Стив Нэш, Жэйсон Кидд, Рэй Аллен нарын 13 хүн “Алдрын танхим”-д мөнхрөнө

Өнгөрсөн бямба гаригт сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-д нэрээ үлдээх 13 хүнийг зарлав. Тэдний дунд та бидний тоглолтыг нь үзэж, дэмжиж биширч ирсэн нэрт холбогчид болох Жэйсон Кидд, Стив Нэш, мэргэн бууч Рэй Аллен, М.Жорданы залгамжлагч гэгдэж байсан Грант Хилл, “Филадельфи 76”-ийн Мо.Чеекс нар багтлаа. Түүнчлэн WNBA-ийн төлөөлөгч Тина Томпсон, дасгалжуулагч Лефти Дрьеселл, Чарли Скотт, багийн эзэн явсан Рик Вельц, Род Торн болон сагсан бөмбөгийн ертөнцөд их зүйл хийсэн Дино Раджа, Кэти Смит, Ора Мае Вашингтон нар энэ жилийн “Алдрын танхим”-д багтав.

Өмнөд Африкт төрсөн ч Канадын иргэншилтэй, хөлбөмбөгт авьяастай ч сагсан бөмбөгийн тод од болон гялалзсан эрхэм бол Стив Нэш. Нарлаг “Финикс”-т 10 улирал тоглохдоо улирлын үнэ цэнэтэй тоглогчоор хоёр улирал дараалан тодорсон хүн. Тэрбээр Бүх Америкийн нэгдүгээр багт гурван удаа нэрлэгдэж, өөрөө тоглож байхдаа таван удаа лигийг оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн. Бүх цаг үед хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн гурван тоглогчийн нэг. Нийт 10335 оновчтой дамжуулалт өгсөн төдийгүй чөлөөт шидэлт гүйцэтгэсэн үзүүлэлтээр тэргүүлдэг (90.4%) билээ. Дөрвөн улирал 50-40-90 үзүүлэлт хийсэн (шидэлтийн хувь, холын зайн шидэлт болон чөлөөт шидэлтийн хувь үзүүлэлт) цор ганц тоглогч. Ийм үзүүлэлтийг NBA-д ердөө 7 тоглогч л улирлын турш харуулсан түүхтэй. Тэднээс Ларри Бөрд хоёр улирал дээрх амжилтаа давтсан юм. Одоо тоглож буй тоглогчдоос Кевин Дюрант (2013), Стефен Карри (2016) онд үзүүлсэн билээ.

1994-95 оны шилдэг шинэ тоглогчийн шагналыг Ж.Кидд, Г.Хилл нар хамтдаа хүртсэн юм. Тэр цагаас хойш Ж.Кидд лигийн шилдэг хамгаалагч нарын нэг болж, бүх оддын тоглолтод 10 удаа нэрлэгдэж, 2011 онд “Даллас Маверикс”-ийн хамт аваргын бөгж зүүсэн. Түүнчлэн Бүх Америкийн нэгдүгээр багт таван удаа, хамгаалалтын нэгдүгээр багт дөрвөн удаа нэрлэгдсэн. Домогт Жон Стоктон байгаагүй бол Ж.Кидд бөмбөг таслалт (2,684), оновчтой дамжуулалтаар (12,091) NBA-г тэргүүлэх байв.

Ж.Кидд 19 улирлын турш 107 трипл дабл гүйцэтгэсэн амжилттай их спортоо орхисон бөгөөд энэ нь Оскар Робертсон (181), “Шидэт” Жонсон (138) нарын ард орох үзүүлэлт болсон юм. Түүнчлэн замналынхаа турш 1391 тоглолтод оролцох боломжтойгоос 1350-д нь тоглосон нэгэн. Багадаа 8 оновчтой дамжуулалт, 6 самбараас дунджилсан үзүүлэлтийг 15 улирал харуулсан билээ.

Г.Хилл, Ж.Кидд нарт төстэй зүйл бий. Тэд 1995 онд шилдэг шинэ тоглогчийн шагналаа хувааж, хоёул 19 улирал тоглосны эцэст хоёр хоногийн зайтай их спортоо орхиж, бас нэг онд “Алдрын танхим”-д мөнхөрч буй.

Г.Хилл хэзээ ч холбогчоор тоглож байгаагүй. Гэхдээ тэр бүх оддын тоглолтод 7 удаа нэрлэгдэж, 1997 онд Бүх Америкийн нэгдүгээр багт, дөрвөн удаа хоёрдугаар багт багтсан удаатай. Лигт элсэхээсээ өмнө Дюкийн их сургуулийг хоёр удаа оюутны лигийн аварга болгосон.

Ж.Киддээс ялгаатай нь Г.Хилл ердөө 6 жилийн хугацаанд дээрх амжилтыг үзүүлсэн гэхэд болно. 2001 оноос хүнд гэмтсэнээс хойш тэр хуучин амжилтаа дахиж давтаж чадаагүй. М.Жорданы залгамжлагч хэмээн түүнийг үнэлдэг байсан ч ганц ч аваргын цомгүй замналаа дуусгасан түүхтэй.

NBA-ийн хоёр удаагийн аварга, Бүх Оддын тоглолтод 10 удаа тоглосон Рэй Аллен энэ жилийн “Алдрын танхим”-д багтав. Холын зайн шидэлтээрээ рекорд тогтоож (2,973), хамгийн багадаа 1200 чөлөөт шидэлт гүйцэтгэсэн тамирчдаас 89.4 хувиар зургадугаарт бичигддэг Аллен 1995 онд шилдэг эрэгтэй сагсан бөмбөгийн тамирчнаар нэрлэгдэж, 2000 онд олимпийн аварга болсон билээ. Гурван багтаа дээд амжилт эзэмшдэг. Тодруулбал, “Милоуки”д байхдаа 400 тоглолт дараалан тоглож, холын зайнаас 1,051 удаа оруулж, нэг улиралд 229 удаа гурваас оруулсан бол “Сеатл Суперсоникс”-т байхдаа нэг улиралд 269 удаа холын зайн шидэлтээ гүйцэтгэж, хожим “Бостон”-д нэг улирлын турш 95.2 хувьтай чөлөөт шидэлтээ оруулж, 72 дараалан чөлөөт шидэлтээ алдаагүй юм.

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *