“Хьюстон Рокитс” баг албан ёсоор чөлөөт агент болсон довтлогч Кармэло Энтонитой нэг жилийн 2.4 сая ам.долларын гэрээ байгууллаа. Хоёр тал энэхүү гэрээг АНУ-ын цагаар даваа гаригт байгуулсан юм.
Түүнчлэн ESPN-ий сэтгүүлч Адриан Вожнаровскигийн мэдээлснээр К.Энтони шинэ улиралд сэлгээнээс талбайд гарах бололтой.
К.Энтони энэ зун багаа солихоор “Оклахома Сити Тандер”-тай өөрийг нь солилцохгүй гэх гэрээний заалтаа хүчингүй болгосон. Үүний үр дүнд “Атланта Хоукс” руу солилцоонд явуулж, эцэст нь тэндээс гэрээг нь худалдаж авсан юм.
Улмаар энэ зун Лас Вегаст “Хьюстон”-ы менежер Дарил Морей, ерөнхий дасгалжуулагч Майк Д’Энтони нартай уулзсан юм. Мөн энэ үеэр “Майами Хит”-ийн удирдлагуудтай уулзсан талаар мэдээлэв.
К.Энтони өнгөрсөн улиралд “Оклахома Сити”-д очоод сэлгээнээс талбайд гарах талаар сэтгүүлчдийн асуултыг шоолж байсан удаатай. Түүнчлэн хасагдах шатанд “Юта Жазз” багт хожигдсоны дараах хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид дээрх асуултыг тодруулахад тодорхой хариулт хэлээгүй. Харамсалтай нь, өдгөө 34 настай К.Энтони нүцгэн үнэнд гүйцэгдсэн бололтой.