Category: Сагсан бөмбөг

Стефен Карри хасагдах шатны эхний раундад тоглохгүй

“Голден Стэйт Уорриорс”-ын дасгалжуулагч Стив Керр багийн лидер Стефен Карригийн гэмтлийн талаар сэтгүүлчдэд ам нээжээ. Өнгөрсөн бямба гаригт нарийн шинжилгээнд орсныхоо дараа шөрмөсний гэмтлийн улмаас дор хаяж гурван долоо хоног тоглохгүй болсон Карри гурван долоо хоногийн дараа дахин эмчийн үзлэгт хамрагдаж, хэзээ эргэж ирэх нь тодорхой болно. Тэгвэл С.Керр түүнийг хасагдах шатны эхний раундад тоглохгүй гэж ярьжээ.

С.Керрийн ингэж ярьсныг С.Карригаас тодруулахад, “Дасгалжуулагч буруу таамаглаж байна. Хасагдах шатнаас өмнө бэлэн болно гэдэгтээ итгэлтэй байгаа” гэсэн юм.

С.Карри ирэх сарын 14-нд дахин шинжилгээнд орно. Харин энэ өдөр нь хасагдах шатны эхний үе нээлтээ хийх юм. С.Керрийн хувьд хоёр жилийн өмнөх алдаагаа давтахыг хүсэхгүй байгаа бололтой. Тэр үед С.Карри хасагдах шатанд шөрмөсний гэмтлийн улмаас хоёр долоо хоног талбайд тоглоогүй. С.Карри буцаж ирсэн ч өөрийнхөө тоглолтыг гаргаж чадаагүй юм. Тэр улиралд 30.1 оноо дунджилж, 50.4 хувийн оновчтой шидэлтээ гүйцэтгэж байсан бол шигшээ тоглолтод “Кливлэнд”-ийн эсрэг 22.6 оноо дунджилж, 40.3 хувьтай довтолсон билээ.

 

Стефен Карри хүнд бэртлээ

“Голден Стэйт Уорриорс” багийн лидер Стефен Карри баруун шагайны гэмтлийн улмаас зургаан тоглолт өнжсөн бөгөөд өнөөдөр “Атланта Хоукс” багийн эсрэг тоглолтод эргэн ирсэн ч тоглолтын гуравдугаар үед зүүн өвдгөндөө бэртэж, талбайг орхисон юм.

Багийн зүгээс түүнийг шөрмөсөндөө гэмтэл авсныг тодруулж, маргааш буюу орон нутгийн цагаар бямба гаригт шинжилгээнд оруулахаар болжээ. Энэ үер гэмтэл нь хэр ноцтой болохыг тогтоох юм.

Бичлэгнээс үзэхэд багийнх нь тоглогч Жавайл МкГее эсрэг багийн довтолгоог зогсоох оролдлого хийгээд унахдаа Карригийн зүүн хөлийг гэмтээсэн байна.

Энэ жил 30 настай С.Карри хэдийнэ 21 тоглолт өнжөөд буй. Үүний ихэнх нь шагайны бэртэлтэй холбоотой байлаа. “Уорриорс”-ын гол довтлогч Кевин Дюрант түүний эзгүй байсан үеийг “Бид түүнгүйгээр талбайд тоглох нь эрс өөр байдаг. Тэр бол энэ багийн систем. Стив Керр дасгалжуулагчийн арга барилын гол хүн бол Карри” гэж ярьсан удаа бий.

С.Карригийн бэртлийн нарийвчилсан онош одоогоор тодроогүй. Гэхдээ бэртэл хэр ноцтой эсэхээс шалтгаалж бүрэн эдгэрэхэд дунджаар зургаан долоо хоног шаардлагатай аж. С.Карри өөрөө талбайгаас гарч явсан учир үүнээс ч бага хугацаанд эдгэрэхийг үгүйсгэхгүй юм. Мэргэжлийн тамирчдын дийлэнх нь 6-8 долоо хоног чөлөө авдаг билээ.

“Хорнетс” дээд амжилт тогтоов

Кемба Уолкер тэргүүтэй “Чарлотт Хорнетс” баг NBA-ийн хамгийн сул баг болоод буй “Мэмфис Гриззлис”-ийн залууст хичээл зааж, 140:79-өөр буулган авчээ. Тэд өрсөлдөгчөө 61 онооны давуу ялсан нь багийнх нь дээд амжилт юм. Ингэснээр 1998 оноос хойш өрсөлдөгчөө 60 ба түүнээс дээш оноогоор хожсон анхны баг болов. Тэгвэл лигийн түүхэнд өрсөлдөгчөө ийм хол тоогоор хожсон зургаа дахь тохиолдол болжээ.

“Хорнетс”-ийн гол тоглогч Кемба Уолкер ердөө гурван үед 46 оноо авч, 10 удаа холын зайн шидэлтээ оновчтой болгосноор хувийн дээд амжилтаа ахиулав. К.Уолкер ердөө 28 минут талбайд тоглож, 45-аас дээш оноо авсан анхны тоглогч болж, түүхэнд мөнхөрчээ. Түүнчлэн нэг тоглолтод холын зайнаас 10 удаа оруулж, чөлөөт шидэлтээ 10 ба түүнээс дээш оновчтой болгосон гурав дахь тоглогч болсон юм.

Харин “Мэмфис”-ийн хувьд энэ улиралд 19 ялж, 53 хожигдсон үзүүлэлтээр сүүлийн байрт бичигдэж буй. Тэд Бүх оддын тоглолтын дараа 23 тоглолтод ердөө ганцхан хожил авчээ.

Кайл Корверийн төрсөн дүү өөд болжээ

“Кливлэнд Кавальерс” багийнхан барцадтай байна. Ахлах дасгалжуулагч Тайрон Лю нь өвчний улмаас ажлаасаа чөлөө авсан бол Тристан Томпсон, Родни Хүүд, Ларри Нэнс, Седи Осман зэрэг тоглогчид нь бэртлийн улмаас талбайд гарахгүй байгаа билээ. Тэгвэл ахмад хамгаалагч Кайл Корверийн төрсөн дүү нь өөд болсон гэнэ.

Кайлын төрсөн дүү Кирк Корвер дөнгөж 27 насандаа бурхан болов. Өнгөрсөн долоо хоногт Корвер дүүгийнхээ хүнд өвдсөнийг дуулаад багийн бэлтгэлээс чөлөө авч, Айова муж руу дүүгээ эргэхээр очсон юм. Удалгүй буцан ирж, даваа гаригт “Милоуки”-гийн эсрэг тоглолтод 12 оноо авсан юм.

Коллежийн тоглогч Кайл болон түүний төрсөн дүү 11 настай Кирк нар.

Кирк Корвер Пелла ахлах сургуульд сагсан бөмбөг тоглож байсан билээ. Тэрбээр бүх америкийн гуравдугаар багт нэрлэгдэж байсан бөгөөд нэг тоглолтод дунджаар 14.4 оноо, 9.2 самбар дунджилж байв. Түүнчлэн Миссури их сургуулийн багт гурван улирал тоглож, нийт 597 оноо авч байв.

Монголын эрэгтэй шигшээ баг анх удаа 3х3-ын ДАШТ-д оролцоно

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ ирэх зургадугаар сарын 8-12-нд Филиппиний Манила хотод болно. Тус тэмцээнд 37 орны 40 баг оролцох юм. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо, Филиппиний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулах тус тэмцээн тав дахь удаагаа зохиогдох юм. Уламжлал ёсоор зохион байгуулагч орон болох Филиппиний эмэгтэй, эрэгтэй шигшээ баг болон өнгөрсөн жил Францын Нантес хотод болсон ДАШТ-д түрүүлсэн,  Сербийн эрчүүд, Оросын бүсгүйчүүд энэ удаагийн тэмцээний эрхээ шууд халаасалсан.

Тэгвэл бусад багууд Филиппинийг зорих эрхээ олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос тогтоосон чансаагаар авсан юм.

Энэ удаагийн тэмцээнд Канад, Экуадор, Иран, Малайз, Монгол болон Нигерийн баг тамирчид анх удаа оролцох юм.

Түүнчлэн ердөө гурван улс л эрэгтэй болон эмэгтэй шигшээ багаараа оролцох эрх авчээ. Тэд бол тэмцээнийг зохион байгуулагч Филиппин, ОХУ болон Нидерландын шигшээ юм.

Энэ удаагийн ДАШТ-д ур чадварын тэмцээн зохион байгуулах болсон билээ. Тодруулбал, эрчүүд цагариг руу тохох слэм данкт оролцох бол эмэгтэйчүүд ур чадварын, холимог баг шидэлтийн тэмцээнд оролцоно.

Оролцох багууд:

Эрэгтэй: Бразил, Канад, Хорват, Экуадор, Эстони, Япон, Йордан, Киргызстан, Латви, Монгол, Нидерланд, Шинэ Зеланд, Нигерь, Филиппин, Польш, Румын, ОХУ, Серб, Словен, Украин

Эмэгтэй: Андора, Аргентин, БНХАУ, Чех, Франц, Герман, Унгар, Иран, Итали, Казахстан, Малайз, Нидерланд, Филиппин, ОХУ, Испани, Швейцарь, Туркменистан, Уганда, АНУ, Венесуэль

Филиппинчүүд уг тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч, 55 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д зохион байгуулах болжээ. Энэ бол дэлхий дээрх хамгийн олон хүний суудалтай спорт ордон. 2014 онд баригдсан энэ ордонд Филиппиний сагсан бөмбөгийн шувтаргын тоглолтыг 54,083 хүн нэг дор цугларч үзсэн нь дээд амжилт тогтоож байв. Түүнчлэн 2023 оны сагсан бөмбөгийн дэлхийн цомын тэмцээнийг энд хийхээр төлөвлөсөн гэнэ.

Филиппиний сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийнхаа гол тоглогч Терренс Ромеог 3х3-ийн ДАШТ-д оролцоно гэж зарласан юм. Дотоодын лигт бараг авч болох бүх шагналыг нь хамсан Ромео шигшээ багаа 2015 онд Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртэхэд гарааны холбогчоор тоглож байв.

Канадын эрэгтэй шигшээ баг бүрэлдэхүүнээ хамгийн түрүүнд зарлав. Тэдний бүрэлдэхүүнд Майкл Линклатер, Нолан Брудель, Стив Сир, Майкл Лифферс нар багтжээ. Канадчууд энэ тэмцээнд бидэнтэй ижил анх удаа оролцохоор болсон билээ. Энэ удаагийн ДАШТ-д 2020 оны Токиогийн олимпийн эрх олгогдохгүй. Гэхдээ түрүүлсэн баг нь уламжлал ёсоор 2019 оны ДАШТ-д оролцох эрхээ авах юм.

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д багууд бүрэлдэхүүнээ ирэх тавдугаар сарын 8-нд хүртэл албан ёсоор зарлах ёстой билээ.

Рассел Уэйстбрукийн түүхэн амжилт ба NBA-ийн эргэн тойронд

“Оклахома Сити Тандер”-ын холбогч Рассел Уэйстбрук өнөөдөр “Атланта Хоукс”-ын эсрэг 32 оноо, 12 самбар, 12 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, баг нь өрсөлдөгчөө 119:107-гоор буулган авчээ. Р.Уэйстбрук замналынхаа турш 100 дахь трипл даблаа хийсэн бөгөөд ийм үзүүлэлтэд хүрсэн лигийн түүхэнд дөрвөн тоглогчийн нэг боллоо. Түүнээс өмнө алдарт Оскар Робертсон (181), “Шидэт” Жонсон (138), Жэйсон Кидд (107) нар ийм амжилтад хүрчээ.

Р.Уэйстбрук ийнхүү сүүлийн гурван тоглолтод дараалан трипл дабл гүйцэтгэж, энэ улиралд 21 удаа үзүүлсэн амжилтаараа бүх тоглогчийг тэргүүлж буй. Түүний араас Леброн Жэймс 14 трипл дабл гүйцэтгэсэн амжилтаар удаалж байна. Түүний ачаар баг нь дөрөв дараалсан ялалт байгуулж, нийт 41 хожил, 29 ялагдалтай болов. Уг үзүүлэлтээр урдаа яваа “Портлэнд”-ээс ердөө ганц ялалтын зөрүүгээр нэхэж байгаа ч баруун бүсийн наймдугаарт жагсаж байгаа “Юта Жазз”-аас хоёр ялалтаар илүү байгаа аж.

Өнөөдөр 30 нас хүрсэн Стивен Карри шагайны гэмтлийн улмаас долоо хоног талбайд гарахгүй аж. Гэхдээ энэ бол байж болох хамгийн бага хугацаа бөгөөд энэ сарын 20-нд дахин эмчийн үзлэгээр орсны дараа хэзээ тоглох нь тодорхой болно. Карри өнгөрсөн арванхоёрдугаар сараас шагайны асуудалтай тулгарсан. Улмаар Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр “Сан Антонио Спэрс”-ийн эсрэг тоглохдоо бэртлээ сэдрээсэн билээ.

“Бостон Селтикс”-т байхдаа олны танил болж, “Детройт Пистонс” руу явсан ч солилцоогоор “Лос Анжелес Клипперс”-ийн тоглогч болсон хамгаалагч Эйври Брэдлигийн улирал дууссан гэнэ. Булчингийн гэмтлийн улмаас олигтой тоглохгүй байсан Э.Брэдли хагалгаанд орох болсноор 6-8 долоо хоног жагсаалаас гарчээ. Түүний эзгүйд Луи Уильямс гараанд гарах гэнэ. Ирэх зун чөлөөт тоглогч болох боломжтой Брэдли гэмтлийн асуудал нь шинэ гэрээ байгуулахад бэрхшээл үүсгэхгүй гэдэгт найдаж байгаа юм.

https://www.youtube.com/watch?v=NLE3fpT5r-8

“Бруклин Нетс”-ийн хамгаалагч Де’Анжело Расселл “Торонто Рэпторс”-ийн эсрэг зөвхөн нэгдүгээр үед холын зайнаас найм шидэж, долоог нь оруулжээ. Эхний үед 24 оноо авсан Расселл үлдсэн хугацаанд найман оноо халаасалж, 32 оноотой тоглолтыг дуусгасан. Гэхдээ Расселл энэ улиралд нэг үед хамгийн олон холын зайн шидэлтээ оновчтой болгосон тоглогчоор тодорч, харин бүх цаг үед тавдугаарт бичигдэх болсон байна.

 

Аваргаа хамгаалах хатуу даалгавартай эрчүүд хэсгийн шатанд Катар, Тайванийн багтай өрсөлдөнө

Өнгөрсөн аравдугаар сард манай оронд болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д амжилттай оролцож түрүүлсэн Монголын эрэгтэй шигшээ баг ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-нд БНХАУ-ын Шензен хотод болох Азийн АШТ-д оролцох билээ. Тус тэмцээнд одоогоор эрэгтэй 22, эмэгтэй 18 баг өрсөлдөхөөр бүртгүүлсэн.

Гэхдээ хэсэг тус бүрт гурван баг өрсөлдөх бөгөөд 12 баг л Азийн АШТ-д хүч сорих юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар тивдээ чансаагаар эхний 10-т багтсан багууд оролцох эрхээ шууд халаасалсан бол бусад 12 баг үлдсэн хоёр эрхийн төлөө нэмэлт тоглолт хийх юм.

Аваргаа хамгаалах зорилготой Монголын шигшээ баг “А” хэсгийг тэргүүлэх бол зохион байгуулагч орон БНХАУ “B” хэсгийг толгойлох аж. Харин бусад хоёр хэсгийг Япон, Казахстаны эрэгтэй баг тэргүүлэв.

Манайхны хувьд хэсэгтээ Катар, Тайванийн багтай учраа таарах нь тодорхой болжээ. Харин БНХАУ-ын хэсэгт Киргызстан, Туркменистан багтав. Японы хэсэгт Йордан, Казахстаны хамт Шинэ Зеланд багтсан юм.

Харин “C” болон “D” хэсгийн гурав дахь эрхийн төлөө 12 баг өрсөлдөнө. Ирэх дөрөвдүгээр сарын 27-28-нд болох нэмэлт эрхийн төлөө “А” хэсэгт Шри Ланк, БНСУ, Малайз, Узбекистан, Вануату, Тайланд өрсөлдөх бол нөгөө хэсэгт Индонез, Австрали, Иран, Самоа, Гуам, Хонконгийн баг хүч сорино.

Эмэгтэйчүүдийн хувьд зохион байгуулагч орон БНХАУ “А” хэсгийг тэргүүлсэн. Тэдэнтэй Малайз, Шинэ Зеланд хэсгээсээ гарахын төлөө хүч үзнэ. Харин “B” хэсгийг Йордан тэргүүлж, Индонез, Тайванийн баг орсон юм. Харин үлдсэн хоёр хэсэгт Казахстан, Туркменистан болон Япон, Ираны баг оржээ.

Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд Казахстан, Туркменистантай хэсгийн шатанд өрсөлдөх эрхийн төлөө Узбекистан, Вануату, Хонконгтой нэмэлт тоглолт хийх бол нөгөө талд Шри Ланк, Австрали, Тайланд, Самоагийн багууд өрсөлдөнө.

 

Стив Керр: Залууст тустай шийдвэр гаргах ёстой

NCAA буюу оюутны сагсан бөмбөгийн холбоо ахлах сургуулийн шилдэг тоглогчийг мөнгөөр “зодож” коллеждоо авдаг нь тодорхой болсноор багагүй дуулиан дэгдээгээд байгаа билээ. Энэ асуудлаар нэр алдартай хүмүүс хүртэл сэтгэгдлээ илэрхийлж, эсэргүүцэж байгаагаа мэдэгдэх болсон юм. NBA-ийн удирдлагууд шилдэг залуусыг шууд хөгжлийн лигт авчрах талаар бодож байгаа юм. Тэгвэл “Голден Стэйт Уорриорс”-ын ахлах дасгалжуулагч Стив Керр энэ талаар өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.

Лигийн өнгийг тодорхойлж буй багийг удирдаж байгаа Керр залууст ашигтай шийдвэр гаргах ёстой гэж бодож байгаагаа илэрхийлэв. Түүний хувьд одоогийн дүрмийг өөрчлөх ёстой гэнэ.

Тодруулбал, шинэ тоглогчийн сонгон шалгаруулалтад нэрээ өгсөн ч багт сонгогдож чадаагүй залуус оюутны лигээс хасагддаг одоогийн журмыг өөрчлөх хэрэгтэй гэж онцолжээ.

Одоогийн журмаар бол драфтад нэрээ өгсөн тоглогч цаашид мэргэжлийн агенттай болж, оюутны лигт эргэж ирэхгүй гэсэн гэрээ байгуулдаг аж. Керр энэ дүрмийг огт ойлгодоггүй бөгөөд залуусын боломжийг хаасан, болхи заалт гэж үзэж байгаа юм.

 

Ахлах сургуулийн тоглогчид G лигт тоглох уу

NCAA буюу Америкийн оюутны дээд лигийн хэд хэдэн томоохон албан тушаалтан, багийн ерөнхий менежер, ахлах дасгалжуулагч тэргүүтэй хэд хэдэн хүмүүс авилгалын хэрэгт холбогдож, холбооны мөрдөх товчооноос шалгалт явуулсан билээ. Багадаа 25 тоглогч энэ хэрэгт холбогдсон бөгөөд Мичиган их сургуулийн Майлс Брижес, Алабамагийн Коллин Секстон, Дюкийн Венделл Картер болон өнөөгийн NBA-ийн тоглогч Кайл Кузма, Деннис Смит Жуниор, Бэм Адебайо, Айзья Уайтхид, Маркель Фультц зэрэг томоохон нэрс холбогдоод байгаа юм.

Эдгээрээс Секстон болон Картер нар 2018 оны NBA-ийн драфтад нэрээ дэвшүүлсэн билээ. Өнгөрсөн жилийн сонгон шалгаруулалтаар лигт элссэн Смит, Адебайо, Фультц нар коллежийн сагсан бөмбөгт нэг жил тоглоод л дээд лигийн тамирчин болсон.

Тэгвэл их сургуулиуд шилдэг залуу тоглогчдыг урвуулахын тулд их хэмжээний мөнгө цацдаг болох нь тогтоогдсон. Томоохон их сургуулиуд тамирчдыг зөвхөн үнэгүй сургалт, шилдэг хөтөлбөр, үүх түүхээрээ урхиддаг байсан цаг ард хоцорчээ. Тэд их хэмжээний мөнгө эргэлдүүлж, ар гэрт мөнгөн тусламж, тамирчиндаа элдэв үнэтэй бэлэг өгөх зэргээр “өрсөлддөг” болсон юм.

Энэ асуудлаас болж, NBA ахлах сургуулийн шилдэг тоглогчдыг шууд “G лигт” элсүүлж магадгүй гэнэ.

“G лиг” гэж юу вэ?

“G лиг” бол NBA-ийн доод лиг гэсэн үг. Дээд лигийн баг бүр доод лигийнхээ аль нэг багтай холбоотой байдаг аж. Ингэснээр тоглогч нь гэмтсэн тохиолдолд цөөн хоногоор зарим тоглогчтой гэрээ байгуулж, гэмтлийн хүнд үеийг даван туулдаг. Түүнчлэн дээд лигт орон зай олдоогүй тамирчид энэ лигт өөрийгөө харуулах үүрэгтэй. Зарим үед их спортоо орхих цаг нь болчихсон ахмад тамирчид, хүнд гэмтлээс эргэн ирэх оролдлого хийж буй сагсчдын хувьд энэ лиг NBA рүү гарах нэг алхам болдог.

Коллежийн сагсан бөмбөгт тухайн тоглогч нэг ч ам.долларын цалин авах ёсгүй байдаг. Харин “G лиг”-ийн хамгийн өндөр цалин нь 25 мянган ам.доллар. Энэ нь Дюк болон Кентаки гэх мэт нэр хүндтэй коллежийн тоглогч байхтай харьцуулагдахгүй ч энэ лигт агент болон бусад ивээн тэтгэгчийн цалинтай байж болдог давуу талтай.

Өдгөө ахлах сургуульд тоглож буй чадварлаг тоглогчдын нэг Зион Уильямссон энэ лигт тоглохоор болвол “Adidas”, “Nike”, “Under Armour” зэрэг компаниуд ивээн тэтгэх сонирхолтой байгаа аж.

Коллежоос илүү “G лиг”-ийг сонгосон тоглогч NBA-д нэг бус удаа бий. Тодруулбал, Латавоус Уильямс ахлах сургуулиа төгссөнийхөө дараагаар хөгжлийн лигийн “Тулса 66” багт зүтгэж байв. Тэрбээр 2010 оны драфтад нэрээ дэвшүүлж, “Майами Хит” багт сонгогдсон билээ. Харамсалтай нь, Уильямс дээд лигт тоглож чадаагүй юм. Тэр хөгжлийн лигт дахин нэг улирлыг өнгөрүүлээд Испанийн Валенсиад мөн Пуорто Рико, Доминикан, Венесуэль, ОХУ-ын багт тоглосон билээ.

Түүнчлэн хөгжлийн лигт тоглож буй тамирчид цахимаар дээд сургууль төгсөх бүрэн боломжтой байдаг билээ.

 

 

 

 

Дирк Новицки 31 мянган онооны босго давсан зургаа дахь тоглогч

“Даллас Маверикс” багийн од Дирк Новицки NBA-ийн түүхэнд 31 мянган онооны босго давсан зургаа дахь тоглогч болжээ. Тэрбээр “Оклахома Сити Тандер” багийн эсрэг тоглолтын хоёрдугаар үед ийн түүхэнд бичигдлээ.

Ийнхүү немц эр домогт Карим Абдул Жаббар, Карл Малоун, Коби Брайант, Майкл Жордан, Уилт Чаймбэрлэн нарын шилдгүүдтэй хамт жагсах боллоо.

NBA-ийн бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогчид:

1. Карим Абдул Жаббар – 38,387

2. Карл Малоун – 36,928

3. Коби Брайант – 33,643

4. Майкл Жордан – 32,292

5. Уилт Чаймбэрлэн – 31,419

Энэ жил 39 настай герман эр  энэ улиралд холын зайнаас 42.1 хувьтай шидэж буй нь хамгийн оргил үзүүлэлт. Түүнчлэн 5.7 самбараас бөмбөг авч байгаа нь багтаа хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт  юм.

 

 

Филадельфи хотынхон Леброн Жэймсийг найрав

Филадельфи хотын нэгэн зарлалын компанийн мэдэлд байдаг самбарт өнөөдөр Леброн Жэймсийг тус хотод очиж тоглохыг урьсан нь олны анхаарлыг татав. Энэ жил 33 настай Жэймс ирэх зун чөлөөт тоглогч болох боломжтой. Түүнийг одоо багаасаа явж, шинэ хамт олонтой аваргын бөгжний төлөө зүтгэн гэж шинжээчид таамаглаж буй. Учир нь одоогийн багийн удирдлагуудтай “түр тар” хийснээс гадна багийнхаа бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаа гэж үзэж байгаа юм.

Тэгвэл Филадельфи хотод байдаг зарлалын компани Кливлэнд хотын төвд байрладаг I-480 хурдны зам дээрээс харагдахаар гурван самбарт Жэймсийг урьсан гэнэ.

Эхний самбарт “76” багийн гол тоглогч болох Бэн Симмонс, Жоэль Эмбийд, Роберт Ковингтон, Дарио Шарич нарын дугаар дээр Жэймсийн “23” дугаарыг нь тавьж, ирээдүй цагт ийм гарааны тавт бүрдэх боломжтойг харуулсан аж.

Сонирхуулахад, Леброн Жэймс багтаа үлдвэл таван жилийн 205 сая “ногоон”-ы цалин авах боломжтой. Энэ нь бусад багтай гэрээ байгуулснаас дор хаяж 50 саяар илүү хөлс юм. Саяхан Лос Анжелес хотод байшин худалдаж авснаас үүдэлтэй түүнийг “Лэйкерс” юм уу “Клипперс”-ийг сонгох боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн “Филадельфи 76”, “Сан Антонио Спэрс” баг түүний цалинг төлөх чадвартай багийн тоонд ордог.

 

NBA-ийн хамгийн удаан үргэлжилсэн цуврал төгсөх үү

NBA-ийн нэрт төвийн тоглогч Шакил О’Нил сагсан бөмбөгийн талбайгаа орхиод долоон жил болсон ч нэгэн сонирхолтой цуврал нь үргэлжилсээр байгаа аж. Учир нь түүнтэй хамт тоглож байсан тоглогчид аваргын цом хүртсэн цуврал нь 34 жил үргэлжилсэн гэнэ.

Тийм ээ, та зөв харсан. 1984 онд “Бостон Селтикс” баг аваргалахад Жорж Найт энэ багт байв. Ж.Найт хожим 1994 онд “Орландо”-д байхдаа залуухан Шактай хамтарч байв. Тэгвэл хамгийн сүүлд “Голден Стэйт Уорриорс” баг түрүүлэхэд Мэтт Барнс бүрэлдэхүүнд нь байлаа. Түүнийг 2009 онд “Финикс Санс”-т байхдаа аварга эртэй нэг багт байсныг нь мэдэх байх.

Ингээд уг жагсаалтыг сонирхуулья:

1984 (Селтикс) – Жорж Найт (Орландо Мэйжик, 1994)

1985 (Лэйкерс) – Байрон Скотт (Л.А Лэйкерс, 1997)

1986 (Селтикс) – Жорж Найт (Мэйжик, 1994)

1987 (Лэйкерс) – А.С Грин (Лэйкерс, 2000)

1988 (Лэйкерс) – А.С Грин (Лэйкерс, 2000)

1989 (Пистонс) – Деннис Родман (Лэйкерс, 1999)

1990 (Пистонс) – Жон Соллей (Лэйкерс, 2000)

1991 (Буллз) – Хорас Грант (Лэйкерс, 2004)

1992 (Буллз) – Хорас Грант (Лэйкерс, 2004)

1993 (Буллз) – Хорас Грант (Лэйкерс, 2004)

1994 (Рокетс) – Роберт Орри (Лэйкерс, 2003)

1995 (Рокетс) – Роберт Орри (Лэйкерс, 2003)

1996 (Буллз) – Стив Керр (Мэйжик, 1993)

1997 (Буллз) – Рон Харпер (Лэйкерс, 2001)

1998 (Буллз) – Рон Харпер (Лэйкерс, 2001)

1999 (Спэрс) – Стив Керр (Мэйжик, 1993)

2000 (Лэйкерс*) – Коби Брайант (Лэйкерс, 2004)

2001 (Лэйкерс*) – Тайрон Лю (Лэйкерс, 2001)

2002 (Лэйкерс*) – Рик Фокс (Лэйкерс, 2004)

2003 (Спэрс) – Стив Керр (Мэйжик, 1993)

2004 (Пистонс) – Линдсей Хантер (Лэйкерс, 2002)

2005 (Спэрс) – Роберт Орри (Лэйкерс, 2003)

2006 (Хит*) – Дуэйн Уэйд (Хит, 2008)

2007 (Спэрс) – Роберт Орри (Лэйкерс, 2003)

2008 (Селтикс) – Пол Пирс (Селтикс, 2011)

2009 (Лэйкерс) – Дерек Фишер (Лэйкерс, 2004)

2010 (Лэйкерс) – Люк Уолтон (Лэйкерс, 2004)

2011 (Маверикс) – Саша Павлович (Селтикс, 2011)

2012 (Хит) – Удонис Хаслем (Хит, 2008)

2013 (Хит) – Рэй Аллен (Селтикс, 2011)

2014 (Спэрс) – Борис Диав (Санс, 2009)

2015 (Уорриорс) – Леандро Барбоса (Санс, 2009)

2016 (Кавальерс) – Леброн Жэймс (Кавальерс, 2010)

2017 (Уорриорс) – Мэтт Барнс (Санс, 2009)

Тэгвэл энэ улиралд түрүүлэх магадлалтай гэгдэж буй “Голден Стэйт Уорриорс” баг түрүүлвэл энэ цуврал нь тасрах аж. Өнгөрсөн жил түрүүлсэн М.Барнс зодог тайлснаар Шактай хамт нэг багт байсан тоглогч Дайчдад байхгүй болсон юм.