“Сан Антонио Спэрс” болон Кавай Леонардын бүтэн жил үргэлжилсэн драм төгсөв. Гэхдээ Холливудын өлгий Лос Анжелес руу бус “Торонто Рэпторс” руу сольчихов. Энэ солилцоогоор К.Леонард, Дэнни Грин нар “Торонто”-д очиж, ДеМарр Дерозан, Жакоб Потелтл болон 2019 оны нэгдүгээр тойргийн эрхийн хамт “Спэрс” авлаа.
Кавайг “Лос Анжелес Лэйкерс”-т очно гэх яриа өнгөрсөн жилээс тархсан. Сүүлд нь “Филадельфи” нэмэгдэж, “Клипперс” ч энэ ярианаас хоцроогүй. Аваргын төлөө өрсөлдөх боломжтой баг бүр л түүнийг хүсч байгаа мэтээр цуурхал тарсан. “Лэйкерс” рүү л явуулахгүй бол өөр багт тоглохгүй гэж хошуугаа унжуулж байгаа мэтээр хэвлэлд бичсэн.
Харин “Торонто”-д очно гэж таамагласан хүн байгаагүй. Ийм яриа ч бүр гараагүй юм. Учир нь үйл явдал тун богино хугацаанд өрнөж, хэдхэн цагийн дотор л наймаа хийснээ зарлав.
“Рэпторс”-ын сагсан бөмбөг хариуцсан ерөнхийлөгч Масай Үжири олон зүйлээр мөрий тавив. Д.Дерозангаа сольсон, солихдоо түүнд худлаа хэлсэн нь тодорхой болжээ. Тэд гол довтлогчоо солилцоонд оруулахгүй гэж ярьсан гэдгийг Дерозан баталж буй.
Түүнчлэн ирэх улиралд “Торонто” Кавайд таван жилийн 190 сая “ногоон” санал болгох боломжтой. Харин бусад багууд дөрвөн жилийн 141 саяыг өгнө. М.Үжири ирэх улирлын өдийд Кавайтай гэрээгээ сунгана гэдэгт итгэлтэй байгаагаа ярьсан. Хэрвээ түүний хүслээр болохгүй бол К.Леонардгүй, Д.Дерозангүй баг том асуудалд унах болно.
Д.Дерозанд энэ солилцоо таалагдаагүй гэдгээ цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн бөгөөд гол нь багийн удирдлагууд түүнийг солихгүй гэсэн амлалт өгсөн гэж мэдэгдсэн ч гэнэтийн зүйл болов.
Ямартай ч түүнийг Өрнөдийн баг руу явуулахгүй гэсэн зорилгодоо Грэгг Попович хүрлээ. Д.Дерозан энэ багт гурван жил зүтгэнэ. Г.Поповичийн удирдлага дор тэр хэрхэн тоглох нь олны анхаарлыг татаж байна.