NBA: Тамирчид вакцинд итгэхгүй байна

АНУ-д өнгөт арьст алдартай тамирчдын дунд титэм вирусын эсрэг вакцинд үл итгэх байдал газар авч байгаад мэргэжилтнүүд санаа зовниж байна.

NBA-гийн гол дүр Лэрбон Жэймс бол нийгмийн идэвхтэй хүмүүсийн нэг. Ялангуяа өнгөт арьст иргэдийн эрх ашиг, хүний эрхийн талаар сүүлийн үед бүр ч их ярих болсон билээ. Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, хууль сахиулагчдын гарт амиа алдсан Трэйвон Мартин, Жорж Флойд, Бреонна Тэйлор болон эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн иргэдийн дуу хоолой нь болдог нэгэн юм.

Л.Жэймс саяхан тэрбумтан Жон Хенригийн “Фэнвэй спорт”-д хувьцаа эзэмших болсноор MLB-гийн “Бостон Редсокс” багийн эздийн нэг болсон юм. Ингэснээр “Хаан” Жэймс өнгөт арьстнуудын эсрэг үзлийг бага ч болов багасгаж чадна гэж найдаж буйгаа илэрхийлсэн.

Гэхдээ Леброн ковид 19-ын вакцины талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй юм. Энэ сарын эхээр болсон Бүх Оддын тоглолтын үеэр түүнээс вакцин хийлгэх талаар сэтгүүлчид тодруулахад “Энэ бол хувийн асуудал” хэмээн хариулахаас эрс татгалзсан удаатай.

АНУ-д хийсэн судалгаагаар хар арьстнуудын дунд ковидын вирусээр нас баралтын хувь хамгийн өндөр байгаа аж. Гуравдугаар сарын 7-ноос хойш хийсэн судалгаагаар 100 мянган хүн тутамд 178 өнгөт арьстнууд нас барсан бол цагаан арьстнуудад 124 хүн нөгөө ертөнцөд очсон гэнэ.

Түүнчлэн иргэдийн дунд хийсэн судалгаагаар ч африк-америкчууд вакцинд итгэхгүй байгааг харуулсан билээ.

Тиймээс Брихэм болон Харвардын их сургуулийн багш, доктор Абраар Каран нэр хүндтэй тамирчдыг вакцинд итгэл хүлээлгэж, бусаддаа нөлөөлөхийг ятгаж байна.

NBA-гийн домгууд болох Карим Абдул Жаббар, Билл Рассель нар вакцинд хамрагдсан боловч залуу тамирчдын зарим нь үүнд итгэхгүй байгаагаа ил тод зарласан. Тодруулбал, “Голден Стэйт Уорриорс” багийн довтлогч Андрью Уиггинс болон түүний багийн хамтрагч Кент Бэйзмор нар вакцин тариулах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн юм.

NBA-гийн комиссар Адам Сильвер тоглогчдыг вакцинд хамрагдах эсэх нь тэдний хувийн асуудал гэдгийг тодотгоод ихэнх нь хувийн хариуцлагаа ухамсарлана гэж найдаж байгаагаа хэлсэн билээ. Одоогоор “Лос Анжелес Лэйкерс” багийн зарим гишүүд вакцин тариулсан бөгөөд “Атланта Хоукс”, “Нью Орленс Пеликанс”, “Портлэнд Трэйлблазерс”, “Майами Хит” багийн бүх тамирчид вакцинд хамрагдсан гэдгээ олон нийтэд зарласан.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *