Хаан банк 21 аймагт 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулан хүлээлгэж өгнө

Монголчууд энэ жил түүхэндээ анх удаа олимпод багийн спортоор, тэр тусмаа 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцсон нь тун онцлог байлаа. Хэдийгээр онцгой амжилт үзүүлж чадаагүй ч тамирчид маань дэлхийн шилдгүүдээс дутахгүй өрсөлдөхөө харуулж, түүхэн хуудас бичсэн том үйл явдал болсон билээ. Тэгвэл Монгол орон даяар салбар нэгжтэй ХААН Банк түүхт 30 жилийнхээ ойгоор хүүхэд залууст бэлэг барьж, 21 аймаг болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай дүүрэгт 3×3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулж өгөхөөр ажлаа эхлүүлээд байна.

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд соёл урлаг, спортын салбарынхныг тууштай дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нь дэмжих, цаашлаад их спортын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгах ирээдүйн аваргуудыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор ийнхүү улсын хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд буй юм.

Энэ ажлын салхийг хагалж, эхний 3×3 сагсан бөмбөгийн стандарт талбайг Төв аймагт байгуулан, хичээлийн шинэ жилийн өмнө хүүхэд залууст бэлэг барихаар шаргуу ажиллаж байна. Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Алтанхуяг “ХААН Банкнаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэ сайхан ажлын эхлэл Төв аймгаас түүчээлж, ашиглалтад орж байгаад баяртай байна. 3×3 сагсан бөмбөгийн спорт манайд хөгжөөд төдий л удаагүй, залуу төрөл гэж хэлж болно. Гэхдээ “Токио-2020” олимпын наадамд манай баг тамирчид амжилттай оролцсонтой холбоотойгоор спортыг сонирхох хүүхэд залуусын тоо ч нэмэгдэж байна. Яг энэ цаг үед стандарт талбайг ийнхүү байгуулж байгаа нь зуунмодчуудын хувьд чухал үйл явдал юм. Манай аймгийн тамирчид 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр залуучуудын ДАШТ-д оролцож байсан. Мөн энэ нутгаас төрөн гарсан Д.Дэлгэрням тэргүүтэй тамирчид Монгол Улсын шигшээ багт тоглож байна. Энэ талбай ашиглалтад орсноор хүүхэд залуус энэ спортоор сонирхон хичээллэх нь нэмэгдэж, ирээдүйн шилдэг тамирчид болох урам, сэдэл авна гэж найдаж байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Бусад аймгийн хувьд 10-р сардаа багтаан сагсан бөмбөгийн талбайг бүрэн тохижуулан хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй.

Мэдээллийн эх сурвалж: https://www.khanbank.com/mn/personal/news/khaan-bank-21-aimagt-3kh3-sagsan-bumbugiin-standart-talbai-baiguulan-khuleelgej-ugnu

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *