Сагсан бөмбөгийн ертөнцөд том гарз учирч, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ноён Патрик Бауманн Аргентинийн Буэнос-Айрес дахь зочид буудлынхаа өрөөнд өөд болжээ. Аргентинийн нийслэлд Залуучуудын гуравдугаар олимп болж байгаатай холбогдуулан спортын зүтгэлтнүүд цуглараад байсан юм.
Олон улсын олимпийн хорооны гишүүн, Томас Бахын дараа Олон улсын олимпийн хорооны тэргүүнээр сонгогдох магадлалтай хүний тоонд орж байсан П.Бауманн 51 насандаа бурхны оронд одов.
Швейцарийн иргэн П.Бауманн идэр залуудаа сагсан бөмбөгийн тоглогч, дараа нь шүүгч, дасгалжуулагч болсон юм. Харин 1994 оноос Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд зүтгэж эхлэснээр спортын зүтгэлтний гараагаа эхлүүлсэн. Улмаар Олон улсын олимпийн хорооны гишүүн болж, Олон улсын спортын холбоодын тэргүүнээр ажиллаж байлаа.
Тэрбээр сүүлийн үед хурдацтай хөгжиж буй 3х3 сагсан бөмбөгийг ихэд дэмжиж, “Нанжин 2014” залуучуудын олимпод багтахад их үүрэг гүйцэтгэсэн юм.
Талийгаач сагсан бөмбөгийн холбооны генсикээр 2002 оноос хойш ажилласан. Харин 2007 онд Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдсон юм.
Тэрбээр “Лозанн 2020” Залуучуудын өвлийн гуравдугаар олимпийн зохион байгуулах хорооны дарга, “Лос-Анжелес 2028” зуны олимпийн зохицуулах хорооны тэргүүнээр ажиллаж байлаа.