NBA: Хамгийн баян багийн эзэн хэн бэ

Хэдийгээр NBA-г сонирхдог ч бид багийн эздийн тухай тэр бүр мэддэггүй. “Forbes” сэтгүүлээс NBA-гийн хамгийн баян багийн эзэдийн жагсаалтыг гаргажээ.

NBA-гийн 30 багт хувьцаа эзэмшдэг 22 тэрбумтан бий. Энэ жагсаалтад “Madison Square Garden” юм уу “Rogers Communications” шиг томоохон хувьцаа эзэмшигчдийг оруулаагүй гэдгээ эх сурвалж мэдээлэв.

Эдгээр 22 тэрбумтаны нийт хөрөнгө нь 141 тэрбум ам.доллар юм.

Корона вирусын улмаас спортын тэмцээн, уралдаан хаалгаа барьсан нь багийн эздийн санхүүд ч хүчтэй нөлөөлж эхэлсэн. Тодруулбал, “Филадельфи 76” баг ажилчдынхаа цалинг 20 хувиар багасгах шийдвэр гаргасан ч удалгүй олны эсэргүүцэлтэй тулгарсан тул шийдвэрээ буцаасан. “76” багийн хувьцааг эзэмшигч гол хүн бол тэрбумтан Жош Харрис (3.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй). Түүнтэй хамтран хувьцаа худалдаж авсан хүн нь Майкл Рубин. Тэд 2011 онд 287 сая “ногоон”-оор багийн эзэн болсон билээ.

NBA-гийн тэрбумтан багийн эзэд

1. Стив Болмер (Лос Анжелес Клиппэрс): $51.4 тэрбум ам.доллар

“Microsoft” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, одоо Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг С.Болмер 2014 онд “Клиппэрс” багийг 2 тэрбум ам.доллароор худалдаж авсан юм. Саяхан тэрбээр “MSG” компанийн мэдэлд байсан ордоныг 400 саяар худалдаж авсан билээ.

2. Филип Ансчус (Лос Анжелес Лэйкерс): $11.2 тэрбум

“Лэйкерс”-ийн хувьцаа эзэмшдэг гурван хүний нэг. Багийн хувьцаанаас гадна “Staples Center’, хоккейн “Лос Анжелес Кингз” багийг эзэмшдэг аж.

3. Стэйнли Кроенк (Дэнвэр Наггетс): $10 тэрбум

Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг энэ эрхэм NBA төдийгүй NHL, NFL, MLS болон Английн Премьер лигийн баг эзэмшдэг юм.

4. Жосеф Цай (Бруклин Нэтс): $9.9 тэрбум

“Alibaba” группыг үүсгэн байгуулагч Ж.Цай өнгөрсөн жил “Бруклин Нэтс” багийг 2.3 тэрбумаар худалдаж авсан. Түүнчлэн “Barclays Center”-ийг 1 тэрбумаар байгуулжээ.

5. Роберт Пера (Мэмфис Гриззлис): $7.1 тэрбум

36 насандаа тэрбумтан болсон Р.Пера (одоо 42-той) тухайн үедээ хамгийн залуу 10 тэрбумтаны нэгээр тодорч байв. Тэрбээр 2012 онд “Гриззлис” багийн эзэн болсон.

6. Даниел Гилберт (Кливлэнд Кавальерс): $6.2 тэрбум

1985 онд 22 насандаа “Quicken Loans” хэмээх онлайн моргежийн зээлдүүлэгч компаниа байгуулж, ирээдүйн тэрбумтан болох замаа зассан Даниел 2005 онд багийн эзэн болж байв.

7. Том Горес (Детройт Пистонс): $5.7 тэрбум

Израилийн тэрбумтан Том Горес 2011 онд “Plantinum Equity”-гийн хамтрагчдынхаа хамтаар “Пистонс” багийн эзэн болсон ч 2015 онд дангаараа эзэмших болсон билээ. Өнгөрсөн оны есдүгээр сард 90 сая ам.доллароор бэлтгэлийн бааз, удирдлагын ажлын байр босгосон юм.

8. Мики Арисон (Майами Хит): $5.3 тэрбум

Дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоцны сүлжээ компанийг 1972 онд Микигийн эцэг байгуулсан түүхтэй. 1979-2013 он хүртэл эцгийнхээ байгуулсан компанийн Удирдах зөвлөлийн даргаар ажилласан Мики 1995 онд “Майами Хит” багийн хувьцааг худалдаж авсан билээ.

9. Тилман Фертитта (Хьюстон Рокитс): $4.4 тэрбум

Техасын тэрбумтан Тилман Фертитта корона вирусын улмаас казино, зочид буудлынхаа зардлыг багасгах үүднээс 40 мянган ажилтнаа халах шаардлагатай гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр 2017 онд “Хьюстон Рокетс”-ын хувьцааг 2.2 тэрбумаар худалдаж авч, дээд амжилт тогтоож байв.

10. Марк Кубан (Даллас Маверикс): $4.3 тэрбум

2000 оноос хойш багийн эзэн болсон М.Кубан цагийн ажилчдынхаа цалинг бүтэн олгохоо мэдэгдсэн хуйхтай эр.

11. Жошуа Харрис (Филадельфи 76): $3.7 тэрбум

NBA-гийн хамгийн хүн чанаргүй багийн эзэн хэмээх алдрыг хүртээд буй Ж.Харрис хоккейн “Нью Жэрси Дэвилс” багийн эзэн, Английн “Кристал Палас” багийн хувьцаа эзэмшигч юм.

12. Гайли Бэнсон (Нью Орленс Пеликанс): $3.2 тэрбум

Түүний нөхөр Том Бэнсон 2018 онд нас барсан. Энэ үеэс NFL-ийн “Нью Орленс Сайнтс”, NBA-гийн “Нью Орленс Пеликанс” багийн хувьцаа эзэмшигч анхны эмэгтэй бизнесмэн болсон аж.

11. Глэн Тэйлор (Миннисота Тимбэрволвес): $2.8 тэрбум

Миннисота хотоос сенатын гишүүнээр ажиллаж байсан Г.Тэйлор 1994 оноос “Тимбэрволвес”, 1999 оноос WNBA-гийн “Миннисота Линкс” багийн эзэн болж байв. Тэрбээр 2000 онд Жо Смиттэй нууцаар гэрээ байгуулахаар тохирсон хэрэгт унаж, тоглолт үзэх эрхээ хасуулж байсан анхны багийн эзэн гэнэ.

14. Хэрб Симон (Индиана Пэйсерс): $2.6 тэрбум

Үл хөдлөх хөрөнгийн бизнесээрээ тэрбумтан болох замаа зассан Хэрб болон түүний ах Мэл Симон нар 1983 онд “Индиана Пэйсерс” багийн эзэн болж байв.

15. Энтони Рэсслэр (Атланта Хоукс): $2.4 тэрбум

“Атланта Хоукс” багийн хувьцааг Грант Хилл тэргүүтэй зургаан хүн хуваан эзэмшдэг ч ихэнх хувь нь Энтони Рэсслэрийн нэр дээр байдаг юм.

16. Майкл Жордан (Чарлотт Хорнетс): $2.1 тэрбум

“Nike” компани Жорданы нэрийн пүүзний орлогоос жил бүр 130 сая ам.доллар өгдөг. Түүний ард бичигддэг Лэброн Жэймсийн пүүзнээс олдог орлого нь 32 сая.

17. Марк Ласри (Милоуки Бакс): $1.8 тэрбум

Бизнес хамтрагч Уэс Эдэнсийнхээ хамтаар 2014 онд “Бакс” багийн хувьцааг 550 саяар худалдаж авсан билээ.

18. Гайл Миллер (Юта Жазз): $1.7 тэрбум

Гайлын анхны нөхөр Ларри 1985 онд “Юта Жазз” багийн хувьцаа эзэмшигч болж байв. Нөхрийгөө нас барсанаас хойш буюу 2017 онд “Жазз” багийн эзэн болжээ.

19. Жэрри Рэйнсдорф (Чикаго Буллз): $1.5 тэрбум

Ж.Рэйнсдорф тэргүүтэй хэсэг бизнесмэнүүд 1985 онд “Буллз” багийн хувьцааг 9.2 саяар худалдаж авч байв. Энэ бол Майкл Жордан лигт элсэж ороод ердөө ганцхан жилийн дараа болсон үйл явдал. Үүнээс хойш лигийн хамгийн алдартай багийн нэг болсон “Буллз”-ын өнөөгийн ханш нь 3.2 тэрбумд хүрч байна.

20. Теодор Леонсис (Вашингтон Визардс): $1.4 тэрбум

“AOL”-ийг үүсгэн байгуулагч Т.Леонсис 1999 онд “Вашингтон Капиталс” 2010 онд “Визардс”-ын ихэнх хувьцааг эзэмшигч болсон юм.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *