NBA: Коби Брайанттай энэ сарын 24-нд салах ёс гүйцэтгэнэ

Нисдэг тэрэгний ослоор амиа алдсан Коби Брайант болон түүний охин Жианни Брайант нартай салах ёс гүйцэтгэх өдрийг эхнэр Ванесса Брайант нь олон нийтэд зарлав.

Кобиг сүүлчийн замд нь үдэх олон нийтийн арга хэмжээ хоёрдугаар сарын 24-нд болно. Ванесса энэ өдрийг сонгосон нь охин Жианнагийн “2” дугаар дээр аавынх нь “24” дугаараас улбаатай. Ванессагийн цахим хуудсандаа оруулсан зарлал нь 24 ширхэг эрвээхэйн дүрстэй аж.

Аав охин хоёрыг сүүлчийн замд нь үдэх арга хэмжээ “Staples Center”-т орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт эхэлнэ.

Уг арга хэмжээ дуусаад орой нь Лос Анжелес хотын өөр нэг баг болох “Клиппэрс” талбайдаа “Мэмфис Гриззлис”-ийг хүлээн авах учир өдөр хийхээр шийджээ.

Талийгаачийн гэр бүлийнхэн “Клиппэрс”-ийн багийн эзэн Стив Боллмэр, дасгалжуулагч Док Риверс нарт хүсэлт тавьж, тэд зөвшөөрсөн хариу өгчээ.

Салах ёс гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулагчдын санааг чилээж буй өөр нэг асуудал бол ордоны эргэн тойронд дахь хүмүүсийн хөл хөдөлгөөн гэнэ. Өмнө нь “Staples Center”-т алдарт дуучин Майкл Жексон, рэппэр Нипси Хассл нартай салах ёс гүйцэтгэж байв. Энэ үеэр тасалбар авч чадаагүй шүтэн бишрэгчид нь гудамж, талбайд дүүрч, багагүй үймээн болж байсан билээ. Одоогоор албаныхан энэ үеэр хэрхэн ажиллах талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

Иймэрхүү асуудлаас болоод Кобитой салах ёс гүйцэтгэх ажиллагааг Лос Анжелес хотын төв цэнгэлдэхэд байгуулна гэх цуурхал гараад байв. Спорт ордонд 20 мянган үзэгч багтах боломжтой бол хотын төв цэнгэлдэхэд 80 мянган хүн багтах боломжтой аж.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *