Сүүлийн үед манай улсад эрчимтэй хөгжиж буй багийн спорт бол 3х3 сагсан бөмбөгийн төрөл. Энэ төрлөөр олимпод оролцох эрх авч, багийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.
Тэгвэл энэ онд болох 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний томоохон 10 тэмцээний хуваарийг танилцуулья.
Олимпын эрх олгох тэмцээн
III сарын 18-22 (Энэтхэг)
Ирэх гуравдугаар сард Энэтхэгт болох тус тэмцээнийг ДАШТ-тэй зүйрлэж болно. Эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний гурван байрт шалгарсан гурван баг “Токио 2020”-ын эрх авах юм. Тус бүр 20 баг өрсөлдөх тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын шигшээ баг “А” хэсэгт багтсан билээ.
Доха Мастерс
IV сарын 2-3-нд
Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдах Доха Мастерс дөрөвдүгээр сарын 2-3-нд зохион байгуулагдах болжээ. Энэ нь өмнөх жилүүдээс харьцангүй эрт болж буй онцлогтой.
Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн
IV сарын 24-26-нд (Унгар)
Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Унгарт болно. Уг тэмцээнд түрүүлсэн баг л “Токио 2020”-ын тийзээ авах учир багуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөнө. Манай улсаас эрэгтэй шигшээ багийн тамирчид эхний тэмцээнд эрхээ авч чадаагүй тохиолдолд оролцох юм. Энэ тэмцээнд сүүлийн хоёр олимпод сагсан бөмбөгийн төрлөөр оролцоогүй улсын тамирчид оролцож байгаагаар онцлогтой.
Азийн АШТ
V сарын 13-17-нд (БНХАУ)
БНХАУ-д дөрвөн өдрийн турш үргэлжлэх Азийн АШТ-д Австралийн шигшээ баг аваргаа хамгаалах эсэх нь олны анхаарлыг татаж буй. Дөрвөн удаа зохиогдсон тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд ногоон тивийн сагсан бөмбөгчид тус бүр хоёр удаа түрүүлсэн билээ.
Европын АШТ
VI сарын 25-27-нд (Бельги)
Өнгөрсөн жил эрэгтэйд Серб, эмэгтэйд Франц Европын аварга болсон билээ. Бельгид олимпын өмнө зохиогдох томоохон тэмцээн гэдгээрээ тивийн аварга олны анхаарлын төвд байх нь гарцаагүй.
Олимп
VII сарын 25-29-нд (Япон)
Японы Токиод болох олимпын наадамд 3х3 сагсан бөмбөгийн төрөл анх удаа багтсан. Энэ удаагийн олимпод эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр найман баг өрсөлдөнө. Монголын эмэгтэй шигшээ баг чансаагаар эрхээ авсан бол эрэгтэй шигшээ баг эрх олгох тэмцээнд өрсөлдөж байгаа билээ.
18 хүртэлх насны ДАШТ
VIII сарын 25-30-нд (Унгар)
Унгарын Дебрецен хот таван жилийн дараа дахин 18 хүртэлх насны ДАШТ-ийг зохион байгуулна. 2015 онд хөвгүүдийн ангилалд Шинэ Зеланд, охидын төрөлд Франц түрүүлж байсан юм. Өнгөрсөн жил манай улсад зохиогдсон тэмцээнд АНУ-ын баг анх удаа хоёр төрөлд түрүүлж, түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.
Эмэгтэй финал
IX сарын 5-6-нд (Канад)
Өнгөрсөн жилээс хойш эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнийг зохион байгуулах болсон юм. Анхны тэмцээнд канадчууд түрүүлсэн. Энэ тэмцээнд оролцохын тулд нийт 28 баг 14 тэмцээнд цувралаар оролцоод хамгийн өндөр оноотой 12 баг тунаж үлддэг. Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд 235 оноогоор 14-т жагссан билээ.
Эрэгтэй финал
XI сарын 14-15-нд
Ес дэх удаагаа зохиогдож буй тус тэмцээнд Сербийн Нови-Сад багийн давамгайллыг хэн зогсоох вэ гэх асуулт сагсан бөмбөг сонирхогчдын дунд үүссэн болов уу. Дусан Булут тэргүүтэй энэ баг дөрвөн удаа түрүүлээд буй.
Африкийн цом
XI сарын 19-22-нд (Уганда)
Угандагийн Кампала хотод болох тус тэмцээнд өнгөрсөн жил Египетийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй төрөлд түрүүлсэн.