Tag: NBA awards 2019

NBA awards 2019: Сонирхолтой баримтууд

NBA-гийн өнгөрсөн оны шилдгүүд шалгарав. Энэ жилийн шагналтнуудын талаарх сонирхолтой баримтыг уншигч танд хүргэе.

MVP: Яннис Антетокоунмпо, Бакс

“Милоуки Бакс” багийн түүхэнд улирлын үнэ цэнэтэй тоглогч болсон хоёр дахь тамирчин нь Я.Антетокоунмпо. Түүнээс өмнө Карим Абдул Жаббар гурван удаа энэ шагналыг хүртсэн билээ. Түүнчлэн сүүлийн 40 жилд MVP болсон гурав дахь залуу тоглогч аж. “Чикаго Буллз” багаас 2011 онд энэ шагналыг авсан Деррик Рөүз 22 нас, таван сартайдаа рекорд тогтоосон бол Леброн Жэймс анхны MVP-гээ гардахдаа 24 настай байлаа. Тэрбээр 2013 оны драфтын нэгдүгээр бүсийн №15-аар “Бакс”-т очсон бөгөөд драфтын хамгийн хойгуур сонгогдоод улирлын үнэ цэнэтэй тоглогч болсон хоёр дахь тохиолдол болжээ. Түүнээс өмнө Стив Нэш мөн №15-аар сонгогдож, хоёр ч удаа MVP болсон түүхтэй. Яннис АНУ-аас өөр газар төрөөд уг шагналыг авсан NBA-гийн түүхэнд тав дахь тоглогч болсон юм.

Шилдэг хамгаалагч: Руди Гобэр, Жазз

“Юта Жазз”-ын төвийн тоглогч Руди Гобэр хоёр дахиа дараалан шилдэг хамгаалан тоглогч болсон билээ. Ингэснээр франц төв уг шагналыг нэгээс олон удаа хүртсэн 10 дахь тоглогч болжээ. Бэн Уоллес, Дикэмбэ Мотомбо, Деннис Родман, Дуэйт Ховард, Кавай Леонард нараас гадна хоёр удаа авсан “Юта Жазз”-ын бүтээгдэхүүн бол Марк Ийтон байлаа.

Шилдэг дасгалжуулагч: Майк Бадинхоузэр, Бакс

Майк Бадинхоузэр нэгээс олон баг удирдаад багадаа 60 ялалт байгуулсан лигийн түүхэнд долоо дахь дасгалжуулагч болсон билээ. Өмнө нь 2014-15 оны улиралд “Атланта Хоукс” багийг удирдаж байхдаа 60 хожил авсан амжилтаа тэр “Бакс”-т давтсан юм. Ийм амжилтыг өмнө нь Пат Рэйли (гурван удаа), Фил Жексон, К.С Жонс, Майк Д’Энтони, Дон Нелсон, Рик Аделман нар бичүүлж байв. Түүнчлэн оны шилдэг дасгалжуулагчаар нэгээс олон удаа шалгарсан ес дэх эрхэм.

Шилдэг сэлгээ: Луи Уильямс, Клиппэрс

NBA-гийн түүхэнд шилдэг зургаа дахь тоглогчоор гурван удаа шалгарсан хоёр дахь тоглогч Луи Уильямс боллоо. Өмнө нь Жамал Крауфорд уг шагналыг гурван удаа хүртэж байсан юм. Түүнчлэн Луи хоёр жил дараалан уг шагналыг авсан гурав дахь тоглогч. Өмнө нь Кэвин МкХэйл (1984, 1985), Детлеф Шремп (1991, 1992) нар уг шагналыг дараалан авч байлаа. Сонирхуулахад, Л.Уильямс сэлгээнээс хамгийн олон оноо (11,375), хамгийн олон удаа 30+ оноо авсан тоглогч (29), хамгийн олон удаа 40+ оноо авсан тоглогч (5) зэрэг рекорд эзэмшдэг.

Амжилт ахисан тоглогч: Паскал Сиакам, Рэпторс

Багадаа улирлын 40 тоглолтод оролцсон тоглогчдоос онооны дундаж нь хамгийн их өссөн хүн бол П.Сиакам. Өнгөрсөн жилээс 9.7 оноо илүү дунджилсан П.Сиакам зөвхөн довтолгоонд ч бус хамгаалалтад идэвхтэй байлаа. Түүний хамгаалж байсан тоглогчид багадаа 500 шидэлт гүйцэтгээд 39.4 хувь довтолсон үзүүлэлтээр ч тэргүүлдэг. “Торонто”-гоос уг шагналыг хүртсэн анхны тоглогч болсон тэрбээр NBA-гийн аварга цолыг хамт авсан анхны тоглогч болж түүхэнд мөнхрөв.

Шилдэг шинэ тоглогч: Лука Дончич, Маверикс

“Даллас Маверикс” багийн түүхэнд шилдэг шинэ тоглогч болсон эхний хүн бол Жэйсон Кидд. Гэхдээ Ж.Кидд амжилтаа Грант Хиллтэй хуваалцсан бол Энэ удаад өнгөрсөн улиралд 20+ оноо, 5+ дамжуулалт, 5+ самбар дунджилсан тав дахь шинэ тоглогч болсон Лука Дончич өрсөлдөгчгүй тодров.