Рассел Уэйстбрукийн түүхэн амжилт ба NBA-ийн эргэн тойронд

“Оклахома Сити Тандер”-ын холбогч Рассел Уэйстбрук өнөөдөр “Атланта Хоукс”-ын эсрэг 32 оноо, 12 самбар, 12 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, баг нь өрсөлдөгчөө 119:107-гоор буулган авчээ. Р.Уэйстбрук замналынхаа турш 100 дахь трипл даблаа хийсэн бөгөөд ийм үзүүлэлтэд хүрсэн лигийн түүхэнд дөрвөн тоглогчийн нэг боллоо. Түүнээс өмнө алдарт Оскар Робертсон (181), “Шидэт” Жонсон (138), Жэйсон Кидд (107) нар ийм амжилтад хүрчээ.

Р.Уэйстбрук ийнхүү сүүлийн гурван тоглолтод дараалан трипл дабл гүйцэтгэж, энэ улиралд 21 удаа үзүүлсэн амжилтаараа бүх тоглогчийг тэргүүлж буй. Түүний араас Леброн Жэймс 14 трипл дабл гүйцэтгэсэн амжилтаар удаалж байна. Түүний ачаар баг нь дөрөв дараалсан ялалт байгуулж, нийт 41 хожил, 29 ялагдалтай болов. Уг үзүүлэлтээр урдаа яваа “Портлэнд”-ээс ердөө ганц ялалтын зөрүүгээр нэхэж байгаа ч баруун бүсийн наймдугаарт жагсаж байгаа “Юта Жазз”-аас хоёр ялалтаар илүү байгаа аж.

Өнөөдөр 30 нас хүрсэн Стивен Карри шагайны гэмтлийн улмаас долоо хоног талбайд гарахгүй аж. Гэхдээ энэ бол байж болох хамгийн бага хугацаа бөгөөд энэ сарын 20-нд дахин эмчийн үзлэгээр орсны дараа хэзээ тоглох нь тодорхой болно. Карри өнгөрсөн арванхоёрдугаар сараас шагайны асуудалтай тулгарсан. Улмаар Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр “Сан Антонио Спэрс”-ийн эсрэг тоглохдоо бэртлээ сэдрээсэн билээ.

“Бостон Селтикс”-т байхдаа олны танил болж, “Детройт Пистонс” руу явсан ч солилцоогоор “Лос Анжелес Клипперс”-ийн тоглогч болсон хамгаалагч Эйври Брэдлигийн улирал дууссан гэнэ. Булчингийн гэмтлийн улмаас олигтой тоглохгүй байсан Э.Брэдли хагалгаанд орох болсноор 6-8 долоо хоног жагсаалаас гарчээ. Түүний эзгүйд Луи Уильямс гараанд гарах гэнэ. Ирэх зун чөлөөт тоглогч болох боломжтой Брэдли гэмтлийн асуудал нь шинэ гэрээ байгуулахад бэрхшээл үүсгэхгүй гэдэгт найдаж байгаа юм.

https://www.youtube.com/watch?v=NLE3fpT5r-8

“Бруклин Нетс”-ийн хамгаалагч Де’Анжело Расселл “Торонто Рэпторс”-ийн эсрэг зөвхөн нэгдүгээр үед холын зайнаас найм шидэж, долоог нь оруулжээ. Эхний үед 24 оноо авсан Расселл үлдсэн хугацаанд найман оноо халаасалж, 32 оноотой тоглолтыг дуусгасан. Гэхдээ Расселл энэ улиралд нэг үед хамгийн олон холын зайн шидэлтээ оновчтой болгосон тоглогчоор тодорч, харин бүх цаг үед тавдугаарт бичигдэх болсон байна.

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *