“Финикс Санс” баг цувралын зургаа дахь тоглолтод ялалт байгуулснаар Леброн Жэймсийн эхний шатанд 14 ялж нэг ч хожигдоогүй цувралд цэг тавилаа.
Өнгөрсөн жилийн аваргууд болох “Лос Анжелес Лэйкерс” бүсийнхээ хоёроор гарч ирсэн “Финикс Санс”-т цувралын зургаа дахь тоглолтод 113:110-аар дийлдэж, энэ жилийн плей-оффоос хасагдлаа. Нарнуудын залуу лидер Девин Бүүкер 47 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа манлайлсан юм. Ингэснээр Бүүкер багийнхаа түүхэнд хасагдах шатанд 45+ оноо, 10+ самбараас авсан хоёр дахь тоглогч болов. Түүнээс өмнө ийм үзүүлэлтийг Чарлес Баркли хоёр удаа үзүүлсэн байдаг.
Уг тоглолтоос өмнө “Лэйкерс”-ийн лидер Энтони Дэвисийн бэртэл гол асуултын тэмдэг байлаа. Эмч нарын үзлэгээр шийдвэрлэх тоглолтод эргэн ирсэн ч ердөө таван минутыг л талбайд өнгөрүүлээд жагсаалаас гарсан юм. Түүний эзгүйд Леброн Жэймс 29, Деннис Шрёдер 20 оноо аваад ч баг нь өрсөлдөгчөө дийлсэнгүй.
“Хаан” Жэймсийн хувьд энэ цувралаас өмнө хасагдах шатны эхний даваанаас мултарч үзээгүй. Тэр ч бүү хэл замналынхаа турш ердөө ганц л удаа аюулын ирмэгт тулж байв. Одоогоос гурван жилийн өмнө “Кливлэнд”-ийн лидер байхдаа “Индиана”-тай цуврал долоон тоглолт хийсэн юм. Баг нь 105:101-ээр ялахад Леброн 45 оноо авч байлаа. 2003 оноос хойш 18 улирлын 15-д нь плэй-оффт шалгараад эхний шатанд хожигдож үзээгүй гэсэн бардам үзүүлэлтэд нь Нарнууд цэг тавьсан хэрэг. Ингэснээр Роберт Орри, Дерек Фишер нарын эхний шатанд хожигдож үзээгүй (16:0) амжилтад хүрсэнгүй. Бусад домгуудтай харьцуулахад Майкл Жордан 10:3, Коби Брайант 13:2 байдаг билээ.