FIBA: АНУ-ын шигшээд тоглох хүсэлтэй хүн алга

Өнгөрсөн сард АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг 20 тоглогчид улсынхаа төлөө зүтгэх боломж олгосон. Үүнийг зарласан цагаас хойш одоогоор зургаан тоглогч шигшээ багтаа тоглохоос татгалзав.

“Лос Анжелес Лэйкерс” багийн тоглогч болсон Энтони Дэвисийн агент Рич Пол өөрийн мэдлийн тоглогчдоо ДАШТ-д оролцохоос татгалзсан юм. Үүнд Леброн Жэймс, Энтони Дэвис, Бэн Симмонс, Тристан Томпсон зэрэг олон одод багтана. Удалгүй “Хьюстон Рокитс”-ын хамгаалагчид болох Жэймс Хардэн, Эрик Гордон, “Портлэнд Трэйлблазерс”-ийн хамгаалагч Си Жи МакКоллум нар энэ жагсаалтаас сайн дураараа хасагдлаа. Тэдний араас “Вашингтон Визардс”-ын Брэдли Бийл, “Филадельфи 76”-гийн довтлогч Тобиас Харрис нар нэмэгдэв.

Тэдний ихэнх нь шинэ улиралд илүү анхаарал хандуулж буйгаа уламжилсан. Харин Брэдли Бийлийн хувьд наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхэнд аав болох тул шинэ хүнээ угтаж авахаар шигшээ багаасаа завсарлага авахаар шийджээ.

Ном ёсоор бол ирэх наймдугаар сард Лас Вегас хотод болох бэлтгэлийн цуглаанд нэр дурдагдсан 20 тоглогч оролцож, тэднээс 12 нь ДАШТ-д оролцох ёстой. Тэр ч бүү хэл энэ жилийн драфтыг тэргүүлсэн Зайон Уильямсон шигшээ багийнхаа урилгаас татгалзсан юм.

Дээрх зургаан тоглогчийн оронд “Бостон Селтикс”-ийн хамгаалагчид болох Маркус Смарт, Жайлен Браун, “Голден Стэйт Уорриорс”-ын Де’Энжило Рассэлл, “Орландо Майжик” багийн довтлогч Аарон Гордон нарыг дуудаж магадгүй аж.

Одоогоор Дамиан Лиллард, Кэмба Уолкер, Крис Мидлтон, Пи Жэй Такер нар шигшээ багийнхаа бэлтгэлд хамрагдахаа мэдэгдсэн байна. Харин Кэвин Лоув тэргүүтэй бусад тоглогчид шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа аж.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *