Category: Сагсан бөмбөг

NBA-гийн шинэ улирлын хуваарийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

NBA-гийн зүгээс үндэсний телевизээр гарах сонирхолтой тоглолтын хуваарийг зарлалаа. Энэ жагсаалтад нээлтийн эхний долоо хоног, Зул сарын баяр болон Мартин Лютер Кингийн өдөр болох тоглолт багтсан юм.

Нээлтийн долоо хоног 

Жич: Бүх хуваарь Улаанбаатарын цагаар

Лхагва гариг, 10 сарын 17

  • Филадельфи 76 – Бостон Селтикс 8:00 цаг (TNT)
  • Оклахома Сити Тандер – Голден Стэйт Уорриорс 10:30 (TNT)

Пүрэв гариг, 10 сарын 18

  • Нью Орленс Пеликанс – Хьюстон Рокетс 8 цаг (ESPN)
  • Даллас Маверикс – Финикс Санс 10:30 цаг (ESPN)

Баасан гариг, 10 сарын 19

  • Чикаго Буллз – Филадельфи 76 8:00 цаг (TNT)
  • Лос Анжелес Лэйкерс – Портлэнд Трэйлблазерс 10:30 цаг (TNT)

Бямба гариг, 10 сарын 20

  • Бостон Селтикс – Торонто Рэпторс 8:00 цаг (ESPN)
  • Голден Стэйт Уорриорс – Юта Жазз 10:30 цаг (ESPN)

Ням гариг, 10 сарын 21 

  • Торонто Рэпторс – Вашингтон Визардс 7:00 цаг (NBA TV)
  • Хьюстон Рокетс – Лос Анжелес Лэйкерс 10:30 цаг (ESPN)

Даваа гариг, 10 сарын 22

  • Хьюстон Рокетс – Лос Анжелес Клипперс 9:00 цаг (NBA TV)

Зул сарын баяр (12 сарын 26)

  • Милуоки Бакс – Нью Йорк Никс 12:00 цаг (ESPN)
  • Оклахома Сити Тандер – Хьюстон Рокетс 3:00 цаг (ABC)
  • Филадельфи 76 – Бостон Селтикс 5:30 цаг (ABC)
  • Лос Анжелес Лэйкерс – Голден Стэйт Уорриорс 8:00 цаг (ESPN/ABC)
  • Портлэнд Трэйлблазерс – Юта Жазз 10:30 цаг (ESPN)

Мартин Лютер Кингийн өдөр (1 сарын 22)

  • Нью Орленс Пеликанс – Мэмфис Гриззлис 5:30 цаг (TNT)
  • Хьюстон Рокетс – Филадельфи 76 8:00 цаг (TNT)
  • Голден Стэйт Уорриорс – Лос Анжелес Лэйкерс 10:30 цаг (TNT)

Лэброн Жэймсийн хувьд 13 дахь удаагаа Зул сарын баяраар тоглох юм. Тэрбээр сүүлийн дөрвөн жил дараалан энэ өдөр “Голден Стэйт”-тэй хүч үзэв. “Кливлэнд”-ийн бүрэлдэхүүнд байхдаа Зул сарын баяраар гол өрсөлдөгчөө нэг удаа хожиж, хоёр ялагдсан удаатай.

 

 

NBA Зул сарын баяраар ийм тоглолт үзүүлнэ

Лигийн шилдэг тоглогч Лэброн Жэймсийг эгнээндээ нэгтгэсэн “Лос Анжелес Лэйкерс”  баг лигийн аваргууд болох “Голден Стэйт Уорриорс”-той Зул сарын баярын өдрөөр өрсөлдөх гэнэ.

Тэднээс гадна Жоэль Эмбийд, Бэн Симмонс тэргүүтэй “Филадельфи 76” баг Кайри Өрвинг, Жэйсон Тэтум нарын “Бостон Селтикс”-ийн талбайд зочлох аж. Мөн “Юта Жазз” талбайдаа “Портлэнд Трэйлблазерс”-ийг хүлээн авахаар болжээ.

Зул сарын баяраар болох тоглолтууд

  • Филадельфи – Бостон
  • Нью Йорк – Милуоки
  • Портлэнд – Юта
  • Оклахома – Хьюстон
  • Лос-Анжелес – Голдэн Стэйт

“Милуоки Бакс”-ын хувьд 1977 оноос хойш анх удаа Зул сарын баяраар тоглох юм. Энэ өдөр бусад бүх лигүүд амарч, ганцхан NBA-гийн бүх тоглолт орон даяар шууд явагддаг тул олны анхаарлыг ихэд татсан, сонирхолтой тоглолтууд болдог уламжлалтай.

NBA мөрийтэй тоглоомны компанитай гэрээ байгуулсан анхны лиг болов

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо болох NBA “MGM Resorts International”-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар АНУ-ын мэргэжлийн лигүүдээс мөрийтэй тоглоомны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай тохиролцсон анхных нь боллоо.

Орон нутгийн цагаар өнгөрсөн мягмар гаригт лигийн комиссар Адам Сильвер албан ёсоор мэдээлэл хийж, Лас Вегаст төвтэй тус казиногийн компанитай хамтарч ажиллах болсноо мэдэгдэв.

Хоёр тал гэрээ байгуулснаар “MGM” компани NBA-гийн албан ёсны стат, үзүүлэлтийг ашиглах бололцоо үүсч, мөн тохиролцсон тоглолт зэргээс сэргийлэх боломжтой гэж NBA үзэж байгаа юм.

АНУ-ын дээд шүүхээс спортын мөрийтэй тоглоом, бооцооны эсрэг хуулийг ихэнх мужид хүчингүй болгосон юм. Энэхүү хуулийг хүчингүй болгосон тухай захирамж гарсанаас гурван сар хүрэхгүй хугацааны дараа NBA мөрийтэй тоглоом, казиногоор дагнасан спонсортой боллоо.

“Кливлэнд”-ийн хөгжөөн дэмжигчид баярын жагсаал хийнэ

“Кливлэнд Кавальерс”-ийн үнэнч хөгжөөн дэмжигчид Тристан Томпсонд зориулсан баярын жагсаал хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Т.Томпсон өнгөрсөн сард Лос Анжелес хотын бааранд Дрэймонд Гринийг цохисон тул үүнд баярласан фанатууд нь ийм хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Facebook хуудсанд албан ёсоор зар тавьж, “Quicken Loans Arena”-ын гадаа аравдугаар сарын 13-нд өдрийн 3:10 цагаас жагсаал хийхээр төлөвлөсөн юм.

Өдрийг аравдугаар сарын 13 гэсэн нь Т.Томпсоны “13” дугаартай өмсгөлөөс санаа авсан бол 3:10 цагаас товлосон нь 2016 оны шигшээ цувралд 3:1-ээс эргэн ирсэнтэй холбоотой аж.

 

Жэй.Ар Смит дахиад хэрэгт оров

Нью Жэрсид төрж, өссөн “Кливлэнд”-ийн ахмад хамгаалагч Нью Йоркт хэрэг тарьжээ. Тэрбээр өмнө нь 2015 онд энэ хотод явж байхдаа зургийг нь зөвшөөрөлгүй авсан хөгжөөн дэмжигчийг багалзуурдаж хэрэгт орсон ч ямар нэг ял, зэмлэл хүртээгүй.

Түүнийг саяхан бас нэгэн фанат өдсөн хэрэг гарч, энэ удаад цагдаагийнхан хэрэг үүсгэхээс аргагүйд хүрсэн байна. Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригт үүрийн 2:30 цагийн орчимд хотын төв цэцэрлэгт хүрээлэнгээс нэг их холгүй нэгэн хөгжөөн дэмжигч түүний зургийг зөвшөөрөлгүй авсан аж. Жэй.Ар Смит зураг авч болохгүйг сануулсан боловч тоогоогүй гэнэ. Бухимдсан тамирчин эр утсыг нь булаан авч, ойролцоо баригдаж байсан барилга руу шидсэн бололтой.

Хохирогч ойролцоогоор 800 ам.долларын үнэтэй утас нь эвдэрсэн тул Нью Йоркийн цагдаад гомдол гаргасан нь тодорхой болжээ.

Тристан Томпсон Дрэймонд Гринийг цохижээ

“Кливлэнд”-ийн төвийн тоглогч Тристан Томпсон, “Голден Стэйт”-ийн довтлогч Дрэймонд Грин нар Лос Анжелес хотын нэгэн бааранд таарч, хоорондоо муудалцсан талаар шуугиж байна. Хэрэг явдал өнгөрсөн долдугаар сарын 19-нд болсон бөгөөд шөнгийн цэнгээний газарт гэнэт тааралдсан хоёр тоглогч хоорондоо ярилцсан аж. Тодруулбал, Д.Грин өнгөрсөн дөрөв дэх тоглолтын үеэр Т.Томпсоныг үгээр өдөж, бухимдуулсандаа уучлалт гуйсан гэнэ. Т.Томпсон хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Д.Грин уучлалт гуйхаар дахин оролдлого хийх үеэр Т.Томпсон нүүрэнд нь цохисон бололтой. Гэхдээ цохилт Д.Гринийг унагахаар хүчтэй байгаагүй, цус гараагүй бөгөөд Д.Грин ч үйл явдлыг хүндрүүлэх үйлдэл гаргаагүй гэнэ. Тэрбээр эвлэрэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа нуугаагүй юм.

Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Т.Томпсоны нэг их хүчтэй цохиогүй. Цохихтой төстэй үйлдэл хийсэн нь үнэн ч гэлээ аюул тарих хэмжээнд байгаагүй учир хоёр тоглогч цагдаа, шүүх бололгүй салсан гэнэ.

Өнгөрсөн финалын цувралын эхний тоглолтод нэмэлт цагт “Дайчид” өрсөлдөгчөө 124:114-өөр буулган авахад Т.Томпсон Д.Гриний нүүрийг бөмбөгөөр цохиж, талбайгаас хөөгдсөн удаатай.



Уг тоглолт дууссаны дараа Д.Грин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэзээ нэг өдөр гудамжинд түүнтэй таарах болно. Тэр үед болгоод өгнө гэх утгатай ярилцлага өгч байв. Харин цувралын дөрөв дэх тоглолтын дараа Д.Грин Т.Томпсонтой гар барихаас татгалзсан. Д.Грин энэ үйлдэлдээ уучлалт гуйх гэж очоод бүтэлгүйтсэн бололтой.

NBA-гийн тоглогчид Лас Вегаст багтай болохыг дэмжинэ

АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багт дуудагдсан тоглогчид бэлтгэлд гарах үеэр Кевин Дюрант, Жэймс Хардэн, Пол Жорж нарын шилдэг тоглогчид Лас Вегас хотод NBA-гийн багтай болохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

К.Дюрант энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний бодлоор тоглогчид энд ирэхэд таатай байдаг. Тэдний ихэнх нь үүнийг дэмжиж байгаа гэж бодож байна. Би ч мөн ижил бодолтой байдаг” гэж ярьжээ.

Харин Ж.Хардэн энэ талаар “NHL-ийн багтай болсон нь гайхалтай санагдаж байлаа. Мөнгөтэй учраас энэ бүхнийг бүтээх амархан ч хөгжөөн дэмжигчид нь жинхэнэ дэмжигчид байж чадна гэдгээ хоккей дээр харууллаа” гэжээ.

Тэгвэл П.Жорж “Энд хоккейн баг, WNBA-гийн төлөөлөл байна. Хэдэн жилийн дараа америк хөлбөмбөгийн багтай болно. Харин одоо NBA-гийн багтай болох ёстой” гэж ярьсан юм. WNBA-гийн “Эсэйс” болон NHL-ийн “Голден Найт” баг энэ хотод бий. Харин 2020 оноос “Оаклэнд Рэйдерс” багийн удирдлагууд багаа Лас Вегас руу нүүлгэхээр болсон билээ.

 

 

Клинт Капэла багтаа үлдэв

“Хьюстон Рокитс” баг их хичээл зүтгэл гаргасны эцэст төвийн тоглогч Клинт Капэлатай гэрээгээ сунгав. Тэд таван жилийн 90 сая “ногоон” дээр тохиролцоонд хүрсэн, гэхдээ гэрээнд зааснаар бол 80 сая нь баталгаатай цалин бол 10 саяыг нь тодорхой үүррэг гүйцэтгэвэл урамшуулал маягаар олгохоор болсон гэнэ.

“Вашингтон Пост” сонины сэтгүүлч Тим Бонтемпсийн мэдээлснээр бол хэрвээ баг нь Өрнөд бүсийн финалд шалгарвал К.Капэла урамшуулалд нь 1 сая ам.доллар авна. Түүнчлэн багийнхаа нийт самбарын 30-аас доошгүй хувийг нь авч чадвал мөн чөлөөт шидэлтээс 65 хувиас багагүй гүйцэтгэвэл хагас сая ам.долларын урамшуулал авахаар тохирсон аж. Энэ гэрээ таван улирал дуустал хүчинтэй байх юм.

Өдгөө 24 настай К.Капэла өнгөрсөн улиралд 13.9 оноо, 10.8 самбараас бөмбөг авч, 1.9 хаалт дунджилсан юм.

Сонирхуулахад, Капэла 13 нас хүртлээ спортоор хичээллэж үзээгүй. Харин тэр үеэс хөлбөмбөгөөр хичээллэх болсон ч хэт өндөр нуруутай болсон тул хөлбөмбөгөө орхиж, 18 настайдаа сагсан бөмбөгийг сонгосон юм.

Кави Леонард, Жордан брэнд гэрээгээ сунгахаас татгалзав

Ирэх зун чөлөөт агент болохоосоо өмнө “Торонто Рэпторс”-ын довтлогч Кави Леонард пүүзний зах зээлд ч чөлөөт нэгэн болох бололтой.

ESPN-ий сэтгүүлч Ник ДеПаулагийн мэдээлснээр Жордан брэнд түүнтэй байгуулсан гэрээгээ дуусах үед сунгахгүй гэдгийг албан ёсоор мэдээлэв. Тэдний гэрээ энэ улирлын эцэс гэхэд дуусах юм. Уг нь Жорданы зүгээс өнгөрсөн улирлын эхэнд түүнтэй дахин дөрвөн жилийн 22 сая ам.долларын гэрээ санал болгосон ч татгалзсан юм.

Өдгөө 27 настай К.Леонард ганцаараа пүүзний зах зээлд сулрах том нэр биш аж. Тодруулбал, энэ улирлыг дуусгаад “Филадельфи 76”-гийн төвийн тоглогч Жоэль Эмбийд, “Миннисота Тимбэрволвес”-ийн довтлогч Андрей Уиггинс, “Бостон Селтикс”-ийн Гордон Хэйвард, “Голден Стэйт Уорриорс”-ын ДеМаркус Казинс, “Денвер Наггетс”-ын холбогч Айзья Томас, “Вашингтон Визардс”-ын Келли Оубре Жуниор нарын гэрээ дуусч байгаа гэнэ.

К.Леонардын хувьд жилийн 5.5 сая “ногоон” халааслах саналаас татгалзсан нь хачирхалтай. Өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар одоогийн болон өмнө нь тоглож байсан тоглогчдоос 10 хүн л түүнээс илүү мөнгийг пүүзний зах зээлээс олж байв. Тодруулбал, нэг жилд олсон орлогоороо Майкл Жордан (110 сая), Лэброн Жэймс (32 сая), Кевин Дюрант (25 сая), Коби Брайант (16 сая) нар тэргүүлж байжээ.

Ламар Одом Хятадын лигт тоглоно

NBA-гийн тоглогч асан Ламар Одом сагсан бөмбөгтөө эргэн ирэхээр болжээ. Гэхдээ NBA-д бус харин Хятадын лигт тоглох аж. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудсанд мэдээлсэн бөгөөд ийм шийдвэр гаргахад Стефон Марбэри тус болсон гэж онцолсон юм.

Өдгөө 38 настай Л.Одом 2015 онд Лас Вегасын томчуудын газарт хар тамхи болон бэлгийн дур хүсэл өдөөгч эмийг хэтрүүлэн хэрэглэж, ухаан алдсан удаатай. Түүнээс хойш сагсан бөмбөгийн замнал нь зогссон ч одоо хар тамхинаас татгалзах болсон юм. Тэр ч бүү хэл энэ үйл явдлаас бүтэн жилийн дараа их спортдоо эргэн ирэхээр төлөвлөж байгаагаа зарласан билээ.

Тэрбээр хамгийн сүүлд 2014 онд Испанийн “Баскония” клубт хүчин зүтгэсэн билээ. Харин NBA-д нийт 961 тоглолтод оролцож, 13.3 оноо, 8.4 самбар дунджилсан юм.

Винс Картер “Атланта Хоукс”-ын саналыг хүлээн авчээ

“Атланта Хоукс” баг ахмад тоглогч Винс Картертай нэг жилийн 2.4 саяар гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн байна. “Хоукс”-ын удирдлагууд шинэ тоглогч Трэй Янг болон залуу довтлогч Жон Коллинс нарыг туршлага суулгахад В.Картер хэрэгтэй гэж үзсэн талаар “ESPN”-ий сэтгүүлч Адриан Вожнаровски онцолжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард 41 нас хүрсэн В.Картер 1998 оны зургадугаар сард драфтаар NBA-д орж ирсэн. Харин тус багийн ирээдүй гэгдэж буй Т.Янг 1998 оны есдүгээр сард төрсөн юм.

В.Картер их спортоо орхих бодолгүй байгаа талаараа “Би эцсийн хүчээ дуусах хүртэл хайртай спортдоо үнэнч хэвээрээ үлдэнэ. Мөнгөнөөс хамааралтай асуудал биш” гэж ярьсан юм.

Тэрбээр хамгийн сүүлд “Сакраменто Кингс” багт зүтгэсэн. Өнгөрсөн улиралд 5.4 оноо дунджилж, 40.3 хувьтай шидэж байлаа.

Кевин Лоув гэрээгээ сунгалаа

Лэброн Жэймсээ алдсан “Кливлэнд Кавальерс” өөр нэг чухал тоглогч болох Кевин Лоувтой гэрээгээ сунгалаа. Тэд дөрвөн жилийн 120 сая дээр тохиролцсон байна. Түүний гэрээ дуусахад нэг жил үлдсэн, энэ хугацаанд 25.5 саяыг авах ёстой байсан ч шинэ гэрээ байгуулснаар ирэх улиралд 24.1 саяыг “халааслах” боллоо. Дөрвөн жилийн хугацаанд дунджаар 30 саяыг авах боллоо.

“ESPN”-ийн сэтгүүлч Адриан Вожнаровскигийн мэдээлснээр тэр ирэх улиралд хуучин гэрээгээ дуусгаад шинэ гэрээ байгуулсан бол таван жилийн 153 саяыг авах боломжтой байсан юм.

К.Лоув шинэ гэрээнийхээ талаар “Анх энэ багт ирсэн цагаасаа хойш удаан, тогтвортой тоглолт үзүүлэхийг хүсч байлаа. Би энэ багт ялалтын төлөө ирсэн. Бид нэг зорилго дор нэгдэж, хүссэн зүйлдээ хүрч чадна” гэж ярьлаа.