“Лос Анжелес Клиппэрс” багийн эзэн Стив Боллмер 400 сая ам.доллароор спорт ордон худалдаж авлаа.
“Клиппэрс”-ийн эзэн Стив Боллмер алдарт “The Madison Square Garden” компанийн эзэмшилд байсан “Forum” ордоныг 400 сая “ногоон”-оор худалдаж авлаа.
Одоогоор урлагийн тоглолтод ашиглаж буй уг ордонг С.Боллмер 18 мянган хүний суудалтай “Клиппэрс” багийнхаа шинэ гэр болгохоор төлөвлөсөн юм.
Албан ёсоор 1967 онд нээлтээ хийсэн уг ордон нэгэн цагт “Лос Анжелес Лэйкерс” болон NHL-ийн “Лос Анжелес Кингз” багийн гэр байлаа. Нийт 16 сая ам.долларын өртгөөр боссон уг ордонд 1967-1999 он хүртэл дээрх хоёр баг гэртээ хийх тоглолтуудаа хийдэг байв. Хамгийн сүүлд 2000 онд WNBA-гийн “Лос Анжелес Спаркс” улирлын тоглолтоо хийснээс хойш уг ордоныг спортын зориулалтаар ашиглах нь багассан. Сүүлийн 20 жилийн хугацаанд чөлөөт бөхийн Дэлхийн цом, UFC-гийн тулаан, мэргэжлийн боксын тулаан зохион байгуулсанг эс тооцвол дийлэнхдээ урлагийн тоглолт болдог аж.
Гэхдээ 2028 онд Лос Анжелес хотод болох зуны олимпын гимнастикын тэмцээнийг энд хийхээр төлөвлөжээ.
“Лос Анжелес Клиппэрс” багийн “Staples Center”-тэй байгуулсан түрээсийн гэрээ 2024 онд дуусгавар болно. Тэр хүртэл С.Боллмер шинэ ордондоо урлагийн тоглолт хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.