Tag: 3х3 сагсан бөмбөг

Монголын эрэгтэй шигшээ баг анх удаа 3х3-ын ДАШТ-д оролцоно

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ ирэх зургадугаар сарын 8-12-нд Филиппиний Манила хотод болно. Тус тэмцээнд 37 орны 40 баг оролцох юм. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо, Филиппиний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулах тус тэмцээн тав дахь удаагаа зохиогдох юм. Уламжлал ёсоор зохион байгуулагч орон болох Филиппиний эмэгтэй, эрэгтэй шигшээ баг болон өнгөрсөн жил Францын Нантес хотод болсон ДАШТ-д түрүүлсэн,  Сербийн эрчүүд, Оросын бүсгүйчүүд энэ удаагийн тэмцээний эрхээ шууд халаасалсан.

Тэгвэл бусад багууд Филиппинийг зорих эрхээ олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос тогтоосон чансаагаар авсан юм.

Энэ удаагийн тэмцээнд Канад, Экуадор, Иран, Малайз, Монгол болон Нигерийн баг тамирчид анх удаа оролцох юм.

Түүнчлэн ердөө гурван улс л эрэгтэй болон эмэгтэй шигшээ багаараа оролцох эрх авчээ. Тэд бол тэмцээнийг зохион байгуулагч Филиппин, ОХУ болон Нидерландын шигшээ юм.

Энэ удаагийн ДАШТ-д ур чадварын тэмцээн зохион байгуулах болсон билээ. Тодруулбал, эрчүүд цагариг руу тохох слэм данкт оролцох бол эмэгтэйчүүд ур чадварын, холимог баг шидэлтийн тэмцээнд оролцоно.

Оролцох багууд:

Эрэгтэй: Бразил, Канад, Хорват, Экуадор, Эстони, Япон, Йордан, Киргызстан, Латви, Монгол, Нидерланд, Шинэ Зеланд, Нигерь, Филиппин, Польш, Румын, ОХУ, Серб, Словен, Украин

Эмэгтэй: Андора, Аргентин, БНХАУ, Чех, Франц, Герман, Унгар, Иран, Итали, Казахстан, Малайз, Нидерланд, Филиппин, ОХУ, Испани, Швейцарь, Туркменистан, Уганда, АНУ, Венесуэль

Филиппинчүүд уг тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч, 55 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д зохион байгуулах болжээ. Энэ бол дэлхий дээрх хамгийн олон хүний суудалтай спорт ордон. 2014 онд баригдсан энэ ордонд Филиппиний сагсан бөмбөгийн шувтаргын тоглолтыг 54,083 хүн нэг дор цугларч үзсэн нь дээд амжилт тогтоож байв. Түүнчлэн 2023 оны сагсан бөмбөгийн дэлхийн цомын тэмцээнийг энд хийхээр төлөвлөсөн гэнэ.

Филиппиний сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийнхаа гол тоглогч Терренс Ромеог 3х3-ийн ДАШТ-д оролцоно гэж зарласан юм. Дотоодын лигт бараг авч болох бүх шагналыг нь хамсан Ромео шигшээ багаа 2015 онд Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртэхэд гарааны холбогчоор тоглож байв.

Канадын эрэгтэй шигшээ баг бүрэлдэхүүнээ хамгийн түрүүнд зарлав. Тэдний бүрэлдэхүүнд Майкл Линклатер, Нолан Брудель, Стив Сир, Майкл Лифферс нар багтжээ. Канадчууд энэ тэмцээнд бидэнтэй ижил анх удаа оролцохоор болсон билээ. Энэ удаагийн ДАШТ-д 2020 оны Токиогийн олимпийн эрх олгогдохгүй. Гэхдээ түрүүлсэн баг нь уламжлал ёсоор 2019 оны ДАШТ-д оролцох эрхээ авах юм.

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д багууд бүрэлдэхүүнээ ирэх тавдугаар сарын 8-нд хүртэл албан ёсоор зарлах ёстой билээ.

Аваргаа хамгаалах хатуу даалгавартай эрчүүд хэсгийн шатанд Катар, Тайванийн багтай өрсөлдөнө

Өнгөрсөн аравдугаар сард манай оронд болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д амжилттай оролцож түрүүлсэн Монголын эрэгтэй шигшээ баг ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-нд БНХАУ-ын Шензен хотод болох Азийн АШТ-д оролцох билээ. Тус тэмцээнд одоогоор эрэгтэй 22, эмэгтэй 18 баг өрсөлдөхөөр бүртгүүлсэн.

Гэхдээ хэсэг тус бүрт гурван баг өрсөлдөх бөгөөд 12 баг л Азийн АШТ-д хүч сорих юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар тивдээ чансаагаар эхний 10-т багтсан багууд оролцох эрхээ шууд халаасалсан бол бусад 12 баг үлдсэн хоёр эрхийн төлөө нэмэлт тоглолт хийх юм.

Аваргаа хамгаалах зорилготой Монголын шигшээ баг “А” хэсгийг тэргүүлэх бол зохион байгуулагч орон БНХАУ “B” хэсгийг толгойлох аж. Харин бусад хоёр хэсгийг Япон, Казахстаны эрэгтэй баг тэргүүлэв.

Манайхны хувьд хэсэгтээ Катар, Тайванийн багтай учраа таарах нь тодорхой болжээ. Харин БНХАУ-ын хэсэгт Киргызстан, Туркменистан багтав. Японы хэсэгт Йордан, Казахстаны хамт Шинэ Зеланд багтсан юм.

Харин “C” болон “D” хэсгийн гурав дахь эрхийн төлөө 12 баг өрсөлдөнө. Ирэх дөрөвдүгээр сарын 27-28-нд болох нэмэлт эрхийн төлөө “А” хэсэгт Шри Ланк, БНСУ, Малайз, Узбекистан, Вануату, Тайланд өрсөлдөх бол нөгөө хэсэгт Индонез, Австрали, Иран, Самоа, Гуам, Хонконгийн баг хүч сорино.

Эмэгтэйчүүдийн хувьд зохион байгуулагч орон БНХАУ “А” хэсгийг тэргүүлсэн. Тэдэнтэй Малайз, Шинэ Зеланд хэсгээсээ гарахын төлөө хүч үзнэ. Харин “B” хэсгийг Йордан тэргүүлж, Индонез, Тайванийн баг орсон юм. Харин үлдсэн хоёр хэсэгт Казахстан, Туркменистан болон Япон, Ираны баг оржээ.

Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд Казахстан, Туркменистантай хэсгийн шатанд өрсөлдөх эрхийн төлөө Узбекистан, Вануату, Хонконгтой нэмэлт тоглолт хийх бол нөгөө талд Шри Ланк, Австрали, Тайланд, Самоагийн багууд өрсөлдөнө.