“Миннесота Тимбэрволвес”-ийн хамгаалагч Жимми Батлер багаасаа явах хүсэлт өгсөн гэнэ. Түүнтэй ирээдүйнх нь талаар ярилцахаар Лос Анжелест очсон албаны хүмүүст тэр ийм хариулт өгсөн бололтой. Тэр ч бүү хэл очихоор сонирхож байгаа гурван багийн нэрийг зарласан байна. Ж.Батлерын хувьд “Бруклин Нэтс”, “Нью Йорк Никс” болон “Лос Анжелес Клипперс”-т очих хүсэлтэй байгаагаа зарласан гэнэ.
Гэхдээ “Миннесота”-гийн зүгээс түүнийг зүгээр алдахыг хүсэхгүй байгаа юм. Тэд гол тоглогчоо багтаа үлдээж, хасагдах шатанд өрсөлдөхийн тулд бүхнийг хийхээр төлөвлөсөн бололтой.
“Никс”-ийн Ерөнхийлөгч Стив Миллс өнгөрсөн даваа гаригт хөгжөөн дэмжигчидтэй хийсэн уулзалтын үеэр ямар нэг солилцоо хийх бодолгүй гэж ярьсан юм.
Үүнээс гадна Ж.Батлер очихыг хүсч буй багийнхаа тоонд “Лос Анжелес Лэйкерс”-ийг оруулаагүй нь олны анхаарлыг татав.
Өнгөрсөн долдугаар сард Ж.Батлер багийнхаа залуу ододтой таарамжгүй харилцаатай болсон талаар хэвлэлд гарсан. Тодруулбал, Карл Энтони Тоунстай муудалцсан талаар мэдээлж байв. Баттай мэдээлэл гараагүй ч “Бостон Селтикс”-ийн холбогч Кайри Өрвингийн хамтаар, Дорнод бүсэд бас нэгэн супер баг босгох талаар ч ярилцсан гэх сураг бий. Учир нь Ж.Батлер, К.Өрвинг хоёр 2019 оны зун чөлөөт тоглогч болно. Ж.Батлер энэ жил 18.7 сая “ногоон”-ы цалин авах юм.