Tag: u15

FIBA U15 SKILLS CHALLENGE-ИЙН ДЭЛХИЙН АВАРГАД ӨРСӨЛДӨХ ЭРХЭЭ АВЛАА

15 хүртэлх насны баг дэлхийн аваргад өрсөлдөнө

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо (FIBA)-гаас зохион байгуулж буй FIBA U15 Skills challenge-ийн Азийн бүсийн урьдчилсан тоглолтууд дуусч Дэлхийд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо.

Таван тивийн 55 улсаас 106 баг өрсөлдөж буй Skills Challenge-ийн Азийн бүст эмэгтэй, эрэгтэй тус бүр 13 улсын баг дөрвөн хэсэгт орж өрсөлдсөнөөс хэсэг тус бүрийн шилдэг 2 баг буюу тивийн шилдэг 8 баг Дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа.

Манай эмэгтэй баг Таити, Самоа, Ливаны багуудтай нэг хэсэгт орж Таити, Самоаг хожиж, Ливанд хожигдон хэсгээсээ дэд байраар гарч дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа. Харин эрэгтэй багийн хувьд Шинэ Зеланд, Иракийн багуудтай тус бүр хоёр тоглож итгэл төгс ялалт байгуулан хэсгээ тэргүүлсэнээр дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа.

FIBA U15 Skills Challenge Дэлхийн аварга аравдугаар сард зохион байгуулагдана. Дашрамд дуулгахад 2020 онд U17 насны ангилалаар зохион байгуулагдсан анхдугаар FIBA U17 Skills Challenge тэмцээний Дэлхийн аваргаар Монголын эрэгтэй шигшээ баг, БНХАУ-ын эмэгтэй багууд тодорч байсан билээ.

Өнгөрсөн жил манай эмэгтэй баг Азийн бүсээс шалгарч чадаагүй бол энэ жил эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа Дэлхийд өрсөлдөх эрхтэй боллоо.

Монгол улсынхаа нэрийг тив, дэлхийд дуурсгаж буй монголын U15 насны шигшээ багийн охид, хөвгүүд, багш нартаа халуун баяр хүргэж, дэлхийн аваргад нь амжилт хүсье!

Монголын багаа дэмжсэн М.Өсөхбаяр захиралтай Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. Ивээн тэтгэгч: Энержи Ресурс – Хөгжлийн Төлөө

Эх сурвалж: Mongolian 3×3 Basketball Association/MGL3x3