Tag: 3х3 сагсан бөмбөг

Хаан банк 21 аймагт 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулан хүлээлгэж өгнө

Монголчууд энэ жил түүхэндээ анх удаа олимпод багийн спортоор, тэр тусмаа 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцсон нь тун онцлог байлаа. Хэдийгээр онцгой амжилт үзүүлж чадаагүй ч тамирчид маань дэлхийн шилдгүүдээс дутахгүй өрсөлдөхөө харуулж, түүхэн хуудас бичсэн том үйл явдал болсон билээ. Тэгвэл Монгол орон даяар салбар нэгжтэй ХААН Банк түүхт 30 жилийнхээ ойгоор хүүхэд залууст бэлэг барьж, 21 аймаг болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай дүүрэгт 3×3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулж өгөхөөр ажлаа эхлүүлээд байна.

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд соёл урлаг, спортын салбарынхныг тууштай дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нь дэмжих, цаашлаад их спортын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгах ирээдүйн аваргуудыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор ийнхүү улсын хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд буй юм.

Энэ ажлын салхийг хагалж, эхний 3×3 сагсан бөмбөгийн стандарт талбайг Төв аймагт байгуулан, хичээлийн шинэ жилийн өмнө хүүхэд залууст бэлэг барихаар шаргуу ажиллаж байна. Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Алтанхуяг “ХААН Банкнаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэ сайхан ажлын эхлэл Төв аймгаас түүчээлж, ашиглалтад орж байгаад баяртай байна. 3×3 сагсан бөмбөгийн спорт манайд хөгжөөд төдий л удаагүй, залуу төрөл гэж хэлж болно. Гэхдээ “Токио-2020” олимпын наадамд манай баг тамирчид амжилттай оролцсонтой холбоотойгоор спортыг сонирхох хүүхэд залуусын тоо ч нэмэгдэж байна. Яг энэ цаг үед стандарт талбайг ийнхүү байгуулж байгаа нь зуунмодчуудын хувьд чухал үйл явдал юм. Манай аймгийн тамирчид 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр залуучуудын ДАШТ-д оролцож байсан. Мөн энэ нутгаас төрөн гарсан Д.Дэлгэрням тэргүүтэй тамирчид Монгол Улсын шигшээ багт тоглож байна. Энэ талбай ашиглалтад орсноор хүүхэд залуус энэ спортоор сонирхон хичээллэх нь нэмэгдэж, ирээдүйн шилдэг тамирчид болох урам, сэдэл авна гэж найдаж байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Бусад аймгийн хувьд 10-р сардаа багтаан сагсан бөмбөгийн талбайг бүрэн тохижуулан хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй.

Мэдээллийн эх сурвалж: https://www.khanbank.com/mn/personal/news/khaan-bank-21-aimagt-3kh3-sagsan-bumbugiin-standart-talbai-baiguulan-khuleelgej-ugnu

3х3: Бельги, Итали сүүлийн эрхийг атгалаа

Энэ сарын 4-6-нд Унгарын Дебрецен хотод 3х3 сагсан бөмбөгийн Токиогийн олимпод оролцох сүүлийн эрхийн төлөө чансаагаар шигшигдсэн тус бүр зургаан баг өрсөлдсөн юм.

3х3 сагсан бөмбөгийн Токиогийн олимпод оролцох багууд тодорлоо. Сүүлчийн ганц эрхийн төлөө эрэгтэй, эмэгтэй чансаагаар шигшигдсэн тус бүр зургаан баг хүч сорьсон юм.

ЭРЭГТЭЙ

МОНГОЛ – БЕЛЬГИ
  1. Бельги
  2. Унгар
  3. Словен
  4. Монгол
  5. Украин
  6. Румын

Тибо Вервурт шигшээ тоглолтод есөн оноо авч багаа тэргүүлснээр Бельгийн баг талбайн эзэн Унгарыг 21:14-өөр буулган авлаа. Ийнхүү бельгичүүд Серб, Оросын олимпын баг, БНХАУ, Япон болон өнгөрсөн долоо хоногт олимпын эрхээ авсан Латви, Польш, Нидерландын багийн хамт Токиог зорих боллоо.


ЭМЭГТЭЙ

ИТАЛИ – УНГАР
  1. Итали
  2. Унгар
  3. Тайван
  4. Нидерланд
  5. Эстони
  6. Иран

2018 оны ДАШТ-ээр тодорч, үнэ цэнэтэй тоглогч болж явсан Рае Лин Д’Али дахин нэг удаа багаа аварлаа. Энэ удаад вакцинжуулалтад хамрагдсан олон мянган үзэгч, хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө цаг дуусах мөчид оноо авснаар италичууд Токиог зорих багийн тоонд багтлаа. Эмэгтэй багаар чансаагаар БНХАУ, Оросын олимпын баг, Румын, Монгол эрхээ авсан бол өнгөрсөн долоо хоногт Итали, Франц, Японы баг олимпод өрсөлдөхөөр болсон билээ.


ШИЛДГҮҮД

Тэмцээний шилдгүүд

Тус тэмцээний шилдэг тоглогчоор Италийн Рае Лин Д’Али, Бельгийн Рафаэль Богаертс нар тодорчээ. Эмэгтэйчүүдийн шилдгээр тодорсон Р.Д’Али дөрвөн тоглолтод 22 оноо авснаар багаа тэргүүлсэн юм. 163 см өндөртэй итали бүсгүй Унгарын эсрэг шигшээ тоглолтод хожлын оноог авч Токиог зорих сүүлийн эрхийг багтаа авчирсан билээ.

Рае Лин Д’Алигийн хожлын оноо

Эрэгтэй шилдгээр Бельгийн Рафаэль Богаертс хагас шигшээд Монголын багийн эсрэг чухал оноог авч багаа хожилд хүргэсэн. Самбараас бөмбөг авсан тоогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн түүний ачаар Бельгийн шигшээ баг олимпыг зорих эрхээ авсан юм.

Шигшээ тэмцээнд Монголын баг оролцоно

Ирэх сарын 18-19-нд Саудын Арабын Жеда хотод 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ тэмцээн болно. Уг тэмцээнд Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг анх удаа оролцох эрх авсан юм.

Катарын Доха хотод болсон энэ оны сүүлийн Мастерс тэмцээний дараа Жедад болох шигшээ тэмцээнд оролцох 12 баг тодорсон юм.

Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг 53 оноогоор чансааны 11-д жагссан тул шигшээ тэмцээнд оролцох эрх авчээ.


Жедад оролцох 12 баг:

  • 1. Рига (Латви) – 320 оноо
  • 2. Лиман (Серб) – 320
  • 3. Нью Йорк Харлем (АНУ) – 179
  • 4. Нови Сад (Серб) – 170
  • 5. Үтена Юниклуб (Литви) – 150
  • 6. Жедда (Саудын Араб) – 140
  • 7. Лозанна Катапулт (Швейцарь) – 135
  • 8. Пиран (Словак) – 130
  • 9. Сакай Гулбеле (Литви) – 118
  • 10. ЮБ (Серб) – 98
  • 11. Улаанбаатар ММС Энержи (Монгол) – 53
  • 12. Амстердам (Нидерланд) – 50

Нидерландын “Амстердам” болон АНУ-ын “Принстон” баг ижил 50 оноогоор тэнцсэн ч нэг тоглолтод авч буй дундаж оноогоор “Улбар шарууд” тэргүүлсэн тул эрх авчээ.

Энэ удаагийн тэмцээнд Монголын “Улаанбаатар ММС Энержи” болон Сербийн “ЮБ” баг анх удаа оролцох юм.

Доха 2020

Монгол улсын “UB MMC Energy” баг “ДЭЛХИЙН ТУРЫН ШИГШЭЭ” цувралд оролцох боломжтой.

Энэ онд төлөвлөгдсөн 3×3 сагсан бөмбөгийн цуврал тэмцээнүүд өндөрлөх дөхөж байна. Өнөөдрөөс Катарын Доха хотод “Доха 2020” тэмцээн эхэлж 14 баг өрсөлдөнө.

Тус тэмцээний үр дүнгээс шалтгаалж, оны сүүлээр чансаагаар шалгарсан багууд Саудын Арабад аваргаа тодруулах юм.

Хоёр сар гаруй хугацаанд завсарлаад дахин эхэлж буй 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнээс хөгжөөн дэмжигчид юуг хүлээх вэ?

Доха Мастеруудын тэмцээний мэдээллийг хаанаас авах вэ?

FIBA 3×3 холбооны албан ёсны сувгууд Twitter, Instagram-аас мэдээлэл авахаас гадна шууд дамжуулалтыг Facebook, YouTube хаягаас үзэх боломжтой.
Мөн телевизээр шууд дамжуулах сувгуудын жагсаалт.

FIBA 3×3: World Tour DOHA Masters 2020 LIVE
MNBA SPORTS Channel LIVE

Доха-д хэн хэн өрсөлдөх вэ?

Нийт 14 баг: Liman, Riga, NY Harlem, Princeton, Ub, Lausanne Katapult, Jeddah, Manila Chooks TM, Kamakura NatureMade, Riyadh, Bielefeld LFDY, Lusail, Yoyogi Crayon.EXE, Utena Uniclub

Тэмдэглэл: Тухайн улс болон олон улсын байгууллагуудаас тавьсан шаардлага, гаргасан зөвлөмж, ФИБА Эрүүл Мэндийн зөвлөлөөс бэлтгэсэн зааварчилгааг мөрдлөгө болгон Унгар улсад амжилттай ажилласан туршлагаа үргэлжлүүлнэ.

Хэсгийн оноолт яаж гарсан бэ?

“Дэлхийн тур”-ын шигшээд хэн үлдэж чадах вэ?

Дохагийн мастеруудын цувралын үр дүнгээс хамаарч, Жедад болох шигшээ финалд оролцох багууд эцсийн байдлаар тодорно.

Одоогоор дараах 10 баг шигшээд оролцох эрхээ баталгаажуулсан:

  • Liman (SRB),
  • Riga (LAT),
  • Novi Sad (SRB),
  • NY Harlem (USA),
  • Piran (SLO),
  • Sakiai Gulbele (LTU),
  • Lausanne Katapult (SUI),
  • Ub (SRB),
  • Utena Uniclub (LTU),
  • Jeddah (KSA).

Доха-д 14 баг өрсөлдөнө: Үүнээс долоон баг эрхээ авсан бол бусад долоон багийн хувьд анх удаа нэр хүндтэй тэмцээнд оролцож байна. Анх удаа оролцож буй багуудаас нэг нь хагас шигшээд хүрвэл 12-т жагсаж буй “Амстердам” баг шигшээд оролцохгүй бол хоёр нь шалгарвал “УБ ММС Энержи” баг нутагтаа үлдэх болно.

Эх сурвалж: https://worldtour.fiba3x3.com/

Олимпод оролцох эмэгтэй багууд тодорчээ

Токиогийн олимпод оролцох сагсан бөмбөгийн эмэгтэй багууд тодорчээ.

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд нийт 12 баг өрсөлдөнө. Энэ удаагийн олимпод Бельги болон Пуэрто Рико улсын баг анх удаа эрхээ авсан юм.

Зохион байгуулагч орон болох Япон болон АНУ-ын шигшээ баг хоёр жилийн өмнө ДАШТ-д түрүүлж эрхээ авсан бол өнгөрсөн бямба гаригт Канад, БНХАУ, Франц, Нигерийн шигшээ баг харин ням гаригт Австрали, Бельги, БНСУ, Пуэрто Рико, Серб болон Испанийн баг олимпод оролцох “тийзээ” захиалсан.

Токио 2020-д оролцох эмэгтэй багууд:

  • Япон (зохион байгуулагч)
  • АНУ
  • Канад
  • БНХАУ
  • Франц
  • Нигери
  • Австрали
  • Бельги
  • БНСУ
  • Пуэрто Рико
  • Серб
  • Испани

2020 онд биднийг хүлээж буй 10 чухал тэмцээн

Сүүлийн үед манай улсад эрчимтэй хөгжиж буй багийн спорт бол 3х3 сагсан бөмбөгийн төрөл. Энэ төрлөөр олимпод оролцох эрх авч, багийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

Тэгвэл энэ онд болох 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний томоохон 10 тэмцээний хуваарийг танилцуулья.

Олимпын эрх олгох тэмцээн

III сарын 18-22 (Энэтхэг)

Эрэгтэй шигшээ баг энэ тэмцээнд оролцоно

Ирэх гуравдугаар сард Энэтхэгт болох тус тэмцээнийг ДАШТ-тэй зүйрлэж болно. Эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний гурван байрт шалгарсан гурван баг “Токио 2020”-ын эрх авах юм. Тус бүр 20 баг өрсөлдөх тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын шигшээ баг “А” хэсэгт багтсан билээ.

Доха Мастерс

IV сарын 2-3-нд

Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдах Доха Мастерс дөрөвдүгээр сарын 2-3-нд зохион байгуулагдах болжээ. Энэ нь өмнөх жилүүдээс харьцангүй эрт болж буй онцлогтой.

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн

IV сарын 24-26-нд (Унгар)

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Унгарт болно. Уг тэмцээнд түрүүлсэн баг л “Токио 2020”-ын тийзээ авах учир багуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөнө. Манай улсаас эрэгтэй шигшээ багийн тамирчид эхний тэмцээнд эрхээ авч чадаагүй тохиолдолд оролцох юм. Энэ тэмцээнд сүүлийн хоёр олимпод сагсан бөмбөгийн төрлөөр оролцоогүй улсын тамирчид оролцож байгаагаар онцлогтой.

Азийн АШТ

V сарын 13-17-нд (БНХАУ)

БНХАУ-д дөрвөн өдрийн турш үргэлжлэх Азийн АШТ-д Австралийн шигшээ баг аваргаа хамгаалах эсэх нь олны анхаарлыг татаж буй. Дөрвөн удаа зохиогдсон тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд ногоон тивийн сагсан бөмбөгчид тус бүр хоёр удаа түрүүлсэн билээ.

Европын АШТ

VI сарын 25-27-нд (Бельги)

Өнгөрсөн жил эрэгтэйд Серб, эмэгтэйд Франц Европын аварга болсон билээ. Бельгид олимпын өмнө зохиогдох томоохон тэмцээн гэдгээрээ тивийн аварга олны анхаарлын төвд байх нь гарцаагүй.

Олимп

VII сарын 25-29-нд (Япон)

Японы Токиод болох олимпын наадамд 3х3 сагсан бөмбөгийн төрөл анх удаа багтсан. Энэ удаагийн олимпод эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр найман баг өрсөлдөнө. Монголын эмэгтэй шигшээ баг чансаагаар эрхээ авсан бол эрэгтэй шигшээ баг эрх олгох тэмцээнд өрсөлдөж байгаа билээ.

18 хүртэлх насны ДАШТ

VIII сарын 25-30-нд (Унгар)

Унгарын Дебрецен хот таван жилийн дараа дахин 18 хүртэлх насны ДАШТ-ийг зохион байгуулна. 2015 онд хөвгүүдийн ангилалд Шинэ Зеланд, охидын төрөлд Франц түрүүлж байсан юм. Өнгөрсөн жил манай улсад зохиогдсон тэмцээнд АНУ-ын баг анх удаа хоёр төрөлд түрүүлж, түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

Эмэгтэй финал

IX сарын 5-6-нд (Канад)

Өнгөрсөн жилээс хойш эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнийг зохион байгуулах болсон юм. Анхны тэмцээнд канадчууд түрүүлсэн. Энэ тэмцээнд оролцохын тулд нийт 28 баг 14 тэмцээнд цувралаар оролцоод хамгийн өндөр оноотой 12 баг тунаж үлддэг. Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд 235 оноогоор 14-т жагссан билээ.

Эрэгтэй финал

XI сарын 14-15-нд

Ес дэх удаагаа зохиогдож буй тус тэмцээнд Сербийн Нови-Сад багийн давамгайллыг хэн зогсоох вэ гэх асуулт сагсан бөмбөг сонирхогчдын дунд үүссэн болов уу. Дусан Булут тэргүүтэй энэ баг дөрвөн удаа түрүүлээд буй.

Африкийн цом

XI сарын 19-22-нд (Уганда)

Угандагийн Кампала хотод болох тус тэмцээнд өнгөрсөн жил Египетийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй төрөлд түрүүлсэн.

Эмэгтэй тамирчид “Токио 2020”-д оролцох эрх авлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпод оролцох эрх авсан эхний дөрвөн багийг танилцууллаа.

Эмэгтэйчүүдийн ангилалд ОХУ, БНХАУ, Монгол болон Румыний шигшээ баг ирэх оны долдугаар сарын 25-29-нд Японы Токио хотод болох олимпын наадамд оролцох нь тодорхой болов.

Харин эрэгтэйд чансаагаар тэргүүлсэн Серб, ОХУ, БНХАУ-ын баг шууд эрхээ авсан бол зохион байгуулагч орон болох Японы эрэгтэй шигшээ баг цагаан хуудсаар оролцох боллоо. Манай эрэгтэй шигшээ баг чансаагаар дөрөвдүгээрт бичигдсэн боловч Японы эрэгтэй шигшээ баг цагаан хуудсаар оролцох болсон тул чансаагаар эрх авах боломжгүй болжээ.

Энэтхэг улсад олимпын эрх олгох хоёрдугаар шатны тэмцээн болно

Гэхдээ манай эрэгтэй багт найдвар бий. Ирэх оны гуравдугаар сарын 18-22-нд Энэтхэг улсад олимпын эрх олгох тэмцээн болно. Энэ тэмцээнд эхний гурван байрт орсон баг Токиог зорих болно. Манай эрэгтэй шигшээ баг “A” хэсэгт Польш, Бразил, Турк, Испанитай нэг хэсэгт оржээ.

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн

Хоёрдугаар шатны тэмцээнээс эрх авч чадахгүй бол Унгарын Будапешт хотод болох сүүлийн тэмцээнд хүч сорино. Сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй аль ч ангилалд сүүлийн хоёр олимпод оролцож байгаагүй зургаан улс энэ тэмцээнд оролцож, түрүүлсэн нь Японыг зорих юм.

3х3: Элсний спортын анхдугаар наадамд ХҮРЭЛ медаль хүртлээ

Энэ сарын 11-16-нд Катарын Доха хотод элсний спортын анхдугаар наадам боллоо. Тус тэмцээнд манай улсаас зөвхөн 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдсөн юм.

Таван өдрийн турш үргэлжилсэн тус наадамд 97 орны 1240 тамирчин хүч сорилоо. Манай улсаас 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг буюу нийт найман тамирчин хүч сорив.

Эрчүүдийн ангилалд ОХУ алт, Бразил мөнгө, Монгол хүрэл медаль хүртэв
Медаль хүртсэн багуудын бүрэлдэхүүн

Монголын эрэгтэй баг хагас шигшээд ОХУ-д хожигдсон ч хүрэл медалийн төлөө Украиныг 20:16-гаар буулган авснаар анхдугаар элсний наадмаас медаль хүртсэн 40 орны нэг боллоо.

Сонирхуулахад, энэ удаагийн наадамд Испани улс долоон алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн. Тэд нийт 10 медаль хүртсэн юм. Харин медалийн тоогоор Бразил (12 медаль, 5 алт) манлайлжээ. 14 улс алтан медаль хүртжээ.

Триатлоны олон улсын шүүгч Б.Цагаанбаатар анхдугаар элсний наадамд шүүгчээр ажилласан юм

Түүнчлэн анхдугаар элсний наадмын триатлоны төрөлд олон улсын 11 шүүгч ажилласны нэг нь монгол хүн байлаа. Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар энэ 11 дотор багтаж, тэмцээнийг дэнсэлсэн юм.

Олимпийн эрх олгох тэмцээн Энэтхэгт болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өчигдөр “Токио 2020” олимпийн эрх олгох тэмцээнийг Энэтхэг улсад зохион байгуулах болсныг албан ёсоор зарлав.

Олимпийн эрх олгох эхний тэмцээн ирэх оны гуравдугаар сард болно. Тус тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван баг Токиог зорих эрх юм.

Токиог зорих эрхийн төлөө эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг энэ тэмцээнд хүч сорино. Өнгөрсөн зургадугаар сард Нидерландын Амстердам хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д эхний гурван байр эзэлсэн АНУ, Латви, Польшийн эрэгтэй сагсан бөмбөгчид энэ тэмцээнд оролцох эрх авсан билээ. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар дэлхийд чансаагаар эхний гурав юм уу, дөрөвдүгээр байр эзэлсэн баг олимпод оролцох эрхээ шууд авах юм.

Зохион байгуулагч улс болох япончууд эрэгтэй, эсвэл эмэгтэй нэг баг оролцох эрхтэй аж. Одоогоор Японы эрэгтэй шигшээ баг эмэгтэйчүүдээс чансаагаар ахиу байгаа тул олимпод улсаа төлөөлөх магадлал илүү өндөр байгаа юм.

Ингэснээр дэлхийд чансаагаар тэргүүлж буй эрэгтэй гурван баг болох Серб, ОХУ, БНХАУ-ын баг оролцох эрхээ авч, харин манай эрчүүд эрх олгох тэмцээнд найдахаас өөр аргагүй болох юм. Харин Японы эрэгтэй баг эрх олгох тэмцээнд амжилттай оролцвол дөрөвдүгээрт бичигдэж буй Монголын эрэгтэй шигшээ багт боломж бий болно.

“Улаанбаатар” баг IV байр эзэллээ

АНУ-ын Лос-Анжелес хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн “Их Дуулга” тэмцээнд Монголын “Улаанбаатар” баг амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэллээ.

Өнгөрсөн сарын 31-нд БНСУ-ын “Иньжэ-гүнь“-д болсон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилтаар Монголын “Улаанбаатар” баг “Лос Анжелес”-т болох “Их Дуулга”-д оролцох эрх авсан билээ. Тус тэмцээнд Словенийн “Пиран” баг түрүүлж, манай багийн хамт эрх авсан юм.

А.Ананд

“Лос Анжелес”-т эрх авсан 10 багийн хамт Бразилаас “Сао Паоло ДС”, “Рио Норте” баг урилгаар оролцсон. Ингээд 12 баг хэсэгт хуваагдахад “Улаанбаатар” баг “А” хэсэгт дэлхийд чансаагаар тэргүүлдэг Арабын Нэгдсэн Эмиратын “Нови Сад Аль Вахда”, Швейцарийн “Лоззана”-тай таарсан. Манай залуус “Лоззана”-г 15:13-аар буулган авч, “Нови Сад Аль Вахда”-д 11:21-ээр ялагдсанаар хэсгээсээ хоёроор шалгарсан юм.

Пиран VS Улаанбаатар

Ингээд шөвгийн 8-д “С” хэсгийг хоёр хожилоор тэргүүлсэн Словенийн №1 баг болох “Пиран”-тай учраа таарлаа. Хур их туршлагатай “Пиран” баг гурван долоо хоногийн өмнө ” Иньжэ-гүнь“-д болсон чалленж тэмцээний хагас шигшээд “Улаанбаатар”-ыг 17:15-аар буулган авч, түрүүлэх замаа зассан. Харин энэ удаа монгол залуус хариугаа авч, 16:13-гаар өрсөлдөгчөө тэмцээнээс хасав.

Э.Дөлгөөн

Харамсалтай нь, хагас шигшээд Сербийн “Лиман” багт 12:18-аар хожигдож, дөрөвдүгээр байр эзэллээ. Лос Анжелесийн тэмцээнд нутгийн баг “Принстон” түрүүлж, “Лиман” дэд байрт шалгарсан бол “Нови Сад Аль Вахда” баг гуравдугаар байрт орсон юм. Сонирхуулахад, энэ тэмцээнд түрүүлсэн баг 30 мянган ам.долларын урамшуулал хүртэх бол хоёрдугаар байр эзэлсэн нь 20 мянга, гуравдугаар байрыг 12 мянган “ногоон”-оор байлсан. Харин дөрөвдүгээр байр эзэлсэн баг 8000 ам.долларын шагнал хүртсэн аж.

Шагналын мөнгөнөөс гадна “Их Дуулга”-д амжилттай оролцсон баг жилийн эцсээр Японы Үцүномияд болох шигшээ тэмцээнд оролцох оноо цуглуулна. Энэхүү тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарч, 60 оноо авснаар “Улаанбаатар” баг нийт 74 оноогоор 17 байрт явна. Дахин 5 байр ахиж чадвал манай залуус Японыг зорих боломжтой. Ингэхийн тулд үлдсэн хоёр тэмцээнд дээгүүр байр эзлэх даалгавар тэднийг хүлээж байна.

Америак эрчүүд, Хятад хүүхнүүд манлайлав

Нидерландын Амстердам хотод зургаан өдрийн турш үргэлжилсэн 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий аваргууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын шигшээ баг анх удаа түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд БНХАУ-ын баг тэргүүлсэн юм.

Тэмцээний эхний өдөр Сербийн багийн 15 дараалсан ялалтад цэг тавьсан АНУ-ын эрэгтэй шигшээ баг хагас шигшээд Польш, аваргын төлөө Латвийн багийг буулган авч, энэ тэмцээнд анх удаа түрүүллээ. 2012 оноос хойш зургаа дахиа зохиогдож буй тус тэмцээнд янкууд 2016 онд финал хүрч, Сербийн багт хожигдсон түүхтэй.

Сагсан бөмбөгийг зохиосон гэгддэг “Сэм авгынхан” 3х3-ыг тоодоггүй байсан үе саяхан. Харин олимпийн төрөлд багтсан цагаас хойш тэд илүү анхаарч үзэх болсон юм. Энэ удаагийн тэмцээн үүний нотолгоо боллоо. АНУ-ын шигшээ багийг бүрдүүлэх тэмцээн Лас-Вегаст болж, тэндээс шалгарсан баг нь дэлхийд өнгөтэй байв.

АНУ-ын эрэгтэй шигшээ баг

Түрүүлсэн баг үнэхээр өөлөх зүйлгүй байлаа. Purdue их сургуулийн бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогч гэгдэх Робби Хуммель цагтаа NBA-д данстай байсан нэгэн гэхээр л ойлгомжтой. Тэрбээр таван жил NCAA-д дээд түвшинд тоглоод 2012 оны драфтын хоёрдугаар бүсийн 58-аар “Миннисота”-д очиж байсан юм. Хэдийгээр дээд лигт тэр хоёрхон жил зүтгэсэн, ер нь бэртлээс болоод мэргэжлийн тамирчны замнал нь эрт төгссөн ч их спортод эргэн иржээ. Түүний хамтрагчид нь сонгон шалгаруулалтын үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон Кареем Маддокс, Дэймон Хаффмэн, NBA-гийн Алдрын танхимын гишүүн Рик Бэрригийн бага хүү Кэнион Бэрри нар байсан юм.

Польш анх удаа медаль хүртэв

Сүүлийн таван жилд дөрвөн удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэсэн Сербийн шигшээ баг анх удаа медальгүй хоцорлоо. Хагас шигшээд заналт өрсөлдөгч Латвид ялагдсан тэд хүрлийн төлөө байнга хождог Польшийг дийлсэнгүй.

Тэмцээний шилдэг тоглогчоор 46 оноо авсан Робби Хуммель тодорсон юм. Харин мөнгөн медаль хүртсэн Латвийн багийн лидер Карлис Ласманис, Польшийн Майкл Хикс нар бэлгэдлийн багт багтжээ. М.Хикс тэмцээний турш 71 оноо авснаар бусад тоглогчдоо тэргүүлсэн аж.

Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг түрүүлэв

Эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн чансааг тэргүүлж буй БНХАУ-ын баг тамирчид түрүүллээ. Өмнө нь хятад бүсгүйчүүд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн ч Францад ялагдаад хоосон билээ. Мөнгөн медалийг Унгарын шигшээ баг хоёр дахиа хүртэж, Франц хоёр жил дараалан хүрэл медалийн эзэд боллоо.

Энэ удаагийн тэмцээнд эхний гурван байр эзэлсэн баг ирэх оны гуравдугаар сард болох олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхээ шууд авсан юм.

Эрчүүд хэсгээ тэргүүлж байна

Нидерландын Амстердам хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий эхний өдөр манай эрчүүд гараагаа амжилттай эхлүүллээ.

Хэсгийн эхний шатанд чансаагаар хоёрдугаар бичигдэж байгаа ОХУ-ын багтай учраа таарсан юм. Оросын багт 25+ насны ганц ч тоглогч байхгүй. Бүгд нас залуу бөгөөд 22 настай Александр Зуев дэлхийд чансаагаар 22-т бичигддэг. А.Зуев өнгөрсөн жил U23 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ий үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, олны анхааралд өртсөн билээ.

Дэлхийд багийн чансаагаар наймдугаарт жагсдаг манай багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Ц.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй. Тэднээс хамгийн залуу нь 25 настай Ц.Отгонжаргал.

Э.Дөлгөөн

Тоглолт дуусахаас дөрвөн минутын өмнө ОХУ-ын баг 8:5-аар тэргүүлж эхэлсэн ч үүнээс хойш манай сагсчид гурав дараалан оноо авч, тоог тэнцүүлсэн. Тоглолтын төсгөлд санаачилгыг гартаа авч, улмаар 11:12-оор тэргүүлж эхэлсэн юм. Оросууд тоглолт дуусахаас 15 секундын өмнө тоог тэнцүүлж амжсан ч 8.7 секундэд Э.Дөлгөөн дээр алдаа гаргасан. Энэ боломжийг тэр алдсангүй.

ОХУ 12:14 Монгол тойм

“B” хэсгийн эхний тоглолтод украинчууд гол өрсөлдөгч пуэрто риког ялсан юм. Харин эхний тулаандаа ялагдсан оросууд Украиныг ялснаар анхны хожлоо авсан. Пуэрто рикочууд Эстонийг буулган авснаар мөн 50 хувийн амжилттай болжээ.

Манай залуус дэлхийд чансаагаар 16-д эрэмбэтэй Эстониг 20:17-гоор буулган авч, ДАШТ-ий хоёр дахь ялалтаа байгуулснаар хэсгээ тэргүүлж байна.

Монгол 20:17 Эстони тойм

Ийнхүү эхний өдрийн дараах байдлаар Монголын эрэгтэй шигшээ баг хэсгээ тэргүүлж байна. Манай залуус хэсгийн үлдсэн хоёр тоглолтынхоо нэгт нь хожиход л хэсгээсээ шалгарах сайхан боломж бүрдэх юм.

Манай шигшээ хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо энэ сарын 20-нд буюу маргааш 16:20 цагаас Пуэрто Рикотой, 19:50 цагаас Украинтай тус бүр хийнэ.