NBA-ийн 2017-18 оны улирал албан ёсоор дуусч, шилдэг 16 баг тодорсон. Тэгвэл хасагдах шатны гадна үлдсэн 14 багийн дунд ирэх тавдугаар сард драфт буюу шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтад хэдээр сонгохоо шийдэх үлдсэн юм. Сонгон шалгаруулалтад үлдсэн 14 багийг хэдээр сонгохыг ирэх тавдугаар сарын 15-нд Чикаго хотод тодруулах бол драфт ирэх зургадугаар сарын 21-нд Нью Йоркийн Бруклинд болно.
Драфтын сугалаагаар сонгох боломж:
- Финикс Санс (21-61): 1-ээр сонгох магадлал 25.0%, эхний гурваар сонгох магадлал 64.2%
- Мэмфис Гриззлис (22-60): 19.9%, 55.8%
- Даллас Маверикс (24-58): 13.8%, 42.6%
- Атланта Хоукс (24-58): 13.7%, 42.3%
- Орландо Мэйжик (25-57): 8.8%, 29.1%
- Чикаго Буллз (27-55): 5.3%, 18.3%
- Сакраменто Кингс (27-55): 5.3%, 18.3%
- Бруклин Нетс (28-54): 2.8%, 9.9%
- Нью Йорк Никс (29-53): 1.7%, 6.1%
- Лос Анжелес Лэйкерс (35-47): 1.1%, 4.0%
- Чарлотт Хорнетс (36-46): 0.8%, 2.9%
- Детройт Пистонс (39-43): 0.7%, 2.5%
- Лос Анжелес Клипперс (42-40): 0.6%, 2.2%
- Денвер Наггетс (46-36): 0.5%, 1.8%
“Бруклин Нетс”-ийн сонгох эрх “Кливлэнд Кавальерс”-ийнх болно. Учир нь “Нетс” 2013 онд “Бостон Селтикс”-ээс Пол Пирс, Кевин Гарнетт нарыг авчрахдаа драфтын эрхээ өгсөн юм. Энэ эрхийг “Бостон Селтикс” баг өнгөрсөн онд Кайри Өрвингийг авахдаа “Кливлэнд” рүү явуулсан түүхтэй. Морин цэргүүд топ 1-ээр сонгох магадлал 2.8 хувьтай байгаа бол эхний гурваар сонгох магадлал нь 9.9 хувь. Тэд дээгүүр сонгож чадвал энэ зун чөлөөт агент болох Леброн Жэймсийг үлдээх, цаашид түүнгүй байсан ч богино хугацаанд багаа сэргээх боломжтой болно.
Хэдийгээр драфтын эрхээ солилцоогоор явуулсан ч “Бостон” хоосонгүй. Тэд өөрсдийн эхний тойргийн эрхээс гадна “Лос Анжелес Лэйкерс”-ийн эрхийг авах боломжтой. Нуурынхан энэ жилийн эрхийг “Филадельфи 76” баг эзэмших байсан ч тэд өнгөрсөн жилийн драфтын №1-ийг авахын тулд “Бостон Селтикс”-тэй солилцоо хийсэн билээ.
Хэрвээ “Лэйкерс” баг №1, эсвэл №6 ба түүнээс доош эрх сонговол “Филадельфи 76”-д үлдэнэ. Харин 2-5-ын хооронд сонгох бол “Селтикс” завшина. Харин энэ эрх “Филадельфи”-д үлдвэл “Селтикс”-т 2019 оны драфтын эрхээ шилжүүлнэ. Түүнчлэн “Сакраменто Кингс”-ийн 2019 оны эхний раундын эрх “Бостон”-д очих юм. “Хаад”-ын эрхийг одоогоор “Филадельфи” эзэмшиж буй.