“Голден Стэйт Уорриорс” багийн холбогч Стифен Карри 2009 оны драфтын талаар “The Ringers”-ын сэтгүүлч Билл Симмонстой ярилцжээ.
Тэрбээр энэ талаар “Дэвид Кан намайг сонгоогүй. Бүгд намайг голф сонирхдог гэдгийг мэднэ. Д.Кан энэ сонирхлоос минь болоод намайг сонгоогүй гэх цуу яриа сонссон юм. Учир нь Миннесота хот бол хүйтэн, тэнд байнга гольф тоглох боломжгүй байдаг” гэсэн юм.
С.Карри чөлөөт цагаараа гольф тоглох дуртай. Өнгөрсөн долоо хоногт Web.com-оос зохион байгуулсан цуврал тэмцээнд оролцоод хамгийн сүүлд орсон билээ.
Харин 2009 оны драфтаар “Миннесота Тимбэрволвес” испани холбогч Рики Рубио болон Жонни Флайн нарыг тав болон зургаагаар сонгосон түүхтэй.
С.Карри №7-гоор “Дайчид”-ын тоглогч болсон. Өдгөө таван удаа бүх одод сонгогдож, ирээдүйн Алдрын танхимын гишүүн болох нь цаг хугацааны асуудал болсон юм.
“Миннесота”-гийн хоёр холбогч одоо багтаа байхгүй. Р.Рубио зургаан улирлын турш Чононуудын гараанд гарсан ч хэзээ ч үнэлэгдэж байсан хэмжээндээ тоглож чадаагүй. Одоо “Юта Жазз” багийн гараанд гарч буй.
Ж.Флайны хувьд NBA-д ердөө гурван улиралд 163 тоглолтод оролцсон бөгөөд гэмтлийн улмаас сагсан бөмбөгөө орхисон билээ.
Д.Каны хувьд 2013 онд ажлаа өгсөн бөгөөд одоо Францын лигийн багийн эзэн бас ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа аж.