Дерек Фишер Глорья Говантай сүй тавьжээ

Цагтаа “Лос Анжелес Лэйкерс”-т Коби Брайантын хамтрагч явсан, хожмоо “Нью Йорк Никс”-ийн дасгалжуулагчийн албанд зүтгэж байсан Дерек Фишер 2015 оноос хойш үерхэж буй найз бүсгүй Глорья Говантай сүй тавьжээ. Энэ бүсгүйг өмнө нь NBA-ийн тоглогч асан Мэтт Барнсын гэргий гэдгээр нь сагсан бөмбөг сонирхогчид андахгүй биз.

TMZ сайтын мэдээлснээр одоо телевизийн салбарт хүч сорьж буй Д.Фишер энэ сарын 7-нд Лос Анжелес дахь гэртээ найз нөхдөө цуглуулж, багахан үдэшлэг хийх үеэр Г.Гованд гэрлэх санал тавьсан гэнэ.

Г.Гован өмнө нь Мэтт Барнстай 2013-16 оны хооронд амьдарч байв. Тэд салах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэр бүл цуцлах эсэх нь шүүхийн шатанд байх үеэр Д.Фишертэй нэр холбогдсон. Үүнд бухимдсан М.Барнс хуучин эхнэрээ харамлаж, багагүй асуудал үүсгэж байв.

М.Барнс, Г.Гован нар Картер Келли Барнс, Айзья Майкл Барнс гэх хоёр хүүтэй. Сонирхуулахад, Глорья Гованы төрсөн эгч Лаура Гован нь сагсан бөмбөгч асан Гилберт Аренасын гэргий билээ. Эгч дүүс хамтдаа сагсан бөмбөгчдийн эхнэр хэмээх телевизийн реалити шоунд оролцож байв.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *