“Сүүлийн 15 жил сагсан бөмбөгийг нэн тэргүүнд тавилаа. Одоо гэр бүл, эрүүл мэндээ бодох цаг болжээ.”
“Брүүклин Нэтс” багийн довтлогч ЛаМаркус Олдриж өмсгөлөө хананд өлгөлөө. Ирэх долдугаар сард 36 нас хүрэх Л.Олдриж энэ сарын 11-нд “Лос Анжелес Лэйкерс” багийн эсрэг талбайд 23 минут тоглож 12 оноо авсан юм. Харамсалтай нь, энэ нь түүний мэргэжлийн замнал дахь хамгийн сүүлчийн тоглолт байсан аж. Уг тоглолтын дараагаар зүрхний хэм алдагдсан тул ЛаМаркус маргааш өглөө нь эмнэлэгт очжээ.
Үүнээс дөрөв хоногийн дараа их спортоо үүрд орхих шийдвэр гаргаснаа хувийн цахим хуудсандаа мэдэгдэв.
Техасын Даллас хотын унаган хүү, Техасын их сургуульд номын дуу сонссон америк эр 2006 оны NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэн эхний бүсийн #2-оор “Чикаго Буллз” багт сонгогдсоноор 15 жилийн замнал нь эхэлсэн билээ. Гэхдээ Салхит хотоос түүний карьер эхлээгүй, драфтын үдэш солилцоонд орж “Портлэнд ТрэйлБлазерс” багт очсон юм.
“Портлэнд” багтаа есөн жил хүчин зүтгээд 2015 онд “Сан Антонио Спэрс”-тэй дөрвөн жилийн 80 сая ам.долларын гэрээ байгуулсан. Хожим гэрээгээ сунгасан ч энэ улирлын солилцоо, наймааны цонхоор гэрээгээ худалдан авч “Брүүклин Нэтс”-тэй нэгдээд байв.
“Брүүклин”-д очсон түүний шалтгаан тодорхой. Энэ бол аваргын бөгж зүүх байлаа. “Нэтс”-т гурван супер од нэгдсэн тул түрүүлэх өндөр магадлалтай багийн тоонд орж байв. Харамсалтай нь, хувь заяаны шоглоом гэлтэй түүнд тамирчны замналдаа аваргын цом авах боломж гарсангүй.
Л.Олдриж замналынхаа турш 19000 оноо, 8000 самбар авсан NBA-гийн түүхэн дэх 25 тоглогчийн нэг билээ. Мөн тэрбээр долоон удаа Бүх Одод болж таван удаа Бүх Америкийн багт нэрлэгдэж байсан юм.