Category: Сагсан бөмбөг

NBA-ийн хасагдах шатны өнгө тодорлоо

NBA-ийн хасагдах шатанд өрсөлдөх 16 баг тодорч дууслаа. Улирлын сүүлийн өдрийг хүртэл аль багийн хооронд цуврал үргэлжлэх нь тодорхойгүй байсан юм. Дорнод бүсийг “Торонто Рэпторс” тэргүүлэх нь ойлгомжтой болсон ч тэдний өрсөлдөгч сүүлийн өдөр л тодорсон юм. Тэдний араас “Бостон Селтикс” бичигдсэн бол “Филадельфи 76” баг 16 дараалан ялснаар гуравдугаарт жагсах болов.

Өрнөд бүсээс “Хьюстон Рокетс”, “Голден Стэйт Уорриорс” эхний хоёр байрыг эзэлж, дараагийн зургаан баг сүүлийн өдөр хүртэл тодорхойгүй байлаа.

NBA-ийн хасагдах шатны тоглолт орон нутгийн цагаар энэ сарын 15-нд ням гаригт “Торонто”-“Вашингтон”-ы тоглолтоор эхэлнэ. Тус тоглолт манай цагаар ням гаригийн үүрийн 6:30 цагт эхлэх юм.

Энэ улирлын үр дүн:

Дорнод бүс

  1. Торонто Рэпторс (59-23)
  2. Бостон Селтикс (55-27)
  3. Филадельфи 76 (52-30)
  4. Кливлэнд Кавальерс (50-32)
  5. Индиана Пэйсерс (48-34)
  6. Майами Хит (44-38)
  7. Милоуки Бакс (44-38)
  8. Вашингтон Визардс (43-39)
  9. Детройт Пистонс (39-43)
  10. Чарлотт Хорнетс (36-46)
  11. Нью Йорк Никс (29-53)
  12. Бруклин Нетс (28-54)
  13. Чикаго Буллс (27-55)
  14. Орландо Мэйжик (25-57)
  15. Атланта Хоукс (24-58)

Өрнөд бүс

  1. Хьюстон Рокетс (65-17)
  2. Голден Стэйт Уорриорс (58-24)
  3. Портлэнд Трэйлблазерс (49-33)
  4. Оклахома Сити Тандер (48-34)
  5. Юта Жазз (48-34)
  6. Нью Орленс Пеликанс (48-34)
  7. Сан Антонио Спэрс (47-35)
  8. Миннесота Тимбэрволвес (47-35)
  9. Денвер Наггетс (46-36)
  10. Лос Анжелес Клипперс (42-40)
  11. Лос Анжелес Лэйкерс (35-47)
  12. Сакраменто Кингс (27-55)
  13. Даллас Маверикс (24-58)
  14. Мэмфис Гриззлис (22-60)
  15. Финикс Санс (21-61)

Хасагдах шат

Дорнод бүс

  1. Торонто Рэпторс – 8 Вашингтон Визардс
  2. Бостон Селтикс – 7 Милоуки Бакс
  3. Филадельфи 76 – 6 Майами Хит
  4.  Кливлэнд Кавальерс – 5 Индиана Пэйсерс

Өрнөд бүс

  1. Хьюстон Рокетс – 8 Миннесота Тимбэрволвес
  2. Голден Стэйт Уорриорс – 7 Сан Антонио Спэрс
  3. Портлэнд Трэйлблазерс – 6 Нью Орленс Пеликанс
  4. Оклахома Сити Тандер – 5 Юта Жазз

“Филадельфи 76” баг 2012 оноос хойш анх удаа хасагдах шатанд шалгарлаа. Ингэхдээ доогуур бус бүсийнхээ эхний гурваар тодорсон юм. Тэд 16 дараалан ялалт байгуулж, тэр ч бүү хэл төвийн тоглогч Жоэль Эмбийдийг эзгүйд ч ялалтын цувралдаа цэг тавьсангүй. Бэн Симмонсоор удирдуулсан “76” гол тоглогчоо гэмтэлтэй байсан 8 тоглолтод дараалан ялсан юм. Гэхдээ энэ улиралд 22.9 оноо, 11.0 самбар, 1.8 хаалт дунджилсан Эмбийд багтаа хэрэгтэй тоглогчийн нэг. Түүнийг талбай дээр байхад баг нь өрсөлдөгчөөсөө 11.6 оноо илүү авдаг гэсэн үзүүлэлт бий. Гэхдээ Эмбийд эхний шатанд эргэж ирэх эсэх нь тодорхойгүй.

Өрнөд бүсийн сүүлийн өдөр “Миннесота” талбай дээрээ “Денвер”-ийг ялснаар 2004 оноос хойш хасагдах шатны бараа хараагүй хар цувралдаа цэг тавив. Тэд өрсөлдөгчийнхөө зургаа дараалсан ялалтад цэг тавьж, нэмэлт цагт ялалт байгуулсан юм.

Бичлэг: Тристан Томпсоны найз бүсгүйгээ араар нь тавьсан бичлэг задрав

“Кливлэнд”-ийн төвийн тоглогч Тристан Томпсоныг тамирчин гэдгээс нь гадна реалити шоуны од Клое Кардашины нөхөр гэдгээр нь зарим хүн танина. Тэгвэл Морин цэргүүдийн тоглогч эр өнгөрсөн долоо хоногт найз бүсгүй болох Клоё Кардашиныг араар тавьсан нь ил болжээ. Үл таних бүсгүйтэй Нью Йоркийн нэгэн зочид буудалд багагүй цагийг өнгөрүүлсэн Томпсоны найз бүсгүй Клоё Кардашин түүнд охин төрүүлж өгөөд удаагүй. Клоё Кливлэнд хотын ойролцоо орших гэртээ охинтойгоо хамт охиныхоо аавыг хүлээж байхад Томпсоны шалиг явдлын талаар биеэ үнэлэгч өөрийнхөө цахим хуудсанд постлоод хэсэг хугацааны дараа устгасан байна.

Тэгвэл TMZ цахим хуудас Т.Томпсоны энэ үйлдэл анхных биш гэдгийг нотлоод өнгөрсөн оны аравдугаар сард Клоё Кардашины гурван сартай бие давхар байхад нь Вашингтон Ди.Си хотод хоёр бүсгүйтэй жиг ургуулж байгаа бичлэгийг нь олон нийтэд хүргэжээ. Т.Томпсоны энэ бүх үйлдлийнх нь талаар Клоё Кардашин албан ёсоор ямар нэг хариу хэлэлгүй бяцхан охинтойгоо чимээгүйхэн амьдарч байгаа аж.

 

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий сугалаа болов

Ирэх зургадугаар сарын 8-12-нд Филиппин 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ болно. Тус тэмцээнд оролцох эрэгтэй, эмэгтэй нийт 40 багийн сугалаа гарчээ. Өнгөрсөн жилийн аваргууд хэсгийн шатнаасаа тун завгүй байх бололтой. Аваргаа хамгаалах зорилготой Сербийн эрчүүд өнгөрсөн жил аваргын төлөө тоглосон Нидерландын багтай нэг хэсэгт багтсан бол ОХУ-ын бүсгүйчүүд дэлхийн хошой аварга АНУ-ын багтай нэг хэсэгт оров.

Эрэгтэйчүүдийн “А” хэсэгт Серб, Нидерландын хамт 2014 оны Европын аварга Румын, Шинэ Зеланд, Киргизстаны баг оржээ.

Харин эмэгтэйчүүдийн “С” хэсэгт ОХУ, АНУ-ын багийн хамт Андорра, Иран, Уганда багтав.

ДАШТ-д анх удаа оролцох Монголын эрэгтэй шигшээ баг “С” хэсэгт ОХУ, Бразил, Канад, эзэн орны Филиппинтэй таарах юм. Оросууд 2014 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн туршлагатай бол Бразил, Канадын шигшээ баг ямар нэг том амжилт үзүүлээгүй ч жигд амжилттай явдаг багууд билээ. Харин Филиппиний шигшээ багийн хувьд зохион байгуулагч орон тул эрхээ шууд авсан юм.

Хэсэг тус бүрээс эхний хоёр баг дараагийн шатанд шалгарч, хасагдах шатанд өрсөлдөнө.

“Филадельфи 76” баг дээд амжилтаа ахиулав

Бэн Симмонсоор удирдуулсан “Филадельфи 76” баг өнөөдөр “Атланта Хоукс”-ыг 121:113-аар буулган авснаар 15 дараалан ялж, багийнхаа дээд амжилтыг тогтоов. Одоогоос 35 жилийн өмнө Жулиус Эрвинг тэргүүтэй “76”-чууд 1982-83 оны улиралд аварга болохдоо улиралд 14 дараалан ялсан билээ. Харин залуу “76”-чууд Дорнод бүсийнхээ гурваар гарах нь нэгэнт тодорхой болсон юм.

Бэн Симмонс энэ өдөр 14 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч, 38 дахь дабл даблаа гүйцэтгэв. Тэрбээр бүтэн улирлын турш 16 оноо, 8 самбар, 8 дамжуулалт дунджилсан лигийн түүхэн дэх найм дахь тоглогч болж буй.

Түүнээс өмнө:

Оскар Робертсон 5х

“Шидэт” Жонсон 3х

Леброн Жэймс 2х

Рассел Уэйстбрук 2х

Уилт Чэймбэрлэн

Жэймс Харден

Майкл Жордан

 

Л.Жэймс, К.Дюрант, С.Карри нарын 35 тоглогч АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагджээ

АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг ирэх долдугаар сард уламжлал ёсоор Лас Вегас хотод бэлтгэлдээ гарна. Тэгвэл эхний ээлжинд бэлтгэлийн танхимд Леброн Жэймс, Кевин Дюрант, Стефен Карри тэргүүтэй 35 тоглогчид урилга гардуулж өгчээ. Эдгээрээс 12 тоглогчийг 2019 онд болох сагсан бөмбөгийн ДАШТ болон Токиогийн олимпод оролцох багийн үндсэн тоглогчоор сонгох юм.

Энэ удаагийн бэлтгэлд өнгөрсөн жилийн Бүх Америкийн багт багтсан 13 тоглогч бүгд дуудагдсан юм. Тэр тусмаа бүх америкийн нэгдүгээр багт орсон Рассел Уэйстбрук, Жэймс Харден, Кави Леонард, Леброн Жэймс, Энтони Дэвис нарыг мартсангүй.

Харин АНУ-ын шигшээ багийн бүх цаг үед хамгийн олон оноо авсан Кармело Энтони шигшээ багаас зодог тайлсан тул багтсангүй. Сонирхуулахад, К.Энтони олимпийн гурван аварга болсон тоглогч. Түүнчлэн Афины олимпийн хүрэл медаль хүртсэн билээ. Л.Жэймс 2008, 2012 онд, К.Дюрант 2012, 2016 онд тус бүр олимпийн аварга болсон. Харин С.Карригийн хувьд дээрх хоёр тоглогчтой хамт шигшээд тоглож байгаагүй юм. Тэрбээр 2010, 2014 онд ДАШТ-д оролцсон ч тэр үед Л.Жэймс тоглоогүй. Харин 2012 оны олимпийн шигшээд багтаж чадаагүй аж.

Энэ удаагийн шигшээд 2014 оны ДАШТ-д оролцсон дөрвөн тоглогч хасагджээ. Тухайлбал, Кеннет Фаред, Руди Гэй, Мэйсон Пламли, Деррик Рөүз нар багтаагүй.

Шигшээ багийн бүрэлдэхүүнд:

Харрисон Барнс (Даллас Маверикс)

Брэдли Бийл (Вашингтон Визардс)

Девин Бүкер (Финикс Санс)

Жимми Батлер (Миннесота Тимбэрволвес)

Майк Конли (Мэмфис Гриззлис)

ДеМаркус Коузинс (Нью Орленс Пеликанс)

Стефен Карри (Голден Стэйт Уорриорс)

Энтони Дэвис (Нью Орленс Пеликанс)

ДеМар Дерозан (Торонто Рэпторс)

Андре Драммонд (Детройт Пистонс)

Кевин Дюрант (Голден Стэйт Уорриорс)

Пол Жорж (Оклахома Сити Тандер)

Эрик Гордон (Хьюстон Рокетс)

Дрэймонд Грин (Голден Стэйт Уорриорс)

Блэйк Гриффин (Детройт Пистонс)

Жэймс Харден (Хьюстон Рокетс)

Тобиас Харрис (Л.А Клипперс)

Гордон Хэйвард (Бостон Селтикс)

Кайри Өрвинг (Бостон Селтикс)

Леброн Жэймс (Кливлэнд Кавальерс)

ДеАндре Жордан (Л.А Клипперс)

Кави Леонард (Сан Антонио Спэрс)

Дамиан Лиллард (Портлэнд Трэйлблазерс)

Кевин Лоу (Кливлэнд Кавальерс)

Кайл Лоури (Торонто Рэпторс)

Си.Жэй МакКоллум (Портлэнд Трэйлблазерс)

Крис Миддлтон (Милоуки Бакс)

Виктор Оладипо (Индиана Пэйсерс)

Крис Пол (Хьюстон Рокетс)

Айзья Томас (Л.А Лэйкерс)

Клэй Томпсон (Голден Стэйт Уорриорс)

Майлс Тюрнер (Индиана Пэйсерс)

Кемба Уолкер (Чарлотт Хорнетс)

Жон Уолл (Вашингтон Визардс)

Рассел Уэйстбрук (Оклахома Сити Тандер)

Митч Купчак ажилтай болох уу?

NBA-ийн домогт тоглогч асан Майкл Жорданы эзэмшдэг “Чарлотт Хорнетс” баг шинэ ерөнхий менежерийн эрэлд гараад буй. Тэд өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас хойш ажилгүй яваа, “Лос Анжелес Лэйкерс”-ийн ерөнхий менежерээр олон жил ажилласан туршлагатай Митч Купчакт ажлын санал тавьсан сурагтай.

М.Купчак “Хорнетс”-ийн эзэн М.Жорданыг эртнээс мэднэ. Тэд хамтдаа Хойд Каролинагийн их сургуульд суралцаж, нэг багт хамт зүтгэж явсан удаатай. М.Жордан өмнөх ерөнхий менежер Рич Чойг өнгөрсөн хоёрдугаар сард халсан юм.

Купчак 1981 онд “Лэйкерс”-т тоглогч байсан цагаасаа хойш өнгөрсөн оныг хүртэл тус багийн арын албанд зүтгэсэн эрхэм. Сүүлийн 17 жилд тус багийн ерөнхий менежерээр ажиллаж, олон чухал шийдвэрийг гаргасан юм. “Лэйкерс” түүнийг ажиллаж байх хугацаанд дөрвөн аваргын цом хүртсэн юм.

NBA-ийн шигшээ тоглолтыг YOUTUBE суваг шууд дамжуулна

Даваа гаригт NBA-ийн зүгээс шигшээ цувралыг “Youtube Tv” сувгаар шууд дамжуулна гэж мэдээллээ. Тус хоёр байгууллага олон жилийн гэрээ байгуулсан юм. Үүний үр дүнд энэ жилийн NBA-ийн шигшээ цуврал, WNBA, Хөгжлийн лигийн шигшээ цувралыг шууд дамжуулахаар болжээ.

Цувралын бүх тоглолтыг алгасалгүй дамжуулах юм. Харин шигшээд шалгарсан багийн талбай, ордонд Youtube-ийн лого, баннерыг байршуулах аж.

NBA-ийн финалын цувралыг ABC телевиз уламжлал ёсоор АНУ даяар шууд дамжуулна. Тус суваг 16 дахь жилдээ шигшээ цувралыг үзэгчдэд хүргэж буй.

Youtube TV 2016 оны дөрөвдүгээр сараас олон нийтэд хүрч эхэлсэн. Тус сувгийг АНУ-ын оршин суугчдын 85 хувь нь үздэг тоо баримт бий. Тэгвэл энэ сараас NBATV суваг нэмэгдсэн юм.

 

Вилланова их сургуулийн баг сүүлийн гурван жилд хоёр дахиа түрүүллээ

АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн лигийн аваргын төлөө Виллановагийн их сургууль, Мичиганы их сургуулийн баг тунаж үлдсэн. Сан Антонио хотын Аламодомд болсон шигшээ тоглолтод Зэрлэг муурнууд өрсөлдөгчөө 79:62-оор буулган авч, сүүлийн гурван жилд хоёр дахиа аварга боллоо.

Виллановагийн лидер Донте ДиВенченцо 31 оноо авч, бусдыгаа манлайлсан. Түүний энэ үзүүлэлт 2009 онд Сэтон Холл их сургуулийн Жон Мортон шигшээ тоглолтод 35 оноо авснаас хойших хамгийн их оноо болов. Донте холын зайн шидэлт сайтай тул NBA-д орж ирвэл гологдохгүй нэгэн. Оюутны лигт гурван улирал тоглочихсон учраас энэ жил NBA-ийн сонгон шалгаруулалтад нэрээ өгөхөөр төлөвлөж буй.

Харин Мичиганы их сургуулийн баг 1989 оноос хойш анх удаа аварга болох боломжоо алдав. Тэд 2013 онд Луисвиллийн их сургуулийн багт хожигдсон юм.



Стив Нэш, Жэйсон Кидд, Рэй Аллен нарын 13 хүн “Алдрын танхим”-д мөнхрөнө

Өнгөрсөн бямба гаригт сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-д нэрээ үлдээх 13 хүнийг зарлав. Тэдний дунд та бидний тоглолтыг нь үзэж, дэмжиж биширч ирсэн нэрт холбогчид болох Жэйсон Кидд, Стив Нэш, мэргэн бууч Рэй Аллен, М.Жорданы залгамжлагч гэгдэж байсан Грант Хилл, “Филадельфи 76”-ийн Мо.Чеекс нар багтлаа. Түүнчлэн WNBA-ийн төлөөлөгч Тина Томпсон, дасгалжуулагч Лефти Дрьеселл, Чарли Скотт, багийн эзэн явсан Рик Вельц, Род Торн болон сагсан бөмбөгийн ертөнцөд их зүйл хийсэн Дино Раджа, Кэти Смит, Ора Мае Вашингтон нар энэ жилийн “Алдрын танхим”-д багтав.

Өмнөд Африкт төрсөн ч Канадын иргэншилтэй, хөлбөмбөгт авьяастай ч сагсан бөмбөгийн тод од болон гялалзсан эрхэм бол Стив Нэш. Нарлаг “Финикс”-т 10 улирал тоглохдоо улирлын үнэ цэнэтэй тоглогчоор хоёр улирал дараалан тодорсон хүн. Тэрбээр Бүх Америкийн нэгдүгээр багт гурван удаа нэрлэгдэж, өөрөө тоглож байхдаа таван удаа лигийг оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн. Бүх цаг үед хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн гурван тоглогчийн нэг. Нийт 10335 оновчтой дамжуулалт өгсөн төдийгүй чөлөөт шидэлт гүйцэтгэсэн үзүүлэлтээр тэргүүлдэг (90.4%) билээ. Дөрвөн улирал 50-40-90 үзүүлэлт хийсэн (шидэлтийн хувь, холын зайн шидэлт болон чөлөөт шидэлтийн хувь үзүүлэлт) цор ганц тоглогч. Ийм үзүүлэлтийг NBA-д ердөө 7 тоглогч л улирлын турш харуулсан түүхтэй. Тэднээс Ларри Бөрд хоёр улирал дээрх амжилтаа давтсан юм. Одоо тоглож буй тоглогчдоос Кевин Дюрант (2013), Стефен Карри (2016) онд үзүүлсэн билээ.

1994-95 оны шилдэг шинэ тоглогчийн шагналыг Ж.Кидд, Г.Хилл нар хамтдаа хүртсэн юм. Тэр цагаас хойш Ж.Кидд лигийн шилдэг хамгаалагч нарын нэг болж, бүх оддын тоглолтод 10 удаа нэрлэгдэж, 2011 онд “Даллас Маверикс”-ийн хамт аваргын бөгж зүүсэн. Түүнчлэн Бүх Америкийн нэгдүгээр багт таван удаа, хамгаалалтын нэгдүгээр багт дөрвөн удаа нэрлэгдсэн. Домогт Жон Стоктон байгаагүй бол Ж.Кидд бөмбөг таслалт (2,684), оновчтой дамжуулалтаар (12,091) NBA-г тэргүүлэх байв.

Ж.Кидд 19 улирлын турш 107 трипл дабл гүйцэтгэсэн амжилттай их спортоо орхисон бөгөөд энэ нь Оскар Робертсон (181), “Шидэт” Жонсон (138) нарын ард орох үзүүлэлт болсон юм. Түүнчлэн замналынхаа турш 1391 тоглолтод оролцох боломжтойгоос 1350-д нь тоглосон нэгэн. Багадаа 8 оновчтой дамжуулалт, 6 самбараас дунджилсан үзүүлэлтийг 15 улирал харуулсан билээ.

Г.Хилл, Ж.Кидд нарт төстэй зүйл бий. Тэд 1995 онд шилдэг шинэ тоглогчийн шагналаа хувааж, хоёул 19 улирал тоглосны эцэст хоёр хоногийн зайтай их спортоо орхиж, бас нэг онд “Алдрын танхим”-д мөнхөрч буй.

Г.Хилл хэзээ ч холбогчоор тоглож байгаагүй. Гэхдээ тэр бүх оддын тоглолтод 7 удаа нэрлэгдэж, 1997 онд Бүх Америкийн нэгдүгээр багт, дөрвөн удаа хоёрдугаар багт багтсан удаатай. Лигт элсэхээсээ өмнө Дюкийн их сургуулийг хоёр удаа оюутны лигийн аварга болгосон.

Ж.Киддээс ялгаатай нь Г.Хилл ердөө 6 жилийн хугацаанд дээрх амжилтыг үзүүлсэн гэхэд болно. 2001 оноос хүнд гэмтсэнээс хойш тэр хуучин амжилтаа дахиж давтаж чадаагүй. М.Жорданы залгамжлагч хэмээн түүнийг үнэлдэг байсан ч ганц ч аваргын цомгүй замналаа дуусгасан түүхтэй.

NBA-ийн хоёр удаагийн аварга, Бүх Оддын тоглолтод 10 удаа тоглосон Рэй Аллен энэ жилийн “Алдрын танхим”-д багтав. Холын зайн шидэлтээрээ рекорд тогтоож (2,973), хамгийн багадаа 1200 чөлөөт шидэлт гүйцэтгэсэн тамирчдаас 89.4 хувиар зургадугаарт бичигддэг Аллен 1995 онд шилдэг эрэгтэй сагсан бөмбөгийн тамирчнаар нэрлэгдэж, 2000 онд олимпийн аварга болсон билээ. Гурван багтаа дээд амжилт эзэмшдэг. Тодруулбал, “Милоуки”д байхдаа 400 тоглолт дараалан тоглож, холын зайнаас 1,051 удаа оруулж, нэг улиралд 229 удаа гурваас оруулсан бол “Сеатл Суперсоникс”-т байхдаа нэг улиралд 269 удаа холын зайн шидэлтээ гүйцэтгэж, хожим “Бостон”-д нэг улирлын турш 95.2 хувьтай чөлөөт шидэлтээ оруулж, 72 дараалан чөлөөт шидэлтээ алдаагүй юм.

 

Леброн Жэймсийн төгс цувралын талаарх 10 баримт

2007 оны нэгдүгээр сарын 5-нд “Кливлэнд” баг “Милуоки”-той учраа таарахад Дрю Гүүдэн маш сайн тоглолт үзүүлэв. Тэрбээр хоёрдугаар хагаст 19 оноо авч, тоглолтыг 30 оноо, 15 самбартай дуусгажээ. Энэ тоглолтод Леброн Жэймс ердөө найман оноо авсан юм. Үүнээс хойш 11 жил, 2 сар, 25 хоногийн турш “Хаан” Жэймсээс бид ийм зүйл харсангүй. Тэрбээр 868 тоглолтын турш багадаа 10 ба түүнээс дээш оноо авснаар сагсан бөмбөгийн бурхан хэмээх домогт Майкл Жорданы 866 тоглолт дараалан ийм амжилт үзүүлсэн дээд амжилтыг шинэчлэв. Түүний энэ гайхалтай үзүүлэлтийн талаарх 10 сонирхолтой баримтыг хүргэе.

867: Леброн Жэймсийн хувьд 867 тоглолт дараалан 10 ба түүнээс дээш оноо авах нь амархан байж болох юм. Гэхдээ бусад тоглогчийн хувьд тийм ч хялбар зүйл биш. Түүний энэ амжилт бүх оддын тоглолтод сонгогдсон доорх 15 тоглогчтой тэнцүү гээд бодвол. ЛаМаркус Олдриж (84), Яннис Антетоконмпо (82), Карл Энтони Тоунс (75), Стефен Карри (74), Горан Драгич (60), Кайри Өрвинг (58), Крис Пол (57), Клэй Томпсон (56), Жон Уолл (55), Пол Жорж (55), Энтони Дэвис (52), Кемба Уолкер (48), Жимми Батлер (44), Кристапс Порзингис (34), Ол Хорфорд (33).

610: Түүний ард 257 тоглолт дараалан 10 ба түүнээс дээш оноо авсан Жэймс Харден нэхэж буй. Гэхдээ Леброн араас нь нэхэж яваа 7 тоглогчийн нийлбэрээс ч илүү амжилтыг хэдийнэ үзүүлчихсэн яваа.

Уг жагсаалтыг сонирхвол:

Леброн Жэймс 867

Жэймс Харден 257

ДеМаркус Коузинс 162

Дамиан Лиллард 133

Яннис Антетоконмпо 82

Виктор Оладипо 72

Кевин Дюрант 64

Луи Уильямс 58

50: Тэрбээр замналынхаа турш 11 удаа 50 ба түүнээс дээш оноог нэг тоглолтод авч байв. Харин ердөө 8 удаа ганц оронтой оноо авсан юм. Ийм амжилтыг Майкл Жордан, Уилт Чаймбэрлэн нар л үзүүлжээ.

99.3: Леброн замналынхаа турш нийт тоглолтынхоо 99.3 хувьд нь 10-аас дээш оноо авсан. Түүний ард Кевин Дюрант 98.8 хувиар бичигддэг.

1: Домогт Майкл Жордан “Чикаго Буллз”-ын өмсгөлтэй 1109 тоглолтоос ердөө нэг удаа 10-аас бага оноо авсан гэдэг. 1986 оны гуравдугаар сард баг нь “Кливлэнд”-д хожигдоход Жордан 8 оноо авчээ. Үүнээс хойш Майкл 2001 оны арванхоёрдугаар сард “Вашингтон Визардс”-ын бүрэлдэхүүнд байхдаа “Индиана”-гийн эсрэг ердөө 6 оноо авч байв. Энэ үед Жордан 38 настай байлаа.

40: Майкл Жордан 866 тоглолт дараалан 10-аас дээш оноо авахдаа 159 тоглолтод 40-өөс дээш оноо авчээ. Харин 20 оноо авсан тоглолтын тоо нь 78-д хүрч байв. Жэймс 867 тоглолтын турш 44 удаа 40 ба түүнээс дээш оноо авсан билээ.

71: NBA-ийн Алдрын танхимд бүртгэгдсэн 71 тоглогч замналынхаа турш 867 тоглолтод тоглож үзээгүй байдаг. Үүнд алдарт Жорж Гервин, Боб Петтит, Элжин Бэйлор, Боб МкАдоо, Пете Маравич нар багтана.

 90: Одоо лигт тоглож буй тоглогчдоос 90 хувь нь Жэймсийг хамгийн сүүлд 10-аас бага оноо авах үед лигт тоглож байсангүй. 2007 онд Лебронтой хамт тоглож байсан багийн бүрэлдэхүүнээс нэг ч тоглогч лигт үлдээгүй байна.

1,029: Хэрвээ Леброн 2007 онд дээрх тоглолтод найман оноо аваагүй бол энэ цуврал хэдийнэ 1000 давах байсан аж. Үүнээс өмнө 161 тоглолт дараалан 10 ба түүнээс дээш оноо аваад байжээ.

2: Леброн хасагдах шатны хоёр л тоглолтод 10 ба түүнээс бага оноо авчээ. Тэрбээр 2014 оны Дорнод бүсийн аварга шалгаруулах цуврал тав дахь тоглолт “Индиана”-гийн эсрэг 7 оноо авсан бол 2011 оны NBA-ийн шигшээ цувралын дөрөв дэх тоглолт “Даллас Маверикс”-ийн эсрэг 8 оноо авсан удаатай. Энэ тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед Жэймс нэг ч оноо аваагүй, ердөө ганц л шидэлт гүйцэтгэсэн билээ.

Бэн Симмонс дуучин Тинаше нар болздог

NBA-ийн залуу од, “Филадельфи 76” багийн лидер Бэн Симмонс болон дуучин Тинаше нар хоорондоо болздог гэсэн цуурхал үнэн болохыг хосууд баталжээ. Тэднийг хэдэн долоо хоногийн өмнөөс л хоорондоо зүгээргүй хэмээн Америкийн хэвлэлүүд “хардаж”, энэ хугацаанд хосууд ч үнэнийг бусдаас нууцалсан юм.

Тинаше Йоргенсон Качингве энэ жил 25 настай. Найз залуугаасаа дөрвөн насаар эгч Тинаше 2007 оноос хойш уран бүтээлээ туурвих болжээ. Түүний эцэг нь Зимбабве улсаас АНУ руу цагаачилсан бол эх ннь Дани, Норвеги, Ирландын эрлийз багш эмэгтэй гэнэ. Шона хэлээр бол Тинаше гэдэг нь Бурхан бидэнтэй хамт гэсэн үг гэнэ.

Маркелле Фультц эргэж ирлээ

Энэ жилийн драфтын тэргүүн Маркелле Фультц эргэж ирлээ. Улирлын эхний дөрвөн тоглолтод оролцсон ч мөрний гэмтлийн улмаас 68 тоглолт өнжсөн М.Фультц өнөөдөр “Денвер Наггетс”-тай хийх тоглолтод эргэн ирж, хөгжөөн дэмжигчдэд гэнэтийн бэлэг барьсан юм.

М.Фультцын эзгүйд баг нь амжилттай тоглож, 2012 оноос хойш анх удаагаа хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ.

Драфтын сонгон шалгаруулалтыг тэргүүлсэн М.Фультцын мөрний гэмтэл өнгөрсөн арванхоёрдугаар сард бүрэн эдгэрсэн гэж багийн албаныхан мэдээлж байв. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 2-ноос эргэн ирэхээр бэлтгэлдээ хамрагдаж эхэлсэн юм. Гэхдээ баг нь түүнийг тоглуулах гэж нэг их яарахгүй байсаар өнөөдөр минутын хязгаартай талбайд гаргахаар болжээ.