Америак эрчүүд, Хятад хүүхнүүд манлайлав

Нидерландын Амстердам хотод зургаан өдрийн турш үргэлжилсэн 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий аваргууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын шигшээ баг анх удаа түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд БНХАУ-ын баг тэргүүлсэн юм.

Тэмцээний эхний өдөр Сербийн багийн 15 дараалсан ялалтад цэг тавьсан АНУ-ын эрэгтэй шигшээ баг хагас шигшээд Польш, аваргын төлөө Латвийн багийг буулган авч, энэ тэмцээнд анх удаа түрүүллээ. 2012 оноос хойш зургаа дахиа зохиогдож буй тус тэмцээнд янкууд 2016 онд финал хүрч, Сербийн багт хожигдсон түүхтэй.

Сагсан бөмбөгийг зохиосон гэгддэг “Сэм авгынхан” 3х3-ыг тоодоггүй байсан үе саяхан. Харин олимпийн төрөлд багтсан цагаас хойш тэд илүү анхаарч үзэх болсон юм. Энэ удаагийн тэмцээн үүний нотолгоо боллоо. АНУ-ын шигшээ багийг бүрдүүлэх тэмцээн Лас-Вегаст болж, тэндээс шалгарсан баг нь дэлхийд өнгөтэй байв.

АНУ-ын эрэгтэй шигшээ баг

Түрүүлсэн баг үнэхээр өөлөх зүйлгүй байлаа. Purdue их сургуулийн бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогч гэгдэх Робби Хуммель цагтаа NBA-д данстай байсан нэгэн гэхээр л ойлгомжтой. Тэрбээр таван жил NCAA-д дээд түвшинд тоглоод 2012 оны драфтын хоёрдугаар бүсийн 58-аар “Миннисота”-д очиж байсан юм. Хэдийгээр дээд лигт тэр хоёрхон жил зүтгэсэн, ер нь бэртлээс болоод мэргэжлийн тамирчны замнал нь эрт төгссөн ч их спортод эргэн иржээ. Түүний хамтрагчид нь сонгон шалгаруулалтын үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон Кареем Маддокс, Дэймон Хаффмэн, NBA-гийн Алдрын танхимын гишүүн Рик Бэрригийн бага хүү Кэнион Бэрри нар байсан юм.

Польш анх удаа медаль хүртэв

Сүүлийн таван жилд дөрвөн удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэсэн Сербийн шигшээ баг анх удаа медальгүй хоцорлоо. Хагас шигшээд заналт өрсөлдөгч Латвид ялагдсан тэд хүрлийн төлөө байнга хождог Польшийг дийлсэнгүй.

Тэмцээний шилдэг тоглогчоор 46 оноо авсан Робби Хуммель тодорсон юм. Харин мөнгөн медаль хүртсэн Латвийн багийн лидер Карлис Ласманис, Польшийн Майкл Хикс нар бэлгэдлийн багт багтжээ. М.Хикс тэмцээний турш 71 оноо авснаар бусад тоглогчдоо тэргүүлсэн аж.

Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг түрүүлэв

Эмэгтэйчүүдийн ангилалд дэлхийн чансааг тэргүүлж буй БНХАУ-ын баг тамирчид түрүүллээ. Өмнө нь хятад бүсгүйчүүд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн ч Францад ялагдаад хоосон билээ. Мөнгөн медалийг Унгарын шигшээ баг хоёр дахиа хүртэж, Франц хоёр жил дараалан хүрэл медалийн эзэд боллоо.

Энэ удаагийн тэмцээнд эхний гурван байр эзэлсэн баг ирэх оны гуравдугаар сард болох олимпийн эрх олгох тэмцээнд оролцох эрхээ шууд авсан юм.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *