“Нью Йорк Никс” багийн төвийн тоглогч Энес Кантер Английн Лондонд болох багийнхаа тоглолтод оролцохгүй.
Энэ сарын 17-нд “Нью Йорк Никс”, “Вашингтон Визардс” багууд Английн Лондонд улирлын тоглолтоо хийнэ. Тэгвэл “Никс”-ийн төвийн тоглогч Энес Кантер уг тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Шалтгаан нь улс төр. Тэрбээр Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы бодлогод сэтгэл дундуур явдаг билээ. Энэ талаар цахимаар шүүмжилсэн бөгөөд үр дүнд нь түүний бичиг баримтыг нь хүчингүй болгож, Засгийн газрын эсрэг гэмт хэрэгтэн хэмээн цоллосон юм.
Энэ талаар Э.Кантер “АНУ эсвэл Канадаас өөр газар тогловол Т.Эрдоганы тагнуулчид намайг хялбархан алах байх. Тиймээс Лондонд очихыг хүсэхгүй байна” гэж ярьсан юм. Харин багийн зүгээс визний асуудалтай байх тул Э.Кантер хил давах боломжгүй гэж мэдэгджээ.
Э.Кантер Засгийн газрын бодлогыг ил тод шүүмжлээд асуудалд орсон. Өнгөрсөн жил түүний эцэг Мэхмэтийг террорист бүлэглэлтэй холбоотой хэмээн баривчилсан юм. Харин иргэн байх эрхээ эдэлж чадаагүй Э.Кантер АНУ-ын иргэншилтэй болох хүсэлт өгсөн билээ.