блэйк Гриффин 50 оноо бичүүлж, хувийн дээд амжилтаа шинэчилсэн бол маргааш нь Стеф Карри гурван үед л 51 оноо авсан билээ. Харин хэдхэн хоногийн өмнө Клэй Томпсон 52 оноо авч, тус тоглолтод 14 удаа холын зайн шидэлтээ оруулснаар рекорд тогтоосон юм.
  2. Хэдийгээр Д.Рөүз 50 оноо авсан ч “Юта Жазз”-ын оноог тэнцүүлэх гэсэн холын шидэлтэд хаалт гүйцэтгэж, багтаа тус болсон юм.



Патрик Бауманн зүрхний шигдээсээр өөд болжээ

Сагсан бөмбөгийн ертөнцөд том гарз учирч, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ноён Патрик Бауманн Аргентинийн Буэнос-Айрес дахь зочид буудлынхаа өрөөнд өөд болжээ. Аргентинийн нийслэлд Залуучуудын гуравдугаар олимп болж байгаатай холбогдуулан спортын зүтгэлтнүүд цуглараад байсан юм.

Олон улсын олимпийн хорооны гишүүн, Томас Бахын дараа Олон улсын олимпийн хорооны тэргүүнээр сонгогдох магадлалтай хүний тоонд орж байсан П.Бауманн 51 насандаа бурхны оронд одов.

Талийгаач 51 настай байсан юм

Швейцарийн иргэн П.Бауманн идэр залуудаа сагсан бөмбөгийн тоглогч, дараа нь шүүгч, дасгалжуулагч болсон юм. Харин 1994 оноос Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд зүтгэж эхлэснээр спортын зүтгэлтний гараагаа эхлүүлсэн. Улмаар Олон улсын олимпийн хорооны гишүүн болж, Олон улсын спортын холбоодын тэргүүнээр ажиллаж байлаа.

Тэрбээр сүүлийн үед хурдацтай хөгжиж буй 3х3 сагсан бөмбөгийг ихэд дэмжиж, “Нанжин 2014” залуучуудын олимпод багтахад их үүрэг гүйцэтгэсэн юм.

П.Бауманн 3х3 сагсан бөмбөгийг идэвхтэй дэмжигч байв

Талийгаач сагсан бөмбөгийн холбооны генсикээр 2002 оноос хойш ажилласан. Харин 2007 онд Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдсон юм.

Тэрбээр “Лозанн 2020” Залуучуудын өвлийн гуравдугаар олимпийн зохион байгуулах хорооны дарга, “Лос-Анжелес 2028” зуны олимпийн зохицуулах хорооны тэргүүнээр ажиллаж байлаа.

Эрэгтэй баг хэсгээсээ шалгарсангүй

3х3 сагсан бөмбөгийн U23 хүртэлх насны залуучуудын ДАШТ урд хөршийн Шиань хотод болж буй. Анх удаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монголын эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг өрсөлдсөн юм.

Эрэгтэй шигшээ баг хэсэгтээ Латви, Унгар, Эстони, Индонезтай цуг “A” хэсэгт багтсан. Харамсалтай нь, хэсэгтээ нэг хожиж, гурав дийлдсэн үзүүлэлтээр дөрөвдүгээр байр эзэлснээр тэмцээнээ өндөрлөв.

Залуучуудын шигшээ багт А.Сүхбат, О.Эрдэнэцогт, О.Энхбаатар, П.Мөнх-Оргил нар багтсан. Тэд эхлээд Латвийн багт 14:21, Унгарын шигшээд 12:15-аар ялагдаж, Эстонийг 22:14-өөр буулган авсан ч Индонезийн багт 17:21-ээр ялагдсан юм.

Одоогийн байдлаар хасагдах шатанд Латви, Словентой, БНХАУ-ын баг Унгарын шигшээтэй өрсөлдөхөөр оноолт таарчээ. Харин Д болон Б хэсгийн сүүлийн тоглолтууд хараахан дуусаагүй байна.