NBA: Ирэх улирлын хуваарьтай ТАНИЛЦ

Цар тахлын улмаас өнгөрсөн улиралд багагүй завсарлага авсан NBA ирэх улирлынхаа хуваарийг танилцууллаа.

Ирэх улирлыг NBA 72 тоглолттой зохион байгуулахаар тохиролцоонд хүрсэн. Түүнчлэн цар тахлын аюул дахин нөмрөх эрсдэлтэй учраас лигийн тоглолтуудад уян хатан зохицуулалт хийхээр болсон аж. Тодруулбал, улирлын эхний хагаст титэм вирусын улмаас хойшлогдсон тоглолт улирлын сүүлийн хагаст аль боломжтой өдөрт шилжүүлэхээр болжээ.

Баг тус бүр өөрийн бүсийн багтайгаа гурван удаа тоглох бөгөөд нийлбэр нь 42 тоглолт. Эсрэг бүсийн багтайгаа хоёр удаа буюу нийт 30 тоглолт хийнэ.

Энэ удаагийн хуваарьт нэгэн шинэ өөрчлөлт орсон нь “Play-In Tournament” буюу плэй-оффын сүүлийн байрын төлөөх нэмэлт тоглолт болох юм. Улирлын үзүүлэлтээр бүсийнхээ долоо болон наймд жагссан багууд хоорондоо хүч үзнэ. Энэ тоглолтод ялсан баг нь шууд плэй-оффт өрсөлдөх эрхээ авах бол хожигдсон баг нь 9 болон 10 дугаар байрны төлөө өрсөлдөөд хожсон багтай плэй-оффын сүүлийн байрны төлөө өрсөлдөх юм.

Плэй-оффын тоглолт хамгийн оройдоо гэхэд долдугаар сарын 22-нд дуусна. Ингэснээр тамирчид ирэх жилийн зуны олимпод оролцох бүрэн боломжтой байх аж.

2020-2021 оны улирлын хуваарь:


  • XII. 11 – 19: Улирлын өмнөх тоглолт (бага тус бүр 3-4 тоглолт хийнэ)
  • XII. 22 – III. 4: Улирлын эхний хагас
  • III. 5 – 10: Бүх оддын тоглолт
  • III. 11 – V. 16: Улирлын хоёрдугаар хагас
  • V. 18 – 21: Плэй-оффын сүүлийн байрны төлөөх тоглолт (7-8, 9-10 хоорондоо)
  • V. 22 – VII 22: Плэй-офф

Жич: АНУ-ын цагаар


Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *