Tag: гэрээ

NBA: Үлэмж Яаннисын аварга гэрээ

Хоёр удаагийн улирлын ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧ, хойд америкийн үндэсний сагсанбөмбөгийн лигийг өдгөө ноёлж буй, Милоуки Бакс багийн од Яаннис Антэтокумбо багтайгаа таван жилийн 228 сая ам.долларын гэрээ үзэглэлээ.

  • 2020/21: 27.5 сая ам.доллар
  • 2021/22: 39.3 сая ам.доллар
  • 2022/23: 42.5 сая ам.доллар
  • 2023/24: 45.6 сая ам.доллар
  • 2024/25: 48.8 сая ам.доллар
  • 2025/26: 51.9 сая ам.доллар

Яаннис уг гэрээнийхээ талаар:

“Энэ бол миний гэр, миний хот.

Дараагийн таван жилд Милоуки Бакс багийн нэг хэсэг байх болсондоо талархаж байна. Эдгээр он жилүүдийг хамтдаа үргэлжлүүлцгээе.”

Яаннис Антэтокумбо

Энэхүү таван жилийн өндөр гэрээ Милоуки Бакс багт санхүүгийн дарамт учруулах болов уу?

ЯАННИС ба МИЛОУКИ БАКС

Яаннис 2013 оны драфтын 15 дугаар сонголтоор Милоуки Бакс багт сонгогдож байв. Тэгвэл түүний өмнө сонгогдсон тоглогчид хэн хэн байв, одоо ямар байгаа вэ?

  • 1-р сонголт – Антони Бэннэт
  • 5-р сонголт – Коди Зэллэр
  • 6-р сонголт – Нэрлэнс Ноел
  • 9-р сонголт – Трэй Бурк
  • 11-р сонголт – Майкл Картер Виллиамс
  • 14-р сонголт – Шабаз Мухамэд
2013 оны НБА драфтын 1-р тойргийн 15 дахь сонголт

Тухайн үед НБА мэргэжилтнүүд түүнийг авъяаслаг боловч сайн хөгжөөгүй, бэлтгэгдээгүй хэмээн дутуу үнэлж байв. Харин Милоуки баг эрсдэл гэх үү, зориг гэх үү гаргаж түүнийг сонгож авсан.

Түүгээр ч зогсохгүй түүнийг өдий хүртэлж өсөн дэвшиж, сайжрах боломж олгож, тэвчээртэй хүлээсэн.

ЯАННИС НӨЛӨӨ

Багийн амжилт: 2013 оноос өмнөх 7 улирлын 2-т плейоффт шалгарч байсан Милоуки түүнийг ирснээс хойш 7 улирлын 5-д нь плэйоффт шалгарч, бүсийн шигшээд хүртэл амжилт гаргасан байна.

Үзэгчдийн тоо: Багийн амжилт, багийн нэр хүндийн нөлөөгөөр талбайдаа хийх тоглолтыг үзэх үзэгчдийн тоо дунджаар (30% өссөн):

  • 2013 – 13,487
  • 2019 – 17,602

Орлого: 2019 онд Милоуки багийн 36 тоглолт телевизийн шууд дамжуулалттай байсан нь багийн түүхэнд анхны тохиолдол бөгөөд телевизээс олох орлогын өсөлт 32% болсон.

Плейоффын нэг тоглолтын үр нөлөөгөөр хотын эдийн засагт 3 сая ам.долларын эргэлт бий болж, 2500 орчим зочид буудлын өрөөний захиалга түүнийг дагасан 700 орчим ажлын түр байр үүсдэг гэсэн баримжаа тооцоог гаргажээ.

2019 онд нэрийн бүтээгдэхүүний борлуулалт хамгийн өндөр байсан 10 баг:

  1. Лос Анжелес Лэйкерс
  2. Бостон Сэлтикс
  3. Филаделфи 76
  4. Торонто Рэпторс
  5. Молиуки Бакс
  6. Голден Стэйт Варриорс
  7. Хьюстон Рокетс
  8. Чикаго Булз
  9. Майами Хит
  10. Брүклин Нэтс

Хагас сая гаран хүн амтай энэ жижиг хотын багийн хувьд энэ нь тун сайн үзүүлэлт юм.

Багийн үнэлгээ: Милоуки Баксын жилийн нийт орлогын өсөлтийг доорх зургаас харна уу.

Милоуки Бакс багийн нийт орлого

Ийнхүү эдийн засгийн үлэмж үр нөлөөний үр дүнд 2013 онд 312 сая ам.доллар байсан багийн үнэлгээ 2019 он гэхэд 1.6 тэрбум ам.доллар болсон байна.

Хэдийгээр НБА комиссар Адам Силвэр болон түүний багийн зөв стратегийн үр нөлөөгөөр багуудын үнэлгээ дунджаар 3 дахин өссөн гэж болохуйц байгаа ч Милоуки Баксын хувьд 4-5 дахин өссөн байгааг Яаннистай холбохгүй байх боломжтой гэж үү?