Tag: ТОКИО 2020

3х3: Бельги, Итали сүүлийн эрхийг атгалаа

Энэ сарын 4-6-нд Унгарын Дебрецен хотод 3х3 сагсан бөмбөгийн Токиогийн олимпод оролцох сүүлийн эрхийн төлөө чансаагаар шигшигдсэн тус бүр зургаан баг өрсөлдсөн юм.

3х3 сагсан бөмбөгийн Токиогийн олимпод оролцох багууд тодорлоо. Сүүлчийн ганц эрхийн төлөө эрэгтэй, эмэгтэй чансаагаар шигшигдсэн тус бүр зургаан баг хүч сорьсон юм.

ЭРЭГТЭЙ

МОНГОЛ – БЕЛЬГИ
  1. Бельги
  2. Унгар
  3. Словен
  4. Монгол
  5. Украин
  6. Румын

Тибо Вервурт шигшээ тоглолтод есөн оноо авч багаа тэргүүлснээр Бельгийн баг талбайн эзэн Унгарыг 21:14-өөр буулган авлаа. Ийнхүү бельгичүүд Серб, Оросын олимпын баг, БНХАУ, Япон болон өнгөрсөн долоо хоногт олимпын эрхээ авсан Латви, Польш, Нидерландын багийн хамт Токиог зорих боллоо.


ЭМЭГТЭЙ

ИТАЛИ – УНГАР
  1. Итали
  2. Унгар
  3. Тайван
  4. Нидерланд
  5. Эстони
  6. Иран

2018 оны ДАШТ-ээр тодорч, үнэ цэнэтэй тоглогч болж явсан Рае Лин Д’Али дахин нэг удаа багаа аварлаа. Энэ удаад вакцинжуулалтад хамрагдсан олон мянган үзэгч, хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө цаг дуусах мөчид оноо авснаар италичууд Токиог зорих багийн тоонд багтлаа. Эмэгтэй багаар чансаагаар БНХАУ, Оросын олимпын баг, Румын, Монгол эрхээ авсан бол өнгөрсөн долоо хоногт Итали, Франц, Японы баг олимпод өрсөлдөхөөр болсон билээ.


ШИЛДГҮҮД

Тэмцээний шилдгүүд

Тус тэмцээний шилдэг тоглогчоор Италийн Рае Лин Д’Али, Бельгийн Рафаэль Богаертс нар тодорчээ. Эмэгтэйчүүдийн шилдгээр тодорсон Р.Д’Али дөрвөн тоглолтод 22 оноо авснаар багаа тэргүүлсэн юм. 163 см өндөртэй итали бүсгүй Унгарын эсрэг шигшээ тоглолтод хожлын оноог авч Токиог зорих сүүлийн эрхийг багтаа авчирсан билээ.

Рае Лин Д’Алигийн хожлын оноо

Эрэгтэй шилдгээр Бельгийн Рафаэль Богаертс хагас шигшээд Монголын багийн эсрэг чухал оноог авч багаа хожилд хүргэсэн. Самбараас бөмбөг авсан тоогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн түүний ачаар Бельгийн шигшээ баг олимпыг зорих эрхээ авсан юм.

Олимпод оролцох эмэгтэй багууд тодорчээ

Токиогийн олимпод оролцох сагсан бөмбөгийн эмэгтэй багууд тодорчээ.

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд нийт 12 баг өрсөлдөнө. Энэ удаагийн олимпод Бельги болон Пуэрто Рико улсын баг анх удаа эрхээ авсан юм.

Зохион байгуулагч орон болох Япон болон АНУ-ын шигшээ баг хоёр жилийн өмнө ДАШТ-д түрүүлж эрхээ авсан бол өнгөрсөн бямба гаригт Канад, БНХАУ, Франц, Нигерийн шигшээ баг харин ням гаригт Австрали, Бельги, БНСУ, Пуэрто Рико, Серб болон Испанийн баг олимпод оролцох “тийзээ” захиалсан.

Токио 2020-д оролцох эмэгтэй багууд:

  • Япон (зохион байгуулагч)
  • АНУ
  • Канад
  • БНХАУ
  • Франц
  • Нигери
  • Австрали
  • Бельги
  • БНСУ
  • Пуэрто Рико
  • Серб
  • Испани

АНУ-ын шигшээ баг урьдчилсан бүрэлдэхүүнээ танилцуулав

АНУ-ын шигшээ багт өмнө нь дуудагдаж байсан 29 тоглогч дахин багтжээ.


“Токио 2020”-д АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийг төлөөлөх урьдчилсан бүрэлдэхүүн тодорчээ. Сүүлийн дөрвөн олимпод дараалан түрүүлсэн америкчууд өнгөрсөн жилийн ДАШТ-ээс медальгүй хоцорсон билээ. Тэд энэ амжилтандаа дүгнэлт хийж, Токиод түрүүлэх эсэх нь олны анхаарлыг татаж буй нь гарцаагүй.

Өнгөрсөн жилийн ДАШТ БНХАУ-д болсон тул олон тамирчид шигшээдээ зүтгэхээс татгалзсан. Тэгвэл энэ удаагийн олимп ч бас Ази тивд болно.

NBA-гийн улирлаас шалтгаалж, эцсийн байдлаар 12 тоглогчийг шигшээд дуудах аж.

АНУ-ын шигшээ багт уригдсан тоглогчид:

  • Лэброн Жэймс (Лос Анжелес Лэйкерс)
  • Бам Адебайяо (Майами Хит)
  • ЛаМаркус Олдриж (Сан Антонио Спэрс)
  • Харрисон Барнс (Сакрамэнто Кингс)
  • Брэдли Бийл (Вашингтон Визардс)
  • Девин Бүүкер (Финикс Санс)
  • Малколм Брогдон (Индиана Пэйсерс)
  • Жайлен Браун (Бостон Селтикс)
  • Донован Мичелл (Юта Жазз)
  • Крис Мидлтон (Милоуки Бакс)
  • Жимми Батлер (Майами Хит)
  • Майк Конли (Юта Жазз)
  • Стефен Карри (Голден Стэйт Уорриорс)
  • Энтони Дэвис (Лос Анжелес Лэйкерс)
  • ДеМар Дерозан (Сан Антонио Спэрс)
  • Андре Драммонд (Кливлэнд Кавальерс)
  • Кэвин Дюрант (Бруклин Нэтс)
  • Пол Жорж (Лос Анжелес Клиппэрс)
  • Дрэймонд Грин (Голден Стэйт Уорриорс)
  • Жэймс Харден (Хьюстон Рокитс)
  • Монтрезл Харрелл (Лос Анжелес Клиппэрс)
  • Жо Харрис (Бруклин Нэтс)
  • Тобаис Харрис (Филадельфи 76)
  • Гордон Хэйвард (Бостон Селтикс)
  • Дуэйт Ховард (Лос Анжелес Лэйкерс)
  • Брэндон Инграм (Нью Орленс Пеликанс)
  • Кайри Өрвинг (Бруклин Нэтс)
  • Кайл Кузма (Лос Анжелес Лэйкерс)
  • Кави Леонард (Лос Анжелес Клиппэрс)
  • Дамиан Лиллард (Портлэнд Трэйлблазерс)
  • Брук Лопес (Милоуки Бакс)
  • Кэвин Лов (Кливлэнд Кавальерс)
  • Кайл Лоури (Торонто Рэпторс)
  • Виктор Оладипо (Индиана Пэйсерс)
  • Крис Пол (Оклахома Сити Тандер)
  • Мэйсон Пламли (Дэнвэр Наггетс)
  • Маркус Смарт (Бостон Селтикс)
  • Жэйсон Татум (Бостон Селтикс)
  • Клэй Томпсон (Голден Стэйт Уорриорс)
  • Майлс Тюрнэр (Индиана Пэйсерс)
  • Кэмба Уолкер (Бостон Селтикс)
  • Рассэл Уэйстбрук (Хьюстон Рокитс)
  • Дэррик Уайт (Сан Антонио Спэрс)
  • ЖаВайл МакГий (Лос Анжелес Лэйкерс)

Жич: Тодруулсан тоглогчид олимпод тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин Кави Леонард төлөвлөж байгаа ч хараахан шийдээгүй байгаа аж.

АНУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Грэг Попович (Сан Антонио Спэрс), туслахаар Стив Кэрр (Голден Стэйт Уорриорс), Ллойд Пирс (Атланта Хоукс), Жая Врайт (Вилланова их сургууль) нар ажиллах юм.

Эмэгтэй тамирчид “Токио 2020”-д оролцох эрх авлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпод оролцох эрх авсан эхний дөрвөн багийг танилцууллаа.

Эмэгтэйчүүдийн ангилалд ОХУ, БНХАУ, Монгол болон Румыний шигшээ баг ирэх оны долдугаар сарын 25-29-нд Японы Токио хотод болох олимпын наадамд оролцох нь тодорхой болов.

Харин эрэгтэйд чансаагаар тэргүүлсэн Серб, ОХУ, БНХАУ-ын баг шууд эрхээ авсан бол зохион байгуулагч орон болох Японы эрэгтэй шигшээ баг цагаан хуудсаар оролцох боллоо. Манай эрэгтэй шигшээ баг чансаагаар дөрөвдүгээрт бичигдсэн боловч Японы эрэгтэй шигшээ баг цагаан хуудсаар оролцох болсон тул чансаагаар эрх авах боломжгүй болжээ.

Энэтхэг улсад олимпын эрх олгох хоёрдугаар шатны тэмцээн болно

Гэхдээ манай эрэгтэй багт найдвар бий. Ирэх оны гуравдугаар сарын 18-22-нд Энэтхэг улсад олимпын эрх олгох тэмцээн болно. Энэ тэмцээнд эхний гурван байрт орсон баг Токиог зорих болно. Манай эрэгтэй шигшээ баг “A” хэсэгт Польш, Бразил, Турк, Испанитай нэг хэсэгт оржээ.

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн

Хоёрдугаар шатны тэмцээнээс эрх авч чадахгүй бол Унгарын Будапешт хотод болох сүүлийн тэмцээнд хүч сорино. Сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй аль ч ангилалд сүүлийн хоёр олимпод оролцож байгаагүй зургаан улс энэ тэмцээнд оролцож, түрүүлсэн нь Японыг зорих юм.

Олимпийн эрх олгох тэмцээн Энэтхэгт болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өчигдөр “Токио 2020” олимпийн эрх олгох тэмцээнийг Энэтхэг улсад зохион байгуулах болсныг албан ёсоор зарлав.

Олимпийн эрх олгох эхний тэмцээн ирэх оны гуравдугаар сард болно. Тус тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван баг Токиог зорих эрх юм.

Токиог зорих эрхийн төлөө эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг энэ тэмцээнд хүч сорино. Өнгөрсөн зургадугаар сард Нидерландын Амстердам хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д эхний гурван байр эзэлсэн АНУ, Латви, Польшийн эрэгтэй сагсан бөмбөгчид энэ тэмцээнд оролцох эрх авсан билээ. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар дэлхийд чансаагаар эхний гурав юм уу, дөрөвдүгээр байр эзэлсэн баг олимпод оролцох эрхээ шууд авах юм.

Зохион байгуулагч улс болох япончууд эрэгтэй, эсвэл эмэгтэй нэг баг оролцох эрхтэй аж. Одоогоор Японы эрэгтэй шигшээ баг эмэгтэйчүүдээс чансаагаар ахиу байгаа тул олимпод улсаа төлөөлөх магадлал илүү өндөр байгаа юм.

Ингэснээр дэлхийд чансаагаар тэргүүлж буй эрэгтэй гурван баг болох Серб, ОХУ, БНХАУ-ын баг оролцох эрхээ авч, харин манай эрчүүд эрх олгох тэмцээнд найдахаас өөр аргагүй болох юм. Харин Японы эрэгтэй баг эрх олгох тэмцээнд амжилттай оролцвол дөрөвдүгээрт бичигдэж буй Монголын эрэгтэй шигшээ багт боломж бий болно.