Кай Сотто 2021 оны драфтад нэр дэвших магадлалтай. Хэрвээ тэр нэрээ дэвшүүлээд багт сонгогдвол Филиппинд төрж өсөөд, NBA-д хөл тавьсан анхны тоглогч болно.
Сүүлийн 20 жилийн хугацаанд NBA-д гадны легионерүүд олон болсон билээ. Лука Дончич (Словени), Кристапс Порзингис (Латви), Яннис Антетокоунмпо (Грек), Тристан Томпсон (Канад), Дарио Шарич (Хорват) зэрэг том тоглогчдыг дурдаж болно.
Энэ тоглогчдын эгнээнд тун удахгүй Кай Сотто хэмээх филиппин тоглогч нэмэгдэж магадгүй гэнэ.
Өдгөө дөнгөж 17 настай ч хэдийнэ 219 см өндөртэй болсон Кай Сотто 2021 оны драфтад нэр дэвших магадлалтай. Одоогоор ESPN-ээс шилдэг 100 ирээдүйтэй тоглогчдын жагсаалтад 68-д бичигдсэн юм.
Хэрвээ тэр драфтад нэрээ дэвшүүлээд аль нэг багт сонгогдож чадвал Филиппинээс NBA-д хөл тавьсан анхны тоглогч болох юм.
Сонирхуулахад, түүний эцэг Эрвин Сотто мөн сагсан бөмбөгч. Өдгөө дасгалжуулагчаар ажиллаж буй Эрвин гурван хүүхэдтэй бөгөөд том хүү Кай нь аавынхаа адил их спортын мөр хөөжээ.
Филиппиний шигшээд NBA-д данстай явсан Андрей Блач, одоо “Юта Жазз” багт тоглож буй Жордан Кларксон зэрэг тоглогчид байдаг ч аль аль нь давхар иргэншилтэй.
А.Блач АНУ-д төрсөн ч 2014 онд Филиппиний иргэншил авч, тус улсын шигшээд тоглох боломжтой болсон юм. Харин Ж.Кларксоны хувьд аавынх нь ээж буюу эмээ нь филиппин хүн боловч эцэг эх нь АНУ-ын нисэх хүчинд алба хааж байхдаа танилцсан, америк хүмүүс байв. Ж.Кларксон Флорида мужид төрж, Сан Антонио хотод өссөн юм.
Ж.Кларксон 2011 онд Филиппиний шигшээд тоглох тухай анх яриа гарч, улмаар 2016 оны олимпын урьдчилсан эрхийн тэмцээнд оролцох боломж гарсан билээ.