NBA: Кавай Леонард үнэ цэнэтэй тоглогч болох эрхтэйг батлах 11 баримт

NBA-гийн шигшээ цувралын зургаа дахь тоглолтын гол баатрууд бол Кайл Лоури болон Фред ВанФлийт нар байлаа. Гэхдээ энэ цуврал төдийгүй хасагдах шатанд Кавай Леонард шиг тэгш, супер тоглолт үзүүлсэн хүн байсангүй. Ингээд К.Леонардын онцлох 11 баримтыг сонирхуулья.

Тайлбар: Зөвхөн энэ жилийн плей-оффын үзүүлэлтийг хамруулав. 1984 онд 16 баг хасагдах шатанд өрсөлдөх болсон үеэс хойш багадаа 10 тоглолтод оролцсон тоглогчдын үзүүлэлт хамрагдсан юм.

Хожлын шидэлт

.1. Дорнод бүсийн хагас шигшээд “Филадельфи 76” багийн эсрэг цувралын долоо дахь тоглолтод оруулсан түүний хожлын шидэлт NBA-гийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ. Бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан Карим Абдул Жаббар, нэг тоглолтод 100 оноог бүртгүүлсэн Уилт Чэмбэрлэйн, агуу Майкл Жордан, алдарт Коби Брайант, “Хаан” Лэброн Жэймс гээд бүх цаг үеийн хамгийн шилдэг гэх тодотголтой тэдний хэн нь ч цувралын долоо дахь тоглолтод хожлын шидэлт оруулж байсангүй.

2. Кавай Леонард хоёр өөр багийн өмсгөлтэй шигшээ цувралын МВП буюу үнэ цэнэтэй тоглогч болсон гурав дахь эрхэм. Түүнээс өмнө Карим Абдул Жаббар (Бакс, Лэйкерс) болон Леброн Жэймс (Хит, Кавальерс) ийм амжилтад хүрсэн.

3. К.Леонард “Торонто Рэпторс”-ыг хасагдах шатны бүх цувралын турш “чирсэн”. Үүнийг нотлох хамгийн том баримт бол нэг тоглолтод авсан оноо. Кавай энэ плей-оффт 30.5 оноо дунджилсан бол 1984 оноос хойш түрүүлсэн багаас түүнээс олон оноо дунджилсан тоглогчдын жагсаалтыг сонирхуулья.

  • Майкл Жордан, 1993 (35.1 оноо)
  • Майкл Жордан, 1992 (34.5)
  • Хаким Олажувон, 1995, (33.0)
  • Майкл Жордан, 1998 (32.4)
  • Майкл Жордан, 1991 (31.1)
  • Майкл Жордан, 1997 (31.1)
  • Шакил О’Нил, 2000 (30.7)
  • Майкл Жордан, 1996 (30.7)

4. Сэтгүүлч Жон Холлинжерийн санаачилсан тухайн тоглогчийн үзүүлэлтийг математикийн аргачлал руу шилжүүлсэн тоон баримтаар Кавай Леонард 24.2 оноо авчээ. Аваргалсан багт түүнээс илүү өндөр оноо авсан тохиолдол өмнө нь тун цөөхөн гарч байв. Тодруулбал, Ларри Бөрд (1984, 1986), Майкл Жордан (1991, 1992, 1993), Хаким Олажувон (1995), Шакил О’Нил (2000) нар энэ жилийн Кавайгаас илүү үзүүлэлттэй байлаа.

5. 1984 оноос хойш хасагдах шатанд багадаа 10 тоглолт хийсэн тоглогчдоос нэг тоглолтод авсан оноогоороо тэргүүлсэн жагсаалтыг Майкл Жордан эсвэл Лэброн Жэймс найм ба түүнээс олон удаа тэргүүлж байв. Харин энэ жил энэ жагсаалтад шинэ нэр нэмэгдсэн билээ.

К.Леонард хоёр өөр багаас финалын МВП болсон гурав дахь тоглогч

6. Шидэлтийн хувийг илүү нарийвчилсан заалтаар үзүүлдэг “True shooting percentage” гэх үзүүлэлтээр Кавай хасагдах шатанд 62 хувьтай байлаа. Дундажаар 30 оноо авахдаа 60-аас дээш хувьтай шидсэн нь мөн л домгуудын эгнээнд багтах үзүүлэлт аж. Түүнээс өмнө Адриан Дэнтли (1984), Бернард Кинг (1984), Алекс Энглиш (1985), Майкл Жордан (1989), Шакил О’Нил (1998) болон Лэброн Жэймс (2009, 2017, 2018) ийм үзүүлэлттэй байлаа.

7. Гэхдээ дээрх долоон тоглогч тухайн жилдээ түрүүлж чадаагүй юм.

8. Кавайгийн багийнхаа ялалтад нөлөөлөх үзүүлэлтийг 4.9 хувь гэж үнэлжээ. Энэ үзүүлэлтээр тэр зургадугаарт жагсана. Тим Данкан (2003), Дирк Новицки (2006), Лэброн Жэймс (2012, 2013, 2018) нар түүнээс илүү үзүүлэлттэй байв.

9. Кавай Леонард “Торонто Рэпторс” дахь анхны улиралдаа аварга аваад зогсохгүй, финалын үнэ цэнэтэй тоглогч болсон юм. Ийм амжилтыг 1984 оноос өмнө “Шидэт” Жонсон 1980 онд шинэ тоглогч байхдаа, Мозес Малоун 1983 онд “Филадельфи 76” багт анх ирсэн жилээ аварга авсныг түүх гэрчилдэг. Харин хамгийн сүүлийн жишээ гэвэл 2017 оны Кэвин Дюрант.

10. Тоо баримт хөтөлдөг нэгэн компанийн мэдээлснээр Кавай эхний улиралдаа хасагдах шатанд багийнхаа хожилд нөлөөлсөн хувиар тэргүүлсэн гэнэ. Энэ үзүүлэлтийг сонирхуулья:

  • Кавай Леонард, 2019 Торонто Рэпторс (4.9%)
  • Чарлес Баркли, 1993 Финикс Санс (4.6)
  • Кэвин Гарнэтт, 2008 Бостон Селтикс (4.1)
  • ЛэБрон Жэймс, 2011 Майами Хит (3.8)
  • Дикембэ Мотомбо, 2001 Филадельфи 76 (3.8)
  • Чонси Биллапс, 2009 Дэнвэр Наггетс (3.2)
  • Кэвин Дюрант, 2017 Голдэн Стэйт Уорриорс (3.1)
  • Рэй Аллен, 2008 Бостон Селтикс (3.1)

11. К.Леонард энэ зун чөлөөт агент болох боломжтой. Хэрвээ тэр багаа орхивол нэг жил зүтгэхдээ финалын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэн болсон анхны тамирчин болох юм.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *