NBA: Гэрээ нь дууссан ч одоог хүртэл цалин авч буй тоглогчид

NBA-д одоогоор ямар нэг багтай гэрээ байгуулаагүй ч цалин авдаг тоглогчид бий. Сайн агентынхаа үр шимээр өөрт ашигтай гэрээ хийсэн тэдгээр тоглогчдыг танилцуулья.


Дэрон Уильямс – Бруклин Нэтс (5.5 сая ам.доллар)

Тун удахгүй 34 нас хүрэх Дэрон Уильямс ид үедээ ур чадвараар гайхагдаж, лигийн шилдэг холбогчдын тоонд багтаж байлаа. Харамсалтай нь, Д.Уильямс хүнд бэртлийн улмаас хуучин формондоо орж чадаагүй билээ. Одоогоор албан ёсоор зодог тайлаагүй ч 2016-17 оноос хойш лигт тоглоогүй юм. “Бруклин Нэтс” багтай 2012 онд таван жилийн 99 сая ам.долларын гэрээ байгуулсан. Уг гэрээнийхээ сүүлийн хоёр жил болох үлдсэн 43 сая “ногоон”-ы цалинг Д.Уильямс одоо ч авдаг аж. Тэрбээр сүүлийн гурван жил гольф тоглож өнгөрүүлсэн ч жил бүр таван саяыг “халаасалдаг” гэнэ. Энэ улирлаар төгсгөл болж буй тус гэрээнийхээ дунд нь “Даллас Маверикс” багтай гэрээ байгуулж, хоёр жилийн хугацаанд 14.4 сая орчим ам.долларын цалин авсан билээ.


Кэвин Гарнэтт – Бостон Селтикс (5 сая)

Кэвин Гарнэтт 2016 онд “Миннесота Тимбэрволвес” багт тоглоод их спортоо орхисон. Гэхдээ KG одоо ч “Бостон Селтикс” багаас цалин авдаг. NBA-аас хамгийн их цалин авсан тоглогчдыг тэргүүлдэг К.Гарнэтт 2012 онд “Бостон Селтикс” багтай 3 жилийн 36 сая ам.долларын гэрээг шинээр байгуулсан юм. 2016 онд түүнийг сагсан бөмбөгөө орхиход “Бостон Селтикс” баг 35 сая ам.долларын “өртэй” үлдсэн бөгөөд зодог тайлснаас нь хойш дахин 7 улирал жилд 5 саяыг төлж байгаа билээ.


Монта Эллис – Индиана Пэйсерс (2 сая)

“Голден Стэйт Уорриорс”-т “галзуурч” явсан үе Монтад бий. Гэвч замналынхаа сүүлийн таван улирлыг гурван өөр багт өнгөрүүлж (Бакс, Маверикс болон Пэйсерс), эцэст нь “Индиана”-гаас чөлөөт агент руу шилжсэн. Тэрбээр 4 жилийн 44 сая ам.долларын гэрээнд 2015 онд зурсан боловч хоёр жил тоглоод багаасаа хасагдсан юм. Гэрээнийхээ үлдсэн цалинг 2021 он хүртэл жил бүр 2 сая ам.долларын цалин авахаар тохиролцсон аж.


Луол Дэнг – Лос Анжелес Лэйкерс (5 сая)

“Лос Анжелес Лэйкерс” баг 2016 онд Луол Дэнгтэй дөрвөн жилийн 72 сая ам.долларын гэрээг үзэглэсэн. Тэрбээр энэ багт ердөө 57 тоглолт хийсэн боловч 2022 он хүртэл 5 сая ам.долларын цалин авах нөхцөлтэй гэрээгээ цуцалжээ.


Жош Смит – Детройт Пистонс (5.3 сая)

Жош Смит 2014 оны дундуур багаасаа хасагдсан. Ердөө л жилийн өмнө буюу 2013 онд дөрвөн жилийн 54 сая ам.долларын гэрээг байгуулсан ч тухайн үед залуу тоглогчид болох Андре Драммонд, Грэг Монро нартай тоглолт нь таарахгүй байсан тул багийн удирдлагууд хасах шийдвэр гаргажээ. Үр дүнд нь тэр зургаан жилийн хугацаанд 5.3 сая ам.долларын цалин тус багаас авсан юм.


Жоаким Ноа – Нью Йорк Никс (4.6 сая)

Одоогоор баггүй байгаа Жоаким Ноа гэртээ дуудлага хүлээгээд сууж буй. Гэхдээ түүнд санаа зовох зүйл бага. “Нью Йорк Никс”-тэй байгуулсан нүсэр гэрээнийхээ үлдэгдлийг 2022 он хүртэл 4.6 саяар хувааж авах тохироонд хүрсэн адтай нэгэн.


Ларри Сандерс – Милоуки Бакс (2 сая)

Ларри Сандерс хэмээх нэрийг 2010 оны эхэн үеэс NBA сонирхогчид мэдэх болсон билээ. Яннис Антекоунмпогоос өмнө “Бакс”-ын ирээдүй гэгдэж байсан Л.Сандерс 30 хүрээгүй байхдаа л сагсан бөмбөгөөс уйдсан хүн. 2013 онд 4 жилийн 44 сая ам.долларын цалингаар гэрээгээ сунгаад л жил хүрэхгүй хугацааны дараа багаас хасагдсан юм. “Бакс” үлдэгдэл болох 33 саяыг нь 2023 он хүртэл хувааж төлөхөөр тохиролцсон.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *