Category: Токио 2020

3х3: Бельги, Итали сүүлийн эрхийг атгалаа

Энэ сарын 4-6-нд Унгарын Дебрецен хотод 3х3 сагсан бөмбөгийн Токиогийн олимпод оролцох сүүлийн эрхийн төлөө чансаагаар шигшигдсэн тус бүр зургаан баг өрсөлдсөн юм.

3х3 сагсан бөмбөгийн Токиогийн олимпод оролцох багууд тодорлоо. Сүүлчийн ганц эрхийн төлөө эрэгтэй, эмэгтэй чансаагаар шигшигдсэн тус бүр зургаан баг хүч сорьсон юм.

ЭРЭГТЭЙ

МОНГОЛ – БЕЛЬГИ
  1. Бельги
  2. Унгар
  3. Словен
  4. Монгол
  5. Украин
  6. Румын

Тибо Вервурт шигшээ тоглолтод есөн оноо авч багаа тэргүүлснээр Бельгийн баг талбайн эзэн Унгарыг 21:14-өөр буулган авлаа. Ийнхүү бельгичүүд Серб, Оросын олимпын баг, БНХАУ, Япон болон өнгөрсөн долоо хоногт олимпын эрхээ авсан Латви, Польш, Нидерландын багийн хамт Токиог зорих боллоо.


ЭМЭГТЭЙ

ИТАЛИ – УНГАР
  1. Итали
  2. Унгар
  3. Тайван
  4. Нидерланд
  5. Эстони
  6. Иран

2018 оны ДАШТ-ээр тодорч, үнэ цэнэтэй тоглогч болж явсан Рае Лин Д’Али дахин нэг удаа багаа аварлаа. Энэ удаад вакцинжуулалтад хамрагдсан олон мянган үзэгч, хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө цаг дуусах мөчид оноо авснаар италичууд Токиог зорих багийн тоонд багтлаа. Эмэгтэй багаар чансаагаар БНХАУ, Оросын олимпын баг, Румын, Монгол эрхээ авсан бол өнгөрсөн долоо хоногт Итали, Франц, Японы баг олимпод өрсөлдөхөөр болсон билээ.


ШИЛДГҮҮД

Тэмцээний шилдгүүд

Тус тэмцээний шилдэг тоглогчоор Италийн Рае Лин Д’Али, Бельгийн Рафаэль Богаертс нар тодорчээ. Эмэгтэйчүүдийн шилдгээр тодорсон Р.Д’Али дөрвөн тоглолтод 22 оноо авснаар багаа тэргүүлсэн юм. 163 см өндөртэй итали бүсгүй Унгарын эсрэг шигшээ тоглолтод хожлын оноог авч Токиог зорих сүүлийн эрхийг багтаа авчирсан билээ.

Рае Лин Д’Алигийн хожлын оноо

Эрэгтэй шилдгээр Бельгийн Рафаэль Богаертс хагас шигшээд Монголын багийн эсрэг чухал оноог авч багаа хожилд хүргэсэн. Самбараас бөмбөг авсан тоогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн түүний ачаар Бельгийн шигшээ баг олимпыг зорих эрхээ авсан юм.

Эмэгтэй тамирчид “Токио 2020”-д оролцох эрх авлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпод оролцох эрх авсан эхний дөрвөн багийг танилцууллаа.

Эмэгтэйчүүдийн ангилалд ОХУ, БНХАУ, Монгол болон Румыний шигшээ баг ирэх оны долдугаар сарын 25-29-нд Японы Токио хотод болох олимпын наадамд оролцох нь тодорхой болов.

Харин эрэгтэйд чансаагаар тэргүүлсэн Серб, ОХУ, БНХАУ-ын баг шууд эрхээ авсан бол зохион байгуулагч орон болох Японы эрэгтэй шигшээ баг цагаан хуудсаар оролцох боллоо. Манай эрэгтэй шигшээ баг чансаагаар дөрөвдүгээрт бичигдсэн боловч Японы эрэгтэй шигшээ баг цагаан хуудсаар оролцох болсон тул чансаагаар эрх авах боломжгүй болжээ.

Энэтхэг улсад олимпын эрх олгох хоёрдугаар шатны тэмцээн болно

Гэхдээ манай эрэгтэй багт найдвар бий. Ирэх оны гуравдугаар сарын 18-22-нд Энэтхэг улсад олимпын эрх олгох тэмцээн болно. Энэ тэмцээнд эхний гурван байрт орсон баг Токиог зорих болно. Манай эрэгтэй шигшээ баг “A” хэсэгт Польш, Бразил, Турк, Испанитай нэг хэсэгт оржээ.

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн

Хоёрдугаар шатны тэмцээнээс эрх авч чадахгүй бол Унгарын Будапешт хотод болох сүүлийн тэмцээнд хүч сорино. Сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй аль ч ангилалд сүүлийн хоёр олимпод оролцож байгаагүй зургаан улс энэ тэмцээнд оролцож, түрүүлсэн нь Японыг зорих юм.